Улсынхаа эрх ашгаас урвасан улстөрчдийг эргүүлэн татъя


Т.АМАРТҮВШИН

“Хөлөөрөө толгой хийсэн” улстөрчид “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” гэсэн том нэртэй, ганц хуудас хуулийн төсөл санаачилсан нь цаанаа учиртай байжээ. Учирч болох аюулыг бодолцолгүй, улсынхаа эрх ашгийг уландаа гишгэх байсан гэж үү. Тэгж хардах, буруутгах үндэслэл байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар өнгөрсөн хавар дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан хэмээн тайлбарлаж байлаа. Гэтэл хуулийн төсөл анх боловсруулсан зорилгоосоо хазайж, гадаадын хөрөнгө оруулагч нарт давуу эрх олгосон, үндэсний аюулгүй байдалд халдсан хууль болон өөрчлөгдчихсөн юм биш үү. 

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой” гэсэн шаардлага бий.Харин энэхүү 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын босго нь хөрөнгө оруулагч нарын эрхийг хязгаарлаж, хэт өндөр шалгуур болсноос хөрөнгө оруулагчийн тоо эрс буурсан хэмээн хууль санаачлагчид үзжээ. Тодруулбал “Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 2007 онд 1611, 2011 онд 964, 2012 онд 796 байсан бол 2019 онд 233, 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас 79 болж буураад байна” хэмээн хууль санаачлагчид төслийн танилцуулгадаа дурдаж, үндэслэлээ болгосон байх юм. Гэвч 100 мянган ам.долларын босго тавьснаар гадаадын хөрөнгө оруулагчдын тоо буурсан гэдэг бодитой судалгаа, нотолгоог хууль санаачлагчид төсөлдөө тусгасан юм алга. Зүгээр л хөрөнгө оруулагч нарт ам.долларын босго тогтоосноос хойш Монгол Улсад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулагч компанийн тоо буурсан гэдэг битүү, хатуу таамгийг үндэслэл болгочихсон байна. 


Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цар тахлын нөлөө, эрх зүйн орчин, зах зээлийн даац гээд олон зүйлээс хамаарч эрсдэлээ тооцож, хөрөнгө оруулах эсэх асуудал яригдана. Түүнээс 100 мянган ам.долларын босго нь хөрөнгө оруулагчдад тээг болчихож байгаа юм биш.Шинээр боловсруулсан хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан энэхүү шаардлагыг авч хаяад, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байхаар тусгажээ. Хөрөнгө оруулалтын босгыг 50 мянган ам.доллар болгон бууруулчихаар гаднынхан шуураад хөрөнгөө оруулна гэж ёстой сэрүүн зүүд. Тавин мянган ам.долларын хөрөнгө оруулалт ч гэж юу байхав. Үнэтэйхэн орон сууц ч авч дийлэхгүй мөнгө шүү дээ. Гаднын жирийн нэг “тэнүүлчин” автомашин аваад уначих хөрөнгө. Үүнийхээ төлөө Монгол Улсад байнгын оршин суух эрхтэй болох юм гэнэ. Өөрөөр хэлбэл аль нэг улсын иргэн Монголд орон сууц, эсвэл автомашин авсныхаа “шанд” нь байнга оршин суух эрхтэй болно гэсэн үг. Дээрх хууль батлагдвал Монгол Улс гадаадын “тэнүүлчдэд” хаалгаа нээж, босгоо намсгах нь.

Түүнчлэн хуулийн төсөлд ”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг хэлнэ” гэжээ. Хоёрхон ажлын байртай, 50 мянган ам.долларын хөрөнгөтэй хөрөнгө оруулагч гэж байх уу. 

Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хуулийн төслийг харахаар гадаадын иргэнд байнга орших суух зөвшөөрөл олгосон хууль болчихоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй ч хөрөнгө оруулагч болж байна. Байнга оршин суухын тулд 50 мянган ам.доллар төлчихвөл болчихож байна. Энэ хуулийг 2013 онд Ц.Элбэгдорж оруулж ирснийг бид хэлэлцээгүй. Энэ бол ноцтой асуудал. Нэг тэрбум ам.доллар гаргахад 20 мянган хүн оршин суух боломжтой. 20 мянган хүн нэг жилд орж ирээд байвал Монгол Улс юу болох вэ” гэжээ.

Түүнчлэн хуулийн төсөл санаачилж, боловсруулсан гишүүд нь ямар зүйл, заалт, агуулгатай төсөл өргөн барьснаа ч мэдэхгүй, бие бие рүүгээ бурууг чихэж, бултаж сууна. Хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн П.Анужин “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ, Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томьёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би хулгай гэж хэлнэ” хэмээн бултаж байна. 

Ерөөсөө хуулийн төсөлд тусгасан заалт, санаачилсан гишүүд нь хуулийнхаа төслөөс бултаж, өөрсдөө хуулийн хулгай гэдгээ хүлээн зөвшөөрсөн зэргээс үзэхэд, Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын баталгаанд аюул учруулж болох эрх зүйн өөрчлөлтийг нэр бүхий гишүүд оруулаад иржээ гэж эмзэглэхээс өөр аргагүй. Тэгж хардах, буруутгах үндэслэлүүд байна.Тиймээс Монгол Улсын эрх ашгаас урвасан улстөрчдөд хариуцлага тооцох асуудал хөндөгдөх нь зүй юм биш үү. Гишүүн нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2-т заасанчлан “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. 

Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөж, өндөр төрийн босго алхдаг. Тэгвэл дээрх хуулийн 10.1.5-д “Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлнө” гэж заажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн нь бий. Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх өндөр ёс зүйгээ умартаж, УИХ-ын тангаргаасаа няцаж байна гэж нэр бүхий гишүүдийг буруутгах бодит үндэслэл үүсчихлээ. Тиймээс улсынхаа эрх ашгаас урвасан улстөрчдийг эргүүлэн татъя.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна