Ж.Дэлгэрсайхан: Эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч суурь нөхцөл эргэлзээтэй байна

Админ
2021/09/23

Т.АМАРТҮВШИН

СЭЗИС­-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

 -Улсын эдийн засгийн төлөв байдал ямар байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлохдоо, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас үүдэж эдийн засаг хэрхэн доройтсон бэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй байх. 2020 онд бид цар тахалтай үр дүнтэй тэмцсэн боловч эдийн засаг ихээхэн доройтсон. Иймээс одоогийн макро эдийн засгийн тоонууд суурь онтой харьцуулахад сайжирсан мэт харагдаж байгаа тал бий. Мөн экспорт, импорт өсөлттэй гадаад худалдааны тэнцэл сайн байна. Төсөв, татварын орлого, аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт, тэр дундаа уул уурхайн салбарын орлогын үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад өндөр түвшинд өсөлттэй байна. Төсвийн орлого гэх мэт зарим тоон үзүүлэлт 50-60 хувь өссөн. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт 2020 оны уналттай түвшингээс сэргэлттэй байна гэж хэлэх нь зүйтэй байх.

Монголын эдийн засаг ямар ч байсан уналтын түвшингээс гарч байгаа байдал ажиглагдлаа. Ирэх 2021 оны төгсгөл гэхэд 2020 оны уналтаа нөхөх, эдийн засгийн шинэ өсөлтийн суурийг бэлдэх боломж байна уу даа гэж харж байгаа. Гэхдээ энэ нь Монгол Улсын эдийн засаг сайн сайхан болчихлоо гэсэн үг биш. Макро эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй үзүүлэлтүүдийн ард өрхийн бодит орлого, хэрэглээ, инфляц, ажилгүйдэл , хөдөлмөрийн оролцоо гэх мэт ард түмний бодит амьдралтай илүү ойр үзүүлэлтүүд эргэлзээтэй байгаад бид анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээр нь дээрх макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс илүү эдийн засгийн бодит үнэнийг харуулах магадлалтай. Манай улсын эдийн засаг ямартай ч сэргэж байна. Энэ сэргэлтийг хэрхэн хадгалах, нийт ард түмний амьдралд эерэг нөлөөг бий болгох гэдэг асуудал нь илүү чухал. Үүнийг хязгаарлаж буй гол хүчин зүйл нь цар тахал гэдэг нь тодорхой.

Цар тахалд буруу өгөх бус үүний эсрэг тэмцэж буй бодлого, менежментдээ дүгнэлт хийх цаг болсон. Монгол Улсын цар тахалтай тэмцэж буй тэмцлийн үр дүн тод харагдахгүй байна. Цар тахлыг хэзээ хязгаарлах нь эргэлзээтэй байгаа. Монгол Улсад цар тахал маш өндөр тархалттай байгаа нөхцөлд эдийн засаг улам сайжирч, сэргэнэ гэж хэлэхэд эрт байна. 

Дахин хэлэхэд УО К - ы н өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үнэндээ хангалттай бус байгаа. Дүгнэж хэлэхэд, эдийн засаг сайнгүй байгаа. Тодорхой хэмжээний түвшингээс сэргэлтүүд ажиглагдаж байгаа ч эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг хангах, зарим тодорхой салбарыг уналтад оруулахгүй байх сорилт бидний өмнө бий.-Засгийн газраас энэ оны эхэнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр эдийн засагт үр өгөөжөө өгч чадсан уу?

 -Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын сүүлээр 10 их наядын төлөвлөгөөг баталж, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн онцлог нь УИХ-ын зүгээс хүчтэй дэмжиж ажиллана гэдэг байр сууриа илэрхийлснээрээ өмнөх хөтөлбөрүүдээс ялгаатай байсан. Хөтөлбөрийн ерөнхий агуулга, бодлого, зорилтын хувьд маш сайн хөтөлбөр гэж хувьдаа би дүгнэдэг. Өмнөх Засгийн газар цар тахалтай тэмцэхэд илүү анхаарал хандуулсан. Үүний эерэг, сөрөг үр дагавар гарсан. Эерэг тал нь мэдээж хэрэг цар тахлыг дотооддоо алдалгүй олон сар барьж, бараг вакцинтай залгасан. Энэ нь Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амь насны эрсдэлийг бууруулж өгсөн. Нөгөө талдаа 2020 оны эдийн засгийн хүчтэй уналтын шалтгаан нь эрүүл мэндээ хамгаалахад гол анхаарлаа хандуулсанд оршиж байгаа. Би хувьдаа халдварыг дотооддоо алдалгүй удаан хугацаанд барьж чадсан нь сайн зүйл гэж боддог. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь өмнөх гүйцэтгэх засаглалынхаа цар тахлын үеийн эдийн засгийн бодлогыг харьцангуй өөрчилсөн. 

Эрүүл мэнд ээ хамгаалж, эдийн засгаа тогтвортой хэмжээнд барих төлөвлөгөөг танилцуулсан нь сайн зүйл болсон. Эдийн засгийг хамгаалахад 10 их наядыг төлөвлөж, олон чиглэл хамаарсны дотор жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг санал болгосон нь ихээхэн оновчтой арга хэмжээ болсон гэж боддог.Учир нь аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор доройтсон. Бизнес эрхлэгчдийн ашиг орлого буурснаас болоод зах зээлийн хүүгийн түвшинд зээл авч, түүнийгээ ашиглаж бизнесээ тэтгэх, ажлын байрыг хамгаалах боломж хязгаарлагдсан үед ийм онцгой нөхцөлтэй зээлийг санал болгосон нь давуу тал болсон. Мөн хөтөлбөрийн хүрээнд репо санхүүжилтийн зээлийг Монголбанкны дэмжлэгтэйгээр банкууд өгч эхэлсэн. Томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг тусгасан нь тодорхой үр дүнд хүрч эхэлж байна. Арван их наядын хөтөлбөрийн үр дүн харагдаж, эдийн засагт дэмжлэг болж байгаа гэж би үзэж байгаа. Зээлийн өсөлт харьцангуй зогсонги байдалтай, уналтад орчихсон байсан үед хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн хоёр улирал дараалан зээлийн өсөлт нэмэгдсэн. Хоёрдугаарт томоохон төслүүдийг хэрэгжүүлэх суурийг тавьснаараа “Тавантолгой бонд”-ын хоёр дахь шатны арилжаа амжилттай үргэлжилж байна. Бондын нэг их наяд төгрөгийн санхүүжилт нь томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь болох байх.

Ялангуяа Тавантолгой цахилгаан станцыг байгуулахад томоохон түлхэц болно. Түүнчлэн ипотекийн зээлийг зургаан хувь болгосон, санхүүжилтийг нь нэмсэн зэрэг нь өнөөдрийн эдийн засагт дутагдаж байсан мөнгөн урсгалыг дэмжих чиглэлд хийсэн томоохон арга хэмжээ болсон. Бодлогын сонголт нь төсөвт дарамт учруулалгүй, эдийн засагт царцанг байсан эх үүсвэрийг зарцуулах чиглэлийг барьсан нь зөв байсан болов уу. Гэхдээ хөтөлбөр хэрэгжилтийн явцад тодорхой хэмжээний алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Аж ахуй нэгжүүд гурван хувийн хүүтэй зээл авч чадаагүй, чадсан гэдэг гомдол, эргэлзээ бий. Ямартай ч цар хүрээ, чиглэл, бодлогын сонголт зэргийн хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөлд оновчтой болсон төлөвлөгөө гэж харж байгаа.

-Монгол Улсын гадаад өр жил бүр нэмэгдэж байгаа. Зээлийг зээлээр дарж, хугацааг нь сунгаж байна. Цаашид өрийн менежментийг хэрхэн удирдах ёстой вэ?

-Засгийн газрын өр хурдтай өсөж байгаа нь бидний санаа зовоож буй асуудал мөн. Монгол Улсын нийт өрийн хэмжээ маш өндөр түвшинд хүрсэн. Өрийн менежментэд хоёр зүйлийг чухалчлах ёстой юм болов уу гэж хардаг. Нэгдүгээрт, Монгол Улсын хөгжлийн бодлого зөв байх ёстой. Урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого нь зөв, оновчтой байх хэрэгтэй. Улсын эдийн засгийн ирээдүйн өсөлт нь өнөөгийн уналтаас хамгаалах, эдийн засгийг тэтгэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах гэсэн нийгмийн чиглэлийн хатуу, зөөлөн дэд бүтцүүд нь хамгийн сайнаар бэхэжсэн, эдийн засгийн орчныг таатай болгосон хөгжлийн бодлого байх ёстой.

Хоёрдугаарт, төсвийн бодлогыг оновчтой, төсвийн алдагдлыг ямар түвшинд байлгах, урсгал зардлын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын зардлыг хэрхэн зөв удирдах вэ гэдэг нь чухал. Дээрх хоёр зүйлийг зөв болгож чадвал Монгол Улс өрийн хэмжээ нь санаа зовох асуудал биш болж хувирах ёстой. Учир нь зээл үр ашигтай зүйлд зарцуулагдаж чадвал Монгол Улс өрийг өрөөр дардаг циклээс аажимдаа гарна.-Тэгж чадахгүй байна л даа?

-Өрийн таатай бус зүйлийн суурь нь хэзээ тавигдсан бэ гэдгийг санах хэрэгтэй. Монгол Улс хөгжиж буй орны статуст шилжсэнээрээ олон улсын зах зээлээс зээлийн санхүүжилтийг авах боломж бүрдсэн. Анх “Чингис” бондыг гаргаж, олон улсаас зээл авсан. “Чингис” бондын санхүүжилтийг бодлого, төлөвлөгөөтэй зөв зүйлд оновчтой зарцуулж чадаагүйгээс болоод анхны суурь нь буруу тавигдсан. Араас нь “Мазаалай” гэх мэт бондыг гаргасан. Тэр үед нь эдийн засгийн уналт давхацсан гэх зэргээс болоод бид өрийг өрөөр дарахаас өөр гарцаагүй байдалд хүрч, өнөөг хүртэл үргэлжилж, цаашдаа ч тодорхой хугацаанд хэвээр байх төлөвтэй байна. Энэ нь өрийг авахаасаа өмнө түүнийг зарцуулах бодлого, төлөвлөлт, хэрэгжилт гэх мэт бүх шатандаа алдаа гарч байгаатай холбоотой.

 -Байгалийн баялгаас орж ирж буй мөнгөө иргэдэд халамж хэлбэрээр тараадаг, үр ашиггүй зарцуулдаг байдал нь эдийн засгийг сэргээхэд дэм болохгүй байна уу даа?

-Нэгдүгээрт халамжид мөнгөө тарааж байна. Хоёрдугаарт, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого нь байгаа онож байна уу гэдэг нь чухал. Халамжийн бодлогын үндсэн шалтгаан нь энэ 30 жилд бид хөгжлийн шинжлэх ухаанч, тогтвортой бодлогогүй байснаас эдийн засгаа хүчирхэгжүүлж, иргэдээ орлоготой болгоогүй явдал. Энэ суурин дээр улс төрийн хүчин, улс төрчид тоглолт хийж ард түмэнд улс төрийн амлалт амлах байдлаар сонгуульд давуу тал олох арга хэрэгсэл болгосон нь халамжийн бодлогыг улам дэврээсээр байна. 

Миний 10 их наядыг сайшааж байгаа үндсэн шалтгаан нь, Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах томоохон төслөө хэрэгжүүлье, одоо байгаа жижиг дунд бизнесээ хөгжүүлье, экспортыг дэмжсэн, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрийг дэмжье гэж байгаа явдал.Үүнийг бид тууштай хэрэгжүүлж чадвал халамжийн сөрөг нөлөөнөөс аажимдаа гарч болно. Өрийн удирдлагын хувьд ч тодорхой хэмжээнд таны хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Сүүлийн 10 гаруй жил Монгол Улс улс төрийн амлалтаас шалтгаалж, дээрээс нь иргэдийн амьжиргааны асуудлыг шийдэж чадаагүйтэй холбоотойгоор маш их хэмжээний халамжийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлсэн. Иймээс үр ашиггүй хуваарилалт бий болж, төсвийн алдагдал нэмсэн. Төсвийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө оновчтой болгож хэрэгжүүлэх ёстой.

-Банкны тухай хуульд энэ оны эхэнд өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлтөөр ирэх оны хагас жилээс арилжааны банкууд хувьцаат компани болох ёстой. Энэ өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ?

 -Олон жил банкны салбартай холбоотой өөрчлөлтийн асуудал яригдаж ирсэн. УИХ болон эрх баригчдын зүгээс банкны салбартай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга зам нь энэ гэж үзсэн бололтой. Гэхдээ яарсан байдлаар хуульчилж, ирэх оны хагас жилээс тодорхой банкууд хувьцаат компани болох нь ойлгомжтой боллоо. Нэгэнт хэрэгжиж буй энэ өөрчлөлтийг зөвөөр харж дэмжих нь зүйтэй болов уу гэсэн бодолтой байна.

 Учир нь банк гэдэг санхүүгийн байгууллага сүүлийн 20 гаруй жил Монголын санхүүгийн салбарыг нуруундаа үүрч ирсэн. Монголчуудын бизнес, санхүү мөнгөний хэрэгцээг банкууд л хангаж байв. Иймээс банкуудын бизнесийн үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг татдаг. Уул уурхайн салбарын дараа орох томоохон салбар болсон.Тиймээс банкуудыг олон нийтийн компани болгох нь банктай холбоотой олон нийтийн дунд байдаг эргэлзээтэй асуудал тайлагдаж, нэр хүнд нь сэргэх болов уу гэж би хувьдаа харж байна. Хоёрдугаарт нээлттэй засаглал гэдэг нь дэлхий нийтэд байгаа компанийн засаглалын хамгийн сонгодог хувилбар. Тиймээс нээлттэй засаглалд шилжсэнээр банкны салбарын ил тод байдал, хариуцлага улам сайжирч, ил тод болсноор энэ салбарын үйл ажиллагаанд эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлт байна. Банкны салбарын энэ өөрчлөлтийг би хувьдаа зөв үйл явц гэж дүгнэнэ. Өөрчлөлт нь санхүүгийн салбарын хөгжилд эерэг нөлөөтэй төдийгүй, Монголын хөрөнгийн зах зээлийн сэргэлтийг дэмжиж, олон тулгууртай санхүүгийн суурьтай болох боломж бүрдэнэ. Зөвхөн банк суурьтай эдийн засагтай гэдэг тодотголоосоо ангижрах боломж бүрдэж байна.

-Эдийн засгийн харилцаанд койн гэдэг ойлголт орж ирлээ. Хүмүүс койнд хөрөнгө оруулж байна. Гэтэл зарим нь эрсдэлтэй гэж харзнаж байгаа. Та эдийн засагч хүний хувьд юу зөвлөх вэ?

 -Одоогоор д элхий д ээр хоёр их наяд гаруй долларын үнэлгээтэй маш олон тооны койн арилжаалагдаж байна. Койн санхүүгийн зах зээлийн өвөрмөц шинэ үзэгдэл мөн. Цаашдаа санхүүгийн зах зээлийн хөгжилд технологи дэмжлэг болж нэг хэсэг нь болж үлдэх магадлал байгаа гэж харж байна. Харин зөвхөн технологид суурилсан цахим мөнгө хэлбэрээр амжилт олох нь эргэлзээтэй болов уу. Койн, токен нэртэй, бүтээгдэхүүнд суурилсан, суурилаагүй цахим санхүүгийн хэрэгслүүдийг бүрэн хүлээн зөвшөөрөөд, хууль ёсны болгосон улс орон байхгүй байна. Япон зэрэг зарим улсад нааштай хандаж байгаа. Харин өмнөд хөрш БНХАУ эсрэг байр суурьтай байгаа. 

Койнд хөрөнгө оруулж болохгүй гэж би шууд хэлэхгүй. Учир нь санхүүгийн зах зээлд орж ирсэн бизнесийн шинэ хэрэгсэлд хөрөнгө оруулах нь хувь хүний эрхийн асуудал юм. Гэхдээ койн, криптоо зах зээлд оролцож, ашиг алдагдал хүлээж байгаа хүмүүсийн үр дагавар дээр нь ямар нэгэн хариуцлагын асуудал тооцох механизм байхгүй байна гэдгийг хэлэх хэрэгтэй.Тиймээс энэ зах зээлд хөрөнгө оруулаад хожсон хүний аз, алдагдал хүлээсэн хүний хохь болох магадлалтай. Энэ нь зах зээл одоогоор хуулиар хамгаалагдаагүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, койн гэж нэрлэгдэж буй энэ зүйлүүд нь юунд суурилсан үнэлэмжтэй юм бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хязгаарлагдмал тоондоо байна уу, эсвэл блокчэйн технологидоо байна уу гэдэг нь эргэлзээтэй. Технологийн хувьд койн гаргаад байгаа технологи нь бүх салбарт ашиглагдаж болох дэвшил бөгөөд хязгаар нь биш бололтой. Иймээс зөвхөн технологийн шийдэлд суурилсан үнэт зүйл байх боломж багатай. Харин сүүлийн үед тодорхой үнэт зүйлсэд суурилсан койн гарч эхэлж байгаа нь миний анхаарлыг татаж байгаа. Энэ чиглэлд санхүүгийн болон бусад зах зээлтэй холбогдоод явах гарц байж болох юм. Ардаа баталгаатай цахим мөнгө бий болж байгаа нь сайшаалтай.

Зөвхөн хувьцаа гэлтгүй таваарын зах зээлийн ямар нэгэн бүтээгдэхүүн, эсвэл үнэт зүйлд суурилсан байдлаар гарах хандлага бий болж өргөжих төлөвтэй. Үүн дээр хууль эрх зүй, институцийн зохицуулалт, зохион байгуулалт нэмэгдвэл санхүүгийн баталгаат бүтээгдэхүүнд ойртож болох талтай. Одоог хүртэл хүн төрөлхтний хэрэглэж ирсэн мөнгөн дэвсгэрт, хувьцаа бонд, үүсмэл санхүүгийн хэрэгслүүд нь ардаа баталгаажих зүйлтэй, зохицуулалтын механизмтай, тэрийг ажиллуулдаг зах зээлийн, хууль эрх зүйн зохицуулалттай явж ирсэн. Койны хувьд ийм тогтолцоо бүрдээгүй байна. Дээр нь үнэлэмжийн асуудал эргэлзээтэй байгаа нь мэргэжлийн бидний хувьд “Та бүхэн хөрөнгө оруулалт хийх нь зөв юм” гэж хэлэх боломжийг шууд хязгаарлаж байна. Тиймээс оролцохдоо болгоомжтой хандах нь зөв байх. Өнгөрсөн хугацаанд маш олон койн бий болсноос гадна, алга болсон койн их бий. Койн гаргасан байгууллага, бирж нь хүртэл алга болсон тохиолдол их байгаа юм байна гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна