Афганистаны “дээд удирдагч” Малави Ахунзада

Админ
2021/09/21

М.ХҮСЛЭН

Талибуудын удирдагч Малави Хибатулла Ахунзадаг Афганистаны “дээд удирдагч” хэмээн зарласан. Ингэснээр хаалттай, ширүүн шашны зүтгэлтэн Афганистаны шинэ дэглэмийн хамгийн дээд албан тушаалыг хаах болно. 55 настай Малави Хибатулла Ахунзада угаасаа “Талибан”­ы удирдагч байсан. Уг албан тушаалд тэрбээр 2016 оны тавдугаар сард, хөдөлгөөнийг тухайн үед удирдаж байсан Ахтар Мохаммад Мансурыг нас барсны дараа хэдхэн хоногийн дараа томилогдсон аж. Мансур Пакистаны баруун өмнөд нутагт АНУ­ын агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн билээ. “Ахунзада шашны үзэл бодлоороо маш их хүндэтгэл хүлээсэн шашны зүтгэлтэн. Тэрбээр “Талибан”­ы дээд зэргийн шүүгч бөгөөд хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Молла Мохаммад Омарын итгэлтэй төлөөлөгч байсан” гэж Афганы сэтгүүлч Сами Юсуфзай бичжээ.

Ахунзадаг “Шейх аль-Ислам” хэмээн бас нэрлэдэг. Энэ бол исламын шашны суннит урсгалын нэр хүндтэй дээд хэргэм цол. Уг хэргэмийг зөнч Мухаммедийн амьдрал болон бүтээлүүдийг гүнзгий судалсан хүнд олгодог аж. “Тэр бол исламын шашны эрдэмтэн бөгөөд хэд хэдэн ном бичсэн” С.Юсуфзай хэлэв. Сэтгүүлчийн ярьж буйгаар, 2001 онд АНУ-ын цэрэг Афганистанд дайран орж, талибуудыг төрийн эрхээс зайлуулахад Ахунзада хөдөлгөөний бусад удирдагчдын хамт Пакистаны баруун өмнөд хэсгийн Белужистан муж руу зугтсан байна. 

“Өмнө нь тэр Кветтад ойрхон нэгэн шашны сургуулийг удирдсан” хэмээн С.Юсуфзай талибын удирдагчийн Белужистан мужийн нийслэлд шашны боловсролын байгууллагыг удирдаж байсныг дурсжээ. “Түүнийг Кушлахаас гарсан Ахунзада хэмээн мэддэг. Тэрбээр тус бүс нутгийн янз бүрийн шашны сургуулийн төгсөлтийн ёслолд байнга үг хэлдэг байсан” гэв. Кушлах нь Кветтад ойрхон жижиг хот.Сүүлийн 20 жилд “Талибан”-ы олон удирдагч Кушлахт нуугдаж байсан гэж үздэг. Талибуудын сүүлийн үед хийсэн мэдэгдлээс харахад Ахунзада Афганистаныг исламын эмирт улс болгохоор зорьж байгаа бололтой. “Исламын Эмиратын удирдагч заавар тушаал өгч, бүх хүнд хариуцлагын тухай анхааруулсан” гэж өнгөрсөн долоо хоногт “Талибан”-ы албан ёсны төлөөлөгч Забиулла Мужахид талибуудын Кандагарт болсон гурван өдрийн зөвлөгөөний дараа “Твиттер” сүлжээнд жиргэсэн. Талибууд Ахунзадаг алсыг хардаг удирдагч хэмээн сурталчлахыг хүсэж буй бололтой. Өнгөрсөн долдугаар сард Ахунзада “Гадаадын хүчнүүд манай орноос бүрэн гараад явсны дараа, бид дэлхийтэй, түүний дотор АНУ-тай сайн харилцаа тогтоохыг зорьж байна.

Энэхүү харилцаа дипломат, улс төрийн болон эдийн засгийн шинж чанартай, хоёр талд ашигтай байх ёстой” хэмээн хэлснийг “Талибан”-ы төлөөлөгч уламжилсан. “Талибан” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Молла Омар ч, Ахунзада ч Афганистаны өмнөд хэсгийн Кандагар мужаас гаралтай. 1994 онд “Талибан” хөдөлгөөн ч яг тэнд анх байгуулагдсан. Ахунзада хөдөлгөөний удирдах шатанд маш хурдан дээшилж, 1990-ээд оны сүүлээр талибуудын цэргийн шүүхийн даргын албыг хашдаг болсон. Энэ бүхэнд тэрбээр шашны өндөр боловсролын ачаар хүрсэн аж. Мөн нэг омгоос гаралтай, “Талибан”-ы хоёр дахь хүн болох Мансуртай сайн харилцаатай байсан нь Ахунзадад 2015 онд хөдөлгөөний орлогч болох боломжийг олгосон байна. Мансур өөрөө албан ёсоор “Талибан”-ы удирдагчаар 2015 онд томилогдсон. Гэвч тэрээр хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Молла Омар амь үрэгдсэний дараа угаасаа албан ёсны бус удирдагч болсоор ирсэн.

 Харин Молла Омарыг 2013 оны дөрөвдүгээр сард алагдсан гэж үздэг. “Талибан”- ыг эрх барьж байхад албан тушаал хашиж байсан Кабулын оршин суугч Назар Мохаммад Мутмаин талибуудын удирдагч Ахунзадаг урт номлолд дуртай төлөвшсөн хүн хэмээн тодорхойлжээ. “Тэр сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Талибууд түүнийг өнөөдөр бүгдийг нэгтгэж чаддаг хүн хэмээн үзэж байна” гэж Мутмаин хэлэв. Ахунзадагийн үед талибууд хэд хэдэн дипломат болон цэргийн ялалтад хүрч чадсан. Орлогч нь болох Абдул Гани Барадартай хамт АНУ-тай хийсэн үндсэн хэлэлцээрийг байгуулсан. 

2020 оны хоёрдугаар сард Катарын нийслэл Доха хотод гарын үсэг зурсан хэлэлцээр АНУ болон холбоотнууд Афганистанаас цэргээ гаргах замыг нээсэн билээ. Ахунзада Молла Омарын хүү Молла Якубыг өсгөн торниулахын сацуу талибуудын эв нэгдлийг хангаж байв. Эхлээд Якубыг орлогч болгож, дараа нь “Хакканигийн сүлжээ” бүлгийн удирдагч Сиражуддин Хакканитай адил цэргийн командлагчийн тушаалд томилсон. “Талибан” Кабулд дайран орж, Афганистаны ихэнх хэсгийг өөрсдийн хяналтад авсны дараа Ахунзадагийн өмнө маш олон үүрэг зорилго зорилт тавигдаж буй. Одоо түүний тэргүүлдэг “Талибан”-ы Засгийн газар олон улсын тавцанд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, улам гүнзгийрч байгаа эдийн засгийн хямралыг зогсоож, 38 сая гаруй афган иргэдийг зөв удирдах хэрэгтэй. Ард түмэн аюулгүй байдлын зэрэгцээ хөгжил цэцэглэлт болон хүний эрхийг хүндлэхийг шаардана. “Талибан” олон улсын хамтын нийгэмлэгт янз бүрийн амлалтыг өгсөөр байна. Гэхдээ Ахунзада уг амлалтаас гадна талибуудын хэрэгцээ, шаардлагыг ч хангах үүрэгтэй.


АФГАНИСТАНД ШАРИАТЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛНЭ

“Талибан” хөдөлгөөн Афганистаны түр засгийн газрын бүрэлдэхүүнийг зарласан. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн тэргүүн, Гадаад хэргийн сайд асан Молла Мохаммад Хасан Ахунд, Шадар сайдаар тус хөдөлгөөний улс төрийн хорооны тэргүүн Абдул Гани Барадар, Батлан хамгаалахын сайдаар “Талибан” хөдөлгөөний удирдагчийн орлогч Мохаммад Якуб нар томилогджээ. 

Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сиражуддин Хаккани нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж байгаа. Түүний тэргүүлдэг “Хаккани сүлжээ” бүлэглэл 2017 онд 150 гаруй хүний аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан гэж үздэг. Шинэ засгийн газар томилогдсоны дараа тус улсад шариатын хууль үйлчилж эхэлнэ гэж “Талибан” хөдөлгөөний тэргүүн Хайбатулла Ахунзада мэдэгдсэн. Афганистан нь исламын хууль, үндэсний үнэт зүйлсэд нь харшлаагүй олон улсын бүхий л гэрээ, хэлэлцээрийг даган мөрдөж, хүний эрх, цөөнх болон эмзэг бүлгийн эрхийг исламын шашны шаардлагын хүрээнд хамгаалах болно гэж мэдэгдэлд дурджээ. Талибууд хөрш болон бусад улс орнуудтай хэвийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн.


ШАРИАТЫН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ

Шариат нь исламын эрх зүйд тулгуурладаг дүрэм, дэг жаягийн тогтолцоо. Энэ нь исламчуудын ариун ном болох Коран, зөнч Мухаммедийн амьдрал, номлолын хураангуй болон сунна, хадист үндэслэдэг. Шариат гэдэг нь “зөв зам” гэсэн утгатай араб үг. Шариат нь хуулийн эмхэтгэл бус харин ислам шашинтан бүрийн бясалгал хийх, хөрш болон хүрээлэн буй орчинтой харилцах харилцаа зэрэг амьдралыг нь бүхэлд нь тодорхойлдог цогц дүрэм, дэг жаяг. Өөрөөр хэлбэл, ислам шашинтанд сүсэг бишрэл, итгэл үнэмшил, буян, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, ажил хэргийн холбоо, өв залгамжлалтай холбоотой маргаан гэх мэт амьдралын талаар тал бүрийн цогц ойлголт өгөх зорилготой. Исламын шашны эрхзүйн таван үндсэн дэг сургууль байдаг байна. Эдгээрийн дөрөв нь ханбали, малики, шафи болон ханафи нь суннит урсгалынх бол жафари нь шиитийнх.

Суннизм болон шиизм нь зөнч Мухаммед тэнгэрт хальсны дараа гарч ирсэн исламын шашны хамгийн том хоёр урсгал. Эл хоёр урсгалыг баримтлагчид ислам шашинтнуудын нийгмийн тэргүүн болох умма нь хэн байх тал дээр санал зөрөлддөг. Суннитууд гол төлөв Саудын Араб, Пакистан, Туркт байдаг бол Иран, Азербайжан, Ирак зэрэг улсад шиитууд давамгайлдаг. Шариатын дэг сургуулиудын ялгаа нь шариатын хуулийг хэрхэн тайлбарлаж буйд оршдог. Саудын Арабд мөрдөгддөг ханбали дэг нь хамгийн хатууд тооцогддог бол Египет, Пакистан, Турк улсад баримталдаг ханафи дэг нь илүү либерал гэгддэг байна. Талибууд энэ дэгийг мөрддөг хэдий ч илүү хуучинсаг ойлголт нь давамгайлдаг байна. Шариат сайн үйл хийхийг шаардаж, муу үйлийг хориглодог.

Энэ нь тухайн улс төрийн хөдөлгөөн хэрхэн тайлбарлахаас шалтгаалан ардчилсан эрх зүйтэй нийцэх эсвэл харшиж болно. Түүнчлэн, шариатын хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг аж. Тэр нь омгуудын дүрэм. Талибуудын хэрэглэдэг шариат нь эцгийн эрхт ёс ноёлдог пуштунуудын омгийн дүрэмд суурилсан тул эмэгтэйчүүдийн байр суурийг үлэмж бууруулсан байх талтай. 

Ойрхи Дорнод, Хойд Африкийн ихэнх орнуудад гэр бүл салалт, өв хөрөнгийн маргаан, эцэг эхийн эрхийг тодорхойлох зэрэг гэр бүлийн эрх зүйн байдалд шариат үйлчилдэг байна. Харин Пакистан, Афганистан, Иран, Саудын Араб, Ирак, Йемен, Мавритани, Бруней, Сомали зэрэг Персийн булангийн орнуудад шариатын хуулийг эрүүгийн хууль тогтоомжид тусгасан байдаг байна. Шариатын хуульд олон нийтийн өмнө жанчих, чулуугаар шидэх, үе мөчийг нь тастах зэрэг бие махбодын шийтгэл ногдуулахыг заасан байдаг. Гэмт хэргийг хоёр ангилдаг бөгөөд үүнд нь тохирсон хэмжээний шийтгэл ногдуулдаг. Үүнд, “хадд” буюу хүнд гэмт хэрэгт тогтсон шийтгэл ногдуулдаг байна. Энэ ангилалд хулгайн зарим хэлбэр багтдаг ба үүний төлөө хулгайчийн гарыг тастах зэрэг шийтгэлийг заадаг аж. “Тазир” буюу илүү хөнгөн хэлбэрийн гэмт хэрэгт шүүгч өөрөө ямар шийтгэл ногдуулахыг тодорхойлдог байна. 

1996-2001 онд Афганистанд талибуудын дэглэм ноёрхож байх үед чулуугаар шидэх зэрэг шийтгэл хэрэглэсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. Тиймээс талибууд засгийн эрхэнд буцаж ирсэн нь дэлхийн нийтийн сэтгэлийг зовоож байгаа. Коран сударт эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Коранд эмэгтэйчүүдэд олгосон ихэнх эрх нь тухайн үед хувьсгалын шинжтэй байжээ. Тэд эрчүүдийн адил боловсрол эзэмших, нөхрөө өөрөө сонгох, нөхрийнхөө өв хөрөнгийг өвлөх, гэрлэлтээ цуцлах эрхтэй байжээ. Үүнээс гадна, эхийн амь насанд аюулгүй бол гурван сартайдаа үр хөндүүлэхийг хүртэл зөвшөөрдөг байжээ. Харин хожим исламын шашинтай ард түмэн омгийн зан заншилтай уялдуулан шариатын хуульд шинэ заалтууд оруулжээ. Өнөөдөр хоцрогдсон, бүр зэрлэг, бүдүүлэг мэт тооцогдох шинэ дүрэм тэр үеэс л гаралтай гэж ислам шашин судлаач эрдэмтэд үздэг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.