Р.Эрдэнэбүрэн: АН-ын дарга нь улс төрд “чанагдсан”, туршлагатай хүн байх хэрэгтэй

Админ
2021/09/17

Т.АМАРТҮВШИН

АН -ын дэд дарга Р.Эрдэнэбүрэнтэй тус намын дотоод үйл явдлын хүрээнд хөөрөлдлөө.

 -АН-ын хуваагдал илааршиж, нэгдэх хандлага байна уу?

-АН-ыг нэгдсэн цул болгохын төлөө ажиллаж байгаа. Эвлэрэхгүй гэсэн бодол аль ч талд нь байхгүй. Хоёр тал нэгдэж, нийлэх хүсэлтэй байна. Намын энэ хагарал нь цөөхөн хэдэн лидерүүдийн асуудал гэдгийг намын гишүүд ойлгож байгаа байх. Гүнзгий хагарал явсан учраас гэнэт нэг өдөр тэврэлдээд, эвлэрч чадахгүй байх. Эхний ээлжид уулзаж, тойрч суугаад асуудлаа ярьдаг хэмжээнд очсон байгаа. Бие бие рүүгээ дайрах нь багассан. Өмнө нь бол хоорондоо бараг “зодолдоод” ширүүн маргасан. Тэр байдлаасаа гарсан. Алхам алхамаар ойлголцох байх гэж бодож байна. Нөхөн сонгуульд хоёр тал нь нэр дэвшигчдээ дэмжээд явахаар харагдаж байгаа.

-АН хэзээ нэг даргатай болох вэ. Шүүхийн шийдвэрээс хамаарах уу?

-Шүүхийн асуудал бол техникийн асуудал шүү дээ. Тэгэхээр одоо хагаралдсан лидерүүд эхлээд учраа олж, ойлголцчихвол болно. Түүний дараа намын хурлыг зохион байгуулаад нэгдэж, нийлэх асуудал шийдэгдэнэ. Шүүхээс АН-ыг нэгдээд, нэг хурал зохион байгуулаад ир гэж байгаа.

-Тэгэхээр хоёр тал нэгдэж намынхаа нэгдсэн хурлыг хэзээ хийх вэ. Хэнд нь нэгдэх сонирхол байхгүй байна вэ?

- Намын Үндэсний бодлогын хороо хуралдаад, намын дотоод сонгуулийг явуулах нь техникийн ажил. Нэгдсэн хурлаа хийх сонирхол хэн хэнд нь бий. Гэхдээ лидерүүдийн дунд гүнзгий хагарал болсон учраас нэг өдөр шийдчих боломжгүй байна. Тиймээс одоо нөхөн сонгуульд нэр дэвшигчээ аль аль тал нь дэмжээд оръё. Хоорондоо хагаралдсан лидерүүдийг ойртуулах ажил хийгдэж байгаа. Ойлголцох тал руу явж байна.

- С.Эрдэнэ намын даргын тамгаа өгөөд нэг жил боллоо. Гэтэл намын даргаар ажиллаад байдаг. Намын даргын ажлаа өгөх болоогүй юм уу. М.Тулгатыг намын даргаар сонгосон биз дээ?

 -Ц.Туваанд С.Эрдэнэ тамгаа өгсөн. Ц.Туваан намын их хурлыг шуурхай хуралдуулаад, зохион байгуулалтын ажлаа хийгээд явсан бол ийм маргаан гарахгүй байсан.

 Гэтэл их хурлыг хийхгүй сунгаж яваад, маргааныг бий болгосон. С.Эрдэнэ тамгаа М.Тулгатад өгсөн ч, шүүх М.Тулгатыг намын даргаар бүртгээгүй. Тиймээс С.Эрдэнэ намын даргын ажлаа хийж байгаа.-Та түрүүн хэллээ. Намын дотоод хагарал нь намын лидерүүдээс үүдэлтэй гэж. Тодруулбал, С.Эрдэнэ, Х.Баттулга гээд хүмүүсээс үүдэлтэй байх. Тэгэхээр лидерүүдээс үл хамаараад залуучууд нь хоёр талаасаа нэгдэх ажлыг зохион байгуулж болдоггүй юм уу?

-С.Эрдэнэ дарга “Та нар учраа олоод хурлаа хийгээд яв” гэж байгаа. Намын маргааны суурь нь дөрөв, таван хүний хоорондын зөрчилдөөн шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан, намын нэрээр өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн л зөрчилдөөнөөс үүдэлтэй юм. Энэ хүмүүсгүйгээр намын хагарлыг шийдэж болох байсан бол шийдэх хугацаа аль хэдийн өнгөрлөө. М а н а й х а н нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Сүүлийн үед “АН-ыг залуучуудаа гаргаж ирэхгүй байна. Залуучуудаа дэмжиж, гаргаж ирээч. МАНыг хар. Дөчин настай залууг Ерөнхий сайдаар тавилаа” гэдэг санал, шүүмжлэл их явсан. Энэ бол манай намын лидерүүдийг холдуулах, намыг хүчгүй болгох гэсэн зүйл гэж боддог. Намд залуучууд лидер болж гарч ирэх нь удаан хугацааны процесс байдаг юм байна. Нам нь ялж, залуучуудаа улс төрийн болон төрийн албан тушаалд тавьж, залуучууд өөрсдийгөө хэн бэ гэдгээ хийсэн ажлаараа харуулж, лидер болж гарч ирдэг гэж би боддог. 

Манай намын хувьд хоёр сонгуульд ялагдчихлаа. Залуучуудаа төрийн болон улс төрийн албаар дамжуулж, гаргаж ирч чадахгүй байгаад байна. МАН сүүлийн хоёр сонгуульд ялчихсан учраас залуучуудаа албан тушаалд тавьж, гаргаж ирж байгаа. Тэгэхээр ийм ялгаатай. Гэнэт зүгээр явж байгаад намын лидер болоод явчихна гэж байхгүй. Намын дарга гэдэг бол УИХ-д хоёр, гурван удаа сонгогдож, сайд, дарга болоод үзчихсэн, дарамт шахалтыг өөр дээрээ авч сурсан хүн байх ёстой. Цочроо нь гарсан хүн байх хэрэгтэй. “Та нар лидерүүдээ холдуулчихаад, залуучууд нь учраа олоод явчих” гэдэг. Энэ бол амаргүй. Залуучууд хоорондоо эвтэй байж, намаа нэгтгэх нь зөв.

- Намын цөөхөн лидерүүдийн зөрчилдөөнөөс болоод АН хуваагдаад удлаа. Намынхаа эв нэгдлийг хангахын тулд С.Эрдэнэ, Х.Баттулга, Н.Алтанхуягийг оролцуулалгүй, О.Цогтгэрэл, М.Тулгат нар хоорондоо зөвшилцөж болдоггүй юм уу?

- Тэд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж шиг улс төрийн хол зам туулсан хүмүүс биш шүү дээ. Намаа нэгтгэж чадах байсан бол болчих хугацаа аль хэдийн өнгөрсөн. Н.Алтанхуягийг нэг хэсэг нь, Х.Баттулгыг нөгөө хэсэг нь, мөн Ц.Элбэгдорж, С.Эрдэнийг бас нэг хэсэг нь дагадаг. Хүмүүст итгэл үнэмшил байгаад байна. Энэ лидерүүд чинь улс төрд чанагдаад, нэг үг хэлэхэд тодорхой хүмүүсийг дагуулаад явах чадвартай байна. Дээрх хүмүүс нь нам ялсан үед тодроод лидер болсон. Бусдад нь тийм чадал байсан бол бүгдийг нь дуудаад, нийлүүлээд явчих хугацаа цөндөө өнгөрсөн. Тиймээс энэ хүмүүсээ харааж зүхээд байлгүй, учраа олох нөхцөл байдлыг нь бүрдүүлээд явах хэрэгтэй гэж боддог. Миний бодож байгаа буруу ч байж мэднэ.

 -С.Эрдэнийн тэргүүлж буй АН-ыг УИХ дахь бүлэг, намын гишүүдийн олонх дэмжихгүй байна. Түүнд тамгаа шилжүүлэх хүсэл байгаа юм уу?

-С.Эрдэнийг гишүүдийн олонх дэмжихгүй байгаа нь үнэн. 

“Тамгаа өгмөөр байна” гээд С.Эрдэнэ байнга л зарлаж байгаа шүү дээ. Түрүүн хэлсэн, маргааны суурь шалтгааныг “эмчилж”, фракцууд тал талаасаа учраа олж, хэлэлцээр хийх хэрэгтэй. -АН олон фракцтай учраас нэгдэж чадахгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Та санал нийлэх үү?

-АН фракцтай байх ёстой. Манай намын фракцууд нь эрх чөлөө, шударга ёсыг дээдэлдэг барууны үзэл баримтлал дээр нэгддэг. Гэвч тодорхой зүйлүүд дээр санал зөрөлддөг тал бий. Фракцууд хамгийн гол нь дараагийн үеэ бэлдэж ирсэн юм. С.Эрдэнэ даргын алдаа бол фракц байхгүй болгоно гээд бусдыгаа шахаж эхэлсэн. Харин өөрийнх нь фракц үлдсэн. Үүнээс болж намд хагарал бий болсон. Манайхан фракц нь намыг хагаралдуулаад байна гэж шүүмжилдэг. Гэтэл фракцуудтай байхдаа хоёр ч удаа сонгуульд ялалт байгуулсан. Харин намын дарга нь фракцуудын учир, начрыг олж чаддаг хүн байх ёстой. Гэтэл фракц байхгүй болохоор 70, 80, 90 оныхон гээд насаараа хүртэл хуваагдах болсон. Нам фракцгүй болохоор гишүүдийн оролцоо байхгүй болчихдог. Бүх гишүүд төв нам дээр очиж, намын ажилд оролцох боломжгүй. Нам фракцтай байна гэдгээ албан ёсоор зарлах хэрэгтэй. АН нь ганц хүн удирддаг нам биш. Бүгд оролцох хүсэлт эрмэлзэлтэй байдаг. Оролцоог нь яаж хангах вэ гэдэг нь чухал. Олон үзэл бодолтой, олон фракцуудаас бүрдсэн нам. МАН-ын хувьд өөр шүү дээ.

Тиймээс гишүүд санал бодлоо хэлдэг, оролцоог нь хангасан бүтэцтэй болгож өгөх хэрэгтэй. АН өмнө нь гишүүдийнхээ оролцоог хангадаг бүтэцтэй байсан. УИХ-ын 2004 оны сонгуульд маш олон фракцтай сонгуульд орсон. 2012 оны сонгуульд олон фракцтай ороод ялсан. Фракцууд хүчтэй болохын төлөө өрсөлддөг, тэр зөв өрсөлдөөнийг нь бий болгох хэрэгтэй. - АН -ыг ямар хүн удирдаж байж, нам ирээдүйд амжилт үзүүлнэ гэж үзэж байгаа вэ?

-Би шуудхан хэлье. Гурваас дөрвөн удаа УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдож байсан, улс төрд “чанагдсан”, туршлагатай улс төрч байх хэрэгтэй. Унаж, босоод үзсэн хүн байх ёстой. Тийм хүнийг олон нийт хүлээж авна. Залуучууд чадахгүй гэж байгаа юм биш. Нам ялагдсан ийм хүнд үед улс төрийн туршлага үнэхээр чухал юм байна. Ер нь өнгөрсөн сонгуулиудад АН яагаад ялагдав гэдгээ бодох хэрэгтэй. АН-ыг сүүлийн хоёр сонгуульд ялагдуулах ажлыг эртнээс тооцоотой төлөвлөж хийсэн гэж боддог. Ялагдлын суурь шалтгаан нь АН-ын үзэл санааг тээж олон түмэнд хүргэж байсан, улсын хөгжлийн төлөө том төслүүдийг хийж байсан лидерүүдийг харлуулах ажиллагаа маш их эрчимтэй хийгдсэн. АН-ын туг болж байсан хүмүүсийг “бөхийлгөөд” өгөхөөр нам ялагдахаас өөр аргагүй болсон. Лидерүүдийг харлуулах ажил эргээд тэднийг хоорондоо муудалцах суурь болсон.

 -УИХ, Засгийн газрын гишүүнээр олон удаа сонгогдсон гэхээр нөгөө л хуучин лидер гэгдэж буй нөхдүүд байх юм биш үү?

-Энэ бол миний хувийн бодол шүү. Тийм хүн байвал, зүгээр юм гэж. Гэтэл нэг залуу улс төрч, эсвэл УИХ-д нэг удаа сонгогдсон хүн намын даргаар ажиллах нь зохимжгүй байх. 

МАН гэдэг аймаар том “мангас”-тай өрсөлдөх гэж байна. Хоёр сонгуульд дараалан ялсан, үнэмлэхүй олонх, төрийн бүх байгууллага, компани аж ахуй нэгжүүдийг барьчихсан, хүчтэй өрсөлдөгчидтэй үзнэ. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөөр залуучуудаа гаргаж ирнэ гэдэг зөв шийдвэр биш байх.-МАН 40 настай намын дарга, Ерөнхий сайдтай болсон. Л.Оюун-Эрдэнийн хэмжээний туршлагатай улс төрч, АН-ын бүлэгт байгаа байх. УИХ дахь бүлгийн гишүүдээсээ намын дарга сонгоод явж болохгүй гэж үү?

- Бусад нь хүлээн зөвшөөрч байвал болно л доо. Ардын намын 40 настай намын дарга, одоогийн бидний нөхцөл байдал хоёр өөр л дөө. МАН үнэмлэхүй олонх болсон. Засаг барьж байгаа үед намын дарга хэн байх нь яахав. Залуучуудаа албан тушаалд томилоод, гаргаж ирж болно. Харин засгийн эрхийн төлөө явж байгаа намын хувьд туршлагатай улс төрч нам удирдах нь зүйтэй. Засаг барьж байгаа намын дарга, засгийн эрхийн төлөө явж буй намын дарга хоёр чинь ялгаатай ойлголт шүү дээ.

- Нөхөн сонгуульд АН -аас Э.Бат - Үүл , Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр болсон. АН нэр дэвшигчээ хэрхэн тодруулсан бэ?

- Сонгуульд бэл д эх ажлын хэсэг, Нэр дэвшүүлэх хороогоор асуудлыг оруулаад, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-гоор хэлэлцүүлж, шийдвэрлэсэн. ҮБХ 200 гаруй гишүүнтэй. Олонх нь хуралдаж, нэр дэвшигчээ тодруулсан.

 -Нөхөн сонгуульд өөр шинэ залуу улс төрч нэр дэвших боломжгүй байсан юм уу?

 -Би Э.Бат-Үүлийг нэр дэвшихийг дэмжиж байсан хүний нэг. Яагаад дэмжсэн бэ гэхээр, сөрөг хүчин 11 хүнтэй, дуу хоолой нь маш сул байгаа. Иргэд парламентад суудалтай сөрөг хүчнээр дамжуулж төрд үгээ хэлдэг. Энэ дуу хоолойг хэн илүү хүргэж чадах вэ гэдэг асуудал хурал дээр хөндөгдсөн. Түүнээс нас чухал биш. 

Иргэдийн дуу хоолойг Э.БатҮүл хүргэж чадахгүй гэж хэлэх хүн байхгүй байх гэж бодож байна. Харин ч тод хүргэж чадах хүний нэг. Мөн Х.Тэмүүжин, Л.Гантөмөр гээд иргэдийн дуу хоолойг тод хүргэж чадах улс төрчид манай намд бий.-Энэ хоёр хүнээс өөр нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн улс төрчид бий юу?

-Нэр дэвшүүлэх саналаа долоо, найман хүн өгч байсан.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна