Б.Сүхбаатар: Хориотой бараа авч явснаас өөр улсын хил дээр саатуулагдах тохиолдол их байна

Admin
Өчигдөр 09 цаг 13 минут

З.УРАНСҮХ

Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатартай ярилцлаа.

-Танай газрын сүүлийн үеийн ажлын ололт, амжилтын талаар яриагаа эхлэе?

-Гаалийн байгууллага бол хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Гаалийн ерөнхий газар он гарснаас хойш 776 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэл нээн ажиллаж байна. Ердийн үед жилд 2000 гаруй зөрчил илэрч 10 гаруй тэрбум төгрөгийн торгууль тавьдаг байсан. Энэ онд Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалиар нэвтрэх бараа, бүтээгдэхүүн, хүнээс хамааралтай илрэх зөрчил, үйлдэл буурсан. 

-Их хэмжээний хар тамхи нэвтрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Эл асуудал хэрхэн шийдэгдсэн бол? 

-Монгол Улсын иргэн наймдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Африкаас 989.2 грамм буюу их хэмжээний мөс гэгдэх бодисыг улсын хилээр нэвтрүүлснийг цагдаагийн байгууллагын хамт олон эрэлч нохой ашиглан шуурхай илрүүлэн шалгаж, торгууль ногдуулсан.

Эл бодис нь НҮБ-ын конвенцын хавсралтад орсон маш хүчтэй үйлчилгээтэй, хоруу чанар маш өндөртэй бодис. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг иргэн Б, Баянзүрх дүүргийн иргэн Э нарыг холбогдуулан шалгасан. Тухайн хүн өмнө нь Хонконг улсад хар тамхи мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ял эдлээд суллагдсан. Улмаар 2020 онд Монгол Улсад ирсэн ч ийнхүү дахин гэмт хэрэгт холбогдсон. Зөрчил, хууль бус үйлдэлд зохих торгууль, шийтгэлийг оноосон.

-Хил гаалиар гарах иргэдийн хөдөлгөөн цар тахлын улмаас буурсан гэж ойлгож байгаа. Тэр хэрээр хар тамхитай холбоотой зөрчил багассан уу?

 -Нийт зөрчил буурсан ч хар тамхитай холбоотой зөрчил буурах хандлага ажиглагдахгүй байна. Он гарснаас хойш нийт дөрвөн удаагийн тохиолдлыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн.

-Алт үнэт эдлэлээ гаальд мэдээлээгүй иргэдэд өндөр хэмжээний торгууль ногдуулсан тухай тодруулаач?

-Гааль, тагнуулын байгууллагын хамтарсан арга хэмжээний үр дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, татвар хураамж, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 01- нээс аравдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд Монгол Улсын 18 иргэн БНТУ-аас 50.5 кг алт, монет, мөнгөн эдлэл, БНЭУ-аас 4.1 кг мөнгөн эдлэл, БНСУ-аас 5.9 кг алт, монетон эдлэлийг импортолж, нийтдээ 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Харин БНСУаас ирсэн зорчигч улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн. 

Уг иргэний тээвэрлэж явсан нийтдээ 5.9 кг монетон эдлэлд 30.9 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Түүнээс гадна БНТУ-аас ирсэн Монгол Улсын иргэн гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 22.6 кг алт, мөнгөн эдлэлийн зөрчлийг илрүүлж, 40.1 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 20 сая төгрөгөөр торгосон. Ер нь сүүлийн үед алт, үнэт эдлэлтэй холбоотой гаалийн бүрдүүлэлт, татварын хураамжтай холбоотой зөрчил эрс нэмэгдэж байна.

-“Эхлэл брэнд”-тэй холбоотой зөрчил илэрсэн гэсэн. Яг ямар зөрчил үйлдсэн юм бэ?

-Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэлийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын үйл ажиллагаанд цахим хяналтын гаалийн хяналтын автоматжуулах системд тавьж ажилласан. Гэтэл тус хуулийн этгээд БНХАУ-аас оруулж ирж байгаа гар утсаа гаальд мэдүүлэхдээ, гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл хэмээн тус тусад нь салган мэдүүлж, нийт 177.9 сая төгрөг буюу их хэмжээний татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон. Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэл нээж, гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын байгууллагын хяналтад явуулж байгаа. 

Ташрамд дурдахад гаалийн байгууллагын хэмжээнд 2017-2021 оны аравдугаар сарын байдлаар гар утастай холбоотой 53 удаагийн зөрчил бүртгэгдсэн. Эдгээр зөрчлөөс гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл 45 байгаа. Эдгээр 45 зөрчилд 61.5 сая төгрөгийн торгууль ногдуулж 119.8 сая татвар хураамжийг нөхөн төлүүлсэн. -Гар утасны сэлбэг, гар утсанд хэдэн төгрөгийн торгууль ногдуулдаг юм бэ. Тухайлбал “Эхлэл брэнд” хэдий хэмжээний гар утас оруулж ирсэн юм бэ, хэмжих нэгж нь юу юм бэ? 

-Гар утасны сэлбэг болон гар утсанд ногдуулах торгуулийн хэмжээ нь тухайн зөрчлийн зүйлчлэлээсээ хамаараад нөхөн төлүүлсэн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулдаг. Гар утасны сэлбэг байна уу, гар утас уу гэдгээсээ үл хамаарна. “Эхлэл брэнд”-ийн хувьд би нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ бол тухайн хуулийн этгээдийн бизнесийн нууцтай холбоотой асуудал. Монголын гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллага 1991 онд нэгдэн орсон барааг тодорхойлох код уялдуулсан систем гэх олон улсын конвенцид нэгдэн орсон. Эл конвенцийн хоёрын “а” хэсэгт зааснаар задалж салгасан, угсарч нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүн нь эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн эд зүйлд хамааруулна гэсэн зүйл заалт бий. Эл зүйл заалтын дэлхийн 183 улс мөрддөг юм. 

Энэ зарчмын дагуу “Эхлэл брэнд”-ийн барааг гар утас гэдэг ангилалд хамруулж гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Гэхдээ зөрчлийн хэрэг мөрдөлтийн үйл ажиллагаа мөрдөгдөж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй. Шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гараад үнэлгээг тодорхойлоод явах байх.- Сүүлийн үед гадаад улсад зөрчиж байгаа иргэдтэй холбоотой, тухайн улсын хил дээр саатуулагдах, эд зүйлсээ хураалгах тохиолдол их гарч байна. Иргэд мэдээ мэдээлэлгүйгээс болоод байна уу эсвэл?

-Монгол Улсын Засгийн газраас хилийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Монгол Улсын иргэдийн гадаад улсад зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа. Иргэд гадаад улсад зорчихдоо Монгол Улсын хилээр гаргахыг хориглоогүй ч тухайн зорчин очих улс орны хууль тогтоомжоор хориглолт хамгаалалтад хамрагдсан бараа бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явснаар хил гааль дээр нь саатуулагдах, бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, зөрчил, гэмт хэрэгт холбогдох, торгууль шийтгэл хүлээх явдал их гардаг. Тухайлбал Монгол Улсын хамгийн их зорчдог БНСУ-ын гаалийн хууль тогтоомжоор монголчуудын өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, уламжлалт эм тан зэргийг хилээр нь оруулахыг хязгаарлах буюу хориглодог. Иймд иргэд маань гадаад улс оронд зорчин явахаасаа өмнө тухайн улс орны хууль тогтоомжийг судалж, хилээр нь оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийн талаарх мэдээллийг интернэт эсвэл тухайн улсад ажиллаж амьдардаг найз нөхөд, хамаатан садангаасаа урьдчилан тодруулж байж авч явж байх хэрэгтэйг анхааруулъя.

-Гаалийн байгууллагын цахим систем шинэчлэгдсэн гэсэн байх аа. Шинэчлэлийн давуу талын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Gaal.mn систем шинэчлэгдэн ашиглалтад орсон. Энэ системийг иргэн, аж ахуйн нэгжүүд интернэт сүлжээ бүхий аль ч газраас ашиглах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө гаалийн мэдүүлгээ нөхөн бичиж, бичиг баримтаа цахимаар илгээх, экспорт, импортынхоо явц, үе шат, ачаа илгээлтээ хаана явж байгааг харах, гаалийн татвар хураамжийг цахимаар төлөх, гаалийн байгууллагад татварын өртэй эсэхээ шалгах боломжтой. Мөн гаалийн зөрчлийн лавлагаа хүсэх, гаалийн байгууллагын гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааныхаа лавлагааг гаалийн байгууллагаас шууд авахаас гадна гаалийн төв лабораторид хүсэлт илгээх гэх мэтийн маш олон боломж нээгдсэн.

-Бэлэн валютаа мэдүүлээгүй зөрчил бас цөөнгүй гардаг. Дээд хэмжээ нь хэд вэ?

-Он гарснаас хойш улсын хилээр 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх валютыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Тухайн валютыг хураан авч улсын орлого болгон, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан. 

Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний эсвэл түүнээс дээш гадаад валютыг биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Харин иргэд хуулийн энэ заалтыг мэдэхгүйгээс зөрчилд холбогдож, бэлэн мөнгөө хураалгаж, торгуулах байдал буурахгүй байгаа юм.-Бэлэн мөнгө 15 саяас дээш бол мэдүүлэг бичих үүрэгтэй шиг алт, мөнгөн эдлэлд бас тодорхой хэмжээ бий юу?

 -Гадаад улсад зорчин явж байгаа иргэд тухайн улсын хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалтыг интернэт орчноос хайлт хийгээд олох бүрэн боломжтойг дээр хэлсэн. Зарим иргэд маань тугалган цаасанд боочихвол, жүүс ундааны саванд битүүмжлээд хийчихвэл гаалийн рентгэн аппаратад харагддаггүй юм гэнэ билээ гэх мэтийн цуу ярианд итгэдэг. Нөгөөтээгүүр тухайн улсад ажиллаж, амьдарч байгаа ах дүү, төрөл садангийнхаа захиасаар хүнсний зүйл авч яваад саатуулагдах нь түгээмэл тохиолддог. Үүнтэй холбоотой сэрэмжлүүлгийг манай ГЕГ-ын цахим хуудсанд байнга тавьдаг. Мөн гаалийн байгууллагын 1800-1281 лавлах утаснаас тодруулж болно. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хуульд зааснаар 15 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүнтэй дүйцэх валютыг заавал гаалийн мэдүүлэгт мэдүүлэх үүрэгтэй. 

Энэ зөвхөн Монголын гааль бус дэлхийн олон улс орны гаальд тодорхой босготойгоор бэлэн мөнгийг мэдүүлэх хуулийн зохицуулалттай байдаг. Алт мөнгөний тухайд бол энэ бол бараа. Алт, үнэт эдлэлээр хийсэн зүйлийг гаалийн мэдүүлэгт бараа гэж үзнэ. Оруулах тохиолдолд бусад бараатай адилхан гаалийн мэдүүлэгт мэдүүлээд, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд, зохих татвар хураамжаа төлөөд явах бүрэн боломжтой. Хэрвээ боловсруулалтад оруулаагүй алт болон бусад үнэт металлыг заавал гаалийн байгууллагад мэдүүлэх, тухайн улсаас худалдаж авсан гэрчилгээ, сертификатыг дагалдуулж хавсаргах шаардлагатай.

-Манай гааль дээр хэрэглэдэг тоног төхөөрөмж тааруу гэх шүүмж их гардаг. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?

-Гаалийн байгууллага гаалийн шинэчлэлийг хийж эхэлснээс хойш өнөөгийн нөхцөл байдалд хяналт шалгалтын тоног төхөөрөмж, арга техникийн хувьд харьцангуй сайжирсан. Өмнөхөөсөө өндөр түвшинд хүрсэн гэж ойлгож болно. Тийм ч учраас зөрчил илрүүлэлт, ялангуяа улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараатай холбоотой зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж байгаа. Мөн үүнд холбогдох эдийн засгийн үзүүлэлтүүд ч өссөн дүнтэй байна.

-2022 оны төсөвт экспортыг нэмэгдүүлнэ гэж заасан байсан нь их том зорилт. Энгийнчилбэл хилээр нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ гэж ойлгосон. Тэгэхээр гааль экспорт ялангуяа эрдэс баялгийн бүтээгдэхүүнд хэрхэн анхаарлаа хандуулах вэ?

-Бидний хариуцсан чиглэл бол зөрчилтэй тэмцэх чиглэл учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ гаалийн шинэчлэлийн хүрээнд хилийн бүх боомт, ялангуяа экспортыг түлхүү гаргаж буй боомтуудад хяналт шалгалтын үе шатыг хялбарчлах, биет үзлэгийг бууруулах орчин үеийн тоног төхөөрөмж ашиглахаас гадна боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд шат дараатай хэрэгжиж байгаа. Эдгээрийг бүрэн хэрэгжүүлж дууссанаар экспортыг бүрэн дэмжих юм. Бидний төсөөллөөр экспортын гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацаа 2-3 дахин буурна.

- Автомашинтай холбоотойгоор асуухад хуучин автомашин оруулж ирчихээд шинэ мэт болгож зардаг байдлыг зогсоох зорилгоор хяналтын систем нэвтрүүлсэн. Хяналтын системийн хэрэгжилтийн үр дүн ямар байна вэ. Түүнчлэн гаалийн байцаагчид автомашин оруулж ирэхтэй холбоотой хууль бус хэрэгт холбогдож байцаагдаж буй гэх мэдээлэл байна?

-Импортын машины мэдүүлэгт тухайн автомашины гэрэлд зургийг хавсаргадаггүй байсан. 2020 оны сүүлээс импортоор орж ирж байгаа бүх төрлийн автомашины гэрэл зургийг дөрвөн талаас нь авч, мэдүүлэгт хавсаргаж байгаа. Энэ нь тухайн автомашиныг эвдрэлтэй эсэхээс гадна хүлээн авагч, хэрэглэгчдэд авч байгаа машинаа хянах боломжоор хангасан. Харин хууль хяналтын байгууллагад байцаагдаж байгаа байцаагч нарын асуудлыг тухайн байгууллагуудаас нь тодруулах хэрэгтэй байх аа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна