“Ганцаараа үлдсэн” С.Эрдэнээс АН-ынхан тамгаа авч чадах уу

Админ
2021/09/21

Т.АМАРТҮВШИН

Бүтэн жил хоёр хуваагдаж талцсан Ардчилсан намынхан нөхөн сонгуулиар л хоорондоо гар барьж, ойлголцоход хүрч байна. Э.Бат­-Үүл С.Эрдэнээс нэр дэвших эрх “өвөртөлж”, намын гишүүдийн цөмийг бүрдүүлж буй О.Цогтгэрэлийн талаас дэмжлэг хүсэв. Улсын баатарын сонгуульд ялах сонирхол, УИХ дахь АНын бүлгийн намаа нэгтгэх зорилго хоёр нэг цэгт огтлолцлоо гэж хэлж болно. Э.Бат­Үүл хоёр хуваагдсан намаа нэгтгэх тухай “Ардчилсан намаа аваръя” уриалга гаргаж, С.Эрдэнийг битүүхэндээ шүүмжилсэн нь намынхаа гишүүдийн дэмжлэгийг авах гэсэн оролдлого билээ.

Э.Бат­Үүл уриалгадаа “Ардчилсан намыг “хорлон сүйтгэх” нь МАН­д “зардаг” бизнес болж байгаа юм биш биз гэж хардмаар, хармаар явдлууд сүүлийн үед манай нам дотроос олон гарах болсон. Үүний нэг тод жишээ нь дөнгөж нөхөн сонгууль эхлэх үетэй зэрэгцүүлэн, УИХ­ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хэсэг журмын нөхдийг хөөсөн, зориудын санаатай хорон акц мөн болно. Нэгдэцгээе! Бид нэгдсэн үедээ ямагт ялж байсан юм шүү! Намаа нэгтгэх энэ цагийн түүхэн хариуцлага О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрт очсон. Манай хоёр залуу лидерүүд санаачлагыг гартаа авах цаг нь болсон байна” гэжээ. Тэрбээр нөхөн сонгуульд ялалт байгуулахын тулд олонхыг бүрдүүлж буй хэсгээсээ тусламж гуйж буй нь илт ч, АН нэгдэх алхамыг ойртууллаа гэж дүгнэж болох.

Хэрвээ Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн алдааг давтаж, нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ О.Цогтгэрэлийн тал дэмжихгүй “буруу харвал”, АН нэгдэх үйл явц улам удаашрах билээ. О.Цогтгэрэл “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон АН-ын дарга асан С.Эрдэнэ нарын ялах зорилгогүй, наймаалцагч нам гэх хоршлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ АН-ын нэрийн өмнөөс дүрмийн дагуу дэвших аливаа нэр дэвшигчийг дэмжиж ажиллах байр сууриудыг АН-ын төлөөллийн төв байгууллагад удахгүй илэрхийлнэ” хэмээн нэгэнтээ хэлж байв. Түүний хэлсэнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ардчилсан намаас УИХын 28 дугаар тойрогт нэр дэвшигч хотын дарга асан Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг хүлээн авч уулзан, нөхөн сонгуульд дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Хоёр талд намын даргаар сонгогдсон М.Тулга, О.Цогтгэрэл нар ч гар барьцгаав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд намын залуу лидерүүд ингэж уулзаж, ойлголцож байсан нь үгүй юм.

Үндсэндээ, С.Эрдэнээс бусад нь нэг талдаа гарч, ойлголцчихлоо. С.Эрдэнийн талд бат зогсож байсан Э.Бат-Үүл ч “урвав”. Түүнийг дэмжиж явсан Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нар хууртагдсан тухайгаа олон нийтэд зарлаж, аль эрт зайгаа барьцгаасан. С.Эрдэнийн дэргэд намын лидерүүдээс хэн нь ч үлдсэнгүй. “Баруун гар” нь гэгдэж явсан Д.Үүрийнтуяа ч түүнээс холдоод удаж буй. Намын лидерүүд нь С.Эрдэнээс нүүр буруулсан учраас ганцаардахын зовлонг тэрээр амсаж байгаа нэгэн. Ил гарахгүй ч туйлбартай дэмжиж буй нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л байна.

Гэхдээ ганц хүний “гай” мунддаггүй юм байна гэдгийг өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд С.Эрдэнэ хангалттай харуулсан. “Ганцаараа үлдсэн” С.Эрдэнээс АН-ынхан тамгаа авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа билээ. Хоёр тал ойлголцож, намын нэгдсэн хурлаас гарсан шийдвэрийг хууль ёсны гэж шүүх хүлээн зөвшөөрөх учраас О.Цогтгэрэлийн тал дангаар асуудлыг шийдэх боломжгүй хэвээр байна. Тэгэхээр С.Эрдэнэтэй зөвшилцөхөөс өөр аргагүй. С.Эрдэнэд намын дарга гэдэг нэршил, тамга байлаа гээд бусад нь гүйж очихгүй гэдэг нь өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Харин нөгөө талд, О.Цогтгэрэл сөрөг хүчинтэй үзэлцэж улс төр хийх гэхээсээ илүүтэй, намынхаа гишүүдийг эртнээс тойглох дотоод ажлыг чамгүй хийж ирсэн. 

Тэрээр зун, намрын турш гишүүдтэйгээ уулзаж, “гадаа гандаж, хөдөө хөхөрч” яваа нэгэн. Аймгуудын намын хорооныхоо гишүүдтэй биечлэн уулзаж, санал бодлыг нь солилцож, өөрийгөө ойлгуулаад амжсан. Намынхаа дунд шатны гишүүдтэй ойлголцож, тэдний дэмжлэгийг авч чадахаар болсон гэж дүгнэж болно. М.Тулгатын хувьд, намын даргаар сонгогдсон гэгдэж буй ч эрх мэдэл нь С.Эрдэнэд байгаа учраас хэвлэлийн бага хуралд оролцохоос өөр дорвитой идэвх үзүүлсэнгүй.Тэгэхээр О.Цогтгэрэл, М.Тулгатын хэн нь намын дарга байж чадах вэ гэдэгт гишүүд нь бүтэн жилийн хугацаанд дүгнэлт хийсэн биз. “Намын даргын ажлаа өгч, тамгаа шилжүүлмээр байна” гэж дуугарч буй С.Эрдэнэ нидэр дээрээ өөрийнхөө хүнийг нам толгойлуулах сонирхол байж таарна. Хоёр тал ойлголцож, нэгдсэн хурлыг зохион байгуулсан нөхцөлд нийт гишүүдийн дэмжлэг авч буй О.Цогтгэрэлийн талд шийдвэр гаргах магадлал өндөр. Ийм нөхцөлд С.Эрдэнэ хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд гомдол гаргахад л шүүх түүний хүсэлтийг хангах магадлалтай билээ. Учир нь өнгөрсөн хугацаанд шүүх байгууллагын шийдвэр С.Эрдэнийн талд гарч, “үл мэдэгдэгч этгээд” үйлчилж ирснийг санууштай.

Тиймээс хэдий АН-ын олонх нэг талдаа гарсан ч С.Эрдэнэтэй зөвшилцөхөөс өөр сонголтгүй. Э.Бат-Үүл, М.Тулгат нар О.Цогтгэрэлтэй гар барьсан нь нэгдэх алхмыг ойртуулж буй ч эцсийн мөчид С.Эрдэнэд зөвшилцөх эрх мэдэл нь бий. Онцлоход, АН-ын дарга хэн байх нь чухал бус, нэг даргатай, нэгдмэл сонирхолтой бүтэн нам болохыг гишүүд, дэмжигчид нь хүсэж буй. Улс төрийн ууган хүчин МАН үнэмлэхүй ялалт байгуулж, төрийн эрх мэдэл нэг талд төвлөрсөн энэ үед хүчтэй сөрөг хүчний орон зай ч үгүйлэгдэж байна. Иймээс АН эв нэгдлээ хангаж, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг цаг үе шаардаж байгаа билээ. Нөгөөтэйгүүр АН үзэл санаа, үнэт зүйлээ сурталчлах, улс төрийн ууган хүчинтэй энэ тэнцүү өрсөлдөх зохион байгуулалт, эв нэгдлээ хангах нь юу юунаас чухал юм. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд 30 жилийн түүхтэй АН хувь нэмрээ оруулах учиртай. Иймээс ард түмэн ч АН-ыг эв нэгдлээ хангахыг хүсэж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна