Ч.Хашчулуун: Халамжид бус бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй байна


Т.АМАРТҮВШИН

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуунтай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Өнгөрсөн жилтэй харьцуулбал тодорхой хэдэн салбарт өсөлт гарсан ч улсын эдийн засаг хүндэвтэр хэвээр байна. Эдийн засгийн өсөлт 2020 оныхтой харьцуулбал дөрөв, таван хувийн өсөлттэй байгаа. Гэхдээ өнгөрсөн жил эдийн засгийн хүчтэй уналтын үе байсан учраас одоо эдийн засаг эргээд 2019 оны түвшинд хүрч байж сайн үзүүлэлт болно. Зарим салбарт тодорхой хэмжээний сэргэлт ажиглагдсан ч иргэдийн худалдан авах түвшин, үнийн өсөлт, макро эдийн засгийн үзүүлэлтийг авч үзвэл ерөнхийдөө тогтворгүй байна.

-Эдийн засгийн өсөлт ажиглагдс ан үндсэн шалтгаан нь юу байв?

-Манай улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдааны салбар байдаг. Уул уурхайн салбарыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал үйлдвэрлэлийн өсөлт хагас жилд ажиглагдсан. Жилийн дүнгээрээ уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөлттэй гарч байгаа. Гэхдээ долоо, найм, есдүгээр сард уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ буурсныг хэлэх нь зүйтэй.

Хөдөө аж ахуйн салбарын хувьд өнгөрсөн жилийн түвшинд байгаа. Ноднин жил удаан хугацаанд хөл хорио тогтоосон. Харин энэ жил хөл хорионы хугацаа богино байсан учраас худалдаа, үйлчилгээний салбар сэргэсэн байна. Нийт дүнгээрээ эдийн засаг дөрөв, таван хувийн өсөлттэй байгаа.-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд ямар дүн тавьж байгаа вэ?

 -Эдийн засгийг сэргээх талаасаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” бол үр өгөөжтэй бодлого. 10 их наядын хөтөлбөр энэ оны тав, зургадугаар сараас яригдаж, хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн хэрэгжилт хэвийн явж байна гэж ойлгож байгаа. Мэдээж зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь ойлгомжтой. Жишээлбэл, залуучуудыг мэргэжилд сургах, барилгын ажлыг идэвхжүүлэхэд нэлээн хүндрэлтэй байсан болов уу. Хөтөлбөрийн хүрээнд банкны зээл олголт идэвхтэй явагдсан. Үйлдвэрүүдэд олгох зээлийн хүүг бууруулсан сайн бодлого. Хөтөлбөр нийт эдийн засагт үр дүнгээ өгөх арай болоогүй байна. Хөтөлбөр одоо хоёр жил хэрэгжих ёстой. 

Ерөнхийдөө эхлэлийн хувьд хөтөлбөр боломжийн байна. Хамгийн гол нь том бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажил нь одоохондоо хүлээлтийн байдалтай байгаа. Том бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр эдийн засагт бодитой өсөлт гарах болов уу.-Аж ахуйн нэгжүүдэд олгож буй гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн үр өгөөж харагдаж байна уу?

-Гурван хувийн хөнгөлөлттэй зээл хязгаарлагдмал олгогдож байгаа. Компани болгон хөнгөлөлттэй зээл авах сонирхолтой байсан ч санхүүгийн нөөц бололцоо нь дууссан байх. Гэхдээ санхүүжилтийн хүүг бууруулсан хэд хэдэн хэлбэр бий. Жишээ нь репо санхүүжилтийн хөтөлбөр байна. Компаниуд гурван хувийн хүүтэй зээл авч чадаагүй бол тийшээ хандаж болох юм. Ерөнхийдөө гурван хувийн зээлийн зорилго нь үйлдвэрүүдийн хүүгийн дарамтыг бууруулах зорилготой байсан. Хүү буурсан нь харагдаж байна. Энэ бууралт бизнес эрхлэгчдэд ашиг тусаа өгч байгаа.

-10 их наядын хөтөлбөрөөс гурван их наяд төгрөгийг нь барилгын салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зургаан хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь эргээд орон сууцны үнэ нэмэгдэхэд нөлөөлөв үү гэж харагдаж байна?

-2020 оноос хойш барилгын салбар зогсонги байдалд орсон. Өнгөрсөн оны сүүлээс ипотекийн зээлийг зургаан хувь руу нэвтрүүлж, энэ оны эхнээс зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Мөн 2021 оны нэгдүгээр сараас хөл хориог сулруулсан учраас орон сууцны худалдан авалт өссөн болов уу. Нийлүүлэлт талаас нь харвал барилгын үйлдвэрлэл төдийлөн сайн явж чадсангүй. Энэ бүхнээс үзвэл эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан. Мөн барилгын салбарт ажиллах хүчин олдохгүй байгаа. Эдийн засаг сэргэхээр орон сууцны үнэ нэмэгддэг тал бий. Тэр зүй тогтол ч бас ажиглагдаж байна.

-Засгийн газар сүүлийн хоёр жил халамжийн бодлого түлхүү хэрэгжүүлчихэв үү гэж бодогддог. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?

-Монгол Улс хөгжиж буй орон. Санхүүгийн нөөц нь маш хязгаарлагдмал улс. Өнгөрсөн жилээс хүн амын амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүллээ. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, хүнсний талоны дүнг өсгөсөн. 

Хавар нийтээр нь мөнгө өгч, тэтгэврийн зээлийг тэглэж, орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулсан. Үйлдвэрүүдээс авдаг татваруудыг багасгасан. Төв банкнаас бодлогын хүүг буурууллаа. Цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд авагдсан арга хэмжээнээс нэг их дутах юм байхгүй гэж хэлж болно.-Эдийн засгийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэхэд цаашид юунд голлон анхаарах хэрэгтэй вэ?

-Халамжийн бодлого хоёр жил хэрэгжүүллээ. Халамжийн бодлого нь сайн талтай ч нөгөө талдаа бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулах шаардлагатай болж байгаа юм. Халамж нь эдийн засагт яваандаа сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Одоо сөрөг нөлөө нь гарч байна. Хөрөнгө мөнгөө бүтээн байгуулалт руу оруулж чадахгүй байна. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ажлын байр бий болгох, хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэх, компаниудыг идэвхжүүлэх, ажлын захиалгыг бий болгох, хөдөө орон нутгийг хөгжүүлэх шаардлага байна. 2022 оны төсвөөс эхлээд санхүү, эдийн засгийн нөөц, төсвийн орлогоо бүтээн байгуулалтад зарцуулах шаардлагатай. Миний бодлоор энэ асуудалд гурван том чиглэл дутаж байна. Ярьж байгаа боловч ажил нь яг бодитой хийгдэхгүй байгаа.

-Тодруулбал?

-Нэгдүгээрт, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх хэдэн төсөл бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч орсон. Зэс хайлах, ган хайлах төсөл хүлээгдэж байгаа. Нефть боловсруулах үйлдвэр баригдаж байгаа боловч ажлын явц удаан байна. Хоёрдугаарт, эрчим хүчний хангамжийг сайжруулахад бодитой ажил хиймээр байгаа юм. Тог тасрах тохиодол манай улсад байтугай, урд хөрш БНХАУ-д ч байна. Хятадад цахилгаан тасарч, үйлдвэрүүдээ зогсоож, хэрэглээгээ хязгаарлаад эхэлсэн. Ер нь цахилгааны хэрэглээ туйлын чухал. Манай улс 2015 оноос хойш нэг ч цахилгаан станц бариагүй. Төсөл нь бэлэн, хөрөнгө оруулагч нь тодорхой байгаа ч Эрчим хүчний яам тухайн үед огт ажил хийгээгүй л гэж хэлнэ. Манай улс III цахилгаан станцаас хараат байдал хэвээрээ байгаа. Энэ станцад асуудал үүсвэл улсын хэмжээгээр тог тасрах, хөлдөх аюул байгааг санах хэрэгтэй. Тиймээс цахилгаан станц барих ажлаа эрчимжүүлэх онцгой шаардлагатай. 

“Тавантолгой” цахилгаан станцын гэрээ байгуулагдаж, бүтээн байгуулалт нь эхлээгүй байгаа. Гуравдугаарт, дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Энэ жил халамж руу их мөнгө зарцуулсан учраас зам тээврийн салбарт төдийлөн ахиц гарсангүй. Засмал замын засварын ажлууд удаан байна.Гол экспортын зам болох Гашуун сухайт руу явах төмөр замын ажил ямар байгаа нь тодорхойгүй. Зүүнбаянгийн Төмөр замын ажил хийгдэж буй ч тэр төмөр замаар бид дотоодоо нүүрс тээвэрлэхгүй шүү дээ. Экспортын бүтээгдэхүүн тээвэрлэх ёстой гол төмөр замын ажил нь 12 жил гацчихлаа. Гашуун сухайт руу тавих төмөр замын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд улсын орлого, төсөв нэмэгдэх нь тодорхой. Товчхондоо ярихаас илүүтэй бодитой ажил хүлээгдэж байна.

-Усан цахилгаан станцыг байгуулах боломж манайд байгаа биз дээ. Эгийн голын цахилгаан станц гэж олон жил ярьсан ч бодитой ажил хийгдэлгүй өнөөдрийг хүрлээ?

-Усан цахилгаан станц байгуулахад амин чухал хоёр асуудал хөндөгддөг. Нэгдүгээрт, усны нөөцийг дотооддоо хуримтлуулах. Их чухал асуудал шүү. Улсын хэмжээнд цөлжилт бий болж, усны нөөц гадагшаа алдагдаж байгааг бүрэн зогсоож чадахгүй ч тодорхой хэмжээнд хуримтлуулж, цөлжилтөөс хамгаалах ажил хийх ёстой. Энэ ажлаа хийж чадахгүй байна. Хоёрдугаарт цахилгаан станцын тогоор үйлдвэрүүдийг ажиллуулдаг. Усан цахилгаан станцын тог нь хямд өртөгтэй. Түүнчлэн Усан цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчинд тооцогддог. Утаа гаргадаггүй учраас Усан цахилгаан станцыг байгаль ээлтэй гэж үздэг. Тэр утгаараа усан цахилгаан станц байгуулж, томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийг шийдэх боломжтой.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна