Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хуулийг дагаад төрийн санах ой сайжирна

Админ
2021/09/16

З.УРСГАЛ

УИХ-ын гишүүн , Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягтай ярилцлаа. 

-МХАҮТ-ын гаргасан судалгаагаар 1500 орчим тусгай зөвшөөрөл байна гэх юм билээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт болдог. Тусгай зөвшөөрөл авахын тулд төрийнхний өмнө бөмбөлздөг гэх шүүмж ч бас бий. Энэ олон тусгай зөвшөөрлийг хэрхэн эмхлэхээр хуулийн төсөлд тусгаж байна вэ?

-Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хууль 2001 онд анх батлагдсан. Тухайн хуулиар 200 гаруй тусгай зөвшөөрөл байсан. Түүнээс хойш жагсаалтад ийм төрлийн зөвшөөрөл нэмж олгоно гэдэг юм оруулаад л байснаас биш зайлшгүй шаардлагатай, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл олгодог байх вэ гэдэг зүйл оруулж байгаагүй. 2019 оны Засгийн газрын судалгаагаар 912 тусгай зөвшөөрөл байсан. Харин 2020 онд МҮХАҮТ-ын хийсэн судалгааны дүнгээс харахад, зөвшөөрөл, дүгнэлт, гэрчилгээ гэж явсаар 1500- 1600 орчим зөвшөөрлийг төр олгож байгаа нь нотлогдсон. 2021 оны тавдугаар сард МҮХАҮТ дээр УИХ-ын дарга Г.Занданшатар болон нэр бүхий УИХ-ын гишүүд бизнес эрхлэгчдэдтэй уулзалт хийсэн юм. Тухайн уулзалтаар таван гол хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар хэлэлцээд баталж өгөөч гэсэн хүсэлтийг хувийн хэвшлийнхэн тавьсан. Зөвшөөрлийн хууль, МҮХАҮТын тухай хууль, Худалдааны хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж батлахыг хүссэний дагуу тухайн сардаа Ажлын хэсгүүдийг байгуулсан. Эргэн сануулахад 2019 онд С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл байдаг. Мөн тухайн үед Засгийн газраас шинэчилсэн найруулга өргөн баригдсан. Өдгөө энэ хоёр хуулийг нэгтгэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Намрын чуулганаар буюу ирэх арваннэгдүгээр сард багтаан анхны хэлэлцүүлэгт оруулах төлөвлөгөөтэй байгаа. 

-Өнгөрсөн зургадугаар сард Зөвшөөрлийн хуулиар нээлттэй сонсгол хийсэн. Иргэд саналаа өгөх боломжтой юу?

 -Зөвшөөрлийн хуулийн төсөлд зөвшөөрлийн жагсаалтыг нэг бүлэг болгон нэгтгээд оруулж байгаа.Төрийн байгууллагынхан, бизнес эрхлэгчид, Захиргааны чиглэлийн судлаач, хуульчидтай тус тусад нь хэлэлцүүлэг хийсэн. Өдөрт 4-5 төрийн байгууллагын ажилтныг нэг нэгээр нь дуудаж уулзаж байна. Товчхондоо хуулийн төсөлд тусгагдсан зөвшөөрөлтэй холбоотойгоор нэн шаардлагатай хэсэг, яагаад ямар журмаар, хэрхэн олгогдож байгаа талаар ярилцаж байгаа гэж хэлж болно. 

-Яагаад ямар учиртай юм бэ. Нарийн тайлбарлаач? 

-Үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, төр нийтийн өмчийг ашиглах, байгалийн баялгийг ашиглахаас бусад тохиолдолд зөвшөөрөл өгөх шаардлагагүй гэж үздэг. Бид энийг тусгай зөвшөөрөл гэсэн ангилалд оруулж байгаа. Мөн нэг удаагийн зөвшөөрлийн зохицуулалтыг хялбаршуулсан журмаар оруулахаар бэлдэж байна. Хуулийн хүрээнд харах юм бол нэгдүгээрт зөвшөөрөлд авах процессыг энгийн, хялбар, нээлттэй ил тод болгохыг зорьж байна.

-Яаж тэр вэ?

 -Болж өгвөл цахимаар олгоё. Мөн хуулийн хугацаандаа заавал хариу авдаг болно. Удаах, хариу өгөхгүй байдал нь эргээд авилгын асуудалтай холбогддог байдлыг таслан зогсоох зорилготой юм. Тиймээс ямар нэг байдлаар хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцож болохоор зохицуулж байгаа. Мөн мэдээллийн нэгдсэн сантай болно. Мэдээллийн нэгдсэн санд тухайн иргэн аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллүүд ил байж байна гэсэн үг. Төр өөртөө байгаа мэдээллийг нэмж шаардахгүй байх, тодорхойлолт нэхэхгүй байх заалт нэмж орно. Түүнчлэн зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өөр нэг төрийн байгууллагаас тодорхойлолт, дүгнэлт, актч авчир гэж шаардахгүйгээр цахимаар авдаг байхаар зохицуулж буй. Жишээ нь архи зардаггүй найман нэрийн бараан дэлгүүр гэхэд л галын байцаагчийн дүгнэлт, цагдаагийн газрын тодорхойлолт гэхчлэн зургаан газраас зөвшөөрөл авсны эцэст дүүргээс дэлгүүрийн зөвшөөрлөө авдаг бол одоо дүүрэг, дээрх бичиг тодорхойлолтыг шаардлагатай гэж өөрөө мэдээллийн сангаас аваад иргэнд зөвшөөрөл олгоно гэсэн үг.

 -Ажлыг хөнгөвчилж, хүнд суртлыг багасгахад нэмэртэй юм байна гэж ойлголоо. Та зөвшөөрлийг энгийн8 тусгай, нэг удаагийнх гэж гурав ангилж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач? 

-Нэг удаагийн зөвшөөрөл гэж шинж чанарынх нь хувьд хэлж байгаа юм. Тухайлбал гаалийн талбай дээр юм оруулж гаргах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр жуулчин машинтай орж ирээд гарах ч гэх юм уу. Эдгээр нь нэг удаагийн зөвшөөрөлтэй. Түүнчлэн эм оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй ч шинээр өмнө нь манай улсад хэрэглэгдэж байгаагүй эм оруулж ирэхийн тулд заавал зөвшөөрөл авдаг. Тэр нь нэг, эсвэл олон удаагийн зөвшөөрөл байж болдог гэхчлэн шинж чанараас нь хамаардаг учраас илүү хялбаршуулах тал дээр нь анхаарч байна.

 -1500 орчим зөвшөөрлийн тоог цөөрүүлэх тал дээр ямар зохицуулалт орохоор байна вэ. Бизнес эрхлэгчдийн хувьд тэр олон зөвшөөрлийг авах гэж, хурдавчлуулахын тулд авилга өгөхдөө тулдаг нь нууц биш шүү дээ. Товчхондоо бол ажлаа хурдан амжуулах гэж тэр шүү дээ?

 -С.Бямбацогт тэргүүтэй УИХын гишүүдийн өргөн барьсан төслийг нэлээн либерал талын төсөл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чигтэй. Нэгтгэсэн анхны төслийн суурь болоод явж байгаа гэсэн үг. Бид 1500 давсан зөвшөөрлийг 400 орчим дээр авчирах зорилготой ажиллаж байна. Жишээлбэл, зөвшөөрлийг багасгах нь бизнес эрхлэгчдийг дэмжих нэг хэлбэр. Цаашдаа нэмэхгүй байх нь бас их чухал байгаа юм. Энэ хуульд ороогүй л бол аль нэг албан тушаалтан, яам дураараа зөвшөөрлийг бий болгох эрхгүй байхаар зохицуулж байгаа. 

-Хуулийн төсөл тусгай зөвшөөрлүүдийг салбар салбараар шигтгэж оруулж өгч байгаа юм байна гэж ойлголоо, зөв үү? 

-Бүх салбар байгууллагын зөвшөөрөл жагсаалт болж бүлгээр орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж л зөвшөөрөл нэмэгдэх боломжтой гэж ойлгож болно. Түүнчлэн өргөн барихын тулд Засгийн газар эсвэл Ерөнхий сайдын дэргэд юм уу ЗГХЭГ-ын дэргэд хяналтын зөвлөл байгуулах юм Хяналтын зөвлөл мэдээллийн нэгдсэн сангаа хариуцахаас гадна аль нэг төрийн байгууллага зөвшөөрлийг нэмэгдүүлье гэж орж ирвэл хяналтын зөвлөлөөр оруулж байж л УИХ-д өргөн баригддаг болно гэсэн үг. Зөвшөөрлийг нэмэх шаардлагатай эсэхийг хяналтын зөвлөл шийдэх юм.

-Уул уурхайн салбар дээр их ажиглагддаг нэг хүн нэлээн хэдэн зөвшөөрөл авсан байна гэх шүүмж их бий. Өөрөөр хэлбэл, давхардуулж олгохгүй байх тал дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

 -Наад асуудал чинь салбарын хуулиараа зохицуулагддаг. Зөвшөөрлийн хуулийн тухайд нийтлэг зарчмын хүрээнд үйлчилнэ. Хууль батлагдсанаар 160 гаруй хуулийн уялдаа холбоог сайжруулж, нэмэлт өөрчлөлт хийнэ. Ганцхан хууль мөртлөө 160 гаруй хуультай уялдаатай байх нь байна шүү дээ. 

-Зөвшөөрлийн хуультай уялдаад цоо шинэ таван хууль боловсруулагдаж байгаа. Ямар байдлаар уялдуулахаар төлөвлөж байна вэ? 

-Эдийн засгийг дэмжих үүднээс таван хууль өргөн барьсан. Одоогийн байдлаар, Худалдааны тухай хуулийг ажлын хэсэг гүйцэн бол овсруулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль боловсруулалтын шатандаа байгаа бол Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн Ажлын хэсгүүд ажиллаж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж дээр дурдсан. Энэ хуульд хамгийн гол уялдаатай хууль бол Улсын тэмдэгтийн тухай хууль. Тэр утгаараа хууль батлагдангуут Улсын тэмдэгтийн хуульд маш богино хугацаанд нэмэлт, өөрчлөлт оруулж байж Зөвшөөрлийн хуулийн үүрэг бодитжих юм. Дахин хэлэхэд, хууль батлагдсанаар нэгдүгээрт процесс маш тодорхой болно. Иргэн хуулийн хугацаандаа хариугаа авдаг болно. Мэдээж татгалзаж болно шүү дээ. Гэхдээ үндэслэлгүйг татгалзаж болохгүй. Үндэслэлгүй татгалзвал эргээд хариуцлага хүлээдэг механизмтай болно. Ташрамд дуулгахад, зөвшөөрлийн тоог багасгах гол шалтгаан нь хэт замбараагүй олгосон болон нэгэнт бий болгосон зөвшөөрлийн тоог багасгах явдал. Мэдээж цаашдаа жагсаалтад ороогүй зөвшөөрөл нэмэгдэх шаардлага үүснэ. Үндэсний аюулгүй байдал, эсвэл салбарын хуультай холбоотойгоор шинэ зүйл нэмэгдэж болох ч “тоглоомын дүрэм” тодорхой байх ёстой. Мөн Мэдээллийн нэгдсэн сантай болсноор тухайн иргэн хүндрэлгүйгээр зөвшөөрөл авдаг боломж бүрдэнэ. Төр, төрийн байгууллага өөр төрийн байгууллагаас зөвшөөрөл авчир гэдэг муйхар асуудал байхгүй болно. Төр мэдээллээ өөрөө олдог болно. Хоёрдугаарт өөр төрийн байгууллагын зөвшөөрлийг тухайн эрх бүхий байгууллага хугацаанд аваад хуулийн хугацаанд нь иргэнд хүндрэл учруулалгүйгээр үйлчилдэг болно гэсэн үг шүү дээ. Хяналтын зөвлөлийн тухайд тухайн зөвшөөрлийг нэмэх шаардлагатай эсэх харилцааг Засгийн газар хянана. Ганц салбарын хамаардгаа больсноор төрийн албаны хүнд суртал гэх ойлголт арилна. Жагсаалттай холбоотой нэг бүлэг орж ирнэ гэж дээр хэлсэн дээ. Одоогоор 348-490 жагсаалт гарчихсан байж байна. Аль жагсаалтыг яг ямар төрийн байгууллага олгодог болгохыг зохицуулна. Яг тэр төрийн байгууллагадаа л зөвшөөрөл авахаар ханддаг болно. Ж агсаалтад байхгүй ямар нэгэн зөвшөөрлийг аль нэг нэг төрийн байгууллага нэхэхгүйгээр зохицуулж байгаа гэж ойлгоход болно. 

-Иргэд ч бас хуулийн төсөлд саналаа өгч болно гэсэн. Нээлттэй хэвээрээ байгаа юу?

 -Бид төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй уулзаад хэлэлцүүлэг хийж байна. Бас ол он нийттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай юм билээ. Олон нийтэд ойлгуулж, зөв гаргалгаа хийх ёстой. Жишээ нь Түгээмэл ашигт малтмалын тухай хууль гэж бий. Түгээмэл ашигт малтмалын хуулиар тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн ашигт малтмалын лицензийн зөвшөөрлийг олгодог. Эл хууль гарах болсон шалтгаан нь тухайн үеийн Ерөнхийлөгч ашигт малтмалыг лицензийг олгохыг хориглосноос болж манай Монголд бүх бүтээн байгуулалтын ажил зогсоход хүрсэнтэй холбоотой. Түгээмэл ашигт малтмалын хууль батлагдсан шалтгаан нь энэ. Харин өдгөө Ашигт малтмалын газар, түгээмэл ашигт малтмалын зөвшөөрлөө бид буцааж авъя гэсэн санал тавьж байгаа.

 -Яагаад, орон нутагт хариуцсан нь ямар сөрөг нөлөөтэй юм бэ. Орон нутгийн төсөвт харин ч нэмэртэй юм биш үү?

 -Түгээмэл ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутаг олгодог болсноос хойш бүртгэл, нөхөн сэргээлт хийгдэхээ больж, хяналт тавигдахаа байсан юм байна. Тэр ч бүү хэл ТЭЗҮ-гүй олборлодог, зарим аймагт жонш, алт олборлож байна гэх яриа ч байна. Тиймээс Ашигт малтмалын газар, Цагдаагийн газар, зарим нэг аймгийн Засаг дарга нарыг байлцуулан түгээмэл ашигт малтмалын лицензийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, иргэдэд нэгдсэн ойлголт өгч байж нэмэлт өөрчлөлт оруулахыг зорьж байна. 

-Хуулийн нэгдсэн ойлголт их чухал л даа? 

-Зөвшөөрлийн хуультай хамт Мэргэжлийн холбоодын тухай хуулийг хэлэлцүүлэх УИХ-ын дарга захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, зарим зөвшөөрлийг Мэргэжлийн нэгдсэн холбоодоор дамжуулж өгөх асуудал ч бас хөндөгдөж байгаа. -Төрийн санах ой нэлээн сайжрах нь ээ? -Манай аж ахуйн нэгж заавал нэг даргын гарын үсэг, тамга байж байх ёстой гэдэг байдлаас сална. Зарим тохиолдолд QR код, иргэний үнэмлэхээрээ авдаг болно. Зарим нэг нь ТҮЦ машинаараа хэвлүүлдэг ч юм уу, товчхондоо гарын үсэг тамгыг чухалчлахгүй шинэ хандлага руу орно.

 -Зөвшөөрлийн хуульд шинэ содон орж ирсэн зүйл юу байна вэ. Сонирхуулаач? 

-Зөвшөөрлийн хуулиар бүх зүйлийг тодруулах боломжгүй. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн судалгаа акц , шаардлагаа харж байгаад шинэчлэл хийж байна. Хуультай холбоотойгоор 4-5 хэлэлцүүлэг хийлээ. Намраас хоёр хууль нэгтгэгдсэний дараа дахиад ч хэлэлцүүлгүүд хийж байж УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлнэ гэж бодож байгаа. Энэ хууль бол ирэх 10-20 жилийн нийгмийн харилцааг зохицуулах гол хуулиудын нэг шүү дээ.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна