Талибан: “Исламын улс”-тай өөрсдөө тэмцэнэ АНУ-ын тусламж шаардлагагүй


“Талибан” хөдөлгөөн Афганистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Исламын улс” болон бусад террорист бүлэглэлүүдтэй хийх тэмцэлд АНУ-тай хамтрахгүй гэдгээ мэдэгдэв. “Исламын улс бүлэглэлтэй өөрсдөө ч тэмцэж чадна” хэмээн “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин “Associated Press” агентлагт ярьжээ. Энэ сарын 9-10-нд Катарын нийслэл Доха хотод АНУ болон “Талибан”-ы төлөөлөгчид уулзсан. Энэ бол хоёр талын Афганистаны төрийн эрхийг талибууд авснаас хойших анхны уулзалт аж. АНУ-ын засаг захиргаа уулзалтын явц ямар болж байгаа талаар ямар нэг тайлбар хийгээгүй. 

Афганистанд төрийн эрх мэдэл талибуудад шилжсэнээс хойш хэд хэдэн удаа террорист халдлага боллоо. Уг халдлагын хариуцлагыг “Исламын улс”-ын Афганистан дахь салбар болох Хорасан бүлэглэл хүлээсэн байна. Афганистаны хойд хэсгийн Кундыз мужид шийтийн сүмд амиа золиослогч өөрийгөө дэлбэлж, 100-гаас илүү хүн амь үрэгдсэн. АНУ энэ удаагийн уулзалтаар “Талибан”-д хандаж, гадаадын иргэд болон улсаасаа явахыг хүссэн афганчуудыг хилээс гаргахад саад хийхгүй байхыг уриалж, террорист бүлэглэлүүдтэй тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. Америкийн төлөөлөгчид Дохад болох хоёр талын уулзалт Вашингтоны “Талибан”-ы Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэдгийг илэрхийлэхгүй гэж мэдэгджээ. “Al-Jazeera English”-ийн мэдээлснээр, “Талибан”-ы Засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки АНУ-аас Афганистаны Төв банкны битүүмжилсэн мөнгийг чөлөөлөхийг хүссэн байна. “Талибан” хөдөлгөөн төрийн эрхийг булааж авсны дараа АНУ Афганистаны есөн тэрбум ам.долларыг битүүмжилсэн аж. Үүний улмаас Афганистанд санхүүгийн асуудал хүндэрч, хүнс болон шатахууны үнэ эрс нэмэгдсэн.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна