Шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим нь шүүгчийн хараат бус байдлыг хангана


ХУУЛЬЧ Г.ГАНЗОРИГ

Шүүхийн шинэтгэлийн талаар бичиж байгаа цувралын дөрөв дэхь хэсэг болох энэ өгүүлэлдээ Дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах шаардлагатай тухай өөр нэг зарчмын асуудлыг хөндлөө.

 

АСУУДАЛ БОЛЖ БАЙГАА СЭДЭВ

Аливаа шүүхийн шийдвэр нь төгсгөлийн буюу эцсийн байх зарчимтай агаад Англиар “Finality of Judgement” гэдэг. Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд түүнийг өөрийн таалалд нийцүүлэн дураараа хүчингүй болгох, өөрчилөхөөс хориглосон агуулгаараа, энэ нь ардчилсан нийгмийн шүүгчийн хараат бус байдлын алтан зарчимд тооцогддог юм. Олонх улс оронд Дээд шүүхийн тогтоол нь тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр болно гэх ерөнхий ойлголт бий. Харин Монгол Улсын ЭХХШТХ-д шүүхийн шийдвэр эцсийн байх тухай заасан байдаг ч бодит байдал дээр энэ нь хэзээ ч эцсийн, төгсгөлийн шийдвэр болохгүй, хэрэгжих боломжгүй байдлаар УИХаас энэ хуулиар хуульчлан тогтоосон юм. Үндсэн хуулинд “Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна” гэж заасан. Төрийн гурван засаглалын нэг салбар болох шүүх эрх мэдлийн байгууллага нь энэ заалтыг баримтлан үйл ажиллагаагаа ардчилсан төрийн зарчмын дагуу явуулах үүрэгтэй.

Үндсэн хуульд заасан ардчиллын үйл ажиллагааны үзэл баримтлалыг хэрэгжүүлж, “шүүх хэрэг маргааныг мэтгэлцээнд үндэслэн шийдвэрлэнэ” гэж салбар хуульд тухайлан заасан нь шүүх эрх мэдлийн байгууллагын хүрээнд хийсэн нэн чухал ач холбогдолтой томоохон шинэтгэл болсон. Энэхүү шинэтгэлийн үзэл санаа урган цэцэглэх хөрс, суурийг өнөөг хүртэл бүрэн бий болгож чадаагүй байна. 

Шүүх хуралдаан талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах талаар хуулинд заасан ч хэрэгжүүлэх хангалттай нөхцлүүдийг УИХ-аас хуулиар тогтоож өгөөгүй. Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан ч салбар хуулиудад 1960 оны үеийн хуучирч хоцрогдсон, социализмын үзэл суртлыг илэрхийлсэн, төрийн эрх мэдлийг хүний эрх, эрх чөлөөнөөс дээгүүр тавьж, төрийн байгууллагад илүү эрх мэдэл олгосон тэр л зарчим, заалтууд өөрчлөгдөөгүй. Тухайлбал, ЭХХШТХнд төрд илүү эрх мэдэл олгох энэ үзэл баримтлал тодорхой хадгалагдан үлдсэн хэвээр байна. Тэдгээрийг хуулийг баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүгч, хуульчдын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хохироох зөрчил өнөөг хүртэл үргэлжилэн гарсаар л байгаа.

Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дүгнэлт, хоёр шүүгчийн тусгай санал, ерөнхий прокурорын эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн хэргийг нэгдсэн хуралдаагаар хэлэлцэхээр ЭХХШТХ-д заасан, өнөөдрийг хүртэл тухайн хуулийг шүүгч, прокурорууд хэрэглэсээр байгаа зэрэг нь үүний нотолгоо. Эдгээр субьектуудийн өргөн их эрх мэдлийг хязгаарлах нь шүүгчийн хараат бус байдлыг хангах нэг чухал нөхцөл болно. Харин хараат бус шүүгч нь бусдаас хамааралгүй байж, шударга шийдвэр гаргаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах боломжтой юм. Түүний тулд хуулийн эдгээр заалтыг өөрчлөх үндэслэл шаардлагын талаар энэ өгүүлэлд жижигхэн дүн шинжилгээ, тайлбар хийж эрхэм уншигчдадаа өргөн барив.


ЗӨРЧИЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ХУУЛИЙН ЗААЛТ, ТҮҮНД ХИЙХ ДҮН ШИНЖИЛГЭЭ

ЭХХШТХ-ийн 40.10 дугаар зүйлийн 1, 3-т хяналтын шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргахаар, үндэслэлгүй гэж үзвэл хариу өгөхөөр заажээ. Хуулийн 40.11 дүгээр зүйлийн 1-д Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэхээр заасан.

 Хуулийн эдгээр заалтаас харвал, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэхгүйгээр хариу өгч болохоор, харин прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэргийг нэгдсэн хуралдаанаар заавал хянан хэлэлцэхээр ялгаатай байдлаар хуульчлан тогтоож, прокурорт давуу эрх олгосон явдал юм.Түүнээс гадна, ЭХХШТХ-ийн 40.11 дүгээр зүйлийн 1-д Хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичсэн тохиолдолд хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэхээр заасан. Ерөнхий шүүгч өөрөө дүгнэлт бичиж, хуралдааныг товлож, хуралдааныг даргалж явуулахаар хуульчлан тогтоосон нь, Эрүүгийн танхимын шүүгч бус шүүгч, Танхимын шүүгчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, өөрийн бичсэн дүгнэлт, саналаа зөвшөөрөхийг шүүгч нарт тулган хүлээлгэж, танхимын шүүгчдийн хараат бус байдлыг ноцтойгоор зөрчих байдалд хүргэдэг. Танхимын таван шүүгч тухайн хэргийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцэж, нэгэнт тогтоол гаргасан байхад, хамтын шийдвэрийг эс зөвшөөрч, үгүйсгэн мөн л нөгөөх шүүгч нараа дуудаж, суулган хуралдаанд оролцуулж, шийдвэрээ өөрчлөхийг санал болгосон дүгнэлтээ хэлэлцүүлж, өөрөө дангаараа “зөвхөн миний зөв, би, би...” гэж эрх мэдлээрээ далайлган дарангуйлах Ерөнхий шүүгчийн энэ үйл ажиллагаа бусад шүүгчдэд нөлөөлөх, гол арга хэрэгсэл болдог.

Энгийчилбэл, эрүүгийн танхимын шүүгч нарын хараат бус байдлыг зөрчдөг. Хожим нь ямар нэг хэлбэрээр хариу арга хэмжээнд өртөх боломжтой хараат байдалтай байгаа тохиолдолд, Ерөнхий шүүгчийнхээ дүгнэлтийг эсэргүүцэх зоригтой шүүгч байхгүй л байх болов уу. Ангийн анд, сургуулийн найз өмгөөлөгч, прокурор, нутгийн ах дүү нар болон бусад этгээдүүд Ерөнхий шүүгчид нөлөөлж, Танхимын шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх дүгнэлт бичүүлэхээр шахалт үзүүлж, Ерөнхий шүүгчид өөрт нь нөлөөлж, түүний хараат бус байдлыг алдагдуулах боломжтой нөхцөл энд бий болсон. Энэ нь Ерөнхий шүүгч, хувийн сонирхлын үүднээс хэргийг хэн нэгний талд ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр оролдож, шударга бус байдал гаргаж байна гэх ойлголт, бодол сэтгэлийг нийгэм, олон нийтэд төрүүлдэг. Мэргэшсэн шүүгчтэй байх нь зүйтэй гэж үзэж, Дээд шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим байгуулж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг төрөлжүүлсэн байхад, аль ч танхимд хамааралгүй Ерөнхий шүүгч гэнэт дүгнэлт бичиж, хуралдааныг даргалж байгаа нь эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хамтаараа боловсруулж хөгжүүлэх бодлогыг алдагдуулж, Танхимын тогтоосон практикийг зөрчихөд хүргэдэг.

Нөгөө талаар, энэ нь Эрүүгийн танхимын шүүгчдийн шударга байдал, мэргэжлийн ур чадвар, тэдний шийдвэрт итгэх ард олны итгэлийг алдагдуулдаг. 

Ерөнхий шүүгч, эсвэл тусгай санал бичсэн хоёр шүүгч эсхүл ерөнхий прокурор л зөвхөн “шударга, үнэнийг тогтоогч” мэт олон нийтэд харагдаж, тэдэнд нь л гомдлоо хүргэж чадвал тэд эцсийн шийдвэр гаргадаг “онцгой эрх дархтан” мэт ойлгогддог. Ерөнхий шүүгчийн дүгнэлтийн талаар хэлсэн энэ бүх асуудал нь хоёр шүүгчийн тусгай санал, ерөнхий прокурорын эсэргүүцэлд ч мөн зарим байдлаар адил хамааралтай. Тусгай санал нь зөвхөн санал л байх ёстой, дэлхий нийтийн жишиг ч тийм. Тусгай саналыг, Дээд шүүхийн Эрүүгийн шүүгчдийн хуралдаанаар эрүүгийн хэргийг дахин авч хэлэлцэх үндэслэл болгон хуульд заасан нь шүүхийн эрх мэдлийг илэрхий хэтрүүлсэн, мэтгэлцээний үйл ажиллагаанд шүүгч хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрч хуульчилсан, бие даасан шүүх эрх мэдлийн хүрээнээс үлэмж хальсан хууль гэх дүгнэлтэд хүргэдэг. Дээд шүүхийн танхимын хуралдаан дуустал бүх хуралдаан талуудын оролцоотойгоор, талуудын гомдолд үндэслэн мэтгэлцээний зарчмаар явагддаг.

Харин шүүх хуралдаанд огт оролцоогүй ерөнхий шүүгч, ерөнхий прокурор дүгнэлт эсэргүүцэл бичиж байгаа нь захиргаадах арга хэлбэрээр дарангуйлж, шүүх эрх мэдлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон байдалтай харагдаж байна. Энэ нь анхнаасаа мэтгэлцэх зарчмаар явагдсан гурван шатны шүүх хуралдааны ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж, нэг дарга хүний дураар аашилж байгаа хүсэл зоригийг хангахаар хэргийг шийдвэрлэхийг шаардаж байгаа асуудал юм. 

Үндсэн хуулинд заасны дагуу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий ерөнхий шүүгч ийнхүү дүгнэлт бичих, шүүгч тусгай санал гаргах замаар мэтгэлцээний тал мэт өөрсдөө идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан нь шүүхийн бие даасан байх зарчмыг өөрөө бүрэн үгүйсгэж, мэтгэлцэх зарчмыг бүрэн алдагдуулдаг. Ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийг өөрчлөхийг шаардаж байгаа ерөнхий шүүгч, шүүгч нар нь, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаанд шударга, хөндлөнгийн байр сууринаас оролцох боломжгүй болж, тухайн хэргийн талаар өөрөө хувийн сонирхолтой болж харагдаж, хараат бус байдлаа алдаж байгаа тул шүүгч нар шударгаар шийдвэр гаргана гэх олон нийтийн итгэл үнэмшил ч байхгүй болдог.


ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТОДОРХОЙ ЖИШЭЭ

С.Баярцогт нарын хэргийг анхан болон давах шүүх хянан хэлэлцсэний дараа, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлоор, 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүхийн тогтоолд зарим өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. УДШ-ийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ хэргийг нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцсэн жишгийг үндэслэн хэд хэдэн чухал дүгнэлт хийж болох юм.

Нэгдүгээрт, нэгдсэн хуралдаан эрүүгийн хэргийг прокурорт буцааж, дахин шалгуулах эрхтэй гэдэг нь тогтоогдож байна.

Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тохиолдолд энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байхад, нэгдсэн хуралдаан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байгаа нь, Дээд шүүх шүүгдэгчид заавал ял шийтгэл оногдуулахыг эрмэлзэж байгаа мэт харагдаж байна. 

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн тавд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж зааж шударга ёсны зарчмыг тодорхойлжээ. С. Баярцогтод анхан шатны шүүх нэгэнт ял шийтгэл оногдуулж, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хуралдаан түүний хэргийг хянан хэлэлцэн шийдвэр тогтоол гаргасны дараа, нэгдсэн хуралдаанаас түүний хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаснаар С. Баярцогтод шүүх хоёр дахь удаагаа ял шийтгэл оногдуулах болж байгаа нь иргэн С. Баярцогтын шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж, түүнийг хохироож байна.Эрүүгийн хэргийг Дээд шүүхээс прокурорт буцааж, дуаан хугацаагаар шалгуулж, шүүгдэгч, хохирогч, бусад оролцогчдийг чирэгдүүлэн, хохироож, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа асуудлыг Өдрийн сонинд 2021 оны долдугаар сарын 20-ны өдөр нийтлүүлсэн “Хүний эрхийн зөрчилд хүргэж байгаа хууль дахь “Хоёр Үг”” анхны өгүүлэлдээ тодорхой дурдсан тул энд дахин давтан нуршин өгүүлэхээс татгалзав. Гуравдугаарт, нэгдсэн хуралдааны энэ шийдвэрийн дагуу С. Баярцогтын хэргийг дахиад л мөрдөн шалгаж, хуульд заасан ердийн журмаар, анхан шатны, давах, Дээд шүүхийн эрүүгийн танхимын хуралдаанаар түүний хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа дахин шинээр эхлэн үргэлжлэн явагдах юм. Эдгээр шүүх хуралдааны дараа нэгдсэн хуралдаан хоёр дахь удаа явагдаж хэргийг прокурорт буцаах боломж нээлттэй үлдэнэ. Иймд С. Баярцогтын хэргийг прокурорт буцаах талаарх нэгдсэн хуралдааны тогтоол нь түүний хэргийг дуусгавар болгож байгаа шүүхийн эцсийн шийдвэр гэж дүгнэх боломжгүйд хүргэж байна.

ОЛОН УЛСЫН ЖИШИГ

“Wikipedia” тайлбар толь бичигт дурдснаар (Res judicata - Wikipedia) тогтоол шийдвэр эцсийн байх энэ зарчмыг латинаар Res judicata (RJ) \res iudicata\ гэж нэрлэдэг. Энгийнчилбэл “нэгэнт шийдвэрлэсэн асуудал” гэсэн агуулгатай. Шийдвэр эцсийн байх зарчим нь эрх зүйн хоёр чухал суурь асуудлыг тодорхойлж өгдөг. Нэгдүгээрт, эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн асуудлыг дахин авч хэлэлцэх боломжгүй, хоёрдугаарт, тухайн асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргахыг хориглодог. Шийдвэр эцсийн байх зарчим нь маргааны талуудыг шударга бус байдлаас хамгаалах арга хэрэглүүр болохоос гадна шаардлагагүй асуудалд үргүй зардал гаргахаас сэргийлж, шүүхийн төсөв хөрөнгийг хэмнэх боломжийг олгохоос мэтгэлцэгч талуудын ашиг сонирхлын тэнцвэртэй байдлыг хангах зорилготой. Үр өгөөжтэй шүүхийн тогтолцоог бий болгох нь энэ зарчмын хамгийн гол зорилго. Нөгөө талаар энэ нь шүүхийн шийдвэр эцсийн байх нөхцлийг тодорхойлно хэмээжээ. 

Америкад Ерөнхий шүүгч эрүүгийн хэргийн талаар дүгнэлт бичих эрхгүй байдаг. Дээд шүүхийн шүүгчид тусгай санал бичиж болох ч тэр нь зөвхөн шүүхийн практикийн ач холбогдолтой шүүгчийн өөрийнх нь хувийн байр суурь байх ба тусгай саналыг шүүхийн тогтоолын хамт нийтлүүлдэг.Зөвхөн мэтгэлцээний талууд болох шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокуророос ирүүлсэн гомдлыг Дээд шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцэх журамтай тул шүүгчийн тусгай санал эрүүгийн хэргийг авч хэлэлцэх үндэслэл болдоггүй. Корнелийн Их сургуулийн Эрх зүйн мэдээллийн Институтын цахим хуудсанд дурдснаар, АНУ-ын Дээд шүүх бүр 1792 онд шүүхийн шийдвэр эцсийн байх зарчмыг анхлан баталгаажуулж, өнөөг хүртэл баримтлан хэрэг маргааныг шийдвэрлэдэг. (Finality of Judgment as an Attribute of Judicial Power | U.S. Constitution Annotated | US Law | LII / Legal Information Institute (cornell.edu)). 1980 онд шийдвэрлэсэн Мк Курри гэдэг хүнд холбогдох эрүүгийн хэргийн тогтоолд, шүүгч Стьювард, “Шийдвэр эцсийн байх зарчим нь талуудыг шүүхийн хураамжаас ангижруулж, олон дахин шүүх хуралдаан хийж залхаахгүйгээр, шүүхийн зардлыг хэмнэж, адил хэрэг маргааны талаар өөр өөр шийдвэр гаргахаас сэргийлж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хангаж, урамшуулан дэмждэг” гэж тайлбарласан байдаг. (Allen v. McCurry, 449 U.S. 90, 94, 101 S.Ct 411 (1980)). Дээд шүүхийн шүүгч Стьювардын хэлснээр “... шүүхийн зардлыг хэмнэх...” тухай үзэл баримтлал нь шүүхийн шийдвэр эцсийн байх зарчимтай салшгүй чухал уялдаа холбоотой.

Эрүүгийн хэргийн ердийн зардлаас гадна эрүүгийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны хэргийг прокурорт буцаах шийдвэртэй холбогдон гарч байгаа хэргийг дахин шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад зориулан улсын төсвөөс гаргаж байгаа төсөв дээр нэмэлт дарамт, үргүй зардал болдог. Шүүхийн шийдвэр эцсийн байх энэ зарчмыг УИХ-аас олон улсын жишигт нийцүүлэн, Дээд шүүхийн эрүүгийн танхимын хуралдаанаар дуусгавар болж байхаар, бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой байдлаар хуульчлан тогтоох зайлшгүй шаардлагатай. Энэ тохиолдолд, нэгдсэн хуралдаан хийх шаардлагагүй болж, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгож буй төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах ажиллагааг таслан зогсоох боломжтой юм. World Press цахим хуудсанд, судлаач Еринеусын дурдснаар, шүүхийн шийдвэр эцсийн байх зарчмыг Филипини улсын Дээд шүүх ч мөн адил ойлгож хэрэглэдэг. The doctrine of finality of judgment | Batas Pinoy (wordpress.com))


СӨРӨГ ҮР ДАГАВАР

Ерөнхий шүүгчийн дүгнэлт, шүүгчийн тусгай санал, эсэргүүцлээр хэргийг нэгдсэн хуралдаанаар эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцэхээр тогтоосон журам нь хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг. Нэгдүгээрт, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэхгүйгээр хариу өгөх боломжтой байдлаар журамласан атлаа ерөнхий прокурорын эсэргүүцлээр хэргийг нэгдсэн хуралдаанаар заавал хянахаар хуульчлан тогтоож, төрийг төлөөлж байгаа прокурорт илүү эрх мэдэл олгож, ЭХХШТХ-иар тогтоосон мэтгэлцэх журмыг зөрчдөг учраас энэхүү суурь зарчим зөвхөн тунхаглал төдий болж үлддэг. Хоёрдугаарт, мэтгэлцээний нэг тал прокурорт илт давуу эрх олгох замаар, нөгөө тал болох шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлыг алдагдуулдаг. Гуравдугаарт, ерөнхий шүүгч, шүүгч нар нь прокурорын эсвэл шүүгдэгчийн байр суурийг дэмжсэн мэт ажиллагаа явуулж байгаагаараа шүүгчийн хараат байдлыг алдагдуулдаг.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор, гүйцэтгэх засаглалын салбарт багтах цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах, прокурорын яллах ажиллагаанд бие даасан шүүхээс тавих олон давхар хяналтын механизмыг бий болгосон жишээ бусад ардчилсан улс оронд түгээмэл ажиглагддаг. Харин Монголд тэр хяналтаас өөр агуулгатайгаар, Ерөнхий шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь шүүгчийн хараат бус байдлыг зөрчиж байгаа хэрэг юм. Ерөнхий шүүгч, “шүүхийн хаан” биш. Тиймээс тэрээр зөвхөн бусад шүүгчийн л адил эрх мэдэл эдлэх ёстой.

Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг “дүгнэлт бичих” онцгой эрхтэй болгож, “хэрэг маргааныг хянан шийдвэрлэх” шүүгч нарын нийтлэг эрхээс илүү давуутай эрх олгосон нь Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд Дээд шүүхийн үүргийг “эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх”, “доод шатны шүүхийн шийдвэрийг хянах“ гэж тодорхойлсон тул шүүгч нар зөвхөн тийм л хязгаалагдмал эрхтэй. Энд Ерөнхий шүүгч дүгнэлт бичиж, бусад шүүгч нараас илүүтэй эрх эдлэх тухай ямар нэг ойлголт, утга агуулга огт байхгүй. Энэ зүйлийн тавд байгаа “хуулиар тогтоосон бусад асуудлыг шийдвэрлэх” гэсэн заалт нь, 50 дугаар зүйлээр тогтоосон шүүх эрх мэдлийн үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдах тул ерөнхий шүүгч дүгнэлт бичих онцгой эрх эдлэх үндэслэлгүй гэж ойлгож болно.


 ДҮГНЭЛТ, ГАРЦ ШИЙДЭЛ

Дээр дурдсан бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийвэл, Монголын хуулийн заалт нь олон улсын хуулийн жишгээр шүүхийн шийдвэр эцсийн байх хоёр чухал суурь нөхцлийг зөрчиж байна. Нэгд, нэгдсэн хуралдааны шийдвэрээр хэргийг прокурорт буцааж байгаа тул “эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн асуудлыг дахин авч хэлэлцэх боломжгүй байх” зарчим зөрчигдөж байна. Нөгөө талаар Дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт бичих, хоёр шүүгч тусгай санал гаргах, ерөнхий прокурор эсэргүүцэл бичихээр хуулинд заасан нь “эцсийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн асуудлаар дахин гомдол гаргахыг хориглодог” зарчимд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн эдгээр заалтууд нь шүүхийн шийдвэр эцсийн байх зарчмыг бүхэлд нь үгүйсгэсэн агуулгатай.

Нэгдсэн хуралдаанаас хэрэг буцаах шийдвэр гаргах боломжтой хэвээр байгаа нөхцөлд, хуулийн 40.12 дугаар зүйлийн зургаагийн “шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэсэн заалт логик агуулгаараа хэзээ ч биелж, хэрэгжих боломжгүй. Тэгээд ч Монгол Улсын ЭХХШТХ-д “шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн зүйл заалт огт байхгүй юм байна гэдэг ойлголтыг төрүүлдэг. Иймээс шүүхийн шийдвэр эцсийн байх зарчмыг хуулиар тодорхой тогтоож хэрэгжүүлэхийн тулд ЭХХШТХ-ийн -д заасан ерөнхий шүүгч дүгнэлт бичих, хоёр шүүгч тусгай санал гаргах, ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, тэдгээрийг үндэслэн Эрүүгийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан хийх талаарх хуулиар тогтоосон журмыг хүчингүй болгож халах, Дээд шүүхийн эрүүгийн хэргээр мэргэшсэн танхимын шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчлах . мөн шүүгчид зөвхөн тусгай санал бичдэг байх өөрчлөлтийг ЭХХШТХ-д оруулж, хуульчлан тогтоох шаардлагатай байгаа юм. Зөвхөн энэ тохиолдолд олон улсын жишигт нийцсэн, шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим сая Монгол Улсад хэрэгжих болно.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна