Amnesty International: Талибууд Хазарачуудыг үй олноор нь хороож байна


Афганистаны төв хэсэгт оршдог Дайкунди мужид “Талибан”-ы 300 дайчнаас бүрдсэн шийтгэх отряд Хидр аймагт тусгай ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүйн хүчинд (ANSF) алба хашиж байсан 11 хүнийг буудан хороосон байна. Энэ тухай “Amnesty International” байгууллага энэ сарын 5-нд нийтэлсэн тайландаа дурдлаа. Амь үрэгдсэн ANSF-ийн гишүүд бүгдээрээ хазар үндэстэн байсан бөгөөд тэд 26-46 насны хүмүүс байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Талибаны 300 орчим цэрэг мужуудаар явж, хуучин засгийн газрын цэргүүдийн гэр бүлүүдийг шалгаж байгаа гэнэ.

 Тэр ажлын хүрээнд Дахани Күл тосгонд очиход хуучин засгийн газрын цэргүүд зугтахыг оролдож, нэг нь талибуудын өөдөөс гал нээснээр нэг цэргийг хөнөөж, өөр нэгийг нь шархадуулсан аж. Хариуд нь талибууд гал нээхэд зугтаж байсан цэргүүдийн хоёр нь амь үрэгдэж, есөн цэрэг бууж өгсөн нь бүгд хохирогч болсон аж. 

Энэ бол хазаруудыг бөөнөөр нь хороосон хоёр дахь нотлогдсон тохиолдол. Өмнө нь Газни мужид дээрхтэй төстэй үйл явдал болсон аж. “Талибан”-ы дайчдаас гадна “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид мөн хазаруудыг устгах явдал ихэсжээ. “Amnesty International”-ийн олж авсан нотлох баримтуудаас үзвэл талибууд наймдугаар сард Дайкунди мужид хазарачуудыг бөөнөөр нь хөнөөсөн аж. Хохирогчдын ес нь Талибаны шинэ засгийн газарт сайн дураар бууж өгсөн хазара гаралтай Афганистаны хуучин засгийн газрын цэргүүд байв. Харин бусад нь тус мужийн энгийн иргэд байсан гэнэ.

Талибууд хазара цэргүүдийн гэр бүлийнхний зогсож байсан зүгт гал нээснээс дөрвөн хүн нас барсны дотор 17 настай охин байжээ. Албаныхны үзэж байгаагаар уг үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж дүгнэх учиртай гэнэ. Харин Талибаны зүгээс дээрх мэдээллийг эрс эсэргүүцэж, “Зөвхөн нэг талыг баримталсан дутуу мэдээлэл” гэж тайлбарлажээ.“Amnesty International”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Энэхүү аймшигтай үйл явдал талибуудын үнэн нүүр царайг харууллаа. Тэд өөрчлөгдөөгүй байгаагийн нотолгоо” гэв.

Талибууд хазаруудыг хавчин хэлмэгдүүлэхээ зогсоохгүй байна. “Талибан” хөдөлгөөн Афганистаны төрийн эрхийг булаан эзэлсний дараа Гизаб болон Пато районоос 20 мянган хазар үндэстэн гэрээсээ дүрвэжээ. Хазарачууд бол Афганистанд холилдон оршдог олон үндэстнүүд дунд гурав дахь том үндэсний цөөнх юм. Гэвч тэд исламын шашны шийт урсгалыг шүтдэг тул талибуудын үзэл баримтлалтай ихэд зөрчилдөж, үргэлж тэдний бай болж гадуурхагддаг билээ. Учир нь Афганистан, Пакистанд хүн амын ихэнх нь исламын шашны суннит урсгалыг шүтдэг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна