Э.Бүрнээбаяр: Урлагаас жил хөндийрөхөд л өөрийн орон зайгаа шууд алдана

Админ
2021/09/20

Д.БЯМБАСҮРЭН

МУГЖ Э.Бүрнээбаяр гэхээр мэдэхгүй хүн үгүй. Тэр дундаа түүний “Санаанд илхэн хань”, “Амьдралаа би чамд хайртай”, “Ээж минь”, “Хайрын хорвоо”, “Ээждээ очлоо доо” зэрэг уран бүтээлийг нь сонсоогүй хүн цөөн. Ерөөс ухаарал хайрласан уран бүтээлээрээ нэгэн үед мөнхөрч, өдгөө ч тайзнаа эгшиглүүлж яваа түүнийг “Хоймор” буландаа хүндэтгэн урилаа.

 -Цар тахлын улмаас урлагийн салбар зогсолттой байгаа ч нөгөө талаар илүүг хийх, нөөцлөх боломж өгч байх шиг. Таны хувьд энэ хугацаанд юу хийж амжуулав гэдгээс яриагаа эхэлье?

-Өнгөрсөн хугацаанд нэлээд олон онлайн тоглолтод оролцлоо. Хувийн уран бүтээлийн тухайд их ахиц, амжилттай жил өнгөрлөө гэж хэлж болно. Тухайлбал, 1991 онд дуулсан “Санаанд илхэн хань” дуугаа “Улаанбаатар чуулга”-ын дуучин Дашнямтай хамтарч шинэчилж дуулсан. Түүнийгээ клипжүүлж, удахгүй үзэгчдэдээ хүргэнэ. Мөн шинэ уран бүтээлийн хувьд Б.СэрОд багшийн аялгуу, Ойдовын шүлэг “Нарны шувууд айсуй” болон Бердибекийн аялгуу, Ж.Батхүүгийн шүлэг “Баярлалаа ээжээ” зэрэг хоёр дуу хийлээ.

Мөн “Дэлтэй шувуу” дуугаа шинэчилсэн. Одоогоор “Амьдрал аа би чамд хайртай” дууны клипний бэлтгэл ажилд орчихоод байж байна. Мөн өөр төлөвлөсөн ажлууд бий. Цар тахлын энэ цаг хугацааг бусдын адил алдахгүйг хичээж, уран бүтээлээ урагшлуулж явна.

-“Амьдрал аа би чамд хайртай” дуу хэдэн жилийн дараа клиптэй болж байна вэ. Энэ дууны ачаар өндийсөн хүмүүс их байх. Танд энэ дагуу сэтгэгдлээ илэрхийлсэн хүн олон уу?

- СГЗ Д.Нямаагийн үг, Ё.Сүхбаатарын аялгуу “Амьдрал аа би чамд хайртай” дуугаа би 30 гаруй жил дууллаа. Тэгээд саяхан “Hero” энтертаймент саналыг маань зөвшөөрөөд, клипжүүлэхээр болсон. Намайг хаана ч очсон хүмүүс энэ дууг дуулуулах их дуртай байдаг. Анх дуулж байхад маш их захидал ирдэг байсан. 

Хилийн цэрэг маань Хууль зүйн яамны харьяа. Энэ ч утгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудаар тоглодог байлаа. Хүмүүжигч нараас захидал ирнэ, цэргийнхнээс ч ирнэ. Заримд нь би хариулна. Радиогоор хоёр удаа ярилцлага өгч билээ. “Та бүхэн амьдралаа хайрлаарай, хичээгээрэй. Амьдрал гэдэг их сайхан зүйл шүү гэсэн үгийг энэ дуугаараа олон жил хүмүүст хэлж байна.- Та Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад 40 оныг элээсэн түүхтэй. Анх хэрхэн оров. Цэргийн сэдэвтэй уран бүтээл олон байх?

-1979 онд дагалдангаар тушаал гарч орж байлаа. Тухайн үед бие бялдрын хөгжлөөс гадна дуулах ур чадвар, уран бүтээлч гэдэг талаас илүү чухалчилдаг байсан. Түүнээс хойш 1980 онд анх ахлах түрүүч цолтой цэргийн албан хаагч болж байлаа. Гэхдээ мэдээж цэргийн уран бүтээлч байхад, бие бялдрын хөгжил их чухал. Хамгийн гол шалгуур нь цэргийн нормативыг биелүүлж чаддаг байх ёстой юм. Цэргийн уран бүтээлчийн онцлог нь урлагийн хүний хүмүүжил, цэргийн хүний тэсвэр тэвчээр гэсэн хоёр талын төлөвшлийг олж авдаг. Цэргийн сэдэвтэй уран бүтээлийн хувьд цөөнгүй бий. Залуу байхдаа “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”-г дуулдаг байсан. Мөн Н.Жанцанноров багшийн “Хилчдээс асуу” гхэмээх сайхан уран бүтээл байна. Хамгийн сонин нь ерөнхийдөө ардын цэргийн гэхээсээ илүү хилийн цэргийн тухай дуу хүмүүст их хүрсэн байдаг юм.

-Урлагт өөрийн орон зайтай болсон цаг үе тань хэзээнээс эхлэв?

 -Хорь дөнгөж гарч байхдаа өөрийн гэсэн уран бүтээлгүй байлаа. Гэхдээ УГЗ н.Баттөмөр надад Ш.Дулмаа гуайн шүлгийг нь бичсэн “Би ертөнцийн хүүхнүүдийн нэг билээ” хэмээх сайхан дууг өгч байсан юм. Тухайн үедээ надад ахадсан уран бүтээл гэж бодож билээ. Чухам тэр үеэс л би өөрийн гэсэн дуутай болохын сайхныг мэдэрч, урам авсан. Гэлээ ч уран бүтээл гэдэг санаан зоргоор олдохгүй. Би орос дуунд их дуртай байсан. Тиймээс хилчин хамтлагтай дуулж эхэлсэн. Анх намайг чуулгад орж байх үед Монголд эстрадын урлаг ид хүчээ авч байлаа шүү дээ. Маш их дурлаж, их хурдан сурч, дагаж дуулдаг байсан. Түүний дараа “Ээждээ би очлоо доо” уран бүтээлээ олны хүртээл болгосон юм. Тэр үед монголд дуу бичдэг ганцхан студи байсан нь “Цагаан лавай”. Уг нь яаж дуулах вэ гэж их л бодож байж бичүүлсэн ч Монголын радиогийн Ганбаатар тухайн үед сайхан дуулсангүй гэж зэмлэж билээ. Харин шинэ дуу маань радиогоор цацагдаж, олон хүн сонсож, хүмүүст их хурдан сайн хүрсэн. 

Хамгийн гол нь шүлгийн сайхан, аялгууны эрчмийн ач шүү дээ. Дараа нь 1991 онд “Амьдрал аа би чамд хайртай”, “Санаанд илхэн хань” дуугаа ар араас нь гаргасан. Сэр-Од багш сургууль төгсөж ирээд “Нутгийн уулс, ээж хоёр” минь хэмээх уран бүтээлийг хийсэн. Товчхондоо ингэж л уран бүтээлийн зам маань өрнөсөн дөө. Хараад байхад бидний үеийн дуучид их онцлог ялгаатай хоолойны өнгөтэй байсан юм шиг. Хаанаас нь ч сонсон Б.Сийлэгмаа, Г.Эрдэнэбат, Д.Энхзул гээд танихаар өөр өөрсдийн гэсэн хэв маягтай байдаг шүү.-Нийслэлээс илүү орон нутаг дахь тоглолт хүмүүст их хүргдэг байх. Орон нутгаар тоглолтоор явах үед үлдсэн олон сайхан дурсамж бий юу?

-Тэгэлгүй яахав. Тоймгүй олон дурсамжтай. Бид тоглолтоор явахдаа заримдаа ганц хоёр дуучин аваад явна. Гэхдээ ихэнхдээ өөрсдөө дуулна. Нэг гарахдаа дөрвөөс таван дуу дуулах жишээтэй. Бие даасан тоглолт учир цуцах эрхгүй. Тухайн үед билет тараах хүн ч байхгүй, үзэгчид өөрсдөө ирж, билетээ аваад үзнэ. Нэг ёсондоо өөрийнхөө хүсэл сэтгэлээр ирж үздэг үзэгчидтэй байлаа. Харин өдгөө дуучин элбэгтэй болчихсон. Өрсөж уран бүтээлээ гарган, өрсөж тэмцэж л амьдрахгүй бол болохгүй болсон цаг. Дээрээс нь үзэх харах зүйл ч ихэссэн. Бидний үед үзэхсэн, дууг нь сонсохсон гэсэн чин хүслээр л ирдэг байлаа. Дурсамж гэвэл Увс аймагт тоглолтоор очиход хамгийн сайхан байдаг байж билээ. Их эмоцитой үзнэ. Маш сайхан сэтгэгдэлтэй, үнэхээр урамтай.

-Уран бүтээлчийн цаг үе гэдэг их чухал санагддаг. Таныг ид дуулж байх үед жинхэнэ сайн хөгжмийн зохиолч, яруу найрагчид байж. Нэмээд сайн дуучин гээд чанартай уран бүтээл ерөөс өөрөө төрдөг байсан мэт?

-Хамгийн сайн уран бүтээлчид цөм байсан. Дууны уран бүтээл заавал зохиолчдын хороогоор орж “Энэ дуу болж болох юм” гэсэн гарын үсэг зурагдсанаар тухайн уран бүтээл гардаг . Тодорхой шалгуур тавьж, их ач холбогдол өгч байж уран бүтээл төрдөг байлаа.

-Энэ хугацаанд уран бүтээл тасарсан үе бий юү?

-Тасралтгүй 42 жил дуулж байна. Дунд нь жил Америкад байсан. Өөрөөр тасраагүй ээ гэж хэлж болно. Ерөнхийдөө уран бүтээлч хүн салбартаа жил байхгүй байна гэдэг орон зайгаа шууд алдана гэсэн үг юм билээ. Учир нь залуу уран бүтээлч олноор төрж гардагтай холбоотой. 

Тасралтгүй 40 жил уран бүтээлээ хийгээд, ойн дээрээ тоглолт хийх гэтэл цар тахал гараад хойшиллоо. 40 жилийн хугацаанд бие даасан болон хамтарсан тоглолт нэлээд олныг хийсэн. Хоёр цомог гаргасан. Тоглолтын хугацаа бол янз бүр. Хамгийн сүүлд нэгэн үеийн дуучидтайгаа тоглолоо. Тэр үед л их сайхан байлаа.-Шавь орьё гэсэн хүмүүс их ирдэг байх. Уран бүтээлчид хэний шавь бэ гэдэг нь дуулалтаар нь танигдах тал бий?

-Шавь нар байдаггүй. Шавь орно гээд хүмүүс ирдэг. Багшлах бодол ч бий. Нэг их мундаг биш ч өөрийн олон жилийн туршлагаар зааж зөвлөж болох байх гэж боддог. Ойрын хоёр гурван жилдээ уран бүтээлээ сайн цэгцэлж авна гэсэн бодолтой байна.

- “Амин мөр ” дуугаа шинэчлэх бодол бий юу. Их сайхан уран бүтээл. Өдгөө хүүхдийн асуудал ихээр яригдаж байгаа энэ үед гарч ирвэл тохирох бүтээл шиг санагддаг?

-Энэ дууныхаа хөгжмийг шинэчлэхээр төлөвлөж байгаа. Энэ бол Каннын кино наадмаас том шагнал хүртсэн уран бүтээл. Тухайн үед Монголын радиод бичиж чадаагүй. Кино үйлдвэрт бичсэн. Одоо сонсоход их хуучин сонсогддог. Харин цаг үеийн хувьд өдгөө шинэчлэхэд их тохиромжтой. Өнөөдөр нийгэмд хүүхдийн асуудал их хөндөгдөж байна шүү дээ. Энэ ч утгаар киноны хэсгээс авч оруулнагэж бодож байгаа.

-Дараагийн нэг уран бүтээл бол “Ээж минь”. Ер нь хүн эргэж төрдөг гэдэг ойлголт бий. Хүн эргэж төрдөг гэдэгт та итгэдэг үү?

-Бодоод байхад хүн ээж аавыгаа төдийлөн хайрлаж амждаггүй юм билээ. Үргэлж байх юм шиг санадаг. Ээж байхад бүх зүйл байдаг шүү дээ. Миний урын санд ээжийн тухай дуу зонхилдог. 

Хамгийн гол нь бүх хүмүүс ээж минь эргэж төрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэхдээ шашны ухаан гэдэг их гүн гүнзгий зүйл. Энэ утгаараа бол магадгүй л байх.-Нийтийн дууны салбар хөгжиж байгаа мэт боловч уран бүтээлийн хувьд цензургүй гэсэн шүүмжлэл бий. Өөрөө тогоонд нь байгаа хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Олон тоогоор гарч байгаа ч ард түмэн шигшээд, дууг нь сонсоод явдаг.

-Манай улс соёлын яамтай боллоо?

-Одоогоор Соёлын яамны бодлого төлөвлөлтийг сайн мэдрээгүй байна. Гэхдээ Соёлын яамтай байна гэдэг маш чухал. Уран бүтээлчдийн төлөө сэтгэл зүрхээ зориулах бүхэл бүтэн байгууллага байна гэдэг чинь аавтай болсон мэт л болж байгаа юм. Нийтийн дууны салбарыг хүмүүс янз бүрээр шүүмжилдэг. Гэхдээ манай нийтийн дууны холбоо, удирдах зөвлөл их сайн ажилладаг гэж хардаг. Хамгийн гол нь их хөдөлмөрч. Энэ утгаараа хөгжиж, улам сайн сайхан түвшинд очих байх гэж итгэж байгаа. Бидний үеийн дутагдал бол менежмент маркетингийн бодлого их тааруу. Одоо залуус энэ тал дээр их хөгжсөн байна. Урлагт энэ нь маш чухал зүйл л дээ. 

Мөнгөтэй байж уран бүтээл хийдэг болсон цаг. Харин залуус маань хичээж, хөгжиж байгаа. Нэг үеэ бодоход шүлэг, аялгуу дээрээ анхаардаг, эрэл хайгуул хийдэг болж. Өмнө нь Соёлын яам байхад олон улсын үйл ажиллагаанд их оролцоно. Олон үйл ажиллагааг яамнаас зохион байгуулдаг байсан.-Ер нь уран бүтээлээ залуу үедээ дуулуулах тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-“Санаанд илхэн хань” дууг олон хүн дуулсан. Угаас харилцаа дуу л даа. Хамгийн сүүлд, дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа хоёр дууллаа. Ганцаараа дуулах дуу биш учраас харамладаггүй.

-“Амьдрал аа би чамд хайртай”-г олон жил дуулжээ. Амьдралаас та юуг олж авсан, амьдрал таны хувьд ямар үнэ цэнтэй бол?

-Амьдрал ганцхан. Хүн болж төрөөд ганц олдох энэ амьдралд эргээд бодохоор хийж бүтээсэн зүйлтэй, үр хүүхэд, ач зээ нар сайхан хүмүүжүүлсэн байх л хамгийн сайхан юм. Хамгийн гол нь амар амгалан байх. Мөн бүхий л зүйлд өөрийн хэмжээнд санаа тавьж амьдрах нь чухал санагддаг. Амьдралын хором мөч бүхнийг хайрлаж, мэдэрч, амжих хэрэгтэй байх. Миний хувьд өөрөө цэргийн хүн учраас хилээр их очно. Иймд хорь гаруй наснаасаа эх орон, ээж аав, амьдралын үнэ цэнийг мэдрэх болсон билээ.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна