“Америкийг өөрчилсөн түүхэн хэргүүд”


Г.ЭНХГЭРЭЛ

"Аз хур” номын их дэлгүүрт есдүгээр сарын 11-ний өдөр “Америкийг өөрчилсөн түүхэн хэргүүд” номын нээлт болж өнгөрлөө. Тус номын зохиолч нь хүний эрхийн активист, судлаач Д.Ганчимэг хэмээх бүсгүй. Өмнө нь түүнийг “Дэлхийтэй танилцсан тэмдэглэл” гэсэн сонирхолтой бүтээлээр нь мэдэх тул удаах номын нээлтэд нь зорин очсон минь энэ. Тэрбээр энэхүү бүтээлээ хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд гаргаж байгаа бөгөөд АНУын Үндсэн хууль, эрхзүй, хүний эрх, нийгэм соёлын асуудлыг багтаан монголын уншигчдадаа хүргэхийг зорьсон байна. 

Номын нээлтийн үйл ажиллагааны хүндэт зочдоор УИХ-ын гишүүн асан, Иргэний оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулагч, зохиолч, улс төрч Ц.Оюунгэрэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, МУИСийн нийтийн эрхзүйн тэнхимийн багш Б.Ганзориг, ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны мэргэжилтэн Келли Базби, эрхзүйч О.Бат-оргил, “Stigmatized” буюу “Шоовдорлогдсон” номын зохиолч Э.Хандаа, Eagle телевизийн гадаад мэдээний нэвтрүүлэгч, тоймч Г.Ганбаяр, МУИС-ийн номын сангийн мэргэжилтэн О.Соня, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан нар оролцон үг хэллээ. 

Номын онцлог, үр өгөөжийн тухайд хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой АНУ-ын Дээд шүүхээс гарсан сонирхолтой хэргийн үйл явц, шүүхийн шийдвэр орсон. Ийм учраас тэрбээр номын нээлтдээ хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдийг ч урьсан юм. Учир нь хэвлэл мэдээллийн тэнцвэртэй байдал, танин мэдүүлэх, эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлах нь чухал билээ. Зохиолч Д.Ганчимэгийн “Дэлхийтэй танилцсан тэмдэглэл” аяллын тэмдэглэл нь анхны ном нь бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлсэн “Сүүдэр бүү тусга” аяныг мэргэжлийн болон нийгмийн хариуцлагынхаа үүднээс дэмжин оролцож байжээ. Түүнчлэн “Дэлхийтэй танилцсан тэмдэглэл“ номын ашгаасаа Сүхбаатар дүүрэгт шинээр баригдаж байгаа номын сангийн тохижилтод хандивласан юм. 

Энэхүү номонд АНУ үүсэн бий болох цагаас эхлээд өнөөг хүртэлх Америкийн нийгэмд онцгой хувь нэмэр оруулсан хэргүүдийг багтаан бичжээ. Тус номноос шүүхийн хараат бус байдал, үг үзэл бодлоо илэрхийлэх эрх, сонгуулийн санал хураалт, гүйцэтгэх засаглалын эрх, тэгш байдал, Ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн систем зэрэг асуудалтай Америкчууд хэрхэн тэмцэж, үндсэн эрх болон хүний эрхийн төлөө ямар хувь нэмэр оруулсныг мэдэж болох юм.



1
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна