Санхүүжилтгүйн улмаас зарим өрхийн эмнэлэгт эмийн багц тасарчээ

Админ
2021/09/17

Д.БЯМБАСҮРЭН

Цар цахал хүн амын дунд хурдацтай тархаж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 3000 гаруйгаас буурахгүй байна. Энэ хэрээр эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, ард иргэдийн бухимдал ихэссээр. Учир нь иргэд ойрын хавьтал болсон, халдвар авсан иргэд өрхийн эмнэлэгтээ хандаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөөс өөр шуурхай тусламжийг авах боломжгүй байгаа юм. Эрүүл мэндийн сайдын 03-р тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвар авсан иргэдийн зардлыг хариуцах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам гарсан. Энэ дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвд батлагдсан иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багц тараах шийдвэр гаргасан. Бид зарим өрхийн эмнэлгээр орж нөхцөл байдалтай танилцлаа.

Бид эхлээд Чингэлтэй дүүргийн XII хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд хүрэв. Ид үзлэгийн цаг эхэлснээс гадна коронавирусийн шинжилгээ өгөх гэсэн хүмүүс дараалжээ. “Уучлаарай иргэн та өөрийгөө коронавирусийн халдвартай гэж сэжиглэж байвал энд зогсоод хүлээнэ үү” гэсэн бичигтэй хаалга угтав. Үүдэнд дараалалд зогсож буй н.Эрдэнэцэцэгтэй уулзлаа. Тэрээр “Ойрд хоолой өвдөж, халуураад болдоггүй. Тэгээд шинжилгээ өгөхөөр ирлээ. Бараг халдвар авсан байх гэж таамаглаж байна. Өрхийн эмнэлгээс нь 160 мянган төгрөгийн эмийн багц өгсөн гэсэн. Энэхүү эмийн багц нь том хүн, хүүхэд гэсэн төрөлтэй юм билээ. Би шинжилгээгээ өгөөд эерэг гарвал эмийн багцыг нь аваад явах санаатай дугаарлаж байна. Түүнээс эм, витамины мөнгийг дийлэхгүй шүү дээ” гэлээ. Эрүүл мэндийн сайдын тушаал амьдралд хэр биелэлээ олж, ард иргэдэд эмийн багц хэр хүрэлцэж байгааг лавлах гэтэл тус эмнэлгийн ажилтан “Манайд мэдээлэл өгөх завтай хүн байхгүй. М анайх коронавирус туссан иргэдэд эмийн багц тарааж байгаа” гэсэн товч мэдээлэл өгөв. Үнэхээр ч ачаалал ихтэй завгүй байгаа нь үүдний танхим дүүрч, гадаа урт дараалал үүссэнээс харж болохоор байв.


ТАСАРСАН ЭМИЙГ ӨӨРӨӨР ОРЛУУЛЖ ӨГЧ БАЙНА

Сүхбаатар дүүргийн VI хорооны “Сайн наран” өрхийн эмнэлгээр орлоо. Хотын төв хэсэгт байрладаг мөртлөө хүн олонтой ч хэт жижигдсэн гэмээр байртай аж. Мөн л ачаалал ихтэй, үзлэг, оношилгоо гээд оволзож байлаа. Үүдний өрөөнд угтах эмнэлгийн ажилтан Н.Ариунаа эмийн багцаа боогоод, тараахад бэлэн болгожээ. Тэрбээр “Өдөрт хүүхэд, том хүн нийлсэн 40-50 гаруй хүнд эмийн багц тарааж байна. Өдөрт батлагдаж байгаа тохиолдол 50-70 гээд янз бүр. Хүмүүс гэр бүлээрээ тусах нь элбэг байна. Бид олдохгүй тасарчихаад байгаа эмийн оронд аль болох өөр эм орлуулж, хүмүүст эмийн багцыг бүрэн өгөхийг хичээж буй. Өнөөдрийн байдлаар найман төрлийн эм боож байна. Тухайлбал, хүүхдийн багцад пиковит, диакоф, анаферон, том хүний багцад, салимон, септилин, афлюдол, норов-7, аспирин зэрэг эм бэлдмэл орж буй.

Зарим эмийн хувьд олдоц муу байна” гэлээ. Уг эмийн багцыг ийнхүү өрхийн эмнэлгүүд өөрсдийн боломжоороо орлуулж, нөхөж аргалж байгаа аж. Үнийн хувьд олдоцоосоо хамаараад янз бүр. Орлуулах эм ханган нийлүүлэх бөөний төвөөс авдаг. Өрх бүрийн багц 5,6 гээд янз бүр байгаа нь хаанаас, ямар үнээр авснаасаа шалтгаалж байгааг эмнэлгийнхэн хэлэв. Хүүхдийн багцад гэхэд пиковит, диакоф, анаферон зэрэг эм бэлдмэл, том хүний багцад, салимон, септилин, афлюдол, норов-7, аспирин зэрэг эм бэлдмэл орж байгаа юм байна. Ингээд эмийн нөөц болон хангалтын талаар “Сайн наран” өрхийн эмнэлгийн дарга Ц.Ариунхишигтэй ярилцлаа. Тэрбээр “Гуравдугаар сараас зургаадугаар сарын хооронд өрхийн эмнэлгээр халдвар нь батлагдсан хүмүүст 70 мянган төгрөгийн эмийн багц өгсөн. Дараа нь долдугаар сард өвчлөл эрс нэмэгдсэн. Тэдгээр хүмүүсээ хянаад өмнөх саруудад орж ирсэн санхүүжилтээрээ багцаа олгосон. Гэтэл 70 хувийн санхүүжилт орж ирээд, үлдэгдэл 30 хувийг одоо хүртэл орж ирээгүй байна.

Гэтэл нөгөө талд иргэд 160 мянган төгрөгийн багцаа бүтэн авна гэдэг. Бид нэгдсэн журмаар эмийн бөөний төвтэй гэрээ хийсэн зүйл байхгүй. Эм маань хаана байна, тэндээс нь л авдаг. Цаанаасаа заасан эмүүд нь олдохгүй байна. Ялангуяа, тан тасарсан. Тэгсэн ч бид аль болох таслахгүй, бүрэн бүтнээр нь багцыг бүрдүүлж өгөхийг хичээж байна. Мөн 160 мянган төгрөг нь иргэдэд дан ганц эм болж очно гэсэн ойлголттой байдаг. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас 50 хувьд нь багцаа боогоод 50 хувьд нь бусад зүйлээ тооц гэсэн чиглэл өгсөн. 

Тухайлбал, тусгаарлах хувцас, ковидтой хүмүүс рүү ярьж зөвлөгөө өгөх, ойрын хавьтлыг тодруулах утасны нэгж, эм тариагаа захиалах, ариутгал халдваргүйтгэл зэрэг зүйлсийн зардал эндээс гарч буй.Харин бүр эмийн багц олгохгүй байгаа эмнэлгийн хувьд тайлан, төсвөө Эрүүл мэндийн даатгалын санд өгөөд үлдэгдэл 30 хувийнхаа санхүүжилтийг авах ёстой байтал тэрийгээ өгөөгүйгээс болоод санхүүжилтээ авч чадаагүй” гэж учирлав. Энэ зуур нэгэн эмэгтэй “Би шинжилгээ өгөх гэсэн юм. Танай хүмүүс авахгүй гээд байна” гэсээр орж ирэв. Энэ талаар тэрбээр “Өөрсдийн дураар эмийн сангаас тест авч үзээд “Эерэг гарчихлаа, эмийн багц авъя” гээд ирдэг. Ийм тохиолдолд нэгдүгээрт албан ёсоор өөрсдийн программ дээр батлаагүй. Мөн хүн бүрт багц өгч, тест авах төсөв байхгүй. Бас өрхийн эмнэлгээс багц авсан хүмүүс гурав хоноод ковид нь хүндрээд эмнэлэгт хэвтдэг. Тэгэхээр эмийн багц маань хүчингүйд тооцогддог. Энэ нь багц хүрэлцэхгүй байхад ашиггүй зүйл болдог. Тэгэхээр хэрэв эмнэлэгт хэвтэхээр бол аль болох өрхийн эмнэлгээс эмийн багц авахгүй байх хэрэгтэй” гэлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна