О.Наран: Монголын циркийн жүжигчин хэмээн дуудуулж дэлхийд нэрээ үлдээхийг хүсдэг

Админ
2021/09/14

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Монгол циркийн нэрийн хуудас болсон урлагийн нэг бол яах аргагүй уран нугаралт юм. Өдгөө 81 жилийн зузаан түүхтэй Монголын цирк мартагдахдаа тулсан нь нууц биш. Гэхдээ алдарт циркийн жүжигчдийн залгамж халаа болсон, хүсэл мөрөөдөлдөө шатаж яваа залуучууд бий. Нийслэлийн 48 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч, уран нугараач О.Наранг энэ удаагийн “Шинэ танил” буландаа урилаа. 

-Уран нугаралтаар хичээллээд хэр удаж байна вэ?

 -Би уран нугараач болохоор долоон настайдаа хөөрөн догдолж багшийнхаа гараас атгаж байлаа. Тэр цагаас хойш арван жил өнгөрсөн байна. Суралцаж эхэлсэн өдрөөсөө л энэ урлагт зүрх сэтгэлээ алдчихсан гэхэд хилсдэхгүй болов уу.

 -Яагаад уран нугаралтыг сонгон суралцах болсон бэ? 

-Хамаатны эгч уран нугараач болохоор ээжид сайхан санагддаг байсан байх. Түүнээс үүдэн намайг уран нугараач болгох хүслээр дугуйланд оруулсан. Харин тэнд очоод нүүрээ сайхан будаж, үс гэзгээ жимбийтэл боосон, гоё хувцастай эгч нарыг хараад “хурдхан ийм болох юмсан” гэж боддог болсон. Тэр өдрөөс хойш энэ урлагт дурлаж, одоо арван жилийн ард гарчихсан. Цаашдаа ч орхихгүй хичээх болно. 

-Уран нугаралтын урлагийн мөн чанарыг хэрхэн ойлгож байна вэ?

-Биеийн гадаад үзэмжээс гадна хүний сэтгэлийн гоо сайхан мэдрэгддэг. Түүнчлэн тэсвэр тэвчээр, тэнцвэр, уян хатан байдлыг цаг ямагт шаарддаг. Мөн оюун санааг дээд цэгт хүртэл төвлөрүүлдэг урлаг. 

-Өөрийн тань санаанаас гардаггүй үзүүлбэрээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?

 -Анх олны өмнө гарч байхдаа ихэд сандарч байснаа санадаг. Угаас бүх зүйлийн эхлэл догдлол, айдас дүүрэн байдаг. Гэхдээ үзүүлбэрээ үзүүлж дуусахад хүмүүсийн алга ташилт намайг бүчин авсан. Энэ л миний амьдралын мартагддаггүй сайхан мэдрэмжийн нэг. Намайг урамшуулсан хүн бүрд баярлалаа гэж хэлмээр байна. 

- Уран нугаралтаар хичээллэснээр ямар өөрчлөлт гарсан гэж бодож байна вэ? 

-Олны дунд биеэ зөв авч явах, хувийн зохион байгуулалттай байх зэрэг сахилга батыг суулгасан. Түүнээс гадна гайхалтай мөрөөдөлтэй болсон юм.

 -Ер нь нэлээн хүнд, хүнд элементийг хийж байг а а харагддаг. Танд хамгийн хэцүү санагдсан нь?

 -Мэдээж хүнд, хүнд элементүүд их хийдэг. Хамгийн хэцүү нь зубник буюу шүдэн дээрээ тогтох. Үнэхээр хүнд, чадахгүй юм шиг л мэдрэмж төрж байлаа. Турк улс руу тоглолтоор явах болсон учраас тухайн үзүүлбэрийг яаралтай бэлдэх хэрэгтэй болсон Тэр үед л их шантарсан. Гэхдээ ард нь гарч чадсандаа одоо ч баяртай явдаг.

 -Биеийн бүх үе мөч оролцдог учраас бие халаалт их чухал байх даа? 

- Бие халаалт болон өдөр тутмын бэлтгэл чухал. Бие халаалтгүйгээр тайзан дээр гарч, ямар нэгэн байдлаар үзүүлбэр үзүүллээ г эх эд бэртэх магадлал өндөр. Уран нугаралт нь биеийн хүч, тэнцвэр, уян налархай байдал зэрэг олон ур чадвар шаарддаг болохоор бие халаалтын сайн хийх хэрэгтэй юм шиг санагддаг. 

-Циркийн урлагт мөрөө үлдээсэн уран нугараач болохыг мэдээж хүсдэг байх? 

-Тийм ээ. Тууштай хэрнээ шаргуу хичээллэнэ. Мөн сурч амжаагүй, хийх зүйл их байгаа. Дэлхийд нэр хүндтэй циркийн салбарт харьяалагдан жүжигчнээрээ ажиллахыг хүсдэг. Циркийн урлагийг дэмждэггүйгээс манай улсын циркчид гадны орнуудад ажиллаж байна шүү дээ. Монголын циркийн жүжигчин хэмээн дуудуулж, дэлхийд нэрээ үлдээхийг хүсдэг.


36
73
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.