Ж.Сэнгэдорж: Урлаг улсынхаа хөгжлийг түүчээлдэг


З.УРСГАЛ

Хэдхэн хоногийн өмнө “Худалдагч охин” киноныхоо нээлтийг хийсэн найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхлэе?

-Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд “Худалдагч охин” гээд драм киногоо нээгээд, аравдугаар сарын 2-ноос IPTV шилжүүлэхээр төлөвлөөд байж байна. Корона вирусийн халдвар Монголд тархахаас өмнө зохиол нь бичигдсэн ч ид коронагийн үеэр зураг авалтаа хийсэн. Ээ базарваань, чанга байлаа. Цар тахлын хөл хорионы улмаас кино группын 30-аад хүнээ хамтад нь зочид буудалд байрлуулан тусгаарлаж, хамтдаа байж байгаад л зураг авалтаа дуусгасан. Чанга юм байна. 

Хүн ер нь хүн зовлон ирэхээр жаргалтай үеэ их дурсдаг юм билээ. Урьд нь бид ямар жаргалтай үед кино зураг авдаг байснаа мэдэрлээ. Мэдээж корона хэзээ нэгэн цагт арилж л таараа.Харин кино бол мөнхөд байж л байх зүйл. Цаг хугацааны шалгуурыг давж чадвал мөнхийнх ч гэж хэлж болно. Зураг авалтын үеэр гудамжинд масс тавихад гудамжаар дүүрэн амны хаалттай хүн явж байгаа юм. Тэр болгоны амны хаалтыг авч болохгүй, хүний эрхэнд халдсан хэрэг болно. Аргаа бараад өөрсдийнхөө хүмүүсийг авчирч зураг авсан. Амны хаалтыг нь нэгэн зэрэг авахуулаад л олны хэсгийн зургийг Улаанбаатар хотод авах гэж их л зовлоо, жаргалтай байх үеэ их л дурслаа... Сайхан байжээ, анзаардаггүй байсан олон зүйлийг ойлголоо. Өмнө нь зураг авалтын үеэр наад хүнээ наашлуул цаашлуул гэж орилоод эрх чөлөөтэй байж. Сая бол тийм юм байхгүй. Тэр хүний амны хаалтыг, за за больё гэх маягаар л зураг авалт хийгдсэн.

 -“Худалдагч охин” киноны талаар үзэгчид их сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан. Арилжааны киноноос алсарч байна манайхан гэх дүгнэлт ч содон сонсогдсон?

-“Худалдагч охин” бол +18 кино л доо. +18 гэхээр учиргүй айхтар секс гараад байх юм байна гэж ойлгож болохгүй шүү. Бидний амьдралд мөр зэрэгцэн оршиж байгаа эгэл жирийн ертөнцийг ил тод болгож өгөхийг л зорьсон. Ил тодоор хараасай, үзэгчид ч гэсэн энгийн юман дотроосоо амьдралаа мэдрээсэй гэж бодож хийсэн. Яагаад бид сексийг заавал хоёрдугаар суваг болгож, дандаа ичингүйрч нууж байдаг юм бэ... Киноны үйл явдал, секс шопод түр ажиллаж буй худалдагч охины тухай. Тэр охины үйл явдлаар дамжуулж, монголчуудын секст хандах хандлагын асуудлыг хөндсөн. 

Секс гэдэг зүйлийг тэгтэл их ичингүйрч нууж даран нийгмээрээ хүлээн зөвшөөрөхгүй хоёрдугаар суваг болгох нь нийгэмд сайн нөлөөтэй юу эсвэл муу нөлөөтэй юм уу.Энэ асуудлыг л зөв талаас нь харуулахыг хичээсэн. Өнөөдөр нийгмээ томоор нь харвал гэр бүлийн салалт, хүчирхийлэл гэхчлэн тулгамддаг хүнд асуудлын ард ихэнх хувийг нь сексийн амьдрал эзэлж байдаг. Кино зохиолоо бичихийн тулд секслогич, сэтгэл судлаач, гэр бүл судлаачидтай уулзаж судалсан л даа. Үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалтын гол нөлөөлөл нь секс байдаг нь ажиглагдсан. Их том орон зай эзэлдэг гэсэн үг шүү дээ. Гэсэн атал бид эл асуудлаа илэн далангүй илэрхийлээд ярьчихаж болдоггүй эсвэл чаддаггүй. 

Нийгэм нь өөрөө социализмын үеэсээ салаагүй ч юм шиг. Бодит байдал дээр ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болчихоод байдаг. Сексийн талаар зөв ойлголт мэдлэг өгөх хичээл ч ерөнхий боловсролынх нь сургуульд ордоггүй. Шуудхан хэлэхэд, секс, бие андарлогийн талаасаа хэцүү шүү дээ манайх чинь.Тиймдээ эл сэдвийг сонгож, киног барьж авсан. Тэр талаас нь тодорхой хэмжээнд тэр өнцгөөс нь хараасай гэж хүссэн, харагдуулах гэж хийсэн. Залуус, өсвөр насныхан сексийн боловсролгүйгээсээ болж амьдралд хөл алддаг. Мэдээж тэр болгоныг бүгдийг нь задалж, кинонд багтаах боломжгүй ч энэ өнцгөөс нь хараасай гэж киногоо хийсэн. Хүмүүс илүү их гэр бүлээрээ, хамтрагчтайгаа хамт үзээсэй. Секс гэхээсээ илүү амьдралын мөн чанарыг олж харах байх гэж бодож байгаа. Гэхдээ би киногоо гарахаас өмнө тайлбарлаад, би энэ киногоор тийм юм хэлэх гэсэн гэж задлаад байхыг хүсдэггүй. Миний ярьснаас илүү зүйлийг кино маань л хэлнэ дээ.

-Монголын кино урлагийг дэлхийнхтэй жишбэл хаахна нь яваа бол. Басхүү олон нийтийн гэх ч юм уу өдөржин шөнөжин гардаг солонгос сериалын орон зайг шахмаар санагддаг. Солонгосын хааны тухай кино үзэж суусан хүүхэд, энэ хаан Чингисээс мундаг у угэж асуухад л тэгж бодсон шүү?

­Монголын кино урлагийн хөгжлийг дэлхийн кино урлагийн хөгжилтэй харьцуулахад эхэн, дунд эсвэл төгсгөлд яваа гэж би хэлэх нь утгагүй, чадах ч үгүй байх. Хөгждөг зарчмаараа л явж байна гэж ойлгодог. Чанарыг сайжруулахын төлөө эрмэлзэж яваа хүмүүсийн нэг нь би. Өнгөрсөн 2020 онд бид, Монголын кино бүтээгчдийн холбоог байгуулсан. Холбоогоор дамжуулж, Монголын киног сайжруулах, чанаржуулах асуудалд анхаарал тавина. Түүнээс биш ардчилсан нийгэмд аж төрж байж, шууд л нэг сүрхий амьтан гарч ирээд Монголын киночид, кинонуудыг A,B,C гэж үнэлээд тавьчихвал ухвар мөчид асуудал болно. 

Гагцхүү яаж чанаржуулах ёстой юм бэ гэж цаад углуургаар нь харахаар, холбоо байгуулж, холбоондоо гишүүнчлэл байлгаад, гишүүнчлэл дотроосоо сургалт семинар хийж, чанарын түвшний асуудлыг нь яривал энэ нь хүний эрх талаасаа ч уран бүтээлчдийн хувьд ч харьцахад амар болж байгаа юм.Мэдээж аливаа урлаг тухайн улсын хөгжлийг түүчээлдэг. Урлагийн хөгжлөөр нь тухайн улсын хөгжлийг хэмждэг. Тэр утгаараа урлагийг өөрөөр нь чанаржуулахын тулд зөвхөн урлагийн байгууллагуудаа биш, тухайн нийгэм мөн үзэгчийг хүмүүжүүлнэ гэж их том ажил байна. Бодлогын асуудал л даа. Улстай хамтарч хэрэгжүүлэх бодлого. Бид нар чанарыг нь сайжруулах гэж байна гээд л хэдэн киночдоо хэдэн фестивальд явуулаад л, хэдэн хүнийг ийш тийш нь сургаад байхдаа биш... Боловсрол, Соёлын яамдтайгаа нягт хамтран ажиллаж байж гэмээнэ амжилтад хүрнэ.

Мэдээж бас үзэгчдээ боловсруулж авах бол тулгамдсан асуудал болчихсон. Бид 30 жил үзэгчээ алдлаа. Өнөөдөр 1990­ээд оны ээв, аав болчихсон залуус л кино театр руу явж байна. 30 жилийн турш алдсан тэр үзэгчдийг бид нар одоо хүмүүжүүлнэ гэдэг бол шууд хэлэхэд хүнд асуудал. Том болчихсон хүнд юм заах өөр, бага балчираас нь заах бас нэг өөр шүү дээ. 

Монгол кино, кино урлаг, соёлын бүтээл, контентуудыг өндөрт гаргаж өргөж явъя гэж байгаа л бол одоо өлгийтэй байгаа хүүхдүүдээс аваад бүгдэд нь монгол соёл урлагийн хүмүүжил гоо зүй гэдгийг суулгах ёстой болчихоод байгаа юм.-Багагүй хугацаанд алдагдсан үзэгчдээ боловсруулахын тулд яах ёстой гэж?

­-Бидний бага нас с оёл урлагийн давлагаан дунд байсан. Мэдээж тэрэнтэй зүйрлээд байж болохгүй. Ардчилсан нийгэмд шилжээд бүх юм шинэчлэгдсэн, урагшаа ахисан, давлагаалсан. Цоо шинэ урлагийн салбарууд орж ирсэн, дэлхийн соёл урлагийн өнцөг шал өөр юман дээр байгааг бүгдээрээ олж харцгаасан. Одоо бид тэдэнтэй мөр зэрэгцэх ёстой. Мөр зэрэгцэхийн тулд бид өөрсдөө боловсрох ёстой. Боловсрохын тулд дахиад л нялх хүүхэдтэйгээ зэрэгцэх хэмжээний мундаг уран бүтээлчдийг гаргаж ирэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ мэтчилэн бодлогын хэмжээнд хийх юм их бий.

 Өнөөдөр “Хөхөө”, “Гэргий”, “Хэвтрийн хүн” ч гэх юм уу иймэрхүү бүтээл тал руугаа барьсан кино хийхээр Монголын киноны зах зээл дээр маш хэцүү байдалд орчихдог.Мэдээж тэр кинонууд ч гэсэн тодорхой хэмжээний санхүүгээр бүтэж байгаа. Санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг гэсэн үг. Нөгөөтээгүүр нэг үеэ бодвол бүтээл үзэх үзэгчдийн хувь өсөж байгаа нь анзаарагдаж байна. Залуу үеийн давлагаа бий болчихсон. Арай өөр юм үзэх гэдэг үзэгчид бий болж байгаа нь авууштай дэвшил. Тэднийг олшруулах, боловсруулах ажил бас байна. Энэ бүхнийг хийхийн тулд Соёлын яамтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Нэг үеэ бодвол бид чинь Соёлын яамтай боллоо бас Монголын киноны хуультай боллоо. Сайхан л эхлэл.

-Монгол анх удаа Киноны тухай хуультай боллоо. Хуулийн талаар байр суурийг тань сонирхоё?

­-Би хуулийн төслийн ажлын хэсэгт дээр 2015 оноос хойш бүр анхнаас нь ажилласан. Хууль маань их цаг хугацаа, их зовлонг туулсан. Мэдээж анхны төсөл шигээ хууль батлагдаагүй л дээ. Анхны төслийг яагаад ч гүйцэхгүй. Анхны хувилбар дээр дэврүүн сайхан хүсэл мөрөөдөл зөндөө байсан. Гэвч хууль болоод цаасан дээр буугаад ирэхээрээ их хэцүү юм билээ. 

Хууль ганцаараа оршдоггүй, бусад хуулиудтайгаа уялдаг болохоор төвөгтэй юм байна билээ. Гэхдээ одоо нэгэнт хуультай болчихсон юм чинь цаашаа засаад, сайжруулаад явчих боломжтой болсон нь л сайхан хэрэг.-Дэлгэцийн бүтээл дээр л ажиллаад байх шиг. Тайзны бүтээл дээр ажиллахгүй юм уу?

­-Би хар нялхаасаа л тайзны ард өссөн. Чи мэднэ шүү дээ. Тайз гэдэг юманд би сүнсээ худалдсан аятай л амиа тавьдаг. Сургуулиа төгсөөд Хүүхэлдэйн театрт ороод гурван жүжиг тавьсан байдаг юм. 2012 онд “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ тавьсан. Миний хамгийн сүүлд хийсэн тайзны бүтээл. Тайз үнэхээр гайхалтай...

 Ер нь бол тайзны жүжиг хийнэ. Гэхдээ бас наана нь кино урлагийн салбарт тодорхой хэмжээний хүмүүстэй хамтраад эхлүүлсэн ажил, зорьсон зорилгоо биелүүлэх шаардлага байна. Зөв өнцгийг чиглэж, зөв өнцгийг мөргөж ойчихсон гээд тэр зүгт хамтраад орчихсон учраас дөхүүлэхийг бодоод байна. Тайзны тухайд угаасаа удахгүй тайзны бүтээл дээр ажиллана.Надад нэлээн хэдэн санал ирсэн. Тайзны тал дээр том том мөрөөдөл бий. Тайз бол агуу зүйл. Найруулагч хүний шандсыг шалгадаг гайхамшигтай тайз, тайзаараа байгаасай гэж би хүсдэг. Хөгжлийн жамаар манай урлагийн салбарт янз бүрийн урлаг, урсгал орж ирж байна. Гэхдээ тайз гэдэг өөрөө язгуур урлаг. Их бүдүүлгээр хэлбэл хүмүүс эвгүйцэж магадгүй. Үүх түүх яривал тайз язгууртнуудад зориулагдсан юм. Зүгээр л нэг сайн дурын нөхөр Нарантуул зах дээр явж байгаад тэр хувцастайгаа давхиж ирээд гарчихдаг ордон биш. Тэр утгаар нь тайзыг гарал үүслийнхээ тэр өндөр цензурт нь нийцсэн эрхэмсэг байлгахсан гэж боддог, бас хүсдэг.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна