Ц.Цэрэндорж: Соёл урлаг, шүүмж судлал уналтад орчихлоо

Админ
2021/09/15

Б.БЯМБАСҮРЭН

Урлаг судлаач Ц.Цэрэндоржтой түүний мэргэжлийн хүрээнд болон Маршал Ю.Цэдэнбал агсны талаар хөөрөлдлөө.

- Маршал Ю.Цэдэнбал агсантай хамт ажиллаж байсан юм билээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Бал дарга маань айхтар өндөр мэдрэмжтэй хүн байсан. Юмыг мартана гэж байхгүй. “Залуус ном уншиж байна уу, татвар авч байна уу” гэж асууна. Тэгэхдээ “Монгол Улс ядуудаа татвар авдаггүй. Татвар бол хариуцлагын шалгуур” гэж хэлсэн үг одоо ч мартагддаггүй. Мөнгө хүнийг хэрхэн ухаан суулгаж, яаж эвддэг вэ гэдгийг энэ хэдэн үгээр л ойлгуулж байгаа юм. Өөрөө бол маш дэг журамтай, чамбай нэгэн. Машинаасаа бууж ирээд үргэлж хувцсаа гөвнө. Ерөөс хүний өмнө тоостой харагдаж болохгүй гэж хэнийг ч хүндэтгэнэ. Одоо бол манайхан чинь хүний урдаас нулимчихаад тоохгүй яваад өгөх янзтай. Энэ бол бидний хүмүүжлийн хэмжээ, монгол хүний нэгнээ хүндлэх, хайрлах соёлын том жишээ.

-Эхнэр Анастасия Филатовагийн тухай мөн та мэднэ байх. Гэрлэх ёслолын ордонгоос эхлээд олон бүтээн байгуулалтыг хийсэн байдаг шүү дээ?

- Мэдэлгүй яахав. Бал даргын эхнэрт би хаалга руу гаа өшиглүүлж байсан түүхтэй. Нэг удаа Залуучуудын эвлэлийн төв хороонд байж байтал авгай ирлээ гэхээр хаалгаа түгжчихсэн юм. Бид тухайн үед “Авгай” гэж авгайлдаг байв. Тэгсэн “Наад хаалгаа онгойлго нөхөр товариш. Гарч мод усал” гээд хаалга өшиглөсөн. Бид нар жаахан ширүүн ааштай болохоор нь эмээдэг байснаас хүнийхээ хувьд их цайлган сэтгэлтэй. Харин хий гэсэн зүйлийг нь хийгээгүй бол үзэж тарна даа. Бидэнд даалгавар өгөхдөө захирсан тушаасан өнгө аясаар хэлдэггүй. Үүнийг сольчихгүй юм уу, тэрийг янзалчихгүй юу зэргээр хэлнэ. 

Манай улсад байгуулсан зүйлтэй бол ярих юм үгүй. Гэрлэх ёслолын ордон, Санхүү техникийн ордон, “Найрамдал” зуслан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Эх нялхас зэргийг бариулсан. Түүнчлэн хорооллын дунд ясли, цэцэрлэг, сургуулийг иж бүрэн цогцолбороор нь барьсан. Цаашлаад тэр үед өнчин хүүхдийн цэцэрлэг, ээлжийн ажилтан, залуучуудад зориулан 24 цагийн цэцэрлэг хүртэл байгуулж байв.-Социализмын үеийн залуус ямар байсан бэ? Хамгийн эрхэм зүйл нь юу байв?

-Тэр үеийн залуус хүний үгийг сонсдог, хөдөлмөрч байсан. Тэр дундаа Социализмын үеийн залуусын “Ой ухааны санамж” гэдэг зүйлийг их хүндэтгэж явмаар санагддаг. Энэ нь маргааш би ийм ажилтай, тэр хүнээс тийм зүйл асуух, ярих гээд бүх зүйлээ нарийн төлөвлөж, өөрөө түүндээ урьдчилан биеэ бэлддэг байсан. Энэ байдлыг залуус өнөө үед ч ажил, амьдралдаа хэрэгжүүлж явах хэрэгтэй.

-Харин төрийн ажлыг хэрхэн дүгнэн харж байна вэ?

-Баримжаа маш муу. Удирдагч хүн их баримжаатай байх хэрэгтэй. Ямар хувцас өмсөх вэ, хэнтэй уулзаж, юу гэж ярих вэ гэдгээ урд өдөр нь унтахаас өмнө боддог байх хэрэгтэй. Босож ирчихээд тийм ч зүйл байхгүй, ийм ч зүйл байхгүй гээд ийш тийш юмаа авч шидээд хувийн зохион байгуулалтгүй байж болохгүй. Наад зах нь машинаа бариад явж байгаа байдал. Сайд, дарга нар ямар ч хаалттай замаар давхиад гараад явчихаж байгаа юм. Ийм ёс суртахуунтай болсон байна. Мөн нэг газар хамаатан саднаараа ажиллаж байна. 

Цэдэнбал даргын үед нэг гэрийн хоёр хүн нэг дор ажиллахыг хориглож байсан. Энэ бол хүний ухамсар, сэтгэлгээний асуудал. Хүн өнөөдөр итгэлтэй, сэтгэлтэй, санаачилгатай байж нийгмийн дунд явна. Социализм, ардчилал аль ч цаг үед өмчид хайр найргүй хандсан хүн эдлэх ёстой ялаа эдэлнэ. Говийн ноён хутагт Р.Данзанравжаа “Там гэж хаана байхав, тамдаггүй явбал тэр чинь там” гэж хэлсэн байдаг шүү дээ.-Одоо хоёул өөрийн тань тухай яриагаа өрнүүлье. Социализмын үед та ямар алба хашиж байсан юм бэ?

-Ах нь Урлаг судлаач мэргэжилтэй. Анх барилгын техникум төгсөөд, тоосгоны нэгдүгээр заводад ажилласан. Дараа нь цэрэгт явсан. Тэгээд цэргээсэээ МАХН-ын илгээлтээр МАХН-ын орлогчийн батламж авснаар ажил амьдрал минь өрнөсөн юм.

-Урлаг судлаач мэргэжилтэй юм байна. Урлагийн салбарын өнөөгийн байдалд ямар үнэлгээ өгөхөөр байгаа бол?

-Урлаг үнэхээр уналтад орчихлоо. Уртын дуугаа дууллаа гэхэд давхар цохилт хийж чадахгүй байна. “Гарын арван хуруу” дууг, “Ганди мод” дуутай нийлүүлж дуулчихаад ёслоод орчихно. Бид чинь Чингисийн үеэс “Түмэн хишиг” дуулж байсан. Гэтэл одоо манайхан баяр наадам дээр “Хайрын нандин сэтгэл хаанаас ирдэг юм бэ” гээд дуулах жишээтэй. Үнэндээ өнөөгийн урлаг ийм л байна. Нөгөө талаар түүнийг үзэж байгаа үзэгчид яагаад тийм зүйлийг хүлээж авч байгааг ойлгодоггүй. Ерөөс үзэгчид хүртэл дагаад урлагийг ойлгох ойлголт нь муудчихсан. 

Бид өв уламжлалаа мартаж хэрхэвч болохгүй. Соёл дотор чинь өв уламжлал шингэсэн байдаг. Монголчууд зуун жил айргаа уугаад сууж байсан. Энэ бол уламжлал. Хэзээ ч шинэчилж болохгүй технологийг монгол хүн өөрөө хийсэн шүү дээ.-Та кинонд олон шүүмж бичсэн юм билээ. Манай шүүмж судлалын салбар төдийлөн хөгжихгүй байх шиг?

-Би монгол кино, уртын дуугаа их шүүмжилдэг. Тэр дундаа арваад кино шүүмжилсэн. Хамгийн сүүлд би “Хүний амь” киноны тухай шүүмж бичсэн. Мөн “Хонины найр, хойшдын сургамж” гээд бичиж байсан. “Хонины найр” кинонд нутгаа булаацалддаг асуудал өдгөө яригдаж байна. Мөн “Улаан дарцаг, хувьсгалын дарцаг” гэх зэргээр бий. Шүүмж салбарын тухайд бол дампуурсан гэж хэлэхэд болно. Урьд нь хүмүүс урлагийг их шүүмжилдэг байсан. Өдгөө харин урлагийг яаж жонхуу болгоод “хүний аманд” хийх үү гэсэн бодолтой болсон. Театрт тавьж буй жүжгүүд гэхэд хоосон нэрнээс цаашгүй. Урлагийг нарийн ухаарч ойлгож, өв уламжлалаасаа холдуулахгүйгээр хиймээр санагдаад байгаа юм. Хамгийн гол удирдан зохион байгуулах хүний чадвар их муу. Залуу хүмүүст заагаад өгөх хэрэгтэй шүү дээ. Ерөөс шүүмжилдэг, хийж чаддаггүй болчихсон. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна