З.Нарантуяа: Ухаалаг засгийн газар бол сөрөг хүчний шүүмжлэлийг сонсож, алдаагаа засдаг


Т.АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяатай ярилцлаа.

-Ардчилсан нам Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардлага өгсөн. Жагсаалын үр дүн гарсан уу?

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй олон арга хэмжээнд иргэд сэтгэл хангалуун бус байна. Сайн бодож төлөвлөөгүй, алдаатай арга хэмжээнүүдийн золиос нь иргэд боллоо. Гэр бүлийнхээ хүнийг цар тахлын хүнд өвчнөөр алдсан бухимдлаа илэрхийлэх, эмнэлэг олдохгүй шаналж буй хүмүүсийн өмнөөс үгээ төрд дайх гэж иргэд цуглаж, жагссан. Парламентын засаглалтай оронд сөрөг хүчин үгээ хэлэх эрхтэй. УИХ дахь АНын гишүүд нь намын олон зуун дэмжигчид, иргэдийнхээ хамт жагссан. Тавьж буй шаардлагын үр дүн Засгийн газрын үйл ажиллагаанаас хамаарна. Ухаантай Засгийн газар бол сөрөг хүчнийхээ шүүмжлэлийг сонсож, алдаагаа засдаг. Парламентын олонхыг бүрдүүлж буй 65, Засгийн газрын бүтэц хэр ухаалаг болохыг сөрөг хүчний тавьж буй шаардлагыг хэрхэн биелүүлэхээс харагдана.

Монгол Улсыг айл гэж үзвэл, хоёр тулгуур баганын нэг нь АН. Тиймээс бидний тавьж буй шаардлагыг намын үйл ажиллагаа гэж харахаасаа илүү, нийт Монголын ард түмний илэрхийлэл гэж хүндэтгэлтэйгээр хүлээж аваасай гэж үзэж байна. Маш их мөнгийг “ковид 19” өвчинтэй тэмцэхэд зарцуулсан. Харамсалтай нь өвчлөл тарж байна. Хүмүүс олноороо нас барсаар байгаа. Эдийн засаг улам доройтсон. Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийт сэтгэл хангалуун бус байна. Ялангуяа “ковид 19” цар тахалтай тэмцэж буй арга барил, санхүүгийн зохицуулт дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа. 

Сөрөг хүчний хувьд Засгийн газрын эсрэг хүчтэй дуугарч чадахгүй байна гэж олон нийт шүүмжилдэг. УИХ-д 65 суудалтай олонхын эсрэг 11 гишүүнтэй сөрөг хүчин тэмцэх нь амаргүй. Тиймээс АН нэгдэж, цөм болох хэрэгтэй. Парламентад байгаа цөөн хүмүүсээ гишүүд нь дэмжиж ажиллах шаардлагатай байна.-АН их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн. Танай нам эв зүйгээ олж байна гэж ойлгож болох уу?

-Эвлэрлийн их хурлыг зохион байгуулъя гэдэг дээр М.Тулгат даргатай АН, О.Цогтгэрэл даргатай намын апрат ерөнхийдөө тохироод, их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулах уриалга гаргасан. Энэ хамтарсан уриалгыг Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж гарын үсэг зурах ажил ид явж байна. Намын их хурлыг хуралдуулъя гэдэг шийдвэрийг намын дарга гаргадаг. Харин их хурлаар ямар асуудал хэлэлцэж, хэрхэн зохион байгуулах нь намын ҮБХ-ны гишүүдийн эрх хэмжээний асуудал юм. Тэгэхээр ҮБХ-ны гишүүд удахгүй цуглаж, их хурлаа хийх процессын ажлаа ярилцах байх. Намын дүрмийн зохицуулалт ийм байгаа. Намын удирдлага бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсож, зөрчилдсөн дарга нар нь маш хурдан ойлголцож, нэг зүг рүү харах шаардлагатай юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ын үе үеийн лидерүүд, залуучуудын төлөөлөл шаргуу ажиллалаа. Үүний үр дүнд эвлэрэх процесс эхэлж буйд намын гишүүд баяртай байна. Намын гишүүд төдийгүй Монголын ард түмэн ч баяртай байгаа.

-Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага үүссэн гэж та үзэж байна уу?

-Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Зарим яамдын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаа. Эрүүл мэндийн яам цар тахлын үеийн менежментийг буруу хийсэн. Улсын Онцгой комисст мөн хариуцлага тооцох ёстой. Иргэдийн эрх чөлөө, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цар тахлаас илүүтэйгээр алдагдуулсан шийдвэрүүдийг олон дахин гаргасан. 

Засгийн газар шударга ёс тогтооно гэж амлаж гарч ирсэн шигээ ажиллаж чадахгүй байна. Ялангуяа МАН-ын Засгийн газрын үед авлига газар авлаа. Бүх шатанд хүнд суртал хавтгайрч байна. Намчирхах, хүний эрхийг зөрчих асуудал хавтгайрсан. Энэ үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, өөрсдөдөө хариуцлага тооцох цаг нь болсон гэж бодож байна.-Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үү?

-АН-ын зүгээс Засгийн газрыг огцрох шаардлага тавьж байгаа. Засгийн газар 2019 оны Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу парламентаас 100 хувь салангад, зөвхөн Ерөнхий сайдын өөрийн сонголтоор бүрдсэн танхим. Тиймээс Засгийн газрын сайдууд хариуцсан салбарынхаа ажлыг хийж чадахгүй байна гэдэг нь танхим бүхэлдээ хариуцлагагүй ажиллаж байна гэсэн үг. Ерөнхий сайд сайн ажиллах хүнээр танхимаа бүрдүүлж чадахгүй байгаа тохиолдолд өөрөө огцрохоос аргагүйд хүрнэ. Энэ тохиолдолд Засгийн газар бүхэлдээ хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл улам өдрөөс өдөрт хүнд болж байна. Төсвийн орлого, тэр т усмаа эк спортын орл ого буурч эхэллээ. Хэдийгээр экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байсан ч гэсэн орлогоо оновчтой ашиглаж, хуримтлал үүсгэхгүй байна. Эдийн засгийн үр өгөөжөө өгөх секторууддаа хөрөнгө оруулаагүй учраас оны эцсээс орлого буурч, төрийн байгууллагын үйл ажиллагааны санхүү тасалдах болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Нийт 36.6 сая тонн нүүрс экспортод гаргахаар энэ жил төлөвлөсөн. 

Харамсалтай нь 16, 17 сая орчим тонн нүүрс экспортод гаргах нөхцөл байдалтай байна. Нөгөө талдаа зардлаа хумих, төрийн данхайсан бүтцээ цомхон болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол Улсын “амийг зогоож” байгаа гол сектороо дэмжих санхүүгийн нөөц Засгийн газарт байхгүй болсон. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал улам хэцүү болно гэж харагдаж байна.-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газраас хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн өгөөж харагдаж байгаа юу?

-Арван их наяд төгрөгийн төлөвлөгөөний санаа нь их зөв байсан гэж би үздэг. Хүнд үед эдийн засгаа сулруулахгүй, ковидын нөхцөл байдлын үед эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд зах зээл рүү мөнгө гаргах нь зөв. Гэхдээ зах зээлд гаргаж байгаа мөнгө байгаа онож байна уу, хэрэгжилт нь хэр байна гэдэг дээр хангалтгүй байгаа тухай тоо баримт харагдаж байна. 

Ялангуяа гурван хувийн хөнгөлөлттэй зээл нь ажлын байраа алдах гэж байгаа, үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн аж ахуй нэгж, салбар руу бус, нэлэнхүйдээ танил талаа харсан, намын дэмжигчдээ дэмжсэн зээл олголт боллоо гэж олон хүн бодитой жишээ хэлж байна. Энэ болгоныг эргэж хянаж, үнэн бодит байдлыг УИХ дээр хэлэх хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих ёстой. Харамсалтай нь “Ковид 19”- ын хууль /Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хууль/ хэрэгжиж байгаатай холбоотойгоор Засгийн газар ажлаа УИХ-д тайлагнахгүй байна. Хуулийн дагуу сар болгон ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийг нь УИХ авч хэлэлцэж байх ёстой. 

Засгийн газрын ажлын тайланг УИХ нэг ч удаа хэлэлцсэнгүй. Төсвийг хяналтгүй зарцуулах, төрийн албанд хүмүүсийг шалгалтгүйгээр авах давуу эрхийг хэдий болтол Засгийн газар хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байна. Засгийн газар УИХ-ын дээр гарсан Засгийн газрын ард МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаж, тэр нь төрийн бодлого болоод явж байна.-Үндсэн хуулийн цэцийн гишүүнд та нэрээ дэвшүүлсэн ч олонхын дэмжлэг авсангүй юу?

-Би Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн нь миний хувь хүний шийдвэр байсан. Үндсэн хуулийг УИХ, Засгийн газар, төрийн албан тушаалтнууд зөрчихгүй ажиллахад нь Үндсэн хуулийн цэц хяналт тавьдаг чухал байгууллага. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь УИХ, Ерөнхийлөгч, эрх барьж байгаа намын бодлогоор томилогддог нь нууц биш. Би Төрийн эрх зүйн онол, Үндсэн хуулиар мэргэшиж төгссөн хуульчийнхаа хувьд ҮХЦ-д очиж ажиллах хүсэлтээ өгсөн. Харамсалтай нь УИХ-аар хэлэлцэхэд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн ах нь Дээд шүүхийн шүүгчдийн олонхын санал авсан. Нэг зүйлийг ойлгосон. Дээд шүүх гэхэд л командаар ажилладаг болсон байна гэдгийг харлаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.252
    2021/10/08

    толгойгоо цэнэглээч хүний үгээр яваад сурчихсан, хийсэн зүйлгүй, толгойдоо юмгүй байж хүн хардахдаа сайн юм байна цэцийн гишүүн болоод асуудал шийдвэрлэж чадахгүй бөөрөнхий царайлах юм байж

    Хариулах