Б.Лхагвасүрэн: Эдийн засаг 2021 оны эцэст 2019 оны түвшинд хүрч сэргэнэ гэж харж байна

Админ
2021/09/17

У.СҮХЭЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо улиралд нэг удаа хуралддаг. Тэд өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, бодлогын хүүг хэвээр үлдээсний сацуу Төв банкнаас олгож буй репо санхүүжилтийг 250 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Харин зарим эдийн засагч хүүг тав эсвэл 5.5 хувь болгож эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагатай гэж хэлдэг. Ямартай ч инфляц дөрөвдүгээр сараас хойш тогтмол өсөж, 5.6 хувиас 8.9 хувьд хүрчээ. Харин Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хуралдаанаараа ямар шийдэлд хүрсэн талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө.

 -Инфляц наймдугаар сарын байдлаар 8.9 хувьд хүрээд байна. Энэ тохиолдолд мөнгөний хүүг зургаан хувь хэвээр үлдээх нь эрсдэлтэй гэх эдийн засагчид байна л даа?

-Инфляц цаашдаа тогтворжино гэж үзэж байна. Инфляц улсын хэмжээнд 8.9 хувьтай, Улаанбаатар хотод 9.1 хувьтай байгаа ч эдийн засгийн өсөлтийг ирэх онд бууруулж тооцсон. Эдийн засаг 2021 оны эцэст 2019 оны төвшинд хүрч сэргэнэ гэж харж байна. Уул уурхайн салбар хоёрдугаар улиралд саарсан хандлага үргэлжилж, төсөвт дэмжлэг үзүүлэхгүй хэмжээнд байгаа. Хэдийгээр уул уурхайн экспорт зогсонги байдалд байгаа ч гэсэн бусад салбар өсөхөөр байна. Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бус бусад салбар дэмжинэ. Гадаад орчинд эдийн засгийн сэргэлт харагдаж байгаа.

- Урт хугацаа трепо санхүүжилтийн хэмжээг 2021 оны дөрөвдүгээр улиралд 200 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэрийн талаар тодруулаач?

-Цар тахалтай холбоотойгоор уул уурхайн бус салбарын өсөлт бууралттай байсан. Ирэх онд зэсийн баяжмалын агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах бол уул уурхайн салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэх хүлээлттэй байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эргэлтийг нэмэгдүүлнэ гэж Монголбанкны зүгээс харж байна. 

Өөрөөр хэлбэл, 2021 ондоо багтаад уул уурхайн бус салбарууд цар тахлын өмнөх үедээ орвол цаашид илүү өсөлттэй байна гэж төсөөлж байгаа. Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, ихэнх экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр төвшинд хадгалагдаж байгаа боловч үүнээс бий болж буй эерэг нөлөө хүлээлтээс бага байлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөөтэй байгаа. Гэсэн хэдий ч нүүрсний экспорт, үйлдвэрлэл улмаар тээврийн салбар, импортын саатал, өмнөх хөл хорионы нөлөөгөөр барилга, боловсруулах, үйлчилгээний салбарын идэвхжил хүлээлтээс бага байсан нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлсөн.

-Дэлхий дахинд вирусийн шинэ хувилбарын тархалт үргэлжилж, цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлыг эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсгэж байна. Энэ үед Төв банкны бодлого улс орны эдийн засагт хамгийн чухал шүү дээ?

-Эдийн засагт цар тахлын учруулж буй хүндрэлийн үед Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлого, санхүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээнүүд нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдалд дэмжлэг болж байгаа. Мөнгөний бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байгаа бөгөөд цаашид эдийн засгийн сэргэлт тогтворжиж, инфляц түр зуурын бус шинжтэйгээр зорилтоос давах эрсдэл үүсвэл шаардлагатай бодлогын тохируулга хийнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна