Нобелийн шагнал хүртсэн Оросын сэтгүүлч Дмитрий Муратов гэж хэн бэ


Оросын сэтгүүлч Дмитрий Муратов болон Филиппиний сэтгүүлч Мария Ресса энэ жилийн Нобелийн Энхтайвны салбарын шагналыг хүртлээ. Нобелийн хороо хоёр сэтгүүлчид шагналыг “Үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөөх хүчин чармайлтын төлөө” олгосон байна. Д.Муратов арваад жилийн турш ОХУ-ын эрх баригчдын авлигын хэргийг эрэн сурвалжлан нийтэлж ирсэн “Новая газета” сонины редактор аж. Нобелийн хороо уг сониныг “Өнөөдрийн Оросын хамгийн хараат бус чөлөөт хэвлэл” хэмээн тайлбарлаж, Д.Муратовын “Үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө” хийсэн ажлыг онцолжээ. 

Д.МУРАТОВ БА “НОВАЯ ГАЗЕТА” 

Дмитрий Муратов Оросын “Новая газета” чөлөөт хэвлэлийг 1993 онд үүсгэн байгуулагчдын нэг. Түүнээс хойш сонины ерөнхий редакторын албыг хашиж байгаа. Орос дахь хүний эрх, улс төр, авлигын тухай ил тод, гүнзгий сурвалжлан бичдэг тус сонин янз бүрийн бэрхшээл, дарамт шахалттай тулгарсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ойрын хүмүүсийг нээлттэй, ил тод шүүмжилж буй цөөн тооны хэвлэлийн нэг аж. Долоо хоногт гурван удаа хэвлэгддэг сонин нь эрх баригчдын авлига, хээл хахууль болон албан тушаалаа урвуулан ашигласан талаарх баримт, судалгааны материал, ард иргэдийн хэцүү амьдралын тухай байнга нийтэлж, уншигчдын сонорт хүргэдэг. Чеченьд хүний эрх зөрчигдөж байгаа тухай ч олон удаа бичсэн. “Новая газета” сонины редакцид удаа дараа заналхийлж, айлган сүрдүүлж байв. “ОХУ-ын бүх бүс нутагт бид ажиллаж байна. Бид орон даяар олон арван чөлөөт ажилтантай ард түмний сонин” хэмээн Д.Муратов ярив. 

“Новая газета” сонины сурвалжлагч Анна Политковская 2006 онд бусдын гарт алагдсан. Тэрээр Чечений Бүгд Найрамдах Улсын эрх баригчдын харгис үйлдэл болон ОХУ дахь авлигын тухай их бичдэг байсан. Д.Муратов хамтран зүтгэгчийнхээ үхэлд буруутай хүмүүс олдоогүйг ил тодоор шүүмжилдэг. Аннагаас гадна “Новая газета” сонины зургаан сэтгүүлч бусдын гарт амь үрэгдсэн юм. Сонины сэтгүүлчдийг ална гэсэн захидал, анхааруулгыг одоо ч байнга хүлээж авдаг. Д.Муратов Нобелийн Энхтайвны шагналыг авахын өмнө Оросын эрх баригчид хараат бус чөлөөт хэвлэлд “Гадаадын агент” хэмээн дарамт шахалт үзүүлсэн. Одоо ч “Эрх чөлөө” радиог, “Настоящее время”, “Дождь” телевиз, “Медуза” цахим хуудас болон бусад олон хэвлэл, мэдээллийн хэрэгслийг “Гадаадын агент буюу тагнуул” хэмээн үзэж, тэдний ажилд саад учруулж байна. Тиймээс Д.Муратов “Дарамт шахалтад өртсөн Оросын чөлөөт хэвлэлд бид үргэлжлүүлэн туслах болно. “Гадаадын агент” хэмээн хэлмэгдсэн хүмүүст ч тусламжийн гараа сунгахыг хичээнэ” гэв. 

Д.Муратовтай хамт Нобелийн шагнал хүртсэн Филиппиний Мария Рессаг BBC агентлаг “Филиппинд хэвлэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон сэтгүүлч” хэмээн нэрлэжээ. Тэрбээр Ерөнхийлөгч Родриго Дутертегийн дэглэмийг хүчтэй шүүмжилж байсан. Филиппиний Ерөнхийлөгч “Ардын дайсан” хэмээсэн. Эрх баригчид сэтгүүлчийн англи хэлээр гардаг цахим хуудсыг олон удаа шүүхэд өгчээ. “Time” сэтгүүл М.Рессаг 2018 онд “Хамгийн нөлөө бүхий 100 хүн”- ий нэгээр шалгаруулж байв. Энэ оны Нобелийн Энхтайвны шагналд нийт 300 гаруй хүн нэр дэвшсэн. Тэдний дотор Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный, Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская, экологийн идэвхтэн Грета Тунберг нар байв. 

ЭНЭ ЖИЛИЙН ШАГНАЛЫН ХЭН ХЭН АВАВ 

Энэ жил анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн Дэвид Жулиус, Артем Патапутян, физикийн салбарт Клаус Хассельман, Жорж Паризи болон Сюкуро Манабэ, химийн салбарт Бенжамин Лист Пен Дэвид Макмиллан, утга зохиолын салбарт Танзанийн зохиолч Абдулразак Гурна нар авахаар боллоо. Нобелийн шагналыг жил болгон энх тайван, утга зохиол, физик, хими, анагаах ухаан, эдийн засгийн салбарт олгодог. Шагналыг“ хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тус авчирсан” хүмүүс хүртдэг. Энэ бол динамитыг зохион бүтээсэн Альберт Нобелийн үг. Шагналыг анх 1901 оноос олгож эхэлжээ. Зургаан номинацийн тав нь Шведэд, Энхтайвны шагналтныг Норвегид шалгаруулдаг.

Шагналын эздэд Нобелийн диплом, медаль болон 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал олгоно. Хэрэв нэг шагналыг хэд хэдэн хүн авбал мөнгийг тэнцүү хувааж авна. Шагналыг А.Нобелийн нас барсан арванхоёрдугаар сарын 10- ны өдөр гардуулдаг аж. 1901- 2019 оны хооронд шагналыг 947 удаа олгосон бөгөөд 920 хүн, 27 байгууллага хүртсэн. Хамгийн залуу шагналтан бол 17 настай Малала Юсуфзай. Тэрбээр Афганистанд охидын боловсролын төлөө тэмцсэн. Харин хамгийн өндөр настайдаа шагнал хүртсэн хүн бол Жон Гуденаф бөгөөд 97-тойдоо Нобелийг авч байв. Нобелийн шагналын эздийн 53 нь эмэгтэй. Зургаан хүн шагналаас татгалзсан. Тэдний дотор философич Жан-Поль Сартр (1964) болон Вьетнамын улстөрч Ле Дык Хо (1973) өөрсдөө аваагүй. Харин үлдсэн дөрвөн хүн улс орныхоо шахалтаас болж шагналаа цаг тухайд нь авч чадаагүй. Нобелийн шагналыг хүртэгсдийн дотор АНУ-ын экс Ерөнхийлөгч Жимми Картер (2002), Барак Обама (2009), Европын холбоо (2012), НҮБ болон тухайн үеийн удирдагч Кофи Аннан (2001), Альберт Эйнштейн (1921, физик) нарын хүн, байгууллага байгаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна