Н.Энхболд: Засгийн газарт сэтгэл дутаагүй байх гэж итгэж байна


Т.АМАРТҮВШИН  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ намрын чуулганаар тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр УИХ төлөвлөж буй. Энэ хүрээнд болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа. 

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ удаагийн чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Энэ тухай асуудлаар яриагаа эхэлье?

 -Сүүлийн 30-аад жил мөрдөж ирсэн Үндсэн хуульд юу болохгүй байна гэдгийг сайн судалсны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ялангуяа төрийн эрх мэдлийн хуваарилалт, сахилга хариуцлагатай холбоотой асуудалд удаа дараа бэрхшээл учирч байсан учраас нэлээн гүнзгий судалгаа хийж, олон жил хэлэлцэж байж өөрчлөлт оруулсан. Хэдийгээр хууль, тогтоомж нь байсан ч гэсэн тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс болоод гажуудал үүссэн тохиолдлууд бий. Хууль хяналтын байгууллага нэг институцийн харьяанд төвлөрч ирсэн. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй институцүүд хэн нь юугаа хариуцах уу, ямар үүрэгтэй байх уу гэдэг нь ойлгомжгүй, эсвэл мөрдүүлэх явцдаа гажуудуулсан зүйлүүд бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үндсэн хуульд тодорхой зарчим, зохицуулалтыг заасан байхад түүнийг хэрэгжүүлэх органик хуулийг батлахгүй удах нь зохисгүй зүйл болно. Үндсэн хуулийнхаа дагуу амьдарч чадахгүй болно гэсэн үг. Тиймээс УИХ-аас дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгчийн тухай хууль, шүүх, хууль хяналтын байгууллагатай холбоотой хууль, намуудын зохион байгуулалт, бүтэц, санхүүжилттэй холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Ялангуяа нийгэм, улс төрийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг хуулиудад яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ асуудалд УИХ намрын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Түрүүчээсээ өөрчлөлтүүд нь хийгдэж байгаа. Тухайлбал, Шүүхийн тухай хууль байна. Гэвч энэ хууль Үндсэн хуулийн цэц дээр очоод янз бүрийн шалтгаанаас болж хэрэгжилгүй гацсан. Намуудын тухай хуулийг боловсруулж байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой. Улсын Их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг мөн хэлэлцэнэ. Товчхон хэлэхэд, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын төсөв санхүүтэй холбоотой эрх мэдлийг нэлээд нэмэгдүүлсэн. Энэ нь тодорхой асуудал дээр хэн, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг ойлгомжтой болгосон хэрэг. УИХ-­д байсан эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлэх, эрх мэдэл булаацалдах үүднээс энэ өөрчлөлтийг хийгээгүй. Эрх, үүргийн зааг ялгааг би яагаад яриад байна гэхээр, ганцхан жишээ дурдахад Засгийн газар төсвийн төсөл боловсруулаад оруулаад ирдэг. УИХ түүнийг хэлэлцэж, дураараа өөрчилдөг. Энэ нь манай улсын тогтолцооны онцлогтой холбоотой. Төсвийг олон тийш нь хувааж, хуваарилдаг. Тэгэхээс өөр аргагүй байдаг ч тал бий. Манай улсын бүх төрлийн нөөц нь харьцангуй бага, жижиг улс. Хөгжихийн тулд тодорхой хэдэн асуудалд анхаарч эдийн засгаа өсгөх шаардлагатай явж ирсэн. Гэтэл байгаа жаахан хөрөнгөө тал тал тийш нь хуваарилдаг учраас хөгжлийн том асуудлаа шийдэж чаддаггүй. Тиймээс Засгийн газарт тодорхой эрх мэдэл өгч, оруулж ирсэн төсвийн төслөөс юуг нь Засгийн газрын санал болгосон хэмжээнд нь батлах уу, юуг нь засаж болох уу гэдгийг илүү зохицуулсан өөрчлөлт орсон. Цаад зорилго нь хариуцах эзнийг тодорхой болгож байгаа юм. 

-Улс төрийн намын тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ? ­

-Намтай холбоотой хуулийг ярихдаа зөвхөн нам ийм байх ёстой гэж үзэхээс гадна санхүүжилтийн асуудлыг хамт авч явах хэрэгтэй. Юуны түрүүнд намын санхүүжилт ил тод байх ёстой. Хоёрдугаарт нам хэрхэн санхүүжихийг тогтоож өгөх шаардлагатай. Нам гишүүдээс, олон нийтээс эсвэл төрөөс санхүүждэг байхаар хуулийн зохицуулалт тусгасан байлаа гэж бодоход, тэр нь ил тод хяналттай байх хэрэгтэй. Тэгвэл өнөөдрийнх шиг янз бүрийн маргаантай байгаа ойлголт арилна гэж боддог.

 -Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн Шүүхийн тухай хуультай холбоотой хоригийг буцаан татах хүсэлт хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн хүсэлтийг ҮХЦ хүлээн авлаа. Та болсон үйл ядлын тухайд юу хэлэх вэ? 

­Шүүхтэй холбоотой хуулийг УИХ эхний ээлжид авч хэлэлцсэн нь учиртай. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг явдал байсан гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой байна. Үүнийг өөрчлөхийн тулд шүүх бие даасан байдлаа хангах, улс төрөөс ангид байх талаас нь бодож Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Би энэ хуулийн хандлага нь их зөв болсон гэж боддог. Гэхдээ төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй. Хууль дотор анхаарах ёстой зүйлүүд орхигдсон байж магадгүй. Өнөөдөр ямар ч асуудлыг хоёр талаас нь шүүмжилж болж байна. Батлагдсан хуулийг дэмжиж байгаа хэсэг байхад, шүүмжлэх хүмүүс ч байдаг. Гэхдээ энэ хуулийн хандлага нь зөв болсон гэдгийг дахин тодотгоё. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг өмнө нь үндсэндээ нэг хүн сонгодог, томилдог, огцруулдаг байсныг болиулж, УИХ-аар сонсгол хийж томилдог болсон. Үүнийг УИХ­ын олонх буюу нам томилох нь гэж шүүмжилж байгаа. Гэхдээ шүүмжилж байгаа бол илүү сайн хувилбар юу байна гэдгийг бас ярих ёстой. Нэг хүнээс хамааралтай явж ирсэн тогтолцоог өөрчилж, олон хүнээс, нийгмийн төлөөллүүдийг оролцуулж байгаад сонгодог, томилдог тогтолцоо руу орж байгаа нь зөв шүү дээ. Шүүхийн тухай хуульд тавьсан хоригийг ҮХЦ хүлээн авсан нь хуулийн хэрэгжилтийг удаашруулахад нөлөөлчихлөө. Цаг алдалгүй түргэн явуулах хэрэгтэй байсан юм. Хуучин байсан алдаа, дутагдалтай зүйлүүд тодорхой хугацаанд үргэлжлээд л байна гэсэн үг. Шүүхийн тухай хуулийн маргааныг ҮХЦ Дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд түтгэлцүүлчихсэн байсан. Хэвийн явсан бол Дунд суудлын хуралдааны шийдвэрийг Их суудлын хуралдаанаар хэлэлцээд эцэслэн шийдэх байлаа. Гэтэл дундуур нь шинэ Ерөнхийлөгч саналаа хүргүүлээд өмнөх хүсэлтийг татаж авсан. Ерөнхийлөгч хүсэлтийг татаж авсан нь учиртай. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхаасаа шүүх хуулийн систем, тогтолцоонд бий болсон, алдаа гажуудалтай зүйлүүдийг засах, эрх мэдлийн хуваарилалт жигд, шударга, харилцан бие биедээ хяналт тавих ёстой гэдгийг ярьж, хэлж уриалж байсан хүн. Тэр үзэл санаа, агуулга зөв байсан гэдэг дээрээ бат зогсож, түрүүчийн Ерөнхийлөгчийн хүргүүлсэн хүсэлтийг татаж авсан гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр саяны ҮХЦ-­ийн Их суудлын хуралдааны шийдвэр ойлгомжгүй болчихлоо. ҮХЦ хамгийн түрүүнд Дунд суудлын хуралдааны шийдвэрт анхаарал тавьж зөв эсэх талаар тайлбартай шийдвэр гаргах ёстой байсан болов уу. Гэтэл шууд Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслээд шийдвэр гаргачихаар өмнөх шийдвэр нь хүчинтэй ч юм шиг, хүчингүй ч юм шиг ойлгомжгүй байдал үүсээд байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийн талаар тайлбарлах ёстой байсан ч тэгсэнгүй. ҮХЦ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Хэн нь ямар санал гаргасныг мэдэхгүй ч олонхоороо ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт олон хуульч шүүмжлэлтэй хандаж байгаа. Би тэр хуульч нартай санал нэгдэж байна. 

-Ерөнхийлөгч АТГ-ын дарга, шүүгчийг томилох зарим эрхээсээ татгалзаж буйгаа зарласан. Ийм боломж Ерөнхийлөгчид бий юу? 

-Төрийн тогтолцоо нь шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалаас бүрддэг. Үндсэн хуулийг анх батлахдаа Ерөнхийлөгч тодорхой зарим эрх мэдэлтэй байхаар заасан. Нэг талаас нь харахаар Ерөнхийлөгч нэлээн эрх мэдэлтэй юм шиг, нөгөө талаасаа Ерөнхийлөгчийн гол үүрэг нь эв нэгдлийг хангагч гэж ойлгогддог хоёрдмол утгатай хуультай явж ирсэн. Олон улсын хэмжээнд Үндсэн хууль судалдаг хүмүүс манай улсыг бараг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж дүгнэсэн ч байсан. Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийг агуулгаар нь хэрэгжүүлэлгүй явж ирсэн, мөн Үндсэн хуульд тусгайлан заагаагүй эрх мэдлийг олгож ирснээс болоод эрх мэдлийн гажуудал үүссэн. Үүнээс салъя гэж л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн юм. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын хүмүүсийг томилдог эрхээсээ татгалзлаа гэж байна. Ер нь Ерөнхийлөгч энэ эрхээсээ өөрөө ч татгалзаж байгаа юм биш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх эрх мэдэл нь байхгүй болж байгаа шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эхнээсээ Үндсэн хуульд заасан эрх мэдийнхээ хүрээнд ажиллах зарчмаа ягштал мөрдөж байгаа нь эндээс харагдаж байна. 

- УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газарт тавих УИХын хяналтыг нэмэгдүүлэх нь гэсэн ойлголттой байна?

- ­Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлснийхээ хэрээр тавих хяналтыг нь илүү сайжруулсан байх ёстой гэдэг агуулгатай хуулийн төсөл орж ирсэн. Угаасаа УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгад нийцсэн хяналт шалгалтын тогтолцоотой байх ёстой гэж бодож байна. УИХ­аас гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, дүн шинжилгээ хийдэг, алдаа дутагдал гарвал түүнд нь хариуцлага тооцдог зохицуулалт энэ хуульд тусгах ёстой. Үндсэн хуулиар тогтоосон тодорхой эрх мэдлийг Засгийн газарт өгөөд, шүүх эрх мэдлийг бие даасан байх нөхцөлийг нь бүрдүүлээд, УИХ гаргасан хууль, тогтоолынхоо хяналтыг нарийн зөв хэрэгжүүлж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт агуулгаараа амьдралд бүрэн хэрэгжинэ. Намрын чуулганаар УИХ­ын Хяналт шалгалтын тухай хууль батлагдаж гарах ёстой.

 -Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр хөрөнгө оруулагч талтай, Засгийн газар маргаан үүсгээд багагүй хугацаа өнгөрлөө. Нааштай алхмууд хийгдсэн гэж та бодож байна уу? 

-­Чуулган завсарлахын үеэр энэ зун авсан мэдээллээс үзэхэд, Оюутолгой компанийн зүгээс анхны гэрээний зарим зүйл, заалтыг дахиж ярилцах, татвар, нөхөн төлбөрийг манай талд төлөх асуудал яригдаж байгаа юм байна. Манай тал тавьсан алхмаасаа ухраагүй гэж бодож байгаа. Аливаа гэрээ хэлэлцээрт өөрчлөлт орох асуудал нь хоёр талын ойлголцолоос л шалтгаална. Нэг талаас хэчнээн хүсээд, хүчин чармайлт гаргаад нөгөө тал нь хөдлөхгүй бол хэлэлцээр явдаггүй. Оюутолгой бол маш их хөрөнгө мөнгөтэй холбоотой том төсөл. Тиймээс асуудлыг засаж сайжруулахад тодорхой цаг хугацаа шаардагддаг. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлж, одоо Л.Оюун­-Эрдэнийн Засгийн газрын үргэлжлүүлж буй энэ хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэж итгэж байна. Дангаараа өөрсдөө нөхцөл байдлаа тулгаж болохгүй юм байна гэдгийг Оюутолгойд ойлгуулсан үйл явц болж байна гэж бодож байна. Цаг хугацааны хувьд энэ гэрээ хэлэлцээр, маргааныг ийм хугацаанд дуусгана гэж төлөвлөж болдоггүй. Тал талаасаа ойлголцож, зөв эхлэл тавигдаад явж байна уу даа гэж харж байгаа. Энэ төсөл дээр нэг зүйл дутуу орхигдоод байдаг юм. Санаатай болон санаандгүйн аль аль нь байдаг байх. Оюутолгой төсөл нь зөвхөн эдийн засгийн үр шимийн тухай асуудал биш. Улсын гадаад бодлого, аюулгүй байдал, оршин тогтнохын асуудалтай энэ төсөл холбогдож ойлгогдох ёстой. Бид гурав дахь хөршийн бодлого гэж олон жил ярьж ирсэн. Зөвхөн хоёр хөрштэйгөө хамтран ажиллах бус дэлхийтэй харьцаж ажиллаж амьдарна гэс эн үзэл санааны агуулгатай энэ төслийн үр дүн уялдах ёстой. Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд, үнэт зүйлээрээ нэг, өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтарч ажиллана, тэдгээр орнуудын сонирхлыг монголд бий болгож байж Монгол Улс аюулгүй байдлынхаа нэг баталгааг босгож ирнэ гэсэн агуулга бий. Оюутолгой төсөл өнөөдрийн эдийн засгийн үр шим талаасаа нийгмийн зарим хэсгийн төсөөлөлд бүрэн нийцэхгүй байж болох юм. Гэхдээ энэ төсөлд хөрөнгө оруулагч нар бидэнтэй нэгэн адил анхаарал тавьж байгаа. Аль болох улс төр нь тогтвортой, бие даасан үйл ажиллагаа явуулж чаддаг, гэрээний дагуу ажиллаж чаддаг байгаасай гэсэн хүлээлт, сонирхол ч тэдэнд бий. Энэ нь өөрөө манай улсын аюулгүй байдлын бас нэг баталгаа байхгүй юу. Энэ талаас нь бага яриад байгаад сэтгэл дундуур байдаг юм. Бид анх энэ гэрээг байгуулахдаа, дэлхийд олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, аль болох өөртөө ашигтай байдлаар шийдэх чиглэлээр олон газар ажиллачихсан “том мангасууд”­тай хэлэлцээрт орж байсан. Харин бидний туршлага, алсын хараа дутмаг байсныг үгүйсгэхгүй. Бидний хувьд энэ төсөл цоо шинэ зүйл байсан. Гэхдээ дахин хэлэхэд, улс төр, аюулгүй байдлын баталгаа талаасаа манай улсад давхар хэрэгтэй төсөл. Өнөөдөр ч монголын аж ахуй нэгж, иргэдийн амьдралын тодорхой хувийг Оюутолгой төсөл авч явж байгаа.

 -“Ковид 19” халдвар манай улсад тархаад бараг хоёр жил болох нь. Энэ хугацаанд Засгийн газар цар тахалтай тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна гэж та дүгнэх вэ?

-­Цар тахал анх дэгдэж байхад би өөрөө Засгийн газарт Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байсан. Цоо шинэ өвчин тахал, өмнө нь тулгарч байгаагүй зовлон дэлхий нийтэд учирсан. Эхний арав орчим сар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг зөв байсан гэж боддог. Дотооддоо халдвар тархаагүй байх үед бид нэлээн зүйлийг базааж авсан. Халдварыг дотооддоо эрт алдсан бол вакцинтай залгах хүртэл ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй. “Ингэх байсан, тэгэх байсан” гэж шүүмжлэх хүн олон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллагаас өгч байгаа зөвлөмж , мэдээллийн үндсэн дээр шийдвэр гаргаж, халдварыг дотооддоо алдалгүй цаг хугацаа хожсон. Одоогийн Засгийн газар тэр ажлыг үргэлжлүүлээд өөрөөсөө шалтгаалах зүйлүүдийг хийж байна. Засгийн газар хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Бас бие даан шийдвэр гаргах эрхтэй. Засгийн газар энэ үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд бол олцооны шийдвэр гаргаад ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Цаашид “Ковид 19” өвчин хэр удаан үргэлжлэх, вакцины үр дүн яаж гарахыг монголчууд байтугай, дэлхий даяар 100 хувь баталгаатай хэлж мэдэхгүй байна. Вакцины судалгаа хийж байгаа гадаадын байгууллагын мэдээллийг би зориуд тогтмол уншдаг. Өвчнийг төгс эмчлэх эмчилгээ хаана ч алга. Тиймээс дэлхий даяараа энэ өвчинтэй тэмцэхэд амаргүй байна. Олон тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрсэнгүй гэдэгтэй би санал нийлэхгүй. Халдвартай тэмцэхэд хөрөнгө мөнгө зараагүй байсан бол халдварын нөхцөл, хүн амын эрүүл мэнд ямар байх байсныг бас хэн ч хэлж мэдэхгүй. Харин Засгийн газар цар тахалтай тэмцэхэд ямар хэмжээний хөрөнгийг хэрхэн, юунд зарцуулснаа тодорхой тайлагнах нь зүйтэй. Тэгвэл үргүй зарцуулсан байна, дундаас нь завшсан гэх мэт хардлага арилах болов уу. Засгийн газар тайлангаа гаргаж байгаа байх. Зарцуулалтын тайлангаа нээлттэй гаргаж тавиагүйгээс шүүмжлэлд өртөж байна гэж бодож байна. 

-Шатахууны хомстол бий боллоо. Урд хил дээр ачаа тээвэр удаан хугацаанд саатсан гээд Засгийн газрын зарим сайдын хамаарах ажилд алдаа дутагдал гарлаа. Засгийн газарт хариуцлага тооцох, эсвэл зарим сайдыг чөлөөлөх шаардлага үүссэн үү? 

-­Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сайдад хариуцлага тооцох асуудал нь голлон Ерөнхий сайдын санаачлах, өөрийнх нь эрх мэдлийн хүрээний асуудал юм. Магадгүй зарим сайдад туршлага дутаж байхыг үгүйсгэхгүй. Сэтгэл дутаагүй байх гэж итгэж байна. Таны асуусан шатахууны хомстолын тухайд, юунаас болов гэдгийг хүн бүр мэдэхгүй байгаа байх. Засгийн газраас шалтгаалах ч асуудал бий, шалтгаалахгүйгээр өрнөх асуудал ч байна. Асуудлыг нарийн тогтоож, энэ сайдаас, эсвэл Засгийн газраас болж асуудал үүссэн, алдааных нь тэдэн хувь нь сайдад ногдох юм байна гэдгийг тогтоож байж асуудал ярих нь зүйтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэж болохгүй. Асуудлыг дэвэргэх сонирхолтой хэсэг ч байна. Сэтгэлийн хөдөлгөөнөөс зайлсхийгээд, асуудлыг олон талаас нь харж шийдэх ёстой.



2
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.