Б.Сүхбаатар: Олон төвт хот бий болгохоор зорьж байна

Админ
2021/09/20

--- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 29 хувьтай хэрэгжсэн ---

З.УРСГАЛ

Нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай ярилцлаа.

 -Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар янз бүрийн л санаа дэвшүүлдэг. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн байдлаар түгжрэлийг бууруулахаар ямар арга хэмжээ авч байна вэ. Энд иргэдийн оролцоо юу байх вэ?

-Төвлөрлийг сааруулахын тулд төлөвлөгөө хэрэгтэй. Төлөвлөгөө гэдэг маань үндсэндээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт ямар явж байгаатай шууд холбоотой л доо. Иргэд сайн мэдэж байгаа байх. Зургаан дэд төв нэмэхээр ажиллаад явж байна. Баянхошуу, Шархад, Толгойт гэж нэмэгдээд арван дэд төвтэй болохоор төлөвлөөд явж байна. Дэд төвийн дэд бүтцийн ажлууд эхнээсээ дуусах шатандаа орсон. Баянхошуу, Сэлбийн дэд бүтцийн ажил дуусаж байгаа. Араас нь орон сууцжуулах, сургууль, цэцэрлэг баригдах ажлууд эхлэх гэж байна. Бусад дэд төвийн дэд бүтцийн ажлууд эхэлж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дотроо ол он д эд төвүүдийг бий болгож байна. Нэг төвт хот бус олон төвт хот бий болгохоор зорьж байна. Улаанбаатар хот дотроо олон дэд төв байгуулаад нийслэлээс гадна дагуул хот байгуулж тэлэх зорилготой. Улаанбаатар хотоос гарч байгаа дагуул хотуудаа замын холбоосоор холбоно. Сая Засгийн газраас шийдвэр гарч, Богд хан төмөр замын ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот дотроо хөгжлийн алтан тойрог гээд авто замын ажлуудыг төлөвлөсөн. Мөн зургаан дэд төвөө холбосон гадна тойруугийн авто замын ажил явж байна. Энэ бүх ажил Улаанбаатар хотын төвлөрсөн төвлөрлийг сааруулах зорилготой юм. Түүнээс гадна Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө яг одоо хийгдэж байгаа.

- Нэгэнт замбараагүй , төлөвлөгөөгүй барьсан байшин барилгууд нийслэлийн маань өнгө төрхөд нэлээн саад болдог нь нууц биш. Нийслэлийг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнийхөө талаар товч сонирхуулаач?

-Хэт төвлөрөл бий болсон хэсгүүддээ болон барилгынхаа дүрэм, нормыг шинэчлэх зорилготой ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн бүсүүд болон Горхи, Тэрэлжийн цогцолбор газар, Богд уулын дархан цаазат газрууддаа шинээр барилга эхлэх зөвшөөрлүүдийг түр зогсоож хориглосон. Мөн газар олголтыг ч адил. 

Өмнө нь буюу 1990 оноос хойш яг ингэж барилга эхлэхийг зогсоож байсан түүх байхгүй. Анх удаа ингэж зогсоож байгаад төлөвлөлт болон бүх дүрэм, норм, журмууддаа шинэчлэлт хийхээр ажиллаж байна.-Засгийн газрын тэргүүн БСШУ-ны сайдад, нийслэлд байгаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах тухай асуудлыг судлах үүрэг өгсөн. Энэ боломжтой хувилбар мөн үү?

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргах тухай ярихаас өмнө түгжрэл хаана, юунаас болж үүсээд байна вэ гэдгээс яриагаа эхлэх нь зүйтэй байх. Хөдөлгөөнийг судлаад үзэхээр сургууль, цэцэрлэг орох үеэр хамгийн их түгжрэл төвлөрөл бий болж байна. Ялангуяа их, дээд сургууль, томоохон худалдааны төвүүд, сургууль цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад цаашлаад боловсролын чанартай холбоотойгоор хөдөлгөнө төв рүүгээ их байна. Энэ төвлөрөл хөдөлгөөнийг сааруулах нэг ажил нь яах аргагүй их, дээд сургуулийг хотоос гаргах явдал. Боловсролын сайд хариуцсан ажлынхаа хүрээнд судалгаа хийгээд танилцуулах байх. 

Ямартай ч бидний зүгээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хийгдэж буй энэ цаг мөчид алс хэтдээ хийгдэх ажлуудаа тусгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ ч үүднээс мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдаас санал авч байгаа. Тун удахгүй иргэдээс санал авна. Иргэдээс авах санал ажлыг өргөн далайцтай хийхээр төлөвлөж байна. Хүн болгоны саналыг авч байж, тэндээс аль нь зөв шийдэл гарц болохыг тунгааж байж хийнэ. Иргэдийн санал их чухал шүү. Жишээ нь Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо гэхэд орон сууцны төвлөрөл ихтэй ч ажлын байр, сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатай байдаг. Магадгүй дээрх хороодод орон сууц барихыг хязгаарлах шийдвэр гаргах нь оновчтой байх магадлалтай бол зарим газар орон сууц шинээр барьж байгаа тохиолдолд эхнээс нь сургууль, цэцэрлэгийг нь хэрхэн төлөвлөх юм бэ гэх мэтчилэн асуудлаа хамтдаа шийдэх юм. Түүнээс гадна хот төлөвлөлттэйгөө зэрэгцээд цөөнгүй бодлогын баримт бичиг болон хуулинд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна.

-Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд их, дээд сургуулиас гадна үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардлагатай гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ нь эргээд ажлын байр нь холдох ч гэдэг юм уу иргэдэд хүндрэл үүсгэх юм биш биз?

-2020 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөн дээр суулгаж байсан үйлдвэрлэлийн бүс маань өдгөө суурьшлын бүс болчихож. Налайхаас Хонхор хүртэл үйлдвэрлэлийн бүс байсан бол одоо суурьшлынх болоод эхэлчихэж. Энэ тохиолдолд бид үйлдвэрлэлийн бүсээ зайлшгүй хотоос гаргах шаардлагатай. Өмнө нь бид агаарын бохирдлыг бууруулна гэж их ярьдаг байсан. Тухайн үед жишээ нь түлшнийхээ үйлдвэрийг байгуулж байсан газар маань суурьшлын бүс. Суурьшлын бүсэд үйлдвэр байгуулах зохимжгүй нь харагдаад хотоос гаргалаа. Ийм хоёр ажил хийж, үрэлгэн зардал гаргахгүйн тулд эхнээс нь төлөвлөлтөө судалгаатай зөв хийх ёстой юм. 2040 он гэхэд бид юунд хүрсэн байх ёстой юм бэ. Ерөнхий төлөвлөгөөгөө хэрхэн яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг тал руугаа явах ёстой. Энэ ч утгаараа бид нийслэлээс үйлдвэрлэлүүдээ гаргах ёстой. 

Одоогоор барилгын материалын паркийг Налайхад барьж байна. Барилгын үйлдвэрлэлүүдийг парк руугаа нүүлгэх арга хэмжээг авч байна. Малын гаралтай түүхий эд, үйлдвэрлэлүүдийг Дархан руу гаргах чиглэл гаэрч байгаа бол зарим туслах үйлдвэрлэлүүдийг Эмээлтэд үлдээх ч гэх юм уу бодлогынхоо хүрээнд ажиллаж байна. Мэдээж тухайн үйлдвэрлэлийн бүсүүддээ эдийн засаг, татварын бусад зүйл нь ямархуу байдлаар хөнгөлөлттэй байх юм бэ гэхчлэн шийдэх асуудал олон байна. Үйлдвэрлэлийн бүсүүд бий болж байгаа газартайгаа ойролцоо давхар орон сууцны хороолол, суурьшлын бүс байгуулах ёстой. Тэр нь хэдий хэмжээний зайтай байх ёстой юм бэ гэхчлэн бүгдийг хот төлөвлөлтдөө тодорхой тусгаж өгөх ёстой байдаг.

 -Хот төлөвлөлтөөс гадна хүн төвлөрөлт гэж бас байна. Хүн төвлөрсөн учраас хүндрэл үүсээд байна. Тиймээс Улаанбаатарт байгаа иргэдийг орон нутагт ажжллаж амьдрах боломжоор хангах эсвэл нийслэл рүү ирэх иргэдэд шалгуур тавих ч гэх юм уу бодлого бий юу?

-Захиргаадалтын аргаар тухайн иргэнийг Улаанбаатар хотод ирэхийг хориглоно гэдэг туйлын буруу л даа. Иргэн хаана амьдрахад өртөг бага, орлого олж болохуйц байна,тийшээ л тэмүүлнэ. Тэрийг нь бодлогынхоо хүрээнд төвлөвлөлтийнхөө дагуу зөв хийж өгөх ёстой юм байгаа юм. 

Маш олон хотын буруу жишээ байдаг шүү дээ. Жишээ нь БНХАУ, Ордост хот байгуулсан ч чимээгүй хот болж хувирсан. Тэнд нь иргэд очиж суурьшаагүй. Ажлын байр болон бусад зүйлийг төлөвлөгдөөгүйтэй холбоотой.-Түүнээс гадна дахин төлөвлөлтийн ажил хэр урагштай байна вэ. Дахин төлөвлөлт удааширлаа гэх гомдол иргэдээс их ирдэг л дээ?

-Дахин төлөвлөлтийн ажил сүүлийн хоёр жилийн хугацаанд хурд нь нэмэгдэж эхэлсэн. Ер нь дахин төлөвлөлт гэж ярихаар дахин төлөвлөлтийг зогсоолоо, зогсоогоогүй гээд маргаад унадаг. 2013 онд эхэлсэн дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох арга хэмжээ огт байхгүй. Зөв санаа боловч арга барил нь буруу явснаас үүдэлтэйгээр удааширсан тал бол бий. Тухайн үед орж байсан компаниудын зарим нь зөвхөн дэд бүтэц хийх зорилготой, дэд бүтэц нь бэлэн биш, санхүүжилтээ тодорхой болгоогүйтэй холбоотой алдаанууд гарсан. Энэ алдаануудын хохирогч нь иргэд болж хувирсан. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлт зогссон гэхээсээ илүүтэй дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаа явсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

-Өнгөрсөн хоёр жилийн хугац аанд эрчимжсэн нь иргэдийг хохирлыг барагдуулж дууссантай холбоотой гэж ойлгож болох уу?

-Бодлоготой холбоотой л доо. Нэгдүгээрт, орон сууцны борлуулалтыг дэмжсэн. Жишээ нь төрөөс ипотекийн зээлийн хүүг зургаа болголоо. Ялангуяа сүүлийн жил түрээслээд өмчлөх орон сууцны бодлого орж ирлээ. Энд дахин төлөвлөлтийн орон сууцнууд түлхүү хамрагдсан. Тодруулбал, цар тахлын голомтод ажиллаж буй 1600 орчим төрийн албан хаагчийг түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулсан. 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Дахин төлөвлөлтийн компаниуд 78 орчим хувийг нь эзэлсэн гэх тооцоо бий. Ташрамд дуулгахад хоёр жилийн өмнө зах зээл дээр борлогдохгүй орон сууц их байна гэж ярьдаг байсан бол одоо больсон.

 Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтийн ажил мэдэгдэхүйц эрчимжсэн. Одоо бид дахин төлөвлөлтийн ажлыг 30-50 га-гаар нь зарладаг байснаасаа татгалзаж, нэлээн жижиглэж байгаа. 9-10 га-д байхаар тооцож байна. Яагаад гэвэл барилгын компаниудын чадамж буюу хөрөнгө оруулах боломж нь шууд 200-300 айлын газар чөлөөлөлт хийхэд бэлэн биш байгаатай холбоотой. Цаашдаа гэр хороолол гэгддэг инженерийн шугам сүлжээгүй газрууддаа аль болох хурдан инженерийн шугам сүлжээг хүргэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Энэ хүрээнд шинэ суурьшлын бүсээс илүүтэй дахин төлөвлөлтийнхөө ажлыг эрчимжүүлэх, дэмжсэн бодлогуудыг цогцоор нь авч хэрэгжүүлэх учиртай. Зөвхөн санхүүгээр нь биш, бодлогын хүрээнд бодлогоор нь дэмжиж өгөх ёстой юм байгаа юм.

- Нийслэлийн иргэд түгжрэлгүй болох хугацаа гэвэл хэдийд гэж хэлэх вэ. Төлөвлөсөн ажил төлөвлөгөөний дагуу асуудлаас ангижрах хугацааг хаана хатгаж байна вэ?

-Түгжрэлийн тухайд зорчих хөдөлгөөний хурдаар хэмжигдэх байх. Улаанбаатар хотын хувьд энэ замбараагүй байдлыг зогсоож, нэг ч барилгын зөвшөөрөл өгөхгүй шүү уучлаарай, түр зогсоож байна... Ингэж түр зогсоогоод бүх юмаа цэгцэлчихээд 2022 оно, магадгүй 2022 оны дөрөв, тавдугаар сараас эхэлж, барилаг барих зөвшөөрлөө өгч эхлэхдээ төлөвлөлтийн дагуу хийнэ. Үүнээс өөр байдлаар барилгын зөвшөөрөл өгсөн албан хаагч ийм хариуцлага хүлээнэ гээд тодорхой болгох ёстой. Хариуцлагын тогтолцоо огт ярилгүй явж ирсний тод жишээ энэ. 

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 29-хөн хувьтай. Энийгээ цааш нь үргэлжлүүлээд байх юм бол хэзээ ч асуудлаас гарахгүй гацаандаа байсаар байх болно. Тиймээс барилга барих, эхлэх зөвшөөрлийг түр хугацаанд зогсоосон. Өгч эхлэхдээ төвийн бүсэд орон сууцны барилгын зөвшөөрөл өгөхгүй ч гэдэг юм уу тодорхой болгох юм. Тухайлбал иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй газрын 20 хувьд л барилга барих зөвшөөрөл олгоно. Өмнө нь эсрэгээрээ яваад байсан шүү дээ. 30-хан хувьд нь зогсоол тоглоомын талбай, ногоон байгууламж барьдаг байсан явдлыг эцэслэнэ. Мэдээж бүсчилж тогтоогдох ёстой. Ийм байдлаар бүсчилж, төлөвлөлтийг бууруулж, зөв гольдиролд нь оруулна гэж харж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна