Түүхийн салхи хаанаас сэвэлзэнэ вэ

Админ
2021/09/20

МУЗГЗ ДО.ЧУЛУУНБААТАР

МОНГОЛ ГЭДЭГ НЭГЭН НЭР ЕРТӨНЦИЙН ЧИХНЭЭ ДУУРСГАЛТАЙ

Манай Монголын тухай оросоор төдийгүй олон хэлээр гарсан цөөнгүй ном зохиолын тоймыг харж байхад, их зохиолчийн энэ үг өөрийн эрхгүй санаанд буудаг юм. 1950-1960- аад онд гэхэд, Сильвио Мичели хэмээх итали хүний бичиж, хожмоо англиар орчуулагдсан “Mongolia: In Search of Marco Polo and Other Adventures” (“Монгол: Марко Пологийн мөрөөр, энэ хийгээд элдэв зүйлийн паян”), Ж.К.Сандерс хэмээх англи хүний бичсэн “The People’s Republic of Mongolia” (“Бүгд Найрамдах Монгол Ард Улс”) зэрэг их сонин олон ном бий. Ялангуяа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээх лавлагааны тэр нэгэн ном тухайн үеийн манай улсын мэдээ, мэдээллээс багтаагүй юм ховор, тун сонин бүтээл. 1966 оны Улаанбаатарт болсон үерийн тухайд л гэхэд, өөр хаанаас ч тэр бүр олж үзээгүйгээ тэр номоос олж харж болохоор. “Долдугаар сарын 10, 11-ний өдөр Улаанбаатарт 98.5 мм бороо оров.

 Тухайн нутагт жилдээ унадаг хур тунадасны 30 хувьтай тэнцэхүйц тийм арвин ус хоёрхон өдөрт цутгасан хэрэг. Туул, Улиастай, Сэлбэ болон Хаяа гол, Дунд гол үерлэж, Ажилчны район, Октябрийн район тэр чигээрээ усанд автав. Орон сууц, үйлдвэрлэлийн районд асар их хохирол учирч, олон гүүр далан эвдэрч, авто болон төмөр зам усанд нэлэнхийдээ автав. Гэрэл цахилгаан тасарч, радио нэвтрүүлэг тасалдав. БНХАУ-аас бусад ЗХУ болон социалист бүх орон, Канад, Швед зэрэг өрнөдийн улс орнууд бэлэн мөнгө, хөнжил гудас, эм эмнэлгийн хэрэгсэл ирүүлж байв. Монголын албаны хүмүүс 57 хүн амь үрэгдсэн гэдэг боловч, НҮБ-ынхны тооцоогоор зуу гаруй хүн амь насаа алдаж, 60 мянган айл өрх орох оронгүй хоцорчээ. ЗХУ, зүүн Европын орнууд эвдэрч нурсан олон гүүр далан, авто болон төмөр замыг сэргээн босгоход хүнд машин механизм, тоног төхөөрөмж ирүүлэн тусалж байлаа” хэмээн бичжээ.


1990-ээд оноос хойш бол “Wild East: Travels in the New Mongolia”, “Hearing Birds Fly: A Nomadic Year in Mongolia”, “In the Empire of Genghis Khan: A Journey Among Nomads” зэрэг манай өнөөгийн тухай Англи, Америкт л гэхэд хэвлэгдсэн ном цөөнгүй бий. Тэр бүхнийг харин соён гэгээрүүлэгч, зохиолч Мишигийн Цэдэндорж, Лодонгийн Түдэв, орчуулагч Батмөнхийн Энэбиш зэрэг соргог няхуур хүмүүс шиг тухайлан анзаарч, ямар орны, хэн гэдэг хүн, чухам юун тухай онцлон бичснийг нь тоймлож, “Гадаадынхан Монголын тухай” хэмээн гаргаад ирэх хэн байгаа юм бол. Ямар гэгч байгууллага, хэн гэгч хүн тэр бүхнийг анзаарч ямар дүгнэлт өгч байдаг юм бол.

 Улс орныг нь сурталчилсан, зохиол бүтээлийг нь эх хэлээрээ орчуулж уншигч олондоо хүргэсэн гадаадын хүмүүсийг гойд мэдэж, мэдэрч, урамшуулж байдаг нь соёлт хүн төрөлхтний нэг ёсны уламжлал, зуршил, жишиг ч гэж болохоор. Тун саяхан л гэхэд, БНХАУ манай нэрт орчуулагч Д.Болдбаатарыг өндөр нэр хүндтэй шагналаараа шагнасан л байсан. Түүний нэгэн адил манай Монгол орны соёл, утга уран зохиолын олон бүтээлийг эх хэлээрээ дамжуулан дэлхийд хүргэх талаар олон жилийн нөр хөдөлмөр, авьяас билгээ зарцуулж байгаа ОХУ-ын Ю.Н.Кручкин, АНУ-ын Саймон Викхамсмит зэрэг гаднын бичгийн хүмүүсийг манайх яагаад өндөр дээд түвшинд үнэлж, нэр төртэйгээр шагнаж болохгүй байх билээ. Хүний урмыг нь хугалахаас, ууцыг нь хугал гэсэн манай ардын ухаан гэрэлтсэн нэгэн сургаал бий.

Саймон Викхамсмит гэх америк залуу богино хугацаанд тун ч идэвхийлэн ажиллаж, өдий төдий монгол номыг эх хэлээрээ орчуулсан. Тэр дунд аугаа их Равжаа хутагтын шүлэг яруу найргийн охь болсон “Үлэмжийн чанар” хэмээх бүхэл номын бүрэн орчуулга ч бий. Тэглээ гэж төдийлөн үнэлээгүй хэрнээ муна шиг үгээр нэг биш удаа мундагдсан. Агуулга, цар хүрээгээр нь л үнэлэхгүй бол, алдаа гэдэг хаанаас л бол хаанаас олдоно. Монгол Улсад гаднын хүн битгий хэл, өөрсдөө ном бүтээл хичнээн олныг хэвлүүлээд ч амь амьжиргаа нь тэгтэл ахидаггүй гэдгийг биеэрээ мэд эрд эг хүмүүс гэвэл манай зохиолч, яруу найрагч, орчуулагч, бичиг номын хүмүүс. Тэгтэл ийм ядруухан хөрс суурин дээр ямар ч урамшуулалгүй хэрнээ харь хүнд хатуурхаад байвал хэн, хаанаас, үйлтэй юм шиг ирж өөрсдөө бидний хараахан чадахгүй байгаа зүйлийг хамаг цагаа баран байж хийхсэн билээ.


“ХӨХ ТЭНГЭРИЙН ОРОН”-Ы ХОЁР ГУРАВХАН ӨГҮҮЛБЭР “

...Seven hundred years ago, the world was ruled from Karakorum. …Now, over all the the huge plain the eye can discern only a few browsing cattle and the weather-blackened boards of a distant rural administrative unit. Where the city stood is but flat-flat!” “Долоон зууны тэртээд дэлхий дахиныг Хархориноос залж байв... Одоо тэгтэл энэ их тал хээрт бэлчээрлэж яваа цөөн бүрий үхэр, алс тэртээх сумын захиргаанаас байрлуулаад нар салхинд харлаж орхисон хэдэн самбарыг л арайхийн олж харахаар. Хот сүндэрлэж байсан энэ газарт нүдэнд торох өөр юм нэг ч үгүй!” Энэ хоёр гуравхан өгүүлбэрийг би, Ивор Монтагу хэмээх англи эрийн 1956 онд Лондонд хэвлүүлсэн “Land of Blue Sky” (“Хөх тэнгэрийн орон”) гэдэг номоос олж харсан юм. Үүнийг өгүүлж байгаа бүлгийнх нь гарчиг ч гэлээ өөдлөх уруудах гэсэн агуулгатай. Мандан цэцэглэсэн цагтаа бид д элхийг залуурдаж байжээ. Эзэн Чингис тэргүүтэн их их өвгөдийнхөө үед монголчууд бид дэлхийн түүхийг тийнхүү манлайлан бүтээжээ. Түүнээс хойш жаран жарны тоост хорвоогийн эрээн бараанд хутгалдаж, дээр доор орон үймж хямарч явсан ч арай ч хилээ арилгуулж, хэлээ мартсангүй.

Зуун зууны турш манай сод хөвгүүд, Лев Гумилев хэмээх эрдэмт хүний хэлснээр “үе үе түүхийн чавхдасыг доргиож” ирсний хүчинд энэ Монгол Улс минь эрхбиш эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн алдсангүй, харин ч ертөнцийг гайхтал сэргэсэн, хөгжсөн. Харин одоо ямархуу шатандаа явна вэ. Манай нүүдэлч түмэн уулаасаа ертөнцийн баримжаа, салхины чигийг анддаггүй. Тэгвэл одоо түүхийн салхи хаанаас сэвэлзэнэ вэ. Тусгаар тогтнолоо хэрхэн бататгаж, төрийн бодлогоо хэрхэн чандална вэ. Газар нутгаа хэрхэн хямгадаж, гал голомтоо хэрхэн сахина вэ. Хэл соёлоо хэрхэн дэлгэрүүлж, хэрэг явдлаа яажшуухан явуулна вэ. 

Сайн, муу хичнээн түмэн буян, нүгэл байж болох ч Хорлоогийн Чойбалсан шиг тусгаар тогтнолоо амь шигээ хайрладаг, Юмжаагийн Цэдэнбал шиг барьж бүтээн босгодог тийм төр засгийн удирдагчид төрж байна уу, үгүй юу. Ийм олон асуулт олны дотор эргэлдэнэ.“2010-аад оноос эхлээд хууль ёсны завхрал, байгалийн баялгийн дээрэм тонуул бүүр гаарсан. Баян ядуугийн ялгаа хэтэрсэн. Төрийн алба түрийвчний алба болсон. Байгалийн баялгаа ард нийтээрээ бус эрх мэдэлтэй хэдхэн хүн бусдаар дамжуулан цөлмөх болсон. Арваад жилийн тэр шокноос Монгол Улс одоо ч гараагүй байна, цаашид ч хугацаа бий” гэсэн гадаад дотоодын зарим хүмүүсийн яриа хэр ортой юм бол. “Түшмэд нь шунахай, албинч, ард нь ноомой, алмай байх аваас хөндлөнгөөс шулах цөлмөхөд цөхөх юмгүй” гэсэн нэгэн номын хэдэн тасархай үгс тархи толгойд минь орж гарна. Түүхийн салхи хаанаас сэвэлзэнэ вэ...


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна