Дулааны шугам дууссан газраас л Улаанбаатарын асуудал эхэлдэг


--- Шахмал түлшний нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйгээс хомсдол үүсэж, гэр хорооллынхон түгээлтийн цэгүүд дээр хонохоос наагуур дугаарлалаа. Жилийн 12 сарын есөд нь дулаан хангамж шаардагддаг Улаанбаатар шиг онцгой, хүйтэн хотод гэр хорооллынхон галлах түлшгүй зутарна гэдэг гамшиг юм ---

А.МАНДАХ

Шахмал түлшний нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйгээс хомсдол үүсэж, гэр хорооллынхон түгээлтийн цэгүүд дээр хонохоос наагуур дугаарлалаа. Жилийн 12 сарын есөд нь дулаан хангамж шаардагддаг Улаанбаатар шиг онцгой, хүйтэн хотод гэр хорооллынхон галлах түлшгүй зутарна гэдэг гамшиг юм. Дулаан хангамжийн бодлого гэдэг аливаа улс оронд, тэр тусмаа -10С градусаас дээш хүйтэрдэг улс оронд онцгой стратегийн бодлого байдаг бол Монголд тийм бие даасан, нэгдсэн бодлого өнөөг хүртэл алга. Тийм ч учраас гэр хорооллын дулааны эх үүсвэр болох нүүрсэн шахмал түлшээ анхнаас нь “Агаарын бохирдлыг бууруулах бодлого” хэмээн тодорхойлсон.

Зүй нь дулаан хангамжийн бодлого хэмээн авч үзэж, энэ нь хүний амьд явах эрхийг шууд хөндөх амин чухал стратегийн асуудал гэж анхнаас нь зөв тодорхойлсон бол өнөөдөр хэдэн дарга нар иргэдээ буруутгаад гал хөсгүй суулгаж байхгүй байлаа. Хүн өлсөхийг тэсвэрлэж болно, харин даарахын тэсвэрлэх боломжгүй. Энэ нь амь насаар хэмжигддэг зүйл. Тийм учраас л амьд явах эрх, амин чухал стратеги гэж НҮБаас батлан тогтоосон ажээ. Тээр жилийн зуднаар говийн айлууд түлшгүй болчихоод гэрийнхээ унийг тоолж байгаад сугалж авч түлж байлаа. 

Багахангай дүүргийн байрнууд халаалтгүй болсноос болоод айлууд нь шалны банкаа хуулж аваад зууханд гал түлэн дулаацаж байлаа. Дулаан, дулаан ялгаруулах түлш гэдэг ийм чухал, хойшлуулшгүй хэрэгцээ. Гэтэл гэр хорооллынхон XXI зуунд дулаангүй, түлшгүйдээ тулж байна гэдэг төсөөлөхөд бэрх дүр зурагУлаанбаатар хотод төвийн дулааны шугам хаана хүрч дуусна, тэндээс л асуудал эхэлдэг. Дулааны шугам дууссан газраас л гэр хороолол, нүүрсэн галлагаа, утаа эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр гэр хорооллыг дулааны төвлөрсөн шугамд холбох нь л бодлого байх ёстой. Түүнээс нүүрс түлж дулаан гаргадаг нь хэвээрээ, нүүрснийх нь хэлбэрийг шахмал болгож өөрчлөх замаар хэдий болтол аргацаах ч билээ? Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өнөөдөр Монголд гэр хорооллын дулаан хангамжийн бодл ого, тэрчлэн Аймгийн төвүүдийн дулаан хангамжийн бодлого гэх бичиг баримт, алсын хараа дутагдаж байна. Дулааны эх үүсвэр нь юу байх вэ, яаж шийдэх вэ, яаж тасралтгүй, найдвартай хангалт хийх вэ гэдэг бодлого, стратеги алга гэсэн үг.

Бодлого нь байхгүй учраас дулаан хангамжийн шинэ технологи эрэлхийлэх, ядаж л төвлөрсөн дулааны шугамаа гэр хороолол руу тэлэхийн оронд нүүрсэн галлагаатайгаа зууралдсан хэвээр байна. Сүүлдээ бүр нүүрсний хэрэглээг төр захиргааны шийдвэрээр хориглож, оронд нь төрөөс өгч буй түлш нь хүрэлцэхээ больж байна гэдэг бодлогогүйнх биз ээ. Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болох шахмал түлшний үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрснийг үгүйсгэхгүй. Агаарын бохирдол, утаа нь амь нас, эрүүл мэндэд аюултай, энэ нь чухал асуудал мөн үү гэвэл мөн. Улаанбаатар хотын хамгийн том асуудал нь утаа мөн гэвэл үнэндээ дулааны шугам сүлжээ дууссан хил хязгаараас л энэ асуудал эхэлж байгаа.

Монгол шиг хахир хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө хасах 30-40 градус хүрч хүйтэрдэг оронд дулаан хангамж гэдэг нь асар том стратеги байх учиртай. Хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэл хотдоо дулааны хангамжаа бүрэн шийдэж чадаагүй , нийслэлчүүдийнхээ мөн тал хувийг нүүрсээр халааж, түүнийхээ нийлүүлэлтийг ч хангаж чадахгүй сууж буй манайх шиг улс орон дэлхийд үгүй боллоо. Түлшний стратеги, цаашлаад дулаан хангамжийн стратегигүй, алсыг харсан ирээдүйн бодлогогүйгээр бид хэр удаан амьдрах вэ гэдгийг ярих цаг ирсэн биш үү?


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна