С.Бямбадэлгэр: Сонсголгүй иргэд сонсохоос бусдыг чаддаг


Д.БЯМБАСҮРЭН

Сонсголгүй иргэд сонсохгүй л болохоос бүхнийг чаддаг. Нийгэм ерөөс нэг ч хүнийг орхихгүй тэгш гараанаас хөгжлийн замд гарвал хөгжинө хэмээн ярих дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Таны сүүлийн үеийн ажлын сонин сайхнаас яриагаа эхэлье?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Сэргээн засах сургалт үйлдвэрлэл төвийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуульдаа багшилж, хувь хүний санхүү, амьдрах ухааны хичээлээ зааж байна.

Мөн Монголын дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо болон МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөртөө ажиллаж байна даа.

-Уран бүтээлчидтэй хамтарч үйл ажиллагаа, тоглолтод оролцож байгаа харагдсан. Дохионы хэлээр хүний яриаг хүргэхээс гадна дуулж, бүжиглэх гэдэг өөр мэдрэмж байх?

-Мэдээж жирийн сургалт, онолын орчуулга, мэдээнээс дууны орчуулга өөр. Өөрөөрөө дамжуулан тухайн дууны үг, ая, хэмнэлийг хүмүүст хүргэнэ. Сонсголгүй иргэд маань сонсохоос бусдыг чаддаг. Тэд бидний адил дуулна гэхдээ дохиогоор дуулна. Тэдэнд хүмүүсийн сонсох дуртай ая, эгшгийг хүргэхийн тулд уран бүтээлчдийнхээ санал дээр үндэслэн дууг хэлмэрчилж буй. Орчуулгын хувьд эхлээд тухайн дуугаа мэдэх их чухал ч дуугаа урьдчилан мэдэж, бэлдэх боломж ховор. Ихэвчлэн шууд орчуулга хийдэг. Нөгөөтээгүүр монгол дуу их баялаг, өргөн цар хүрээтэй, нэгийг нөгөөтэй зүйрлэсэн байдаг. 

Тухайлбал, уртын дуучин Б.Батцэцэглэнтэй “Үлэмжийн чанар” дууг хүргэсэн. Энэ гайхамшигтай дууны үг, ая, цохилт бүрийг өөрөөрөө дамжуулан мэдэрч гаргах, хамгийн гол нь баялаг утга агуулгыг хүргэхэд бэлтгэлгүй хэцүү байсан ч шууд бичлэгтэй болохоор шууд орчуулахаас өөр аргагүй. Ерөөс миний биеийн хөдөлгөөнөөр дамжуулаад уянгынх уу эсвэл цоглог дуу юу гэдгийг мэдэрдэг юм шүү дээ.-Урлагийн тоглолт болон олон нийтийн арга хэмжээний үеэр сонсголгүй иргэдээ дэмжиж, дохионы хэлмэрчдийг урих нь элбэг болсон анзаарагдаад байгаа?

-Дэлхий нийтийн хандлага нэг ч хүнийг орхихгүй хамтдаа хөгжих чиглэлд явж байна. Энэ хандлага урлаг соёлоор хязгаарлагдахгүй бүх салбарт илэрч байна. Товчхондоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгайлах нь буруу. Бүх хүмүүс тэгш гараанаас эхлэх ёстой юм. Энэ дууг бид л сонсох ёстой, дуулах ёстой гэдэг хандлагатай байсан бол одоо “Миний дууг нэг ч хүн үлдэхгүй сонсоосой” гэх хандлагатай болсон. Цаашид улам тэлж, нийгмийн харж байгаа харц, гаргаж буй хандлага аль болох нэг ч хүнийг орхихгүйгээр хамтдаа хөгжихийн төлөө байгаасай гэж хүсдэг. Дэлхийн энэхүү шинэ хандлагад өөрийнхөө хувь нэмрийг оруулах гэж зорьж байгаа хүний нэг нь би.

-Дуу орчуулах санаа юунаас төрөв?

 -Энэ бол сонсголгүй олон нийтийн хүсэл. “Ухаарч амьдрах хорвоо” дууг хэлмэрчилсэн чинь нэг сонсголгүй залуу “Ийм дуу байдаг юм уу, аав, ээж маань надад захиж, хэлж байгаа мэт санагдсан” гэсэн нь шууд нөлөөлсөн. 

Урлаг соёлоор дамжуулж, хүний оюун санаа, амьдрал, хандлага, зүрхэнд өөрчлөлтийг авчирч болдог. Сонсголгүй иргэд маань, бид ч бас ээж, аав, уул, усаа магтан дуулах ёстой гэдгийг ухаардаг. -Энгийн хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэр бүр сэтгэл зүрхээрээ ойлгох нь ховор. Таны хувьд хэдийн тэдэнтэй холбогдож, илүүтэй мэдэрдэг байх даа?

-Хэлмэрч, орчуулагч хүн тухайн хүнийхээ баяр жаргал, уйтгар гунигийг яг тэр мэдрэмжээр нь нийгэмд хүргэхийг хичээдэг. Нөгөө талаар аав, ээжийн маань өгсөн хүмүүжил ч нөлөөлдөг байх. Аав маань “олонтой яваарай” гэж захидаг юм. Зарим хүн, би түүнтэй харьцана, харьцахгүй гэдэг дээ. Харин миний хувьд хэнтэй ч найз нөхөд болж, аавынхаа захиснаар олонтойгоо явах дуртай.

-Сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөд нь аливааг сонсож, мэдэхэд нь тусалдагт талархдаг тохиол олон биз?

-Тэгэлгүй яахав. Дандаа баярлалаа гэдэг үгийг хэлдэг. Энэ дагуу хөдөө, орон нутгийн залуус манай сургуульд ирээд өөрийн дохионы хэлээ илүү сайжруулж, ажил мэргэжилтэй болно . Тэднээсээ маш их урам авдаг. Дээр хэлсэн дээ, сонсголгүй иргэд сонсохгүй болохоос биш бүхнийг хийж чаддаг гэж... Гэтэл нийгэм болон бусад хүмүүс юу ч чадахгүй мэтээр ойлгодог. Бид сонсдог учраас их сургуульд сурахдаа бүх мэдээллийг авна. Харин сонсголгүй иргэд мөнгөө төлөөд, хүүхдийн лекцийг хуулаад, эргүүлээд багшдаа үзүүлээд боловсрол эзэмшдэг.

 Бид өвдлөө гээд эмчид очоод зовуурь шаналгаагаа хэлдэг бол сонсголгүй иргэд заавал хэн нэгнээр дамжуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын бүх зүйлд сонсголгүй иргэд маань биднээс илүү хүч гаргаж амьдардаг учраас энгийн хүнээс илүү гайхалтай, мундаг байдаг юм. Бид сонсголгүй олон нийтээ хүлээж аван, сонсох цаг нь болсон.-Дохионы хэлд түвшин гэж бий юү. Дууг хэлмэрчлэхэд илүүтэй ур чадвар шаарддаг болохоор дээд түвшнийх гэж ойлгож болох уу?

-А, B,C зэрэг дохионы хэлний түвшин бий. Ямар түвшинд сурах нь тухайн хувь хүний хичээл зүтгэл, сонирхлоос хамаардаг. Түүнээс биш дуу хамгийн дээд түвшин биш л дээ. Хамгийн гол нь агуулгыг зөв оновчтой гаргаж ирэх нь чухал.

-Хэн нэгний дутууг нөхөх, чадахгүй байгаа зүйлд дэм болохын сайхан мэдээж их. Дохионы хэлмэрч хийж байхдаа та аз жаргалтай харагддаг?

-Манай салбарын ихэнх ажилчид сэтгэлийн дуудлагаар ирсэн өөрсдийн сонирхол, бусдад туслах чин сэтгэлтэй залуус. Ерөөс хүн ажлаа аз жаргалтайгаар хийх ёстой. Ажлыг хэзээ ч хүнд хэцүүгээр хүлээн авч болохгүй. Залуус энэ тухайд их өөрчлөгдөж, нээлттэй болж буй санагддаг. Хүнээс асар их нөөц гарна. 

Дотроосоо асаадаг зүйлээ олбол хүн өөрөөсөө гэрэлтдэг. Ингэсэн тохиолдолд магадгүй дохисон ч аз жаргалтай дохино. Энэ ч утгаар нь би дохионы хэлд дуртай. Сонсголгүй иргэд маань Монголдоо төдийгүй дэлхийд болж буй бүхнийг сонсож, мэдээсэй гэж хүсдэг учраас ажлаа би аз жаргалтайгаар хийдэг юм. -Анх дохионы хэлмэрч хийж байсан үеэс өнөөдөр өөр болсон байх?

-Тийм ээ. Өдгөө бид энэ салбарт 30 жил болж байна. Жаахан охин байхдаа сонсохгүй байгаа найз нартаа бусдын ярьж байгааг сонсгох гэж л энэ салбарт орсон. Санаа нийлсэн хэдэн найз орчуулагч, хэлмэрч залуус л гүйдэг байлаа. Үр дүнд нь бид өнөөдөр сонсголгүй олон нийт гэж байдаг, тэдэнд хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ байх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Нийгмийн хандлага ч өөрчлөгдөж байна. Хамгийн гол нь өнгө бүрийн хүмүүс нэг нийгэмд амар тайван тухтай амьдрах нөхцөлд хувь нэмрээ оруулж байгаа маань бидний энэ салбарт хийсэн ажлын нэгээхэн хэсэг. Сонсголгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө дуу хоолойг гаргаж ирснээрээ нийгэм өөрчлөгдөж байна. Харин бид зөвхөн гүүр нь. Түүнчлэн төрийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцааны талаар болон нийгмийн тэгш бус эхлэлийн талаар сургалт аваасай гэж боддог. Бидний зүгээс сургалт явуулдаг ч хөдөө, орон нутгийн иргэдэд төдийлөн хүрдэггүй.

-Таны энэ салбарт хийсэн үйл хэргийг тань үнэлж төрийн дээд “Алтан нар” одонгоор шагнасан. Энэхүү шагналаа та хэрхэн хүлээж авсан бэ?

-Шагнал авахаа мэдээгүй. Гэнэт Эрүүл мэндийн яамнаас ярьсан. Тус яамнаас тодорхойлсон юм билээ. Товчхондоо, төр үнэхээр ийм үйлчилгээ манай улсад байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрлөө л гэж ойлгосон.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна