Модон жорлонгоос салж байж гэдэсний халдварт өвчин буурна

Админ
2021/09/15

Д.БЯМБАСҮРЭН

Нийслэлийн гэр хороолол айл, өрхөд тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь бие засах газар. Өвөлдөө дүүрч, зундаа хаа сайгүй муу усны үнэр тархаж, агаар орчинг бохирдуулах нүхэн жорлон нь нийслэлчүүдийн “толгойны өвчин” болсоор удаж байна. Тэр тусмаа халдварт цар тахлын үед бие засах газрын ариун цэврийн асуудлыг хөндөх шаардлага тулгарч байна. БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийг ялгадсанд маш удаан хуримтлагддаг болохыг олж тогтоожээ. Иймээс айл, өрхүүд халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд байнгын ариутгал, халдваргүйтгэл хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас сануулж буй. Иймд айл, өрхүүд нүхэн жорлонгийнхоо эрүүл ахуйн байдалд хэрхэн анхаарч буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Улаанбаатарт манай улсын нийт хүн амын бараг хагас нь буюу 1.5 сая хүн оршин суудаг. Гэр хороололд 218 мянга гаруй өрх амьдардаг бөгөөд төдий тооны нүхэн жорлон бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг гэсэн судалгааг гаргажээ.

 Нүхэн жорлонгоос хөрс рүү нэвчиж буй ялгадас нь гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг үүсгэдэг байна. Иймд Нийслэлийн эрүүл мэндий газар /НЭМГ/- аас айл өрхүүдэд зөвлөмж хүргүүлж, тухайн хороо, дүүргийн хот тохижилт хариуцсан мэргэжилтнүүд нэгдсэн байдлаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж буй.Энэ талаар Чингэлтэй дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбаяр “ Чингэлтэй дүүргийн хэмжээнд 23 мянган айлд хавраас хойш гурван удаа нүхэн жорлонгийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Хамгийн гол нь хувь өрх айлууд өөрсдөө байнгын ариутгал, халдваргүйтгэлийг хийж, эрүүл ахуйн шаардлага хангах нь чухал” гэлээ. Тэгвэл айл өрхүүд нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтгэл хийх зөвлөмжийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргажээ. Кальцийн гидрохлоридыг 40 хувийн хэмжээтэй бодисоос ойролцоогоор амны том халбагаар нэг литр усанд уусган, 30 минут болгоод халдваргүйжүүлнэ. Хамгийн гол нь тухайн айл өөрсдийн нүхэн жорлон, бохирын цооногийн эзлэхүүнд тохируулан уусмалаа бэлтгэх аж. Халдваргүйжүүлсний дараа 1­2 цаг нүхэн жорлонгийн хаалгыг хааж, бохирын цооногийг таглана гэсэн зөвлөмжийг өгч байгаа юм.

 Нүхэн жорлон, бохирын цооногт халдварт өвчний нян бактери, шимэгч хорхой ихээр хуримтлагдснаас хүн амын дунд цусан суулга, гепатит А, гар хөл амны өвчин, сальмонеллез зэрэг гэдэсний халдварт өвчин нэмэгддэг байна. БОАЖЯ­наас нүхэн жорлонг сайжруулах, хаягдал ялгадсыг дахин боловсруулах шийдлүүдийг боловсруулсан судалгааны ажилд дурдсанаар Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны хөрсөнд гэдэсний бүлгийн дулаансаг бактери 10 айлаас есөн айлд нь илэрсэн бол хөрсөнд эмгэг төрөгч энтерококк 10 айлаас дөрвөн айлд нь илэрчээ. Энэ нь хөрсний бохирдол ямар аюултай хэмжээнд байгааг харуулж буй юм.

НҮХЭН ЖОРЛОНГИЙН ЗАЙН СТАНДАРТ АЛДАГДЖЭЭ

Чингэлтэй дүүргийн XIII хорооны айл, өрхөөр орж, бодит нөхцөл байдалтай танилцлаа. Зарим айл хашаандаа хоёр жорлонтой байх бөгөөд мөн хажууд нь муу усны нүх ухсан харагдав. Стандарт хэмжилзүйн газраас тогтоосон нүхэн жорлонгийн стандартаар гэр, амины орон сууц, үйлчилгээний газраас 15 метрийн зайд бие засах газар байна хэмээн тооцоолсон бөгөөд хөрс рүү ялгадас нэвчих үүднээс хашаанд нэг жорлон байх шаардлагыг тавьж буй. Гэвч энэхүү стандарт алдагджээ. Энэ талаар тус хорооны оршин суугч Н.Баярчулуун “Стандартыг мөрдөнө гэвэл бид хэцүүднэ. Одоо ингээд өвөл болоход жорлон дүүрчихнэ. Соруулаад ч нэмэргүй. Ийм байхад дахиад жорлон барихаас өөр аргагүй. Угаасаа энэ нийслэлийн гэр хороололд амьдардаг бүх айлын жорлонгоос хөрс рүү нэвчиж байгаа. Ганц бид стандартаа мөрдлөө гээд шийдэгдэх асуудал биш. 

Төр засаг гэр хорооллын айл өрхийн бохирдлын асуудалд анхаарал тавихгүй байна шүү дээ” хэмээн бухимдав. Үргэлжлүүлэн бид дээрх нүхэн жорлонгийнхоо асуудлыг хэрхэн шийддэг талаар Чингэлтэй дүүргийн XIV хороонд оршин суух зарим айл өрхөөс тодрууллаа.Иргэн Н.Гантөмөр “Манайх жорлонгынхоо усыг өвөлдөө хоёр удаа соруулдаг. Зуны цагт харьцангуй гайгүй доошилдог. Муу усаа уг нь тусдаа нүхэнд хийдэг ч дүүрчихээд байдаг юм. Шинээр жорлон бариад таван жил болж байна. Өөрсдөө жорлондоо олон зүйл хийхгүй, эхнээс нь ариутгаад явбал гайгүй. Сардаа нэг давс цацаж, ариутгалын бодис хийнэ. Одоо бол байнга ариутгалын бодис цацаж буй. Тэгэхгүй бол бие засах газрын бохирдлоос халдвар үүсэх магадлалтай байгаа” гэлээ. Харин иргэн Ж “Саяхан ариутгалын хүмүүс гээд ирээд жорлонг маань ариутгаад явсан. Тэгэхдээ нэг ариутгалын бодисыг нэр хэлээд, тогтмол жорлонгоо ариутгах зөвлөмж өгөөд явсан. Бид ямар тэрийг нь авах биш. Давс, үнс, хлормин зэрэг гэр аргаар л арга хэмжээ авдаг юм. Энэ тал дээр төр засгаас дорвитой шинэчлэлт хийх хэрэгтэй. 

Эко жорлон гээд дуулдаад л байх юм. Бид чадахаараа арга хэмжээ авдаг ч мөдхөн дүүрч, урин цагт үнэр нь дийлдэхгүй. Манай эндэхийн ихэнх айл өвөлдөө нойл нь дүүрч, нэгнийх рүү гээ гуйж ордог. Нэг жорлон доод талдаа 2 саяар босдог. Энэ байдал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байна.Түүнчлэн нүхэн жорлонгийн асуудалд төрөөс дорвитой анхаарал халамж тавьдаггүй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал, халдваргүйтгэлийн зөвлөмж өгөхөөс хэтэрдэггүй аж. Харин хувь айл өрх, сайн дураар л энэ асуудал анхаарал хандуулж, өөрсдийнхөө хэмжээнд шийдвэрлэж буй. Үүний томоохон төлөөлөл бол УИХ гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч Ц.Оюунгэрэл. Тэрбээр төслийнхөө талаар “Бид олон айлуудын ариун цэврийн асуудалд нөлөөлж буй. Жорлонгийн нэг хувийг өөрчлөхөд өөрчлөлт цаашаа өөрөө хурдаа авах гээд байдаг.

Одоогоор бид 0.1 хувийг л өөрчлөөд буй. Энэ нэг хувь гэдэг тоонд хүрэхийн тулд 6000 жорлон өөрчилсөн байх хэрэгтэй. Бид эрүүл зөв амьдрахыг хүсэж байвал амьдарч буй ахуй орчноо цэвэр байлгахаас эхэлнэ” хэмээсэн. Бие засах газраа аятайхнаар шийдэж, ариун цэврийг хангаж буй айл өрхүүд ч байна. Гэхдээ бохирыг тогтмол соруулдаг эко ариун цэврийн 00­той болоход багагүй мөнгө зарцуулах шаардлагатай болдог аж. Тиймээс айл бүр эрүүл ахуйн шаардлага хангасан жорлон байгуулах боломжгүй юм. Гагцхүү төрөөс дэмжлэг үзүүлж, гэр хорооллын жорлонг өөрчлөх зоригтой алхам, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болжээ. Урт хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах нь эцсийн шийдэл ч, түүнийг хүлээлгүй гэр хорооллын хөрсний бохирдол, жорлонгийн асуудалд онцгой анхаарах шаардлага үүсээд байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.