Долоон лицензээ хадаг болгон бариад хоосон хоцорсон “Эрдэнэс метан”-тай хэн хариуцлага тооцох вэ?


--- “Jade”-тэй хийсэн гэрээний алдаа буюу биднээс алдагдаж буй боломжууд нь юу байна ---

У.ОРГИЛМАА

Тавантолгой ордын нүүрсний метан хийн долоон лицензийн 60 хувийг эзэмшигч “Jade Gas Holdings” компани IPO гаргаж, 100 сая долларын үнэлгээтэй боллоо гэсэн таатай мэдээ дуулдлаа. Австралийн “Jade Gas Holdings” компани уржигдар буюу 2021 оны аравдугаар сарын 4-нд Австралийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэллээ . Арилжаа хийж эхэлсэн эхний өдрөө хувьцааны ханш нь хоёр дахин өссөн. Өчигдрийн байдлаар нэгж хувьцааны ханш нь 0.08 австрали доллар болжээ. Харин зах зээлийн үнэлгээ нь бараг 100 сая орчим ам.долларт хүрсэн байна. Энэ компани нь өнгөрсөн наймдугаар сард Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, хөрөнгө оруулагч нараас 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан юм.

Уг нь энэ мэдээг хараад “Баялагтаа эзэн” монголчууд баярлах ёстой биз дээ? Гэтэл тэр баяр хөөр Монголд бараг хамаагүй бололтой юм. Юу гэвэл Австралийн “Jade” компани нь Монголын төрийн өмчит “Эрдэнэс Метан” компанитай хамтран нөгөөх долоон лицензийг эргэлтэд оруулахаар тохиролцсон. Ингэхдээ “Jade” 60 хувийг, “Эрдэнэс метан” 40 хувийг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд тохирсноор “Jade” компани “Тавантолгойн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэл бүх санхүүжилтийг хариуцна” гэжээ. Харин түүнээс цааш ямар нэгэн үүрэг хүлээгээгүй! Гэтэл хувийн хэвшлийн “Энержи Ресурс”-ын охин компанитай байгуулсан гэрээний хүрээнд “Баруун нарангийн нүүрсний метан хийн төслийн хайгуул, тооцоо судалгааг боловсруулж дуусах хүртэлх санхүүжилтийг хариуцахаас гадна түүнээс хойш олборлолт, үйлдвэрлэлийн ажилд харилцан тохиролцож санхүүжилт дээр оролцоно” гэж тохиролцсон байгаа юм. Аль нь ашигтай байгааг хар даа. Төрийн өмчит компанийн нэрийн өмнөөс гэрээ хийхэд ийм хариуцлагагүй хандаж болдог байх нь ээ?

“Jade”-ийн төлөвлөгөөг нь харахад нэг жилд хоёр гаруйхан сая ам.долларыг л Монголын газар нутаг дээр, лиценз эзэмшиж буй талбайнууддаа хайгуулд зарцуулах юмдаг. Гэтэл хэрэв энэ ажлыг “Эрдэнэс Метан” ХХК дангаараа өөрөө хариуцаж гүйцэтгэсэн бол өнөөдөр төрийн өмчит энэ компанийн зах зээлийн “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурав. үнэлгээ дор хаяж 100 орчим сая долларт хүрч, хөрөнгө оруулагчдаас 7.5 сая долларыг өөрсдөө татан төвлөрүүлж, хайгуулаа санхүүжүүлэх бүрэн боломжтой байсан юм биш үү.

Тэгвэл энэ боломжоос татгалзаж, Австралийн “Jade” гэх компанид нийт долоон лицензийнхээ 60 хувийг том үүрэг хариуцлага үүрүүлэхгүйгээр өгсний учир юу вэ? Үүнийг Jade-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд монгол компани, монгол хүний нэрс орж ирсэнтэй холбоотой гэж хардаж болохоор байна. Тиймээс ч Jade-ийн энэхүү амжилттай санхүүжилт татаж, биржид гарж байгаа үйл явцаас монголчуудад үр өгөөжтэй зүйл тун бага байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл гэдэгт “Баялгийн эзэд” хяналт тавих байтугай санаа зовинох ч үгүй байгаа бололтой.

JADE GAS HOLDINGS ГЭЖ ЯМАР УЧИРТАЙ КОМПАНИ ВЭ?

“Jade Gas Holdings” нь “High Grade Metals” болон “Jade Gas Pty Ltd” гэсэн хоёр компанийн нэгдэл юм. Түүхийг нь судалж үзвэл “High Grade Metals” нь 1994 онд байгуулагдаж, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаад аажимдаа эрдэс баялгийн салбар луу орсон. Австрид хайгуулын төслүүд хэрэгжүүлсэн боловч амжилтгүй явсаар сүүлдээ Монголын төслийг сонирхож эхэлжээ. Ингээд “Jade Gas Pty”-тай холбогдож худалдаж авахаар болсон. “Jade Gas Pty” бол хувийн хөрөнгө оруулалттай Австрали компани. 2019 оны хоёрдугаар сарын 7-ноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Монголд охин компаниудаараа дамжуулж нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлдэг. Энэ хоёр компани нэгдэх үйл ажиллагаа дууссаны дараа нэрээ “Jade Gas Holdings” болгон өөрчилж, хуучин “Jade”-ийн удирдлага шинэ компанид эзэн суусан юм. Өөрөөр хэлбэл 2019 онд байгуулагдсан компани нь түүхээ өөрчилсөн төдий гэсэн үг.

 

“JADE”-ТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭНИЙ “АЛДАА” БУЮУ БИДНЭЭС АЛДАГДАЖ БУЙ БОЛОМЖУУД НЬ ЮУ БАЙНА ВЭ?

Нэгдүгээрт, компани хайгуулын ажилд хоёр жилийн хугацаанд ердөө 7.5 сая ам.доллар төсөвлөсөн. Тэр дундаа бүр нарийн харвал 4.3 орчим сая ам.доллар нь яг бодитой хайгуулд зориулагдах бөгөөд энэ нь хайгуулын ажлын тухайд маш бага зардалд тооцогдоно. Хоёрдугаарт, компани төрийн өмчит Тавантолгойн метан хийн төсөл дээр хайгуулын ажил дуусч, ТЭЗҮ боловсруулсны дараах бүтээн байгуулалт, хөгжүүлэлтэд ямар ч үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, төслийг урт хугацаанд үргэлжлүүлж, байгалийн хийн томоохон нийлүүлэгч болгох, үр шимийг нь хүртээх хэтийн зорилгоо биелүүлэх ажилд огт гар бие оролцохгүй байх бүрэн эрхтэй гэсэн үг. 

Эцэст нь арилжаа уржигдар буюу 2021 оны аравдугаар сарын 4-нд эхлэхэд “Jade”-ийн зах зээлийн үнэлгээ бараг 100 орчим сая долларт хүрсэн боловч Монголын талд буюу “Эрдэнэс метан”-д ашиг “наалдсангүй”.Ямар ч үнэлгээгүй, хэн ч мэдэхгүй компани хэвээрээ хоцров. Ийм байхад гэрээ хийсэн хүмүүсээс хариуцлага нэхэж болохгүй гэж үү? Хийх ажлын төлөвлөгөөнийх нь задаргааг харахад нэг жилд хоёр сая гаруй ам.доллар байх жишээний. Энэ бол ерөөсөө хайгуул хийгээд, олборлолт олъё, төсөл болгож хөгжүүлье, ажлын байр бий болгож Монгол Улсыг метан хий үйлдвэрлэгч орон болгоё гэсэн зорилготой биш байх, магадгүй манай долоон лицензийг барьцаанд харуулж байгаад “Jade” компанийнхаа нэр хүнд, хувьцааны ханшийг өсгөж том хөрөнгө татах л зорилготой “хамтын ажиллагаа” байжээ гэх хардлага төрүүлж байна. “Jade” -ийн хувьцаа эзэмшигчид нь ямар хүмүүс байна вэ. Энэ алдаатай тохиролцооны ард хэн хэн байна вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.

 Дэлхий даяараа “цэвэр” эрчим хүч рүү хошуурч байгаа өнөө цагт нүүрсний метан хийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Улаанбаатарын нүүрсний хэрэглээг хийгээр сольж, агаарын бохирдлоос салах, цаашлаад өмнөд хөрш рүүгээ экспортлох ч бүрэн боломжтой. Ийм ирээдүйтэй төслөө монголчууд өөрсдөө эргэлтэд оруулж, гадны зах зээл дээр таниулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж болох л байлаа. Энэ тохиолдолд алдагдсан боломжийнхоо төлөө төрийн өмчит “Эрдэнэс Метан”, түүний толгой компани “Эрдэнэс Монгол” компанийн тухайн гэрээг байгуулсан болон мэдэж байсан албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж болохгүй гэж үү. “Баялагтаа эзэн” байхын учир юу юм бэ?


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна