Дэлхийн эдийн засаг хэзээ тогтвортой сэргэх вэ?


ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР

Коронавирусийн халдварын тархалтын улмаас өнгөрсөн 2020 онд дэлхийн олон улс орнуудын эдийн засаг бууралттай, хасах үзүүлэлттэй гарсан билээ. БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Сингапур , Мьянмар зэрэг цөөхөн улс орны эдийн засаг багахан хувийн өсөлттэй гарсан. Эдүгээ дэлхий нийтээр ковидын халдвар авсан нийт тохиолдлын тоо 232,3 саяд хүрч, 4,7 сая хүн амь насаа алдсан. Зарим улс оронд халдварын 4 болон 5 дахь давлагаа үргэлжилж байна. Халдварын тархалтыг хязгаарлах, бууруулахын тулд улс орнууд өнгөрсөн оны өвлөөс эхлэн вакцинжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар дэлхий нийтээр 6,0 тэрбум тун вакциныг хийгээд байна. Улс орнуудад вакцинжуулалтын хурд, явц харилцан адилгүй байгаа бөгөөд хамгийн хурдтай, сайн хийгдэж байгаа орнуудад нийт хүн амынхаа 60­70 орчим хувийг хамруулаад байгаа бол бага орлоготой, буурай хөгжилтэй орнуудад хүн амын дөнгөж 10­20 хувийг вакцинжуулалтад хамруулаад байна.

Олон улсын эрдэмтэн судлаачдын хийж буй тооцооллоор цаашид вакцинжуулалт мөн ийм ялгаатай байдлаар үргэлжилж өндөр хөгжилтэй орнууд 2022 оны эхний хагас жилд, хөгжиж буй болон дунд орлоготой орнууд 2022 оны 3-4-р улиралд вакцинжуулалтыг хангалттай түвшинд хүргэх боломжтой гэж үзжээ. Харин хөрөнгө санхүүгийн хувьд тааруу, анагаах ухааны салбарын хөгжил султай, бага орлоготой улс орнуудад вакцинжуулалт 2022 оноос цааш үргэлжилж 2023 оны хагас жил, жилийн эцсээр л хангалттай түвшинд хүргэх боломжтой гэж таамаглаж байна.


 Улс орнуудад вакцинжуулалт хэзээ хангалттай түвшинд хүрэх талаар судлаачдын гаргасан таамаглал

(улс орнуудын бүлгээр ангилсан)

Эх сурвалж: Economic Intelligence Unit.

Энэхүү нөхцөл байдлаас хамаарч Олон улсын банк санхүүгийн байгууллагууд энэ оны эхэнд гаргаж байсан улс орнуудын болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин шинэчилж, бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар ОУВС-гаас гаргасан таамаглал

Эх сурвалж: Олон Улсын Валютын сангаас 2021 оны 7-р сард гаргасан таамаглал.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг ийнхүү бууруулж буй үндсэн шалтгаанууд нь:

 -Халдварын тархалт үргэлжилсээр байгаа

-Улс орнуудад вакцинжуулалт удаашралтай байгаа

-Дэлхий нийтээр ханган нийлүүлэлтийн сүлжээ доголдсон хэвээр

-Улс орнуудад ажилгүйдэл нэмэгдэж, ажиллах хүчний дутагдалд орж буй

- Европын улс орнуудад эрчим хүчний үнэ хурдтай нэмэгдэж байгаа

-Олон улс оронд инфляц нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа зэрэг шалтгаантай холбоотой гэж тайлбарлажээ. Саяхан Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас шинэчлэн боловсруулж гаргасан

 Дэлхийн эдийн засгийн тоймоос авч үзвэл дээрх шалтгаануудын улмаас зарим улс орнуудын өсөлт өмнө гаргаж байсан таамаглалаас буурахаар байна. 

ЭЗХАБ-ын шинжээчид энэ удаагийн таамаглалаа боловсруулахдаа АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 6,9 хувиас бууруулж 6,0 хувьд хүрэх, дэлхийн эдийн засгий өсөлтийг өмнө нь 5,8 хувьд хүрнэ гэж үзэж байсан бол бууруулж 5,7 хувийн өсөлтөд хүрэх боломжтой гэж таамаглажээ. Харин Ази, Зүүн өмнөд Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн таамаглал өөрчлөгдөөгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2021 оны эцэст 8,5 хувь, 2022 онд 5,8 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

 Энэхүү таамаглалыг танилцуулснаас хойш гарсан нэг өөрчлөлт бол БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн томоохон компани болох “Evergrande” компани санхүүгийн хүндрэлд орж, бондын хүүгийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөх чадваргүй болсон, нийт 300.0 гаруй тэрбум ам.долларын өр төлбөртэй байгаа явдал нь БНХАУ-ын санхүүгийн салбарт болон Азийн хөрөнгийн зах зээлд савлагаа үүсгээд байна. 

ЭЗХАБ-ын шинжээчдийн гаргаж ирсэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал өнгөрсөн 2019 оноос хойш удаа дараа буурч, хурдтай өснө гэсэн таамаглалаас илүү болгоомжилсон өсөлтийн таамаглалыг хийж байна.

Үүний зэрэгцээ Азийн Хөгжлийн банкны шинжээчид Азийн эдийн засгийн тоймыг шинэчлэн боловсруулан гаргаж 9-р сарын 22-ны өдөр олон нийтэд танилцууллаа. Азийн эдийн засгийн хувьд БНХАУ, Энэтхэг улс эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болсон хэвээр байна. Цаашид Хятад улс халдварын тархалтаа амжилттай хязгаарлаж, санхүүгийн зах зээлд үүсээд байгаа өнөөгийн таагүй асуудлаа шийдвэрлэж чадвал тус улсын эдийн засгийн өсөлт 8,0-8,5 хувийн түвшинд хүрч өсөх боломжтой юм.

 Тус банкны шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4,8 хувиас бууруулж, 2021 оны эцэст 4,6 хувийн өсөлтөд хүрнэ гэж үзжээ. Энэ нь үргэлжилж байгаа халдварын тархалт, вакцинжуулалтын түвшин болон хилийн боомтууд дээр үүсч байгаа түгжрэл саатал, түүхий эдийн экспортын цаашдын төлөв байдалтай холбоотойгоор ийнхүү таамаглалаа бууруулжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна