Б.Амаржаргал: Дуурийн театрын зургийг дэвтэртээ нааж энд л ажиллана хэмээн бичиж байлаа

Админ
2021/09/16

М.ДЭВЭЭЖАРГАЛ

ДБЭТ-ын симфониоркестрын гоцлол хөгжимчин Б.Амаржаргалыг урин ярилцлаа. Тэрбээр 2015 онд “Concert for Clarinet” бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дуурь, балет болон сонгодог урлагийн 350 гаруй бүтээлд оролцсон байна. 

- Хөгжимчин болох шийдвэрийг хэрхэн гаргаж байв, тэр дундаа яагаад кларнет хөгжмийг сонгосон бэ?

 - Гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс л дээ. Миний эгч төгөлдөр хуурч юм. Би багаасаа урлагийн хүн болно гэдгээ мэдэрдэг байсан ч ямар төрлөөр явахаа мэддэггүй байлаа. Тэр үед хөгжим бүжгийн коллежид элсэхээр болж, Ц.Ариунболд багш миний гар хуруу, сонсгол, ритм, амны байрлал зэргийг шалгаад “Кларнетчин болох хүүхэд байна” гэж билээ. Тухайн хөгжмийг хармагцаа л хөөрөн дурласан. Хөгжмөө тоглож чадахгү й мөртлөө ээжийгээ залхтал өдөржин “муухай” дуугаргадаг байсан гэдэг. Үүнийг ээж маань одоо хүртэл надад ярьсаар л, (инээв)... 

- Кларнет хөгжмийн онцлог болон Монгол ардын хөгжимтэй хоршуулан тоглож байв уу? 

- Кларнет их зөөлөн дуугаралттай, чихэнд нийцтэй хөгжим. Монгол ардын хөгжимтэй хоршин тоглодог л байсан болов уу. Би ерөөс ардын хөгжимтэй тоглож үзээгүй юм байна.

 -Театрынхныг нэлээд өндөр шалгуураар сонгодог гэж боддог юм. Таны хувьд ямар шалгуурыг давж байж гоцлол хөгжимчин болсон бэ?

 -Мэдээж. Монгол улсад ганцхан “сонгодог урлаг”-ийн театр шүү дээ. Оюутан байхдаа мөрөөдлийн дэвтэртээ дуурийн театрын зургийг хайчилж наагаад энд л ажиллана гэж бичсэн юм. Харин гуравдугаар курсийн оюутан эргэлзэх зүйлгүйгээр театрын босгыг давж байлаа. Хамгийн том шалгуур бол үзэгчид. Өөртөө тавьсан асуултад минь хариулахгүй ч байж мэдэх шүү дээ. 

- Дэлхийн сонгодог дууриудын дүрийн сэтгэл зүйг ч адилхан туулж, зохиолын санааг ойлгосны үндсэн дээр хөгжимддөг байх даа? 

-Тэгэлгүй яах вэ. Би гайхалтай дуури й н хөгжмийг тоглох илүү дуртай. Гол дүрийнхээ талаар интернэт, ном сонин зэргээс судалж, тэмдэглэж аваад бэлтгэлдээ ордог. Гэхдээ тэмдэглэхгүй байсан ч хөгжим өөрөө мэдрүүлээд өгдөг юм даа. 

-Олон цагаар суух ч завгүй хөгжмөө тоглоод зогсож байсан удаа бий юу? 

-Бий, бий. Дуурийн театрын оркестрын хөгжимчид их ачаалалтай ажилладаг. Өглөө дуурь, өдөр балет, орой нь тоглолт гэх мэт зав бага. Үүний хажуугаар хувийн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Цар тахал дэгдээгүй бол одоо ч суух завгүй явж байгаа (инээв). 

-Орон орны хөгжимчидтэй туршлага солилцож, чадвараа дээшлүүлэх зэрэгт та хэрхэн анхаардаг вэ?

 -Хөгжимчин болон удирдаачидтай туршлага солилцож, хамтран ажиллана гэдэг үнэхээр чухал. Заавал нэг шинэ зүйл сурдаг байхгүй юу. Тийм учраас аль болох хөгжим сонсоно, мастер классууд үзнэ. Өөрийгөө үргэлж хөгжүүлж байж урлагт үлдэнэ. Цаг ямагт оюун ухаан, мэдрэмжээ сэлбэж байх шаардлагатай л даа.

 -Танаас хамгийн их чадвар шаардсан дуурь гэвэл? 

-Дуурь болгонд чухал бас хэцүү хэсэг байдаг. Өөр, өөрийн онцлог, илэрхийлэмжтэй. “Тэр л хэцүү” гэж онцлох гэхээр бүгдийнх нь гол хэсэг бодогдож байна. Бүх алдартай хүмүүс мэддэгээс Ж.Пуччин “Тоска” дуурийн Каварадоссын ари, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь бүхэлдээ кларнет болон дуучин хоёул хосолдог доо. 

-Ер нь театрын хөгжимчин байхын сайхныг та юу гэж хэлэх вэ?

 -Сонгодог урлаг бол Дэлхийн хэл шүү дээ. Ярихгүй ч хөгжмөөр ойлголцож болно. Тухайн урлагийг босгогч мэргэжлүүдийг хэн хөдөлмөрлөсөн нь эзэмшихээс гадна тэдний нэг эд эс болохын тулд ч олон зүйлийг мэдэх хэрэгтэй болдог. Ялангуяа хөгжимчид бага насныхаа өдөр бүрийг зориулдаг юм. Театрын хөгжимчин сонгодог урлагаар л амьдардаг. Олон оны нүүр үзэж, үзэгчийн сэтгэл, уншигчийн гарт дэлгэгдсэн бүтээлүүдийг тоглож эзэмшинэ гэдэг гайхалтай. Нөгөөтээгүүр сайхан хамт олонтой байна. Театрын үүдээр ормогц л өөр ертөнц намайг угтдаг даа. Театр болоод хөгжмийн урлагаас өөрийгөө цуглуулж, их ч зүйлийг танин мэдэж, сайн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байна. 

-Үг амьтай гэх нь бий. Таныг яваа хэн нэгний хэлсэн мартагддаггүй, үргэлж оюун санаанд тань амь халуун дагаж үг байдаг болов уу? 

-Тийм шүү, үг хүчтэйдээ хүчтэй байдаг. Би багшийгаа танилцуулмаар байна. Одоогийн мэргэжли й н урлагийн бүх Кларнет-хөгжимчнийг бэлтгэн гаргасан доктор, профессор Ц.Ариунболд гэж хүн бий. Сайн ч хөгжимчин гэдгийг мэдэх нэг нь мэдэх биз ээ. Багш маань “Сайн хөгжимчин болъё гэвэл сайн хүн байх хэрэгтэй. Хүн болж чадаагүй бол хэзээ ч чамаас сайхан хөгжим гарахгүй” гэж хэлсэн юм. Би энэ үгийг санаж, үүний дагуу л амьдардаг.

 -Хөгжим тоглохдоо та ямар мэдрэмж авдаг вэ. Аялгуу бүр өөр өөрийн шидтэй шүү дээ?

 -Анх оркестр дунд сууж үзэхэд үлгэрийн оронд байгаа мэт мэдрэмж төрж билээ. Одоо ч хөгжмөө тоглох үедээ шидийн ертөнцөд очсон юм шиг л мэдрэгддэг. Хөгжимчин хүмүүс сэтгэл хөдлөл, ухаан санаагаа тэнцүү байлгасны үр дүнд зөв болон сайхан аялгууг эгшиглүүлдэг хэмээн боддог юм.

 - Хөгжимчний сэтгэл аялгуугаа дагаад олон хувирдаг юм шиг санагддаг. Ямар дуурийн аль хэсэгт сэтгэл тань хамгийн ихээр хөдөлж байв?

 -Хувирдаг гэдэгтэй санаа нэгдэнэ. Хөгжмийн увдис гэгч болов уу даа. Хайртай хүнээ алдаад дуулж буй ари болгон, балетийн хөдөлгөөнөөр өгүүлж байгаа хэсгүүдэд сэтгэл их хөглөгддөг юм. Ер нь хай дурлал бол хаана ч, юунд ч хуучиршгүй сэдэв шүү дээ. Лючиа ди Ламермур дуурийн хамгийн сүүлийн Эдгардогийн ари, Ж.Пуччини “Чио чио сан” дуурь зэргийг нэрлэж болох юм. Харин “Жизель” балетийн Альфредогийн хэсэг дэх хөгжим ямар сэтгэл хөдөлгөм гэж санана. Театрын маань үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэднэ байх. 

-Мөрөөдлийн дэвтэр дээрх мөрөөдлүүд тань биелчихсэн үү, ер нь хүнд мартагдсан мөрөөдөл байдаг гэвэл та юу гэж хэлмээр байна?

 -Ихэнх нь биелсэн. Тухайн үед би “Нууц” гээд нэвтрүүлэг үздэг байсан юм. Түүний дуурайгаад л дэвтэртээ зөндөө мөрөөдлийг зурагтай нь наасан даа. Одоо бодохоор хөөрхөн санагддаг юм (инээв). Харин ажил амьдралын урсгал дундуур явахдаа өнөөхөө мартчихаад олон жилийн хойно дэлгэж үзэхэд сайхан дурсамж үлдээжээ. Ингэж бодохоор хүнд мөрөөдөлтэй амьдрах чухал шүү. Гэхдээ миний хувьд удаан мөрөөдөж, хүрэхийн тулд мэрийж буй нэг л зүйл бий. Хичээвэл бүтнэ. 

-Хөгжимчин хүн биеийн эрүүл мэндийн хувьд юунд анхаарал хандуулах ёстой вэ?

 -Хөгжимчин хүн хамгийн түрүүнд гар болон уруул, мөн шүдэндээ зайлшгүй анхаарах хэрэгтэй. Түүнчлэн цаг үетэй холбоотойгоор коронавирус тусахаас сэргийлэх, учир нь бидний уушги эрүүл байж, хөгжмөө тоглоно шүү дээ.

 -Ойрын төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач?

 -Бид цар тахлаас болж хоёр жил амралтын байдалтай байлаа. Одоо их зүйл төлөвлөж байна. Хамгийн түрүүн формдоо орох шаардлагатай байгаа. Цааш нь төлөвлөгөөт тоглолтууд хүлээж буй. Мөн мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхээр суралцах болно.



0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна