Х.Ганбаатар: Томоохон компаниуд төсвийн 80 хувийг бүрдүүлдэг бол жижиг, дундынхан ажлын байрны 70 хувийг бий болгодог


--- Уул уурхайн салбар нийт экспортын 95 хувийг гаргадаг ч төсвийн 25 хувийг л бүрдүүлдэг. Төсвийн 75 хувийг бүрдүүлж буй дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй ---

З.УРСГАЛ

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар ярилцлаа.

-Цар тахлын нөхцөл байдал эдийн засагт бодит сорилт, эрсдэлийг бий болголоо. Хувийн хэвшлийнхний өмнө нэн яаралтай шийдэх ямар асуудал тулгараад байна вэ?

-Эдийн засаг харьцангуй хүнд нөхцөл байдалд байгаа нь нууц биш. Монгол Улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойших шилжилтийн 30 жилийг өнгөрөөгөөд, өдгөө хоёр дахь 30 жил рүүгээ орж байна. Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш яг 30 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа. Шинэчилсэн хуулиар төрийн институциудыг тогтвортой болгож, Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж тодотголоо. Үүнтэй холбогдуулаад Ерөнхийлөгч өөрийнхөө ивээл дор “Монгол Улсын эдийн засгийг сэргээх арга зам” гэсэн асуудлаар хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын саналыг сонсон,хөрөнгө оруулагчидтай хамтдаа уулзсан нь цаг үеэ олсон явдал болсон. Бид корона вирустэй зохицож амьдрах ёстой. Хувь хүн хичээвэл халдварлахгүй байж болох юм байна, иргэдээ вакцинжуулж, сурагчдаа хамгаалалттайгаар сургалтыг нь танхимаар явуулаад эхэлчихлээ. Одоо дараагийн асуудал бол улс орныхоо эдийн засгийг сэргээх явдал.

Улс орны эдийн засгийг сэргээнэ гэдэг маань үндсэндээ аж ахуйн нэгж, бизнесээ дэмжих асуудал шүү дээ. Өнөөдөр хэвтчихээд буй эдийн засгаа босгохын тулд ямар арга хэмжээ авах юм бэ, аж ахуйн нэгж ямар үүрэг хүлээх вэ, мэргэжилтэй ажилчдаа яаж дэмжих вэ. Цаашлаад салбарын хэмжээнд ямар бодлого тавигдах юм бэ гэхчлэн олон асуудал байна. Бид Засгийн газар, Ерөнхийлөгчид зовлон яриагүй. Гагцхүү үүсээд буй хүндрэлээс гарах арга замаа л ярьсан, хамтдаа ярилцсан.-Тэгээд ямар гарц гаргалгаа, шийдэлд хүрэв?

 -Манай Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн 55 холбооны саналыг танилцуулж, салбарын хувьд хэрхэн сэргээх талаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн ажлын албаныхан ч бизнес эрхлэгчидтэй уулзаж саналыг нь авсан. Ер нь 100 бизнесмэнтэй уулзаад санал авахад нэг бизнесмен өөрийнхөө компанийн асуудлыг л яриад байдаг. Харин мэргэжлийн холбоод, мэргэжлийнхээ түвшинд асуудлыг хөнддөг. Жишээлбэл, орон нутгийн түвшинд ямар арга хэмжээ авбал орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлүүд босох вэ, үндэсний хэмжээнд ямар арга хэмжээ авбал экспорт урагшлах вэ гэхчлэн өргөн хүрээнд асуудлыг хөнддөг учраас салбарын мэргэжлийн холбоодын саналын байр суурь илүү даацтай байдаг юм. Тэр ч утгаараа дээрх уулзалтын үеэр 18 мэргэжлийн холбоо саналаа хэлсэн.

-Эдийн засгийг сэргээх, хүндрэлээс гарах ямар тодорхой гарц, шийдлүүдийг санал болгов?

-Гурван үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа талаар Засгийн газарт саналаа тавьсан. Нэгдүгээрт, бид Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор дэвшүүлж буй шинэтгэл, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих бодлогууд, холбогдох хуулийг төслүүдийг дэмжиж байгаа. Алсдаа эдийн засгаа сууриар нь босгох зорилтод чиглэсэн зөв, оновчтой бодлого гэж харж буй. Гэхдээ хэрэгжиж, бодит үр дүнгээ өгөхөд хугацаа шаардлагатай. Жишээ нь хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн төслийн үр дүнг монголчууд шууд хүртэхгүй. Тиймээс бид он дуустал эдийн засаг, үйлдвэр, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг яаж сэргээх вэ гэдэг дээр төвлөрч ажиллаж байна. 

Тухайлбал, мах, ноос ноолуур, хөнгөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг яаж сэргээх вэ. Нүүрс, зэс, уул уурхайн бүтээгдэхүүнийхээ экспортыг хэрхэн нэмэгдүүлж, гадаад зах зээлд хурдан гаргах юм бэ... Манай урд хөрш Хятад улс гэж асар том зах зээл байна. Дэлхийн хамгийн том худалдан авагч. Бид хоёр улсын Ерөнхийлөгч нарын тохиролцсоноор нүүрсээ 50 сая тоннд хүргээд гаргачихвал төсөвт хүндрэл үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, он дуустал эдгээр асуудлаа шийдэх ёстой. Ирэх оны хувьд урт хугацаандаа үр дүнгээ өгөх аж үйлдвэрлэлийн салбараа сэргээхийг зорих нь мэдээж. Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ “Монгол Улс 15.1 их наяд төгрөгийн төсөвтэй.

Түүнээсээ 11 их наядыг нь цалин хөлс, халамж гэхчлэн хэрэглээндээ зарцуулж байна. Цаана нь үлдэх 3.9 тэрбум төгрөгийг үйлдвэр, аж ахуйн нэгжээ сэргээхэд зарцуулдаг” гэж байна билээ. Тэгвэл 2022 онд улсын төсвийн 15.1 их наяд төгрөг бүрдэх эсэх дээр анхааръя. Төсвийн 15.1 их наяд төгрөгийн 75 хувийг дотоодын бизнес эрхлэгчид, 25 хувийг нь уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Уул уурхайн салбар нийт экспортын 95 хувийг гаргадаг ч төсвийн 25 хувийг л бүрдүүлдэг гэсэн үг. Тиймээс нийт төсвийн 75 хувийг бүрдүүлдэг хэсгээ дэмжье. Тэдгээрийн үйл ажиллагааг нь сэргээж, ажлын байрыг хадгалахгүй бол ирэх жил эдийн засгийн байдал нэлээн хүндрэх төлөвтэй байгаа нь нууц биш. Тэр ч утгаараа саналаа Засгийн газарт тавьсан. Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэе, төсвийн шинэтгэлд тусгая гэж байр сууриа илэрхийлсэн.

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн онцлог гэвэл та юу хэлэх вэ?

-Өвлийн бэлтгэл, төсвийн тодотгол хэлэлцэхийн өмнө эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн нь их ажлын эхлэл гэж ойлгож, найдаж байгаа. Засгийн газрын тэргүүн, “Хурлаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газрын хурал дээр тайлагнана. Ирэх хавар ажил эхлэхийн өмнө энэ удаагийн чуулганаар ярьсан ажил хэрхэн хэрэгжсэн талаар эргэж уулзаж ярилцана” гэсэн. Ийм маягаар харилцан уялдаатай хамтран ажиллавал Монгол Улсын эдийн засаг босно, сэргэнэ гэж найдаж байна. Түүнээс гадна Засгийн газарт хувийн хэвшлийнхэн 2022 оны төсөвт туссан улсын төсвөөр барих барилга, худалдан авах үйл ажиллагаа, хэвлэх ном, худалдаж авах ширээ сандал гэхчлэн бүх юмаа боломж байвал эх орныхоо үйлдвэрүүдээр хийлгээч гэсэн хүсэлтээ хүргүүлсэн. Судалж үзье гэсэн.

Ингэж чадвал ажлын байр нэмэгдэнэ, иргэд цалин орлоготой байна. Эргээд улсын төсөвт төлөх татвар нэмэгдэнэ. Түүнээс гадна төрийн байгууллагууд тендер зарлалаа гэхэд манай аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа нь зогсоод нэг жил болчихсон, зарим нь арилжааны банкинд зээлтэй, магадгүй зарим нь өртэй байгаа. Өр, авлагыг цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалтай холбогдуулаад харгалзалгүйгээр яг тухайн ажлыг хийж чадах компаниудад ажлаа өгчихөөч. Тэр хэрээр Монголынхоо эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ болно гэдэг байр сууриа ч илэрхийлсэн.

-Бизнес эрхлэгчдэд татвар, хураамжтай холбоотой дарамт хүндрэл үүсэж байна уу, шийдэх ямар гарц байна вэ?

 -Ний нуугүй хэлэхэд оны эцэст маш олон жижиг, дунд үйлдвэрийн нөхцөл байдал хүндэрнэ. Авсан зээл, хүүгээ төлж чадахгүй, эхнээсээ үйлдвэрлэлээ явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Бодит нөхцөл байдлаа хамтдаа үнэлье. Хүнд байдалд орсон үйлдвэрүүдийнхээ алинд нь хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг үзүүлбэл, бүтээгдэхүүн нь борлож, ашигтай ажиллаж, ажлын байраа хадгалж болохоор байна вэ. Тэр хэсгийг нь дэмжье. 

-Уулзалтын үеэр хувийн хэвшлийнхэн 1.5 жилийн хугацаанд төрийн хяналт шалгалтаа зогсоогооч гэж байсан. Дарамт шахалт гэдэг утгаар нь хэлсэн л дээ...

-Өнгөрсөн онд 3200 төрлийн байцаагч аж ахуйн нэгжүүдийг шалгаж байсан гэх тооцоо байна. Шалгалт гэдгийн ард дарамт, авлига дагалддаг нь нууц биш. Эдийн засгийн ийм хүнд үед ажил хийлгэхгүй төвөг болдгоо л болиоч гэсэн юм. Түүнээс биш үйл ажиллагаа Монгол Улсын хууль, мөрддөг стандартын дагуу л явна шүү дээ. Тухайн үйлчилгээг эрхэлж буй хүн өөрөө л хариуцлагатай бай. Жишээ нь улсын хөрөнгөөр барьсан олон барилга байна. Хүлээлгэж өгөх гэхээр цар тахлаас болоод Улсын комисс нь ажилладаггүй. Үүнээс болж банкнаас зээл авсан барилгын компаниуд хүнд байдалд орж байна. Комисс хүлээж аваагүй учраас Сангийн яам нь мөнгөө гаргаж өгдөггүй ч гэх юм уу асуудлаас болж, хувийн хэвшил, төрийн байгууллагын хооронд асар их хэмжээний өрийн сүлжээ үүсчихсэн. 

Эрчим хүчний ассациоци гэхэд 92 тэрбум төгрөгийн авлагатай, авлагаа авч чадахгүй бол асар хүнд нөхцөл байдалд орлоо л гэж байна билээ. Зээлээр барилгаа барьчихсан компани төсвөөс мөнгөө авсны дараа өрөө барагдуулах гээд хүлээгээд байдаг. Гэтэл улсын комисс хүлээж аваагүйгээс болоод төсвийн мөнгө авч чадахгүй байна. Энэ мэт олон асуудлыг дотор нь зохицуулж болохоор байгаа юм. Асуудлыг хурдан зөв шийдвэрлэж, эдийн засгаа аврах ажлаа шуурхайлах нь ойрын үеийн зорилт болчихлоо. Цаашдаа шинэ сэргэлтийн хуулийнхаа дагуу томоохон хөрөнгө оруулалт, том нөхцөлөө бүрдүүлээд явбал Монгол Улс “босоод” ирнэ гэсэн итгэл, бодолтой явна даа.

-Одоогоор хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бодлого жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийнхнийг дэмжих бодит зохицуулалт болж чадаж байна уу. Эсвэл зарим зохицуулалтыг эргэж авч үзэх, өөрчлөх шаардлагатай юу?

 - УИХ-аас хууль батлан Засгийн газар, Монголбанкны бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй том арга хэмжээ бол Эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр. Бодлого, ерөнхий төлөвлөлт нь асар том бодлогын арга хэмжээ л дээ. Жишээ нь, жижиг дунд үйлдвэрлэгчдэд хоёр их наяд төгрөгийг олгох хүрээнд 1800 гаруй аж ахуйн нэгж, 125 мянган ажлын байраа хадгалж чадсан гэх тайлан гарсан байна билээ. Тийм байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зарим төрийн байгууллага, агентлагуудын шийдвэр бизнес эрхлэгчдэдээ гох дэгээ болдог асуудал олон бий. Ганц жишээ дурдахад, ноолуурын салбарыг дэмжихэд 300 тэрбум, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжихэд 250 тэрбумын зээл өгнө гээд заачихсан.

Гэтэл хэрэгжүүлэх зааврыг нь гаргахдаа тухайн аж ахуйн нэгж зургаан сарын өмнөөс зээл аваагүй, өмнө нь хуримтлагдсан өргүй, зээлийн хугацаа нь долоон сар байх ёстой гээд журам гаргачихаж. Энэ журмаас болоод яг ноолуур бэлтгэж авах ёстой, хамгийн олон ажлын байр бий болгодог, ноолууран бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой үйлдвэрүүд нь хамрагдах боломжгүй болчихсон. Гэхдээ зохицуулж болно л доо.-Ямар зохицуулалт байж болох вэ?

-Зохицуулж болно. Энэ бол бодлогын буруу биш. Төр зөв бодлого гаргасан. Гагцхүү хэрэгжүүлэх явц буюу дунд шатанд ийм үл ойлголцох гох дэгээ тавьчихаад байгааг яаралтай засъя гэж Монголбанк, Засгийн газрын түвшинд яриад дүрэм журмаа өөрчилж байх шиг байна. Иймэрхүү маягаар бид бие биенээ ойлгож, буруу ойлголт, зөрүүтэй байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Нэгтгэхийн тулд нэгдэж ажиллая, ил тод байя. Үүрэг хүлээсэн бол үүргээ биелүүлье, учраад буй хүндрэл бэрхшээлээ ил яръя. Хамгийн гол нь учирсан хүндрэл бэрхшээлээс гарах арга замаа яръя, улстөржихөө болъё.

-Ажлын байр сүүлийн саруудад нэлээн хумигдсан гэх мэдээлэл байна. Цаашид ажлын байрыг тогтвортой хадгалах бодлогыг ямар хүрээнд авч үзэж, яаж хамгаалах нь зөв гэж үзэж байна вэ?

-Үнэн хэрэгтээ ажлын байрны хомстол, хумигдал эдийн засагт өргөн хүрээтэй байгаа. Олон жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сэргээж чадаагүй. Монгол Улсын төсвийн 80 хувийг том аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны 70 хувийг бий болгодог. Өөрөөр хэлбэл олон хүнийг ажлын байраар хангаж, олон айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг залгуулдаг. 

Олон жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээж чадахгүй байна гэдэг ажлын байр хадгалагдаж чадахгүй, тэнд ажиллаж байсан олон мянган хүн орлогогүй болж, амьдрал ахуй нь хүндрээд байна гэсэн үг. Үүссэн бодит хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахын тулд эдийн засгийн шинэ сэргэлтийн хүрээнд энэ ондоо ямар арга хэмжээ авах, ирэх онд юу хийхээ тодорхой төлөвлөх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрүүдээ сэргээх талаар бодит арга хэмжээ авъя, төлөвлөе, судлая, ажлын хэсэг байгуулъя гэж тохиролцлоо.-Эдийн засгийн хүрээний ямар томоохон төслүүдийг эрчимжүүлж, хөдөлгөх шаардлагатай вэ?

-Бидний хувьд Засгийн газраас дэвшүүлж буй томоохон төсөл хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна. Тухайлбал, газрын тосны хөтөлбөр, төмөр замыг нэн яаралтай барьж дуусгах асуудал, авто замын томоохон төслүүдийг дэмжиж байгаа. Том төсөл хэрэгжихэд цаг хугацаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй. Том төслүүдээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн орлогыг бүрдүүлж буй татвар төлөгчдийнхөө үйл ажиллагааг дэмжих асуудал маш чухал шүү гэдгийг ахин хэлье.

 - Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх бодит боломж байна уу, цаашдаа эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх шаардлага үүсэх үү?

-Гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдасгах, шинэ техник технологи орж ирэх, монголчуудыг илүү өндөр цалинтай, баталгаатай ажлын байр бий болох том хөшүүрэг гэж хардаг. Тэр утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль, Засгийн газрын байр суурийг дэмждэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын асуудал дээр жижиг сажиг алдаа гаргаад л байгааг Ерөнхий сайдтай уулзахдаа хэлсэн.

-Тухайлбал, ямар алдаа ажиглагдаж байна?

- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн үйлдвэрүүдэд ажиллах 3500 гаруй аижллах хүчнийг энэ жил хилээр оруулж чадаагүйгээс эдийн засгийн асар том хүндрэлүүд үүссэн. Тухайлбал, манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай төмөр боловсруулдаг үйлдвэрүүд байдаг. 

Багахангай, Багануурт гээд Улаанбаатар хотыг тойроод 30- аад мянган тонн төмөр арматур үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байдаг юм байна. Тэдгээр үйлдвэрийн ажилчид нь орж ирж чадаагүйгээс дотоодын зах зээлд төмөр арматурын үнэ хоёр дахин өсчихлөө. Нөгөө талд нь энэ үйлдвэрүүдэд ажиллаж байсан монгол ажилчид ажилгүй хүлээгдээд суучихлаа.Бид эдгээр асуудлыг бодитоор үнэлж дүгнээд хэдийгээр цар тахлын халдвар буурахгүй байгаа ч гаднын мэргэжилтнүүдээ оруулж ирэх ёсой гэсэн байр суурьтай байна. Дарханы зам, Төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр ажиллах гадаадын ажилчдаас өөрөөр бусад салбарт гадны ажиллах хүч орж ирсэнгүй. Бүхий л түвшинд ажиллах хүчнийг ялгаварлахгүй оруулж байж ажлын байр нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээгээр дэмжлэг болно. Өнөөдөр дотоодын зах зээлд цементийн үнэ өсчихлөө. Яагаад өсөв гэж судлахаар шинээр барьсан цементийн үйлдвэрүүдийн туршилт тохируулга, нарийн технологи дээр ажиллах мэргэжилтнийг оруулж ирэх зөвшөөрөл гараагүйгээс болж үйлдвэрлэл буурсан байна. Эдгээр асуудлыг эртнээс харж, ХНХЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна. 

Ирэх хавар барилгын ажил эхлэхэд цемент болон арматурын нөөц хэр байгаа юм бэ. Дотоодын үйлдвэрүүдэд төмрийн нөөц байна уу. Нөөц байгаа бол үйлдвэрт ажиллах шаардлагатай гадаадын хэдэн хүн хаана байгаа юм бэ гэдгээ ил тод ярилцаад шийдэлд хүрье. Хоёрдугаарт, төр засгийг зоригтой шийдвэр гаргахад тээг болдог хүчин зүйл бас байна л даа.-Төрийн шийдвэрт нөлөөлдөг гэхээр ямар хүчин зүйл байна вэ. Тодруулаач?

-Хэвлэл мэдээлэлтэй холбоотой гэж хэлж болно. Дарханы замд ажиллах ажилчид гээд л байдаг, ажилчид бус дандаа инженер, техникийн ажилтнууд орж ирсэн юм байна. Цэвэрлэх байгууламжид ажиллах мэргэжилтнүүд орж ирлээ гэхээр л, манайхаар дүүрэн хужаа орж ирлээ, монгол хүн ажиллуулсангүй гэдэг. Хөдөө аж ахуйн салбарт мал нь түүхэнд байгаагүйгээр өсөж, ногоо цагаа, үр тариа сайн ургалаа. Эргээд махаа экспортод гаргахаар бэлдэхээр л, хятад руу бүх махаа гаргаснаас болж махны үнэ өсчихлөө гээд шуугиад унадаг. Ний нуугүй хэлэхэд, хэвлэлээр ингээд шуугиад байхаар том гүрнүүд эмзэглэдэг юм байна. Яагаад ингээд бичээд байдаг юм бэ, бид Монголоос ямааны мах л авч байгаагэх зэргээр үл ойлголцол гардаг юм байна. Бид 30 жил ардчилал хүний эрхийг хөгжүүллээ. Гэхдээ хязгаар, ардчиллын хүрээнд дагаж мөрдөх ёстой зүйл, ёс зүй, хэм хэмжээгээ сахидаг байя гэдэг л байр суурьтай байна даа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна