Л.Золбаатар: Монголын хамгийн олон дэмжигч бас эсэргүүцэгчтэй улстөрч бол Ц.Нямдорж

Админ
2021/09/21

З.УРСГАЛ

МЭК судалгааны байгууллага олон нийтийн дунд тандалт явуулсан дүнгээ зарлав. Тус компани Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга болон улстөрчдийн рейтингийн хамгийн сүүлийн судалгааг гаргажээ. Энэ талаар болон “ковид-19” цар тахлын халдварын вакцинжуулалтын үнэлгээний талаар “МЭК” ХХК компанийн захирал Л.Золбаатартай ярилцлаа.

-Танай байгууллага улстөрчдийн рейтингийн талаар судалгаа хийсэн. Судалгааны үр дүнгийн талаар сонирхуулаач? ­

-Энэ оны есдүгээр сарын 11­16­ны хооронд нийслэл хотод оршин суудаг сонгуулийн насны 1012 иргэнээс судалгааны мэдээлэл цуглуулсан. Стандарт асуудаг асуултуудын нэг нь төрийн институтуудын үнэлгээ юм. 1­10 хүртлэх тоогоор үнэлдэг. Үнэлгээний дүнгээс харахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгогдсоноосоо хойш буюу өнгөрсөн долоо, найман сард 5.6 байсан үнэлгээ, есдүгээр сард 5.8 болж өссөн. Ерөнхийлөгчийн үнэлгээ өссөн нь ганцхан шалтгаантай. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоныхоо дараа ямар ваа нэгэн үйл ажиллагаа явуулсан нь мэдэгдээгүй. Харин есдүгээр сар гарснаас хойш ямар ч байсан Ерөнхийлөгч ажлаа хийж эхэлж байгаа нь иргэдэд анзаарагдаж, мэдэгдэж эхэлсэн нь эерэг буюу үнэлгээ нэмэгдэхэд нөлөөлсөн ганц хүчин зүйл. Цаашид Ерөнхийлөгч манлайлж чадах эсэхээс хамаарч иргэдийн үнэлгээ өөрчлөгдөх байх. Харин УИХ­д 3.8 гэсэн үнэлгээг өгсөн. Товчхондоо Ерөнхийлөгчөөс бараг хоёр функтээр доогуур байгаа.

- УИХ -ын үнэлгээ доогуур байгаагийн хамгийн том шалтгаан нь юу юм бэ?

-­Хамгийн том шалтгаан нь УИХ байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байгаад байна. Шуудхан хэлэхэд, хэтэрхий удаан амарч байна. Намрын чуулган ирэх аравдугаар сарын нэгэнд эхэлнэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш парламент байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болсон. Хэдийгээр гишүүд нь тойрогтоо ажиллаж байгаа ч гэсэн хууль боловсруулах үйл ажиллагаагаа хийхгүй, хаана юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь УИХын үнэлгээ маш доогуур гарахад нөлөөлж байгаа юм.

- Ерөнхий сайдын үнэлгээ өмнөхөөсөө жаахан нэмэгдсэн харагдаж байх шиг байна?

-­Өмнөх сарынхаас 0.3 функтээр нэмэгдсэн. Л.Оюун­Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн зунаас хойш анзаарагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Л.ОюунЭрдэнийн Засгийн газарт зарчмын өөрчлөлт орж байх шиг байна. Тодруулбал, бидэнд тулгараад байгаа хамгийн том асуудал нь “ковид-19” халдварын нөлөөлөл юм. 

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “ковид-19”-ийн дараах амьдралыг хүлээх биш ковидтой хамт амьдрах, цар тахлын хүнд нөхцөлд эдийн засгийн идэвхээ хязгаарлахаа болих, иргэдийн амьдралыг хэвийн горимд оруулах тал дээр анхаарах ёстой гэдгийг анзаарч хэрэгжүүлж эхэлж байх шиг байна. Мөн цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын хийсэн хамгийн том ажил бол вакцинжуулах үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх.Наймдугаар сарын сүүлээс эхлээд Монгол Улсад вакцинжуулалтын эсрэг гуравдугаар тун файзерын вакциныг хийж эхэлсэн. Өнөөдөр хэн хүссэн нь очоод 30-60 минут хүлээгээд л хийлгэх боломжтой байгаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн хөгжилтэй, амьдрал нь хамгийн сайн орнууд ч манайхаас доогуур үзүүлэлттэй байгаа. Европын холбооны улсууд, АНУ, Израиль зэрэг орнуудын мэдээллийг интернэтээс олоод харчих. Вакцинжуулалтын процесс маш амжилттай явсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн том амжилтын нэг яах аргагүй мөн. Гурав дахь тунг хийж эхэлснээр эдийн засгаа буцаагаад сэргээх, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх суурь нөхцөл нь бүрдэж байгаа юм. Мөн 12- оос дээш насны хүүхдүүд ч гэсэн вакцинд хамрагдсан хувь маш өндөр байгаа. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудын танхимын хичээл эхлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Эдгээр хүчин зүйлүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын рейтинг есдүгээр сард 0.3 функтээр нэмэгдэхэд нөлөөлсөн. 

Цаашид ковидын нөхцөл байдалтай хэрхэн зохицох вэ, ямар тогтолцоонд амьдрах вэ гэдэг дээр Засгийн газар хэр манлайлж ажиллахаас хамаарч бидний амьдрах нөхцөл, эрх зүйн орчин шууд хамаарах байх.- Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Амарсайхан, одоогийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын рейтингийг харьцуулсан байсан. Үнэлгээний хамгийн дээд хязгаар 5.5 байгаа нь яг юуг илэрхийлээд байна вэ?

-Хангалттай бус ажиллаж байна гэж үнэлж буйг л илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгсөн иргэдийн үнэлгээ өмнөх сарынхаас 0.4 функтээр буурсан байгаа. Ганцхан шалтгаантай. Тодруулбал наймдугаар сарын сүүлээс эхлээд есдүгээр сар хүртэлх хугацаанд Улаанбаатар 0 зогсчихоод байж байна. Ажил тарах, цуглах үед хоёр километр явахын тулд хоёр цагийн хугацаа зарцуулж байгаа нь бодит үнэн. Энэ нь Засаг даргын үнэлгээнд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл.

- Түүнээс гадна үйл ажиллагаа нь таалагддаг болон таалагддаггүй улстөрч гэх хоёр асуулгад санал авсан байсан?

-Компанийн зүгээс санал авахдаа улстөрчдийн нэрийг өгдөггүй. Өөрөөр хэлбэл нээлттэйгээр асуудаг. Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх 30 хувьтайгаар тэргүүлж байснаа, 29 хувьтай болж бага зэрэг буурсан. Л.Оюун-Эрдэнэ 27 хувьтай буюу өмнөхөөсөө бага зэрэг нэмэгдсэн дүн гарсан. Харин гурав дахь хамгийн их таалагддаг улстөрчөөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга жагссан бөгөөд 24 хувьтайгаар тэргүүлж байна. Нэмж хэлэхэд, таалагддаг улстөрчид дунд шинээр Засгийн газрын хоёр гишүүн нэмэгдсэн. Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бараг хоёр жил хязгаарлагдаад байсан ерөнхйи боловсролын сургуулийн танхимын сургалтыг хэл ам ихтэй байсан ч эхлүүлсэн нь рейтингэд нь э ерэгээр нөлөөлсөн. Бодит нөхцөл байдал хүнд, цар тахлын халдварын эрсдэл буураагүй байгаа ч гэсэн танхимын сургалтыг эхлүүлсэн нь маш том сорилтыг давж буй процесс.

Нөгөөтээгүүр МУИС, МҮИС-ийн сургуулийн нэрийн асуудал дээр нэлээд хатуу байр сууриа илэрхийлсэн нь иргэдийн таалалд нийцсэн мэдэгдэл болсон. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хамгийн их таалагддаг улстөрчдийн жагсаалтад анх удаа орж ирсэн. Х.Нямбаатар сайдын тухайд, Засгийн газар, Рио Тинто хоёрын байгуулсан Оюу толгойн гэрээг өөрчлөх Ажлын хэсгийг ахалж буй. Хөндлөнгийн шинжээчдийн гаргасан мэдээллийг есдүгээр сарын эхээр иргэдэд танилцуулсан. Тухайлбал, ХЗДХийн сайд нь “Гүний уурхайтай холбоотой зардал шаардлагагүй байдлаар нэмэгдсэн байна” гэх мэдээллийг хүргэсэн нь манлайлж буй улстөрчдийн жагсаалтад анх удаа орж ирэхэд гол түлхэц болсон нь судалгааны явцад ажиглагдсан.

- Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг хэн манлайлав?

- Өнөөдрийн байдлаар уг жагсаалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 20 хувьтайгаар тэргүүлж байна. Тодруулбал, өнгөрсөн зургаа, долдугаар сард Ерөнхийлөгчийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч мэдээлэлгүй байсан явдал. Энгийнчилбэл иргэд У.Хүрэлсүхийг ажлаа хий гэж шаардаж байна л гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийг манлайлаасай хэмээн хүсэж буй хэлбэр гэж ойлгож болно. Жагсаалтын хоёрдугаарт АНын дарга С.Эрдэнэ орсон. Их удаан тэргүүлж байсан ч энэ удаа антирейтинг дээр хоёрт жагслаа. Шуудхан хэлэхэд, Ардчилсан намын хоёр том ялагдлын дараагаар улс төрд үлдэх гэж оролдоод буй нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа хэрэг л дээ. 

Эл жагсаалтад удаан хугацаанд орж ирээүй хүн бол экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрээр долоо орчим хувьтай орж ирсэн. Түүний хувьд цахим сүлжээнд ч юм уу, нийгмийн ямар нэг идэвх гаргаад ирэхээр л таалагддаггүй улстөрчийн жагсаалтад ороод ирдэг. Товчхондоо, тэр хүнийг улс төрд орж ирэхийг дэмжихгүй байр сууринаас иргэд хандаж байна гэсэн үг.-Намуудын рейтингийг судлах болов уу гэх хүлээлт байлаа?

-Одоогоор хийгээгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт хийгээд хармаар байгаа ч хийсэн юм алга. Сонин үр дүн гарах болов уу гэх таамаг бол бий.

-Дата цуглуулаагүй шалтгаан юу юм бэ. Сонгуулийн хуульд хориглосон заалт журам байна уу, сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой юу?

-Хуульд хорьсон заалт байхгүй. Нөхөн сонгууль бүр ороогүй. Угаасаа дата цуглуулж болохгүй гэсэн заалт байхгүй. Сонгуулийн санал хураалт дөхөхөөр судалгаа хийх төлөвлөгөө бол бий.

- Таалагддаг болон таалагддаггүй улстөрчдийн жагсаалтад хамгийн тогтвортой байдаг улстөрч гэвэл хэнийг нэрлэх вэ?

- Сүүлийн үед хамгийн их таалагддаг улстөрчдийн жагсаалтад байгаа хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэхдээ таалагддаг, таалагддаггүй улстөрчдийн жагсаалтад хамгийн удаан байсан нь өнөөгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж. Их олон жил байсан. 

Сүүлийн үед жагсаалтад орж ирэхээ больсон. Их олон дэмжигчтэй, мөн эсэргүүцэгчтэй улстөрч. Энэ үзүүлэлт бол улстөрчийн хувьд их чухал үзүүлэлт. Мартагдаагүй гэсэн үг. Харин сүүлийн үед мартагдаж, хүний нүднээс далд байх болж дээ.-Иргэд улстөрчдийн яг ямар үйл ажиллагааг дэмжиж эсвэл эсэргүүцдэг юм бэ. Тухайлбал таалагддаг жагсаалтад багтах гол хүчний зүйл юу байдаг нь сонин байна л даа?

 -Иргэдийн амьдралтай шууд холбоотой шийдвэр, байр сууриа илэрхийлэх явдал шууд нөлөөлдөг. Энгийнчилбэл, иргэд таалагдах зүйл ярьж, шийдвэр гаргах гэсэн үг л дээ. Жишээ нь хүүхдийн мөнгө ихэнх айлд эдийн засгийн бодит дэмжлэг болдог. Тун цөөхөн айл үл анзаардаг. 

Товчхондоо, хүүхдийн мөнгөний талаар ямар нэг байр суурь илэрхийлэх нь тухайн улстөрчийг иргэдийн анхааралд өртөх магадлалыг шууд ихэсгэдэг.-Вакцинжуулалтад өгсөн иргэдийн үнэлгээ ямар гарсан нь сонирхолтой санагдаж байна. Дэлхийн хэмжээнд вакцинжуулалтаараа манай улс нэлээн дээгүүр яваа биз дээ?

-Вакцинжуулалтын үр дүн ямар байна вэ гэх асуултыг тавихад 60 гаруй хувь нь үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Вакцинжуулалтын гол зорилго нь халдвар авбал нас барахгүй, хүндрэхгүй байх явдал. Дэлхийтэй жишвэл, халдвар аваад нас барсан хүний эзлэх хувь, халдвар аваад хүндэрсэн хүний хувь нь 0.2-0.3-тай байгаа. Вакцинжуулаагүй улсуудтай харьцуулахад 6-7 дахин бага үзүүлэлт. Мэдээж энд хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Тодруулбал, монголчууд харьцангуй ард түмэн, хоёрдугаарт вакцинжуулалтын хувь өндөр байгаатай холбоотой. Ташрамд сонирхуулахад, европын баян орны тоонд ордог Швейцар, Люксенбург, Герман, Швед улс одоо л ахмад настнууддаа вакцин хийж эхэлж байгаа юм билээ. Ялангуяа ХДХВ-ийн халдвартай хүмүүстээ түрүүлж хийх шийдвэр гарсан байна билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна