Сорилт ба шинэ хэмнэл

Админ
2021/09/17

--- Яруу найрагч Д.Галсансүхийн шинэ шүлгүүдийн аналог үндэслэлүүд ---

П.БАТХУЯГ

Нэг.

Ерөөс хүний амьдралд тулгарсан элдэв сорилт бол шинэ хэм хэмнэлийг бий болгох шалтгаан. Нэг үгээр олон янзын сорилт өгөгдлүүд байж л шинэ хэлбэр, өнгө төрх, шинэ үгүйсгэл, итгэл үнэмшлийн тухай ярих шалтгаан бүрдэнэ гэсэн үг. Бидний бүдүүн тоймхон төсөөллөөс бий болдог “Амьдарч байгаа учраас сорилттой тулгарах” гэсэн ойлгомжтой логик бус харин “Сорилтууд байгаа учраас амьдрах ” хэмээх индуктив үндэслэл бүхий аналог дүгнэлт урган гарч болно. Сорилтуудыг бид өөрсдөө бүтээж бий болгодог уу? Эсвэл биднээс шалтгаалахгүй, нэгэнт урьдчилан өгөгдсөн хувь тавилангийн сорилтууд биднийг хүлээж байдаг уу? Тэгээд бид тэр сорилтуудыг даван туулж, үнэн худал, амьдралын утга учрыг огт өөрөөр таньж, нээж, эргэцүүлдэг юм болов уу? Яг ийм бодол эргэцүүлэл Д.Галсансүхийн шинэ шүлгүүдийг уншихад төрнө. Тэр их өөрчлөгджээ. Эрх чөлөөний үнэ цэнийг биднээс хэдэн хувь илүү мэдэрчээ. Амраглал, хайр сэтгэлийн утга учрыг ч дахин бүр гүнзгийгээр мэдэрчээ.

Зарим хүний хувьд сорилт сэтгэл гутрал, азгүйтлийг авчирдаг бол Д.Галсансүхэд эрч хүч, урам зориг, итгэл үнэмшил, шинэ шүлгүүдийг бэлэглэжээ. Нэгэн цагт Дашдоржийн Нацагдорж “ Өрөвдөлтэй сэтгэл нэгэн ямхын хооронд тул хоосон агаар л нэвт үнсэлцэнэ” гэсэн шиг түүний янаг амрагийн шүлгүүд хүсэн тэмүүлэх, урин тачаадах сэтгэлийн туйлаас дурсамж , цаг хугацааны сүлжээс бүхий тусгай эфир орчин үүсгэж чадсан байна. Амраглал хурьцлын сайхныг дурсах өнгөрсөн цаг, тэр сайхныг хүртэн цэнгэхийг мөрөөдөх ирээдүй цаг болоод мөн тэр сайхныг санан гансрах одоогийн “одоо цаг” гурвын давхцал гэмээр тулгаралтууд, илэн далангүй, нууцлаг бус, шууд тоочсон энгийн хүүрнэл аяс түүний амрагийн шүлгүүдийн нийтлэг ”араншин” гэмээр, нийтлэг онцлог шинжийг илтгэнэ. Чухамдаа Дашдоржийн Нацагдорж сорилтын дунд тэс өөр сэтгэлзүйтэй 10- аад шүлэг бичсэн шиг Д.Галсансүх мөн сорилтын дунд тэс өөр хэм хэмнэлтэй шүлгүүд бичжээ.


 Хоёр.

 Хэдийгээр яруу найргийг, яруу найрагчийг дүгнэх, тодорхойлох илүүц боловч дотоод мөн чанар, өөрөөс дуурсан бүрэлдэх онцгой шинжээрээ хүссэн хүсээгүй “Сорилтын өмнөх Галсансүхийн шүлгүүд, сорилтын дараах Галсансүхийн шүлгүүд” гэж ангилж үзэхэд хүргэж байна. Тийм хангалттай үндэслэл буйг түүний шинэ шүлгүүд бэлхнээ гэрчилнэ. Нийгмийн зүгээс ирсэн амьдралын сорилтууд олон зохиолчдод уран бүтээлийн шинэ замналыг бий болгодог. Үнэндээ тэдний хувьд хүнд сорилтууд амьдралд нь “Азтай тохиолдол” болж бичигдсэн байдаг. 

Марко Поло л гэхэд сорилтын өмнө очоогүй бол үзэж харсан бүхнээ хэлж бичүүлэх байсан эсэх нь эргэлзээтэй. Ж.Неругийн өмнө ч тийм сорилт тулгараагүй бол охиндоо алдарт захидлуудаа бичих байсан болов уу? Мигель Сервантесийн ”Дон Кихот”, Мигель Эрнандегийн балладууд, Хитлерийн ”Миний тэмцэл”, Алескандр Солженицыны ”Гулаг олтриг” гээд олон зохиол сорилтын үед, сорилтын дараа бичигдсэн юм шүү дээ. Манай алдартай зохиолчид Д.Намдаг, Б.Ренчин нар ч ялгаагүй сорилтын дараа л шилдэг зохиолуудаа бичжээ. Тэгэхээр сорилт яах аргагүй бүтээлч хүний оюуны санааны шинэ эхлэл, зохиолчдын бүтээхүйн цаг хугацааг сэрээн өдөөгч, сэхээн үүсгэгч ажээ. Д.Галсансүхийн шинэ шүлгүүд ч тийм сорилтын дараах өөр хэм хэмнэл бүхий сэлгэлтүүд, хувьсан өөрчлөгдсөн үзэл санаа, тунхаглал, зарчим, бишрэл, тайтгарал тайвшралаар дүүрэн. Атиллагаас эхлээд их хаадуудын талаар түүхэн мөчлөг шүлэг бичиж, юу бичих ёстойгоо мэдэрч, мөн л чөлөөтэй дүрсэлж, цараатай сэтгэдгээ нотлон харуулж байна. Д.Галсансүх бол эрин цагийнхаа хамгийн чөлөөт сэтгэлгээтэй яруу найрагч гэдгийг бид мэднэ. Бас үгсийн найрслыг өөрийн дураар эрхшээж, гагцхүү Д.Галсансүхэд хамаарах онцлог бүхий яруу найргийн “ тиг” бүтээж, “Цэцэн тэнэг, зөв буруу, хайр жигшил, үзэн ядалт өршөөл, сайхан ба муухай” зэргээр метафилософийн асуудлуудад хариулт өгдөг. Тэгвэл түүний шинэ шүлгүүд өмнө нь бүтээсэн өвөрмөц “тиг”- ээ хадгалах атлаа сорилтоос үүдэн төрсөн бодол ухаарал, сэтгэлзүйн дарамт, мэдрэмжүүдийг салангид бус аналог шалтгааны ерөнхий цогц байдлаар “аяндаа үүдэн гарсан” чөлөөт хэлбэрээр бичигджээ.


 Гурав.

Нэгэнтээ И.Кант ”яруу найраг мэдрэмжийн наадаан боловч бүхэл бүтэн шалтгааны тогтолцоог бий болгодог” гэсэн юм. Орчин цагт шалтгааны тогтолцоо нь яруу найрагт мэдрэмжээс дутахгүй үүрэг оролцоотой болсон нь нууц биш. Яруу найргийн шалтгаан хэмээгч нь байгаль- зөн билгийн, нийгэм- оршихуйн, орон зайцаг хугацааны, сэтгэлзүй- биологийн зэргээр хоорондоо шүтэлцээт тогтолцоог бий болгосон нь тодорхой.

Тиймээс яруу найраг нэгэнт бүрэлдэж бүтсэн тогтолцоот ойлголтуудынхаа хүрээнд шинжлэх ухааны хариулж чадаагүй цөөнгүй асуултад хариулт өгдөг. Түүнийг бид ялимгүй гадуурхаж ”Шинжлэх ухааны бус мэдлэг, мэдлэгийн тогтолцоо” ч гэдэг. Нарийндаа бол тэр мэдлэг ойлголтууд цаг хугацааны шалгуур давж, тодорхой үнэний өмгөөллийг хэзээний олсон байдаг. Бараг батлагдсан нотолгоо гэхэд хилсдэхгүй. Үндэстэн бүхэнд мэдлэгийн ийм тогтолцоо бий. Түүнийг нь текстийн орчинд төгөлдөржүүлдэг нь яруу найраг. Зөвхөн орчин үеийн яруу найрагт биш аялгуут аман соёлын төрөл ерөөл магтаалаас эхлээд бичгийн сонгодог уран зохиолын бусад төрлүүдэд ч тийм шалтгаан тогтолцоог хадгалсан шинж чанар байна.


Д.Галсансүхийн шүлгүүдэд ялгаагүй. Байгаль- зөн билгийн хурц илэрхийллүүд, нийгэморшихуйн талаарх хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөхгүй үзэл хандлагууд, тэрслүү чанар, орон зайцаг хугацааны эрхшээлийг сөрсөн оюун санааны тэмцэл, сэтгэл зүй- биологийн тогтвортой ба тогтворгүй хэмнэлүүд зэрэг олон шалтгааныг систем тогтолцооны хэм хэмжээг монгол хэлт яруу найргийн орчинд бүрдүүлж чадсан юм. Д.Галсансүхийн шүлгүүд яруу найргийн шалтгаан тогтолцооны нэг давамгай шинжийг бус бүхэл бүтэн систем тогтолцоог илэрхийлдэг. Түүний яруу найргийн аналог үндэслэлүүдийн нэг нь энэ. Дахиад яруу найргийн шалтгаант тогтолцоо хэмээхийг энгийнээр тайлбарлая. Бараан шувуу хашгирсаар баруун хойшоо нисчээ. Олон хүний хувьд тэр шувуу нь үр жимс, өт авгалдай олж идэхээр л яваа хэрэг. Гэтэл яруу найрагч зөн билиг, байгальлаг мэдрэмжээрээ аадар бороо орох, цас зуд болохыг хүмүүст урьдчилан сануулсан дохио тэмдэг гэж мэдрээд “бараан шувуу баруун хойшоо гуагласаар нисэх нь барагтайхан явдал болохын шинж” гээд биччихжээ гэж бодьё. Үнэхээр базаахгүй явдал удалгүй болжээ.

Түүнд /яруу найрагчид/ хэн энэ мэдээллийг дамжуулав. Зүгээр зөн совин уу? Үгүй бол санамсаргүй тааж мэдсэн хэрэг үү? Эсвэл мэдлэг туршлага уу? Олон удаагийн ажиглалт уу? гэсэн олон хувилбар асуулт урган гарна. Харин дээрх олон хувилбар асуултын хариултыг Д.Галсансүхийн шинэ шүлгүүдээс хайвал лав олно. Гол нь хайхыг хүсэх, хайгаад олох эсэх нь биднээс шалтгаалах хэрэг. Яагаад гэвэл түүний шүлгүүд хэн нэгэн хаа нэгтээгээс түүнд шивнэсэн мэт санагдахаар, зөн совин нь хэтэрхий хөгжсөн хэмээн бодогдохоор, санамсаргүй тааж орхисон байх гэж таамаглахаар, үзэж туулж, сурч боловсорсны эцэст мэдлэг туршлагаараа биччихсэн гэхээр, амьдралаас олж хуримтлуулсан ажиглалтууддаа суурилсан байж мэдэхээр дэндүү олон “өнцгөөс” сорилтуудыг тайлан тайлбарласан, оноож тодорхойлсон, оновчтой зүйрлэсэн, тодорхой үгүйсгэсэн, илэрхий нотолсон байна. Тэгээд ч яруу найраг төсөөлшгүй зүйлсийг хооронд нь холбож, ижил логикт шахан оруулж чаддаг урлаг.


Магадгүй яруу найргийн гайхамшигтай чанар нь түүндээ оршдог. Товчхондоо байгаль-нийгмийн үзэгдэл ялимгүй хязгаарлагдмал тогтсон зүй тогтолтой бол яруу найргийн метофор хязгааргүй боломжтой. Д.Галсансүх ч яруу найрагтаа тэр хязгааргүй метафор боломжуудыг сэтгэлгээний дур зоргоороо “хэрэглэж”, баригдмал бус өөрийгөө хязгаарласан бодол санаа, шахалт дарамтыг үл тоосон, хэн нэгэнд тал зассан, хүсэл таалалд нийцүүлэх гэсэн ямар ч “дайвар” зорилго агуулдаггүй эрхэм дээд чанартай. Д.Галсансүхийн яруу найргийн бидний сонирхолыг татдаг өөр нэгэн аналог шалтгаан энэ юм.


Дөрөв.

Фидрих Ницше “Яруу найрагчид тэнгэрээр алхдаг, тэдний бодол санаа ер бусын хэмнэлийн тойрог дотор эргэлдэж байдаг” гэж санаандгүй хэлээгүй юм. Түүний энэ үг Галсансүх шиг яруу найрагчдад л илүү хамаатай. Бодол санаа нь өөр орон зайд, өөр соронзон хавтгайд хуйлран эргэлдэж, “яруу найраг хэмээх чөтгөрийн дарс” (аврелий Августин), бурханы ундааг хольж хүртэж, сорилтоос сорилтыг даван туулж, шинэ хэмнэлүүдийг үүсгэж, долгионт он жилүүдийг бүтээж байдаг ховорхон хувь заяатай, тэмүүлэгч, тэрслэгч, тэмцэгчид байдаг. Тэдний оюун санааг дарах, чөлөөт сэтгэлгээг нь хайрцаглах, бусадтай адилтгах, нийтийн зам мөрөөр гэлдэрч явахыг шаардах утгагүй.

Тийм ч боломжгүй. Бидний дунд “далавчаа унжуулан...” алхаж яваа юм биш ээ, “аялгуу төгс тэрхүү айзам, хэмнэлийг алдчихгүй гэхдээ би /тэр/ газраар явдаггүй” (Галсансүх) гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энд л Галсансүхийн шинэ шүлгүүдийн эрчим хүчнийх үүсвэр 1,2,3,4,5,6,7... аналог шалтгаан буй.


 


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна