Б.Жавхлан: Халамжаас хөдөлмөр хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ

Админ
2021/09/16

Сангийн сайд Б.Жавхлангаас цөөн зүйлийг тодрууллаа. 

-Хүүхдийн мөнгийг хэзээнээс 20 мянган төгрөг болгох вэ? 

-Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сард батлуулдаг. Түүний дотор хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг буюу КОВИД19-ийн өмнөх төвшинд буулгана гээд тоогоо батлуулчихсан байгаа. Энэ хүрээндээ л байх ёстой. Тодотголын хүрээнд энэ оны сүүлийн хагаст хүүхдийн мөнгийг хэвээр үргэлжлүүлсэн. Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ. Хүүхдийн мөнгөний тухайд хэд хэдэн хувилбар, нөөц боломж бий. Жишээлбэл, ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй уялдуулах буюу хүүхдүүд ирээдүйд мөнгөө хуримтлуулах боломжоор хангах явдал юм. 2022 онд хүүхдийн мөнгийг 100 мянгаас 20 мянга руу шууд шилжүүлэх нь хэрэглээний төвшиндөө шок үүсгэнэ. Тийм учраас аажмаар шилжилт хийх хувилбаруудыг төсөв дээр судалж байна. Эцсийн байдлаар танилцуулах болоогүй. 

-КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн гэлээ. Энэ талаар тодруулаач?

 -2021 оны сүүлийн хагас, 2022 онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн. Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлийг дэвшүүлж байгаа. Дээрээс нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил утаатайгаа тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна, тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ.

 -Тог цахилгааны мөнгийг төр даахаа ирэх онд үргэлжлүүлэхгүй юм байна гэж ойлголоо. Гэвч цар тахал газар авч, иргэдийн орлого улам бүр багассаар л байна шүү дээ? 

-Хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна