Ц.Эрдэнэмөнх: Зураг болгох гэж оролдвол дурсамж минь эвдэрчихнэ

Админ
2021/09/15

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошуугаар нутагтай Ц.Эрдэнэмөнхийг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр Япон улсын Цукува хотын их сургуульд тосон будгийн зураач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа юм.

-Зураач болоход төрж өссөн газар тань нөлөөлсөн үү?

-Миний ээж ямарваа нэгэн зүйл дээр угалз зурж, мэтгэн оёдог байлаа. Түүнийгээ зараад бага, сага мөнгө олдог сон. Ижий машид яруу. Би долоон настай байхаасаа чадан ядан угалзыг нь хамжилцаж зурдаг байсан юм. Ээждээ магтуулах сайхан шүү. Мөн эгч минь зураг зурах их сонирхолтой байсан. Тийм болохоор надад нөлөөлсөн байх. Гэвч 2000 оны зуднаар эгч бурхан болсон. Зурсан зургуудаа гайхуулж, хамт тоглох хүн үгүй болоод нэгэнт 21 жил өнгөрч дээ. Түүнээс хамгийн тод үлдсэн дурсамж бол зураг л байлаа. Зураг зурах агшинд яг л хүүхэд үеийн мэдрэмж мэдрэгддэг. Тэгэхээр хүүхдээрээ байхын тулд л бийр, будаг, цаас гурваас салаагүй гэж хэлж болохоор юм. Харин одоо бол өөр. Өнөөх мэдрэмжүүд замхарч байгаа учраас зурахын зэрэгцээ хүүхэд насныхаа эрэлд явж байна. Зураач болно гэж шийдсэн биш угаас шийдэгдсэн хувь тавилангийнхаа замаар алхаж яваа гэдэгт итгэдэг. Сайн зураач болохын тулд өдөр бүр хичээж зүтгэх хэрэгтэй. Тиймээс одоохондоо энэ алдраас холхон байна.

-“Үзэмчин нутгийн өвөл” зургийг зурах болсон шалтгаанаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би Японд ажиллаж, суралцдаг. Энд хоёр жил болоход нутгаа санаагүй өдөр гэж үгүй. Уур амьсгал, хоол унд, зан заншил гээд бүх зүйлд нь дасах гэж оролдсоор байна. Япон улсын ард ч зуны халууныг хэцүү гэж байхад сэрүүн нутгийн бидэнд бүр хүнд санагдана аа даа. Энэ үед л өөрийн өндийсөн газрын өвөл дурсагддаг. 

Хилийн дээс алхахыг мөрөөддөг байсан цаг ард хоцорсон байхад эргэн эх орноо санах юм. Угаас элэг зүрхнээс үгүйлэгддэг эд. Гэхдээ гадна талаас нь ширтэж зогсоход өөрийн нутгийн сайн сайхан зүйлс илүү тод харагддаг юм байна. Орчин цагийн урлаг гээд бүгд л сүйд болж байна. Үүнтэй зэрэгцээд хүмүүс өөрийн уламжлалаа гээж байна шүү дээ. Би ч гэсэн тэдний адил төөрч яваа нэгэн. Гэхдээ “айлаас эрэхээр авдраа уудал” гэхчлэн сайн ойлгодог, мэдэхээс гадна мэдэрдэг зүйлээ хийх нь зөв гэж бодсон. Үзэмчин нутгийн салхиар дэмнүүлж өссөн хүний хувьд үүргээ биелүүлж, зураг болгоё гэж шийдсэн юм. Япон найз маань харчихаад “Юутай сайхан бэ, таны амьдрал сайхан юм аа, миний амьдрал дөрвөн хананы дунд үргэлжилсэн хэвээр. Би ч ийм байгальд амьдармаар байна” гэж билээ. Ингэж хэлэхийг нь сонсоод илүү ихийг зурмаар санагддагсан даа.

-Үзэмчин хошууны ардын онцлог ёс уламжлалаас хуваалцахгүй юу?

-Үзэмчин хошуунд амьдардаг ард түмний ёс заншил Монголчуудтай л ижилхэн. Эрийн гурван наадам, гал болон овоо тахих зан үйл гээд. Ганц ялгарах онцлог нь монгол хэлний аман аялгуу, үндэсний хувцасны нарийн чимхлүүр зүйлс болов уу.

-Хэзээ ч мартагддаггүй тэр л дурсамжийнхаа тухай хуваалцаач?

-Манай нутаг Сүхбаатар аймагтай хиллэдэг. Цас дарсан өвлийн тухай дурсамж зөндөө бий. Хамгийн сайн санадаг нь тэр нэгэн хаврын урьтал цагаан сарын шинийн нэгэн. Тэр үдшийн одод их тод байсан болохоор одоо ч ой тойнд минь гэрэлтэж байна. Гэтэл өнөөх хээр хонож явсан хүү, өндөр хөгжилтэй харийн газарт нутгийнхаа тэнгэрийг дурсаад сууж байх юм гэж санаа ч үгүй шүү дээ.

-Та дурсамжаа зурдаг уу?

-Дурсамжаа зурдаггүй ээ, хэний ч гар хүрээгүй цэв цэвэрхэн хэвээр нь байлгахыг хүсдэг. Зураг болгох гэж оролдвол дурсамж минь эвдэрчихнэ байх.

 -Үүнийг асуухгүй өнгөрч болохгүй байх. Саяхныг хүртэл Өвөр монголд монгол хэлний хичээлийг хориглох шийдвэртэй холбоотой асуудал өрнөөд байсан?

-Их эмзэглэж байна. Гэвч том гүрний бодлогыг дагахаас өөр зам алга. Харин хүн гэдэг хэдий чинээ чанга цохино тэр хэрээр тэсэрдэг гэж боддог. Эрхшээлд байх ямар байдгийг бүгд мах, цусандаа шингэтэл мэдэрч байгаа шүү дээ.

-Ширээний ном гэж байдаг шиг таны үргэлж харж явдаг уран зураг, хүндлэл төрүүлдэг зураач хэн бэ?

-Америкийн Andrew Wyeth зураачийн зургуудад их дуртай. Хараад л баймаар, ямагт татагддаг. Мэдрэмж л байх даа. Тэр хүний нэг насны амьдрал хоёрхон тосгонд өнгөрсөн гэдэг. Мөн багадаа өвчлөн сургуулиа орхиж, хөдөө тосгондоо 90 нас хүртлээ зургаа зурсан юм билээ. Би ч сургуулиа дүүргээд нутгийнхаа сайхныг зурж, мал маллан амар жимэр амьдрахыг мөрөөддөг юм. Зурган дундаа зураг зурах тэр цаг удахгүй ирнэ байх.


3
12
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.