Австрийн канцлерь Себастьян Курц огцорлоо


Австрийн холбооны канцлерь Себастьян Курц энэ сарын 9-ний орой албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдсэн талаар “Deutsche Welle” уламжлав. Тэрбээр улс орондоо эмх замбараагүй байдал үүсэхгүй байх, тогтвортой байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ. Себастьян Курц Засгийн газрын тэргүүний суудалд Гадаад хэргийн сайд Александер Шалленбергийг нэр дэвшүүлэв. Гэсэн хэдий ч С.Курц Австрийн Ардын консерватив намын даргаар үлдэж, парламентын бүлгийг толгойлсон хэвээр үлдэх гэнэ. Хэд хоногийн өмнө парламент дахь сөрөг хүчний Социал демократ, Шинэ Австри либерал болон Эрх чөлөөний намууд Себастьян Курцыг огцрохыг шаардсан билээ. Саяхан Австрийн прокурорын газраас Канцлерь болон өөр есөн хүнд холбоотой хэргийг шалгаж байгаа тухай мэдэгдсэн. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлигатай холбоотой хэмээн сэжиглэж байгаа. Прокурорын мэдэгдсэнээр, Австрийн Сангийн яам 2016-2018 оны хооронд төсвийн мөнгөөр сонины сурталчилгаа хийжээ. Мөн Себастьян Курцын толгойлдог намын онцгойлон олон нийтийн санал асуулга явуулсан байна. Энэ нь С.Курцын засгийн эрхэнд гарч, дараа нь канцлер болох төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүй гэжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна