2023 онд сургалтын хоцрогдол арилж энгийн горимд шилжинэ

Админ
2021/09/16

С.ЭНХЦЭЦЭГ

Хичээл сургалтын үйл ажиллагаа хосолсон хэлбэрээр орж эхлээд хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүтэн нэг жилийн турш теле болон цахим хэлбэрээр суралцлаа. 2020 онд аймаг, орон нутаг, нийслэлд 15 долоо хоног буюу тухайн хичээлийн жилийн сургалтын нийт хугацааны 47 хувь, 2021 онд улсын хэмжээнд 22 долоо хоног буюу тухайн хичээлийн жилийн 68 хувьтай тэнцэх хугацаанд алсын зайн сургалтад хамрагдсан байна. ЮНЕСКО-оос 2021 оны гуравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулсан боловсролын сайд нарын уулзалтын үеэр дэлхий даяар нийт сурагчдын гуравны хоёр нь буюу тэрбум сурагч боловсролын хоцрогдолтой, бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байгаа тухай мэдээлсэн. ЮНЕСКО боловсролын салбарын энэхүү үзэгдлийг дан ганц сургалтын хоцрогдол бус сэтгэл санааны хямрал давхацсан “Нэг үеийнхний сүйрэл” гэж тодорхойлж байна. Уг хурлаар дэлхийн нийт өөр өөрсдийн гэсэн хоцрогдлыг арилгах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хэлэлцсэн билээ. Тэгвэл хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор манай улс боловсролын хоцрогдлыг арилгах тал дээр авч хэрэгжүүлж байгаа бодит арга хэмжээний талаар бид сурвалжиллаа.

П.Лхагвасүрэн: БАГШ НАРТ 26 ТӨРЛИЙН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭН 

Энэ талаар Боловсролын хүрээлэнгийн захирал Б.Лхагвасүрэнгээс сургалтын хоцрогдол арилгах арга хэмжээ, хэрэгжүүлэлтийн талаар тодруулсан юм. П.Лхагвасүрэн, “2021 оны тавдугаар сарын 21-нд Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны сайдын А190 дүгээр тушаал гарсны дагуу “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө” гарсан. 2021-2023 он хүртэл хэрэгжих аж. Монгол Улс коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг хоёр удаа, удаан хугацаагаар зогсоосон. Үүний улмаас урьдчилан төлөвлөгдөөгүй цахим теле хичээлээс гадна удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио нь сургалтын чанарт нөлөөлөх болсон. Бид сурагчдын хоцрогдлыг богино хугацаанд нөхөх, дахин хоцрогдл оос урьдчилан сэргийлэх зорилгоор 26 төрлийн зөвлөмж боловсруулж багш нарт хүргэсэн. 

Сургуулиудад дээрх А190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх заавар өгчихсөн гэсэн үг. 2021- 2023 оны хооронд үргэлжлэх төлөвлөгөө учраас сургалтын хоцрогдлоос 2-3 жилийн дотор аажмаар гарах бодлого баримтална. Өөрөөр хэлбэл 2023 он гэхэд нийт сурагчдын дундах сургалтын хоцрогдол тодорхой хэмжээгээр буурч энгийн төвшинд хүртлээ хэрэгжих хөтөлбөр гэж ойлгож болно.Сургуулийн орчноос халдвар авсан суралцагчдын хувь бага байгаа тул танхимын сургалтыг цаашид зогсоохгүй, нөхцөл байдал дээрдвэл бүрэн танхим болгохоор бэлтгэл ажил хийгдэж байна” гэсэн юм. 

Б.Алтанцэцэг: ӨМНӨХ АНГИЙН ХИЧЭЭЛИЙГ НӨХНӨ 

Хоёр жилийн хугацаанд үүссэн сурлагын хоцрогдолтой улаан нүүрээрээ тулгарч байгаа хүмүүс бол яах аргагүй багш нар билээ. Өнгөрсөн жилүүд дэх цахим сургалтын хугацаанд багш нарын ачаалал эрс нэмэгдсэн. Тэгвэл хоцрогдлыг нөхөх хөтөлбөрийн хэрэгжилт, танхим болон цахим хосолсон хэлбэрийн сургалт явуулахад багш нарт тулгараад буй бодит нөхцөл байдлыг бид 17 дугаар сургуулийн Монгол хэлний багш Б.Алтанцэцэгээс тодрууллаа. 

- БШУЯ-аас сургалтын хоцрогдлын нөхөх төлөвлөгөө гарсан. Үүний хэрэгжилт танай сургуулийн орчинд яаж явагдаж байна вэ? 

-Яамнаас хоцрогдлыг арилгах дасгал ажлын дэвтрийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан гаргасан. Энэ нь өмнөх жилийн хөтөлбөрийг багтаасан дасгал ажлын дэвтэр. Жишээлбэл одоогийн наймдугаар ангийн сурагчдад зориулан, долдугаар ангийн хөтөлбөрийг хамтад нь багтаасан дэвтрийг барьж ажиллаж байгаа. Үүнээс гадна бүх ангиудаас оношлох судалгаа авч байна. Одоогоор нэгдүгээр улиралд өмнөх хичээлийн жилүүдийн хоцрогдлыг арилгах ёстой гэсэн зааварчилгаа авсан байна. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирал нөхөх программтай учраас үндсэн есдүгээр ангийн программ нэг улирлаар хойшилно гэсэн үг. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр дараагийн жил рүү шилжүүлэх буюу аажмаар нөхөх аргаар 2-3 жилийн дотор хоцрогдлыг арилгах зохицуулалт хийж байгаа гэсэн үг. 2023 онд хэвийн байдалдаа орно гэсэн төлөвлөгөөтэй. Эхлээд сурагчдаа оношлох судалгааг нэгдсэн байдлаар авч дууссаны дараа судалгааны үр дүнд тулгуурлан сургууль дахин төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Нөхөж байж л дараагийн хичээлийг үзэх боломжтой учраас эхний ажил бол өмнөх ангийн хичээлийг нөхөх, давтах л байна .

 -Хичээл эхлээд хоёр долоо хоножээ. Энэ хугацаанд хүүхдүүдэд ажиглагдаж байгаа ямар саад бэрхшээл байна вэ. Төлөвлөгөөний дагуу явах боломжтой гэж та үзэж байна уу? 

-Багш нарын хувьд өөрсдийн хөрсөнд буусан төлөвлөгөөг хэрэгжүүлнэ үү гэхээс яг яамны төлөвлөгөөгөөр яс явна гэж байхгүй. 

-Хүүхдүүдэд эрүүл мэнд, сэтгэл санаа хүлээж авах чадварын өөрчлөлт ажиглагдаж байна уу? 

-Эрүүл мэнд бие махбодын хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон байна. Сэтгэл санаа хүлээж авах чадварын хувьд тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Гэхдээ одоохондоо энэ тухай бид нар ярихгүй байгаа. Яагаад гэвэл нийтээрээ л ийм байдалтай тулгарч байна шүү дээ. Угаасаа л бүх хүүхдүүд хоцрогдолтой байгаа. Тийм учраас муу, муудсан байна гэж огт ярихгүй, эхний ээлжид зөвхөн сэтгэлзүйг нь л бэлдсэн долоо хоногууд үргэлжилж байна. Ерөнхийдөө хичээл рүүгээ шууд дайраад орсон зүйл байхгүй, өмнөх юмаа давтсан, ажигласан, хянасан хэв маягаар хичээллэж, сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн үйл явцад дасан зохицуулах, сэтгэлзүйг бэлтгэх хоёр долоо хоног өнгөрлөө гэж хэлж болно.

 -Энэ хичээлийн жилийн зохицуулалт болон хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө зэрэг арга хэмжээг боловсруулахад багш нарын ачааллыг тоохгүй орхигдуулсан ажиглагдаж байна. Таны хувьд хэр ачаалалтай байна вэ?

 -40 сурагчтай ангийг 20, 20-оор нь хуваагаад танхим болон цахимаар ээлжилж байгаа. Жишээлбэл 11 дүгээр ангийн хоёр бүлэгт ордог монгол хэлний багш нэг заасан хичээлээ дөрвөн удаа заана гэсэн үг. Хажуугаар нь цахим хичээл бэлдэж, шалгаж явах журмаар ажиллах учраас өмнөх жилүүдийг бодвол энэ жил бараг дөрөв дахин их ачаалалтай байгаа гэж хэлж болно. Багш нарын хувь орой болсон ч ажил дуусахгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Багш, сургуулийн орчны нөхцөл байдал ийм байна. Танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой сурагчдын байр суурийг сонслоо.

С.Пагмадулам: АЛЬ БОЛОХ ТАНХИМААР ХИЧЭЭЛЭЭ ОРООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

 17 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Пагмадулам, “Цахим хичээлийн чанар сул байсан. Өнгөрсөн хоёр жилийн цахим хичээлээс яг бодитой толгойд үлдсэн, сайн ойлгож авсан хичээл бараг байхгүй гэж хэлж болно. Манай гэрээс дөрвөн хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Цахим болон теле хичээлийн цаг давхцах үе олон гардаг байсан. Энэ долоо хоногт танхимаар хичээлээ үзээд, ерөнхийдөө бататгах хичээлүүд орж байгаа. Танхимаар орох үедээ өмнөх хичээлүүдийг шахаж ордог, харин цахимаар орохдоо арай өөр агуулга үзэж байгаа болохоор нэгэн жигд биш юм шиг санагддаг. Толгой эргэх тохиолдол гарна. Биеийн тамир, зураг технологийн цагаас хассан. Хичээл орох цаг багасаж 35 минут болсон, нэг ангийн сурагчдын тал нь л хамт хичээллэж буй учраас нөгөө хэсэгтэйгээ уулзах боломжгүй. Мөн нэг ширээн дээр нэг л хүүхэд суудаг учраас хичээлийн уур амьсгал хүлээлтээс өөр, муухай байсан. Өөр өөр хаалгаар ордог учраас хажуу талын ангитайгаа ч бараг таарахгүй. Гэхдээ аль болох танхимаар хичээлээ ороосой гэж хүсэж байна. 

Ийнхүү Боловсролын хоцрогдол хэмээх том асуудалтайгаар энэ удаагийн хичээлийн жил эхэлсэн. Гэвч түүний цаана нөхцөл байдалтай холбоотой олон асуудал гарч ирсээр байгаа юм. ИНБ-аас хийсэн судалгаагаар нийт сурагчдын 88 бие даан суралцах арга барилд суралцаагүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл зайн сургалтын үед сурагчид сурах арга барил, сургалт хүлээх авах нөхцөл боломжийн хувьд бэлэн биш байсан тул манай улсын хэмжээнд боловсролын хоцрогдол санаа зовоох өндөр төвшинд хүрсэн аж. Харин одоо түр хугацаанд завсардсан танхимын сургалтаар тийм ч хурдан хугацаанд нөхөх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Сурах арга барил, сэтгэлзүй, сургалтын орчин, хичээлийн хөтөлбөр дараалал зэрэг олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд эдгээрийг жигдлэхийн тулд 2023 оны хичээлийн жил хүртэлх хугацаа шаардагдах аж.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна