ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын анхааралд


ОХУ-ын Засгийн газар тус улсын их, дээд сургуулиудад суралцаж буй гадаад оюутнуудыг КОВИД-19-ийн эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн эсэхээс үл хамааран танхимын сургалтад хамруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.

Оросын их, дээд сургуулиуд виз авах шаардлагатай гадаадын оюутнуудын нэрсийн жагсаалтыг бэлтгэж, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ОХУ-ын Дотоод хэргийн яаманд хүргүүлнэ. Эдгээр жагсаалтыг үндэслэн сургалтын виз олгох зөвшөөрлийг холбогдох яамнаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирүүлснээр, сургалтын виз олгох боломжтой болно.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс виз олгох зөвшөөрөл нь ирсэн оюутнуудын нэрсийн жагсаалтыг өдөр болгон шинэчлэн гаргаж байна. Иймд визний зөвшөөрөл ирсэн эсэхийг 9:00-12:00 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд биечлэн очиж шалгах боломжтой.

Түүнчлэн cons_ru@mongol.net цахим шуудангаар болон 326037 утсаар лавлах боломжтой. Харин виз олгох зөвшөөрөл ирээгүй тохиолдолд өөрсдийн суралцаж буй их, дээд сургуулийн захиргаанаас тодруулна уу.

Виз авсан оюутны нэр ОХУ-ын “Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн үйлчилгээний нэгдсэн сан (Госуслуги)”-ийн “Хил нэвтрэх гадаадын иргэдийн жагсаалт”-д бүртгэгдэж хилээр нэвтрэх эрхтэй болно.

Энэхүү жагсаалтад бүртгүүлэхийн тулд ОХУ-д зорчихоос 10 хоногийн өмнө зорчих хилийн боомт, товлож буй хугацаа, аялах тээврийн хэрэгслийн төрөл /онгоцоор бол нислэгийн дугаар/ зэрэг мэдээллийг сургуульдаа мэдэгдсэн байх юм. Уг мэдээллийг үндэслэн сургууль нь тухайн оюутны нэрийг дээрх жагсаалтад оруулж, энэ тухай цахим шуудангаар өөрт нь мэдэгдэнэ.

Насанд хүрээгүй оюутан зөвхөн нэг асран хамгаалагчийн хамт явж болно. Үүний тулд асран хамгаалагч нь визийн зөвшөөрөл авах хүсэлт, холбогдох мэдээлэл, баримт бичгийн хувийг сургуулийн захиргаанд бүрдүүлж өгнө. Гэхдээ асран хамгаалагч гэдэгт зөвхөн төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх нь хамаарахыг анхаарна уу.

ОХУ-ыг зорих оюутнууд нийт хоёр удаа КОВИД-19-ийн PCR шинжилгээг өгнө. Эхний шинжилгээг хил нэвтрэхээс 72 цагийн дотор өгч, “сөрөг” гэсэн хариуг хэвлэж биедээ авч явна. Хоёр дахь шинжилгээг хил нэвтэрснээс хойш 72 цагт багтаан хийлгэнэ.

Та бүхэн харьяалагдах сургуультайгаа холбоотой байж, ОХУ руу зорчих, сургуулийн дотуур байранд орох, танхимын сургалтад хамрагдах зэрэгтэй холбогдуулан сургуулийн захиргаанаас тавигдаж буй шаардлагыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгож байна.

Одоогийн байдлаар “МИАТ” компанийн аравдугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгт, “Аэро Монголиа” компанийн аравдугаар сарын 8-н болон 22-ны өдрийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн нислэгт тус тус тийзийн захиалга авахын зэрэгцээ хилийн Алтанбулаг автозамын боомтоор ОХУ руу зорчих боломжтой байна. 

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


2
4
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна