Н.Нархажид: Жүжгийн сургуулилт нууцаар харсаар жүжигчин болъё гэж шийдсэн


А.ЭНХЖИН

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа сүүлийн үед залуусын дунд хит болоод буй “No Rules” олон ангит киноны Ялгууны дүрийг бүтээсэн залуу жүжигчин Н.Нархажидыг урилаа. 

-Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу? 

- Намайг Нямсүрэнгийн Нархажид гэдэг. Хөгжим бүжгийн коллежийг "бүжгийн жүжигчин" мэргэжлээр 2016 онд төгсөөд Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр жил ажилласан. Дараа нь буюу 2017 онд СУИС-д элсэн орсон. Энэ жил СУИС-ийг СТА М.Ариунжолоо багшийн удирдлага дор суралцаж төгссөн, шинэ залуу уран бүтээлч. 

-Бүжигчин мэргэжлээ орхиод яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?

 -Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа Драмын театрынхан (УДЭТ) тайзан дээрээ бэлтгэл хийж байхыг хараад их гоё санагддаг байсан л даа. Бэлтгэл хийх болгонд нь тайзны хажуу талаас нууцаар хардаг. Бас жүжгийн текстийг нь дагаж хэлдэг байсан. Тэгж явсаар байгаад ер нь залуу байгаа дээрээ суръя гэж бодоод СУИС-д шалгалт өгсөн. 

-Та жүжигчин мэргэжлээс гадна мэргэжлийн бүжигчнээр төгссөн. Бүжгийн урлагтай анх хэзээнээс холбогдох болов? 

-Би бага байхын л хөдөлгөөнтэй бүжигт үнэн голоосоо дуртай байсан. Манай аав ээж хоёр бүжигчин болно гэхэд тийм ч дуртай байгаагүй. Бүжигчин гэдэг мэргэжил байдаггүй юм аа гэж байнга л хэлдэг байлаа. Гэхдээ би урлагт байгаагаар л өөрийгөө төсөөлдөг байсан юм. Тийм болохоор Хөгжим бүжгийн коллежид аав, ээждээ хэлээгүй нууцаар шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд урлагтай танилцаж эхэлсэн. Хөгжим бүжгийн коллеж бол намайг хүмүүжүүлж төлөвшүүлсэн газар. Сургуульдаа аз жаргалтай явдаг байсан болохоор өдөр хоног их хурдан өнгөрдөг, бас нэг ч удаа хичээлээсээ хоцорч үзээгүй. Мэргэжилдээ сайн байсан болохоор охидын дарга хүртэл хийдэг байлаа. Их л сайхан дурсамжтай газардаа. 

-Гэхдээ аль нэгээр нь дагнаад ажиллах болно шүү дээ...? 

-Их хэцүү л дээ. Миний багаасаа хүсэж мөрөөдөж ирсэн нь хоёулаа. Аль нэгийг нь сонгоод нөгөөг нь орхино гэхээр хэцүү санагддаг. Гэхдээ яг сонго гэвэл жүжигчин мэргэжлээ сонгоно. Бүжигчнээр ажиллаад авах мэдрэмжээ өөрийнхөө хувьд хангалттай авсан гэж бодож байна. Цаашдаа яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ бүжигчин байх жүжигчний маань хувьд надад маш их давуу тал болдог.

Бүжигчин гэдэг мэргэжил байдаггүй юм аа гэж байнга л хэлдэг байлаа. Гэхдээ би урлагт байгаагаар л өөрийгөө төсөөлдөг байсан юм. Тийм болохоор Хөгжим бүжгийн коллежид аав, ээждээ хэлээгүй нууцаар шалгалт өгөөд тэнцсэн.

-“No Rules” олон ангит киноны Ялгууны дүрийг нь үзэгчид хайрлаж хүлээж авч байгаа санагдсан. Уг уран бүтээлд орсон түүхээсээ хуваалцвал?

 -Юуны өмнө Oi энтертайментын ах нартаа баярлалаа. Манай кино их хүнд хэцүү нөхцөлд хийгдсэн. Яг цар тахалтай байх үеэр хөл хорионд ороод зураг авалт хэд хэдэн удаа зогссон. Oi энтертайментын уран бүтээлчид манай дипломын жүжигтэй үеэр СУИС дээр ирчихсэн проб авч байсан юм. Тэр үед манай ангийн Хунцэнгүүн бид хоёр пробд нь тэнцсэн. “No Rules” бол миний анхны тоглосон сериал. 

-Цаашдын төлөвлөгөө зорилгоосоо хуваалцвал?

 -Одоогоор Боловсрол телевизийн Цагдаагийн байгууллага үүссэний 100 жилд зориулагдсан “Хавтаст хэрэг” гэдэг олон ангит киноны мөрдөгч эмэгтэйн дүрд ажиллаж байгаа. Удахгүй оны дараа шинэ уран бүтээл болоод гарах байх.



255
337
18
78
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна