Хөрөнгө оруулалт хэнээс, юунаас зугтав

Админ
2021/09/17

Эдийн засагч Х.БАТСУУРЬ

Арваад жилийн өмнө огцом өсөж олон улсад гайхшруулж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэлээд татарсан талаар ярих болсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад зах зээл, бүтээгдэхүүний үнэ, хууль эрх зүйн орчин гадаад, дотоодын ол он хүчин зүйл нөлөөлдөг. Хөрөнгө оруулалтын (ХО) нөхцөл, орчин муу, татвар өндөр байна, популистуудаас боллоо зэрэг нийгэмд зориудаар тараасан дэмий, худал үгсийг эс тооцвол манайд ГШХО-ын нөхцөл, хууль, эрх зүйн орчин тун боломжийн. Гэтэл сүүлийн үед хөрөнгө оруулагчид хэнээс, юунаас зугтаах болов? Зөв чиглүүлж чадвал гадаадын хөрөнгө оруулалт улсын хөгжилд чухал хувь нэмэртэй. Тиймдээ ч Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилийн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүсэж байна” хэмээн гадаадын хөрөнгө оруулалтад өгч буй ач холбогдлоо тодорхойлж уучлал гуйсан нь хөрөнгө оруулалтыг татах нэгэн зөв алхам болсон.

Тодорхойгүй зүйл их байсан, тэр нь ихэнхдээ хууль хэрхэн яаж хэрэгжээд байгааг харуулсан хэрэг. Хуйвалдаан, хууль бус хувь хүний, эрх ашгийн бүлэглэлийн засаглал ноёлж буй талаар зарим судлаачид, эрдэмтэд, бизнесменүүд ярьсаар байна. Үнэндээ манай улсад хууль нь хэрэгждэг, засагладаг бол хөрөнгө оруулалт татрахгүй, хөрөнгө оруулагчид зугтахгүй байсан. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдоод хэлсэн үгэндээ “Хүн бус, хууль засагладаг төрийг бий болгоно” хэмээсэн нь хуулиас давсан хувь хүний засаглал манай нийгэмд ноёрхож энэ нь ГШХО-г гацаагаад байгаа гол шалтгаан болоод буйг товч бөгөөд тодорхойгоор хэлсэн. Албан ёсны статистикаар 1990 оноос хойш манай улсад ~24.9 тэрбум орчим ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Тэгвэл 31 жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаас илүү буюу 13 тэрбум ам.доллар ердөө дөрвөн жилийн дотор 2010-2013 онд орж ирсэн ба 2016 онд уналтад орж хасах руу орсон бол 2018-2020 онуудад эргээд сайжрах төлөвийг олоод байна (ХО график харна уу).

Хөрөнгө оруулалтын энэ огцом хэлбэлзэл нь олон улсын зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болоод манай улс дахь засаглалын өөрчлөлттэй уялдаатай харагдаж буй юм. Мэдээж нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайд орсон. Хууль биш хувь хүн, бүлэглэл засагладаг энэ нийгэмд оруулсан хөрөнгөө алдсан, луйвардуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид цөөнгүй тоогоор бий бол нөгөө талдаа оруулсан хөрөнгөө хэд нугалаад авсан, улс нийгмийг хохироосон, бусдын эд хөрөнгийг булаасан, гувчуулсан хөрөнгө оруулагчид ч бас бий гэх. Чухам хэнтэй, хэзээ, ямар бүлэглэлтэй хамжсан, нийлсэн гэдгээсээ хамаараад хохирогч эсвэл хохироогч болох нь шийдэгдэнэ.

Олон нийтэд хэдийн дэндүү танил болсон алдарт Марубений хэрэг, Хан Ресурсын хэрэг, Суруга Монголын хэрэг, үе үе хэвлэлээр дурдагддаг манай төрийн экс томчуул болоод бизнесийнхний оролцсон гэгддэг алт, нүүрсний ордны залилан гээд олон хэргүүдэд чухам хөрөнгө оруулагч эсвэл хөрөнгөн дээр нь хамтрагч аль нь хохирогч, завшигч болох нь ойлгомжгүй байсаар ирсэн нь өдгөө бол гайхаад байх зүйл биш аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоноос Засаг Чандмань компанид оруулсан 19 тэрбум долларын зарга бөгөөд чухам хэн нь хохирогч, завшигч болох гээд байгаа нь тодорхойгүй энэ хэрэг “Хуулиар засаглана“ гэсэн уриатай гарч ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт амласнаа биелүүлэх, амжилтаа ажлаараа баталгаажуулах боломж, гараа нь болж буй юм.

Хөрөнгө оруулалтын маргаанд заргалдагч талуудын хэн нь хохирогч, завшигч болж шийдэгдэхээс үл хамаараад үргэлж хохирогч болдог, болох нь тодорхой байдаг нэг тал байдаг ба тэр нь Монголын ард түмэн түүнийг төлөөлж буй Засгийн газар юм. Тухайлбал Канадын Хан Ресурс, Японы Марубен корпорациудтай хийсэн шүүхийн маргаанд оролцсон компани, албан тушаалтан, хувь хүн, улс төрч буруутан нь хэн байснаас үл хамаарч татвар төлөгчдийн мөнгөөр төлбөрийг барагдуулсан болох бөгөөд ийм хэд, хэдэн жишээ дурдаж болно. Ер нь хөрөнгө оруулалтын маргаанаас хэдэн арав, зуун сая доллараар хэмжигдэх хохирлыг ард түмэн нуруундаа үүрч улс баялгаараа хохирсоор ирсэн байдаг. Зөв чиглүүлж, зөв ашиглаж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалт нь хөгжлийн хурдасгуур, түлхүүр болж болно. Үүний тод жишээ Сингапур улс.

Нөгөө талдаа ГШХО аваад хэзээ ч өөдлөөгүй, хөгжөөгүй, зарим талаар сүйрэлд хүрсэн Ангол, Нигериа, Замби, Зимбабве, Колумб, Перу гээд Африк, Латин Америкийн улсууд бидэнд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нь зүгээр нэг шүүрээд идчих боорцог биш, ихэд нухацтай хандах шаардлагатай асуудал гэдгийг сануулж буй юм. Орчин үед ГШХО нь ихэнхдээ зээлийн санхүүжилт хэлбэрээр орж ирдэг болсон. Хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь хамгийн ашигтай, шилмэл арга болох нь батлагдсан учраас тэр. Томоохон хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудад оруулж буй хөрөнгө оруулалтаа олон улсын санхүүгийн байгууллагууд болон өөрийн засгийн газрыг шууд буюу шууд бусаар оролцуулах замаар хэрэгжүүлэх нь түгээмэл. Хөрөнгө оруулалтын санхүүжилт босгохдоо төсөл, ордыг барьцаалах, хүлээн авагч талын засгийн газраар баталгаа гаргуулах зэргээр найдвартай араанд нь хийдэг боломжтой болсон нь зээлийн санхүүжилтийг хөрөнгө оруулалтын түгээмэл хэлбэр болгоход хүргэсэн.

Гэвч нөгөө талдаа хувийн корпорацийн хөрөнгө оруулалтад төрийн зүгээс баталгаа гаргах нь талуудад “moral hazard” буюу ёс зүйгүй авирлах зэрэг бусад эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс ихэнх хөгжиж буй улсын засгийн газар хувийн компаниудын хөрөнгө оруултад баталгаа гаргах тал дээр их болгоомжтой ханддаг, тэгэх ч ёстой. Өнөөдөр шуугиан тариад байгаа Макс Жонсон ба Засаг Чандманийн хөрөнгө оруулалт мөн л 19 сая долларын зээлийн санхүүжилт бөгөөд өдгөө үндсэн болон хүүгийн төлбөр нийлээд 40 сая доллар хүрээд байгаа хэмээж буй нь анхаарууштай бас сонирхолтой. Эцэст нь хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт Монголыг тойроод, зугтаад байгаа энэ нь бүтээгдэхүүний зах зээл, үнэ зэрэг гадаад нөхцөл байдлаас бус дотоод асуудлаас үүдэлтэй гэж үзэж буй бол өдгөө зарим нэгний популизм гэж нэрлээд байгаа хэн нэгэн иргэн, байгууллага баялгаасаа хүртэх тухай ярьсан, хэлснээс болсон бус харин засаглалын гажуудал, тогтворгүй байдал, хууль алагчилж үйлчлээд байгаа тогтолцоонд байна гэж үзвэл илүү бодитой.

Чухам ийм л шударга бус байдал, хуулийн завхрал, хүчтэй, эрх мэдэлтэй нэгэнд үйлчилдэг байдлаас гадаадын хөрөнгө оруулалт зугтааж буй юм. Өнөөдөр манай нийгэмд хууль бусаар засаглаад байгааг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа хүлээн зөвшөөрч засан залруулах талаар амлалт авсан. Нөхцөл байдал сайжирна, хуулийн засаглалтай болно гэдэгт гадаадын хөрөнгө оруулагч, бизнесмен, жирийн иргэд хэн хүнгүй л найдаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна