Залуучууд гэртээ сууж, барилгын салбар ажиллах хүчний хомстолд оржээ


Т.АМАРАА

Эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж байна. Албаныхны мэдээлж буйгаар өнгөрсөн оныхтой харьцуулахад дөрөв, тав орчим хувиар улсын эдийн засгийн үзүүлэлт өсжээ. Үйлдвэр, үйлчилгээний байгууллага зургадугаар сараас хөдөлгөөнд орсноор бизнес эрхлэгчдэд “гэрэл ассан”. Аж ахуй нэгжүүд хэдийгээр үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжсэн ч том бэрхшээлтэй тулгарсан нь барилгын салбар ажээ. Жил гаруй хугацаанд бараг таг зогссон энэ салбарт ажиллах хүчингүй болсныг учирлаж буй юм. Барилга, орон сууцны дотор засал чимэглэл, цонх хаалга суулгах туслах ажилтан “өдрийн од” шиг эрэлт хэрэгцээтэй болсон байна.

Уг нь барилгын салбарт Засгийн газар онцгой анхаарч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар тусгасан. Үүний нэг их наяд төгрөгийг нь “Залуус” хорооллыг барих дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд, үлдсэнийг нь ипотекийн зургаан хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулахаар болсон билээ. Барилгын салбарын “цусны эргэлт” ийнхүү сайжирсан ч ажиллах хүчний хомстолд орсон байна. Ажиллах хүчин дутагдсан нь хэд хэдэн шалтгаантай ажээ. Нэгдүгээрт, өмнө нь гол төлөв БНХАУ-аас олон мянгаар нь ажиллах хүчин авч, барилга, орон сууцаа бариулчихдаг байсан бол хөл хориотой холбоотойгоор барилгын ажилтан авах нь хязгаарлагдсан. Ийм учраас барилгын салбарт ажиллах хүчний хомстол үүсэхэд нөлөөлжээ.

Энэ талаар барилгын салбарт бизнес эрхлэгч Д.Пүрэвдорж “Өмнөх онуудад барилгын компаниуд БНХАУ болон БНАСУ-аас ажилтан авч ажиллуулдаг байсан. Цар тахалтай холбоотойгоор гаднаас бараг ажиллах хүчин авах боломжгүй болсон. Тиймээс дотоодоосоо барилга дээр хүн авч ажиллуулж байна. Гэвч манайхан тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй байдаг. Ажиллах хүчний асуудал нь барилгын салбарынхны толгойны өвчин болсон. Одоо хүйтэн сэрүүний улирал ирж байгаа ч халаалтаа авсан барилгын компаниуд орон  сууцныхаа өрлөг, дотоод засал чимэглэлийг хийдэг. Гэтэл ажиллах хүн олдохгүй байгаа. Залуучууд ажил хийх сонирхолгүй байна” хэмээн учирлав. Хоёрдугаарт, барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүний нөөц ховордс он нь залуучууд оффист сууж ажил хийх хүсэлтэйгээс гадна, ерөөсөө ажил хийх сонирхолгүй залуучуудын тоо багагүй хувийг эзэлж буй юм.

“Монгол Улсад 300 мянган залуу ажил хийхгүй, хөдөлмөрийн зах зээлд бүртгэлгүй байна. Улсын хэмжээнд халамж хавтгайрсан учир залуус боловсрол эзэмших, ажил эрхлэх хүсэлгүй” гэж ЮНЕСКО-ийн Залуучууд бичиг үсэг тайлагдалт, ур чадвар хариуцсан хэлтсээс онцолжээ. Дээрх мэдээлэл нь 2019 оны статистикийн дүн юм. Залуучууд ажил хийх сонирхолгүй байгаа нь дан ганц барилгын салбарт төдийгүй бусад хүн хүчний хэрэгцээтэй салбарт ч нөлөөлж байна.


ЗАЛУУЧУУД ЯАГААД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ СОНИРХОЛГҮЙ БАЙНА ВЭ

Залуучууд ажил хийхгүй ч амьдраад болоод байгаа үндсэн шалтгаан нь юу вэ. Төрийн халамж уу, төрлийн “халамж” уу. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж гээд нийт 70 орчим төрлийн тэтгэмжийг улсаас иргэдэд үзүүлдэг байна. Өнгөрсөн 2020 оны эхний есөн сарын байдлаар Засгийн газар нийт 72 төрлийн халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг зарцуулжээ. Халамжийн үйлчилгээг гол төлөв ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэр тэтгэмжийн хэлбэрээр авдаг ч, тэдний төрөөс авсан халамжийг хамт хүртдэг нь өнөөх ажилгүй залуучууд аж. Залуучууд ажил хийхгүй ч, аав, ээж, эмээ, өвөө нь тэтгэвэр, халамжийн үйлчилгээгээр өрхийн амьжиргаагаа авч явж байна.

 ЮНЕСКО-гоос судалгаагаар гаргасан 300 мянган ажилгүй залуучууд бол төрийн халамжийг шууд болон шууд бусаар хүртдэг бүлэг гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, ид хөдөлмөрлөх насны нийт залуучуудын 20 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхлэхгүй, ажил хийсэн ч тогтвортой бус хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ онд гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцинд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн халамж хүртээсэн. Ийнхүү ажил хийж, амьдралаа авч явах ёстой залуучуудыг төр халамжилж байгаа нь Монголын ирээдүйг бие даан амьдрах чадваргүй, сул дорой нэгэн болгож байгаа юм. Нөгөө талдаа, Монголчуудын уламжлалт соёл, гэр бүлсэг амьдрал нь залуучуудыг ажил хийх, бие даан амьдрах дадалд сургахгүй байна уу гэж анзаарагдах. Тодруулбал, аав, ээжтэйгаа 25 нас хүртлээ амьдардаг, эхнэр авсан ч эцэг эхчүүдийнхээ халамжид амьдарч буй залуучууд, залуу гэр бүл олон бий.

 Аав, ээж нь идэх хоол, өмсөх хувцсыг нь бэлдчихдэг учраас 25 хүртлээ ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, бие даан амьдрах хүсэлгүй байна гэж дүгнэж болох билээ. Иймээс хөдөлмөр эрхлэх хүсэлгүйгээс гадна, нийгэмд оролцох оролцоо нь ч сул байгаа юм. Тодруулбал, Монголын залуучуудад тулгамдаж буй нэг асуудал нь улс төр, нийгэм, олон нийтийн ажилд оролцох идэвх таарууг дотоод, гадаадын судлаачид онцолдог. 

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувийг ид хөдөлмөр эрхлэх насны залуучууд эзэлдэг. Монголыг залуучуудын орон гэж нэрлэдэг. Гэвч тэд улс төр, нийгэм, олон нийтийн ажилд тэр бүр оролцдоггүй сул талтай. Залуучууд төр барих эрхээ ухамсарлаж, сонгуулиа ч идэвхтэй өгөхгүй байна.Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөх ёстой 18 - 25 насны залуучуудын 38 хувь, 2016 онд 50 хувь, 2020 оны сонгуулиар 63 хувь нь саналаа өгчээ. Хэдий сонгуульд санал өгч буй залуучуудын тоо сонгууль бүрээр өсөж буй ч, бусад үед улс төрд оролцох оролцоо тааруу байгаа юм. Залуучууд улс төр, нийгэм, эдийн засаг, хүчирхийлэл, авлига, шударга бус зүйлтэй хүчтэй тэмцэж чаддаггүй. Цахим орчинд шүүмжлэл өрнүүлэхээс хэтэрдэггүй бөгөөд гудамжинд гараад хүчтэй дуу хоолойгоо өргөдөггүй билээ. Залуучууд төрийн буруу бодлого, хууль бус үйл ажиллагаа, нийгэмд тулгамдаж буй олон асуудалтай тэмцэлгүй, нөгөө талаараа эвлэрч ирсэн нь өнөөдрийн нийгмийн тогтолцоо урвуугаа харахад нөлөөлсөн гэж буруутгаж болох билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна