Хүн амьдардаг, аж төрдөг, амьтад харин яадаг вэ?


МУСГЗ До.ЧУЛУУНБААТАР

Энэ янзаараа бол эх монгол хэл минь яана даа гэж бодохоор юм их гарах болжээ. Ингэж хэлснээ батлах гэж жишээ баримт эрж хайхын ч хэрэггүй. Ном, сонин, сэтгүүл, телевиз, радио, интернэт, сурах бичиг гээд хаанаас л бол хаанаас олдохоор, хаа сайгүй элбэг. Ганцхан баримтат киноны орчуулга, тэнд түмэнтээ давтагдах нэгхэн үгийг л аваад үзье. “Догшин усанд олон хул загас амьдарцгаадаг”, “Өвөөлж гэртээ байгаа юм шиг амьдарна”, “Цулбуурт загас амьдралынхаа турш өссөөр байдаг”, “Доргонууд гэр бүлийн гишүүдтэйгээ үүрэндээ дур зоргоороо амьдрах нь эрсдэлтэй биш”, “Тарвага амьдралыг тайвнаар харна”, “Харцаганд тайван байдал, тайван амьдрал шаардлагатай”, “Энэ амьтан хоолонд санаа зовохгүй амьдарна”, “Гүрвэл эмэгчинд ээ анхаарал сэтгэгдэл төрүүлэхийн тулд нуруунд нь массаж хийж өгнө”, “Залуу дорго хээлтэх хүсэлтай байдаг байна”, “Энэ амьтад тогтвортой хоолтой, хүнсний хомсдолд орохгүй”, “Ахууны эмэгчин нь хээлтсэнийхээ дараа өөх хураана”, “Янгирууд амралтын байдлаар байсаар, эрч хүчийн нөөцөө хурааж өнгөрүүлнэ”, “Хэрээнд муу эцэг эх байдаггүй билээ”, “Бор гөрөөс өөрсдийн тоо толгойгоо сэргээсэн байна”, “Энэ амьтдын ирээдүй нь аюулгүй харагдана”, “Энэ загас хүсээгүй зочдоос сүрдэх нь бараг үгүй юм”, “Энэ амьтад эмэгчдээ үржилд орохыг хөхиүлэн дэмждэг байна”, “Олон муухай дэгдээхэйтэй байх нь стратеги нь юм”, “Тарвага үүрэндээ бие засдаггүй”, “Илбэнхийг ариун цэвэрч бус амьтан гэж хэн ч хэлж чадахгүй”, “Эд болгоомжгүйгээр нүдэнд харагдсан бол идэгдэнэ”, “Нүхнээсээ хол бол асуудал гарна”, “Үнэг хүртэл сайшаан зооглоно”, “Энэ шувуу нарстай их дотно харилцаатай”.

Гадны баримтат кино манай Монголын нэгэн телевизээр гарч байгааг нь өнгөцхөн харвал, тайлбарыг нь ингэж л орчуулжээ. Хөөрхий нэг нэвтрүүлэгч хажуугаас нь харсан бол хар хөлсөө цутгуулан байж, арайхийн уншиж дуусгав бололтой. Амьтдын тухай юм уу гэтэл, хүний тухай ч яриад байх шиг, инээд ч хүрэх шиг, өхөөрдөм хөөрхөн ч санагдах шиг. Миний оронд хүүхэд багачууд байсан сан бол яах бол? Ингэж л хэлдэг юм байна гэж лавтайя бодно, дуурайна. Ямар ч билээ, нэг сонинд, “Говьсүмбэр аймагт дөрвөн ихэр хурга мэндэлжээ” гэсэн өгүүлбэр харсан минь санаанд буув. Хонь дөрөв ихэрлэнэ гэдэг нэн ховор.

Гэхдээ л хүнд хүртэл хэрэглэхэд хүнддэнэ гэж аль болохоор цэрвэдэг, цээрлэдэг төрөх гэдэг үгийн хүндэтгэл хурганд арай л ахдахаар. Иймэрхүү юм сонсож, тиймэрхүү юм бодсоор нэг хэсэгтээ яахаа мэдэхгүй, алмайрч орхив. Ан амьтны тухай баримтат киног уг нь хөнгөхнөөр егөөдөж, хошигнож хүнчлэх буюу хүн маягтайгаар хийхэд болохгүй ч юм байхгүй. Энэ киног тийм л аргаар хийсэн юм болов уу гэтэл, тийм шинж ерөөсөө байдаггүй. Амьтдын тухай тун бодитойгоор үзүүлсэн, хүүрнэн өгүүлсэн аятайхан кино бололтой байх юм. 

Indian summer гэдэг англи нэг хэллэг бий. Улирлаар юм бол өс, аравдугаар сарын намрын шар нар ээсэн тэр сайхан үе. Алтан намар, налгар намар, налайсан шаргал намар л гэсэн үг. Хүнээр бол, амьдрал ахуй нь тэгширсэн, аливаад хавчигдахгүй, гачигдахгүй, яарах юмгүй жаргал дүүрэн жараад нас.Ийм хэллэгийг Энэтхэгийн зун хэмээн үгчилж орчуулсныг нь дуулаад, өө, энэ чинь амьтан, хүнээ ялгаж чадахгүйдээ л тэгж орчуулж хэмээн урам хугарав. Амьдардаггүй амьтан ч гэж тэнд алга. Амьтан болгон л тэнд ч амьдардаг, энд ч амьдардаг гэнэ. Тэгж ч амьдардаг, ингэж ч амьдардаг л юм байх. Ганц энэ удаад ч биш. Амьтдын тухай бичих, ярихдаа амьдардаг гэдэг үгийг үй зайгүй хэрэглэдэг хүн зөндөөн. Амьтан, хүнээ яагаад ялгадаггүй юм бол доо гэж бүр гайхахаар. Монгол хүн, монгол хүний сэтгэхүйгээр хорвоо дээр амьдардаг, аж төрдөг нь ганцхан хүмүүн, хүн төрхөлхтөн. Бусдыг нь тэгж үздэггүй, хэлдэггүй, бичдэггүй. Амнаас салдаггүй нөгөө амьдардаг гэдэг үгээрээ хашир нэгнээс асуугаад үзээрэй.

­Танай тэмээ хаагуур амьдардаг вэ гэвэл, эхлээд гайхна, тэгснээ говиор идээшилдэг дээ гэнэ.

­Туулай хаана амьдардаг вэ гэвэл, ­Бут, дэрсэнд хярдаг даа гэх биз. ­Баавгай хаана амьдардаг вэ гэвэл, ­Ойд л байдаг амьтан даа гэнэ. ­Янгир хаана амьдардаг вэ гэвэл, ­Ян хаданд байдаг гэнэ. Загас усанд умбаж шумбаж байдаг, огтоно зурам нүхэнд ордог, шувууд энд тэнд үүрлэдэг гэх зэргээр ямар ч амьтдыг ерөөсөө тэнд энд амьдардаг гэхгүй. Амьтан болгонд тохируулж агуй, хонгилд хоргоддог, хоноглодог, үүрлэдэг, хэвтдэг, нөмөрлөдөг, нөмөрддөг, шургадаг, бэлчээрлэдэг, хэвтэш нь тэрүүгээр байдаг гэх зэргээр хэлж ярина.

Оросоор жить, англиар to live хэмээх үйл үгийн зөвхөн амьдрах гэдгийг л шүүрч аваад амьтан, хүнгүй амьдардаг гээд байж ерөөсөө таарахгүй. Орос, англиар аль алинд нь орших, байх, нутаглах, суух, ургах, буй болох, наслах, амьд байх зэрэг олон утга цаад угэнд нь бий. Монгол хэл яндашгүй. Тийн атал үгийн эрэл хийхгүй, олон салаа утгыг нь эргэцүүлэхгүй, хэдхэн үгэнд эргэлдэж, хольж хутгаж, эрэмдэглэж зэрэмдэглэсээр байвал “байн байсаар” нэг л өдөр энэ миний монгол хэл гэж бахтай хэлэх аргагүй, бүр танигдахгүй ч болохноон магадгүй, яанам бэ!


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна