Бүжигчин Н.Сувд: Гоцлол бүжигт өөрийгөө илүү мэдэрч бүжиглэдэг


Энэ удаагийн “Залуус” буландаа бүжиг дэглээч “Suvd’s dance” студийн багш Н.Сувдтай ярилцлаа.

-Бүжгийн урлагт хэрхэн дурлаж хөл тавьсан талаараа ярина уу?

-Нэгдүгээр ангиасаа л дуулж бүжиглэх, янз бүрийн урлаг соёлын тэмцээнд орох дуртай хүүхэд байсан. Зургадугаар ангидаа бүжгийн эвсэлтэй гэдгээ мэдэж, хичээллэж эхэлсэн. Сургуулиа тө лөөлж олон уралдаан тэмцээнд орно. Гэртээ их сунгалт хийнэ, хувиараа багш хүртэл авч бэлтгэл хийдэг. Долдугаар ангиасаа “Морьтны гайхамшиг” морин циркээр хичээллэж Солонгосын Чежү аралд дөрвөн жил морин цирк, агаарын туузын үзүүлбэр үзүүлсэн. Тэнд байхдаа “Би заавал эх орондоо ирж бүжгийн урлагаар суралцана” гэж боддог байсан. Мөрөөдлөө биелүүлэхээр Солонгосоос ирээд шууд Соёл урлагийн их сургуульд бүжгийн мэргэжлээр сурч өөрийн “Suvd’s dance” студийг үүсгэн байгуулсан. Ингэж л бүжгийн урлагтай салшгүй холбогдсон.

-Чежуд циркийн үзүүлбэр үзүүлэх эхлэл хэрхэн тавигдав?

-Манай ах морин циркийн ахмад жүжигчдийн нэг Болдондаваа гэж хүн бий. Тэр хүн намайг морин циркт бэлдэж Чежү арал руу гэрээгээр авч явсан юм л даа. Өглөө 10 цагаас тоглолт эхэлнэ. Өдөрт гурван удаа тоглодог, амралтын өдөр гэж байхгүй. Тэр үед тасралтгүй тоглолт, бэлтгэл сургуулилттай байсан минь бү жигчин болоход нөлөөлсөн гэж боддог. Циркийн урлаг их хатуу, хүнээс маш их тэсвэр тэвчээр шаарддаг шүү дээ. Ялангуяа бүжгийн урлагт орох гэж байгаа хүн тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй. Тэр суурийг минь надад маш тавьж өгсөн. Гэхдээ бүжгийн урлаг, циркийн урлаг хоёрыг харьцуулахад тэс ондоо л доо. Бүжгийн урлаг маш нарийн мэдрэмж шаарддаг. Харин цирк, хүч тэнцвэр маш их цаг хугацаа шаарддаг. Адил зүйл нь тэсвэр тэвчээр л юм даа.

-Анхны гарсан хамгийн том тайз? 

-Миний хувьд Чежү арлын тайз хамгийн том нь байсан. Би тэр тоглолтыг ерөөсөө мартдаггүй. Манай эгч намайг тоглолтод хариуцаж, бэлддэг байлаа. Манежинд морьтойгоо эхний үзүүлбэрээ үзүүлээд гарч ирэхдээ, янзын гоё хийчихлээ дээ гэж бодсон. Эгч хүртэл тайзнаас миний морийг тосож буулгаад л би ч дотроо бөөн баяр. Тэр манежнаас морийг минь хөтөлж буулгана гэдэг их хүндэтгэл байхгүй юу. Эгчийг надад баяр хүргэх нь дээ гэж бодтол эсрэгээрээ загнадаг байгаа. “Чи юу хийгээд байгаа юм бэ, яаж ёслоод байгаа юм, сайн бэлд л дээ” гэсэн. Тэгээд л би айж эхэлсэн. Хамгийн сайнаараа хийсэн гэж бодтол чадаагүй. Одоо яана даа л гэж бодогдож билээ. 

-Бүжиг бүжиглэхэд хүнээс эрч хүч шаарддаг шүү дээ. Энэ их эрч хүчээ юунаас авдаг вэ? 

-Өглөө бүр өөрийгөө хөгжүүлэх богино хэмжээний, тухайн өдрийн хийх ажилтайгаа уялдуулсан бичлэгүүдийг үздэг. Ихэвчлэн хувь хүний хөгжлийн болон “World dance”-ын бичлэг үздэг. Мөн урам зориг, ухаарал хайрласан эшлэлүүд уншиж эрч хүч авдаг. Би хамтлаг бүжгээс илүү гоцлол бүжигт өөрийгөө илүү мэдэрч бүжиглэдэг. 

-Өөрийн үүсгэн байгуулсан “Suvd’s dance” студийнхээ талаар хуваалцаач? 

-2014 онд соёл урлагийн их сургуулийг бүжиг дэглээч, бүжгийн багш хосолсон мэргэжлээр төгссөн. Хоёрдугаар курст байхаасаа эхлэн сурахынхаа хажуугаар ажил хийдэг байлаа. Гадны бүжгийн студиудээр, аэробик, тураах клубт хүртэл багшилсан. Одоо бодоход тэр бүгд маань надад туршлага болж олон зүйлийг сургасан. Оюутан байхдаа өөрийн гэсэн студи, шавьтай болж гоё ирээдүй рүү чиглэсэн бүр дэлхийд гарах бүжигчдийг бэлдэх юмсан гэж их хүсдэг байсан. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн сургуулиа төгсөөд шууд энэ студиэ байгуулсан. Анхны салбар маань 21 дүгээр хороололд бий. Харин хоёр дахь нь Дөрвөн замд байгаа. Удахгүй гурав дахь салбараа нээх төлөвлөгөөтэй ажиллаад л байна. 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

-Чөлөөт цагаараа ерөөсөө л бүжиг дэглэх дуртай. Миний хобби шинэ хөгжимд шинэ бүжиг дэглэх. “Mongolian folk dance free style”- ынхаа хөгжмийг залуучуудын түлхүү сонсдог гадаад дуунаас сонгодог. Монгол бүжгийг орчин үеийн хөгжимтэй хослуулж бүжгээ дэглэдэг. Харин бүжгээс гадна өөрийгөө хөгжүүлэх подкаст, бичлэгүүд үзэх дуртай. 

-Та мөн “folk dance”-ыг дэлхийн урлаг болгохыг хүсдэг гэж байсан?

 -Манайхан монгол бүжиг гэхээр л хуучны бүжиг гэсэн энгийн хэвшмэл ойлголттой байдаг. Гэтэл одоо тайзны бүжиг рүү шилжиж улам шинэлэг болж ирсэн. Тэр дундаа орчин үеийн хөгжимтэй хослуулахад, залуусын сонирхдог бүжгүүдийг илт хол хаяж чадаж байна шүү дээ.(инээв) Би 2019 онд “Nature dance” продакшнаас зохион байгуулсан Монгол бүжгийн тулаанд оролцсон. Тэр тулаанд орсон богино хэмжээний бичлэг маань цахим хуудсанд нэлээн их хандалт авсан л даа. Тэр бичлэгээс хойш маш олон хүн надтай “Монгол бүжиг ийм гоё зүйл байдаг юм уу, бүр цааш нь гоё хөгжүүлж дэлгэрүүлмээр юм байна, мөн хүүхдээ энэ бүжгээр хичээллүүлье” гэж холбогдсон.

 -Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцана уу?

 -Одоогоор бүжгээ онлайн сургалтаар заах гэж байна. Англи орчуулгатай гадагшаа folk бүжиг зааж, Монголынхоо соёлыг гадаадад таниулан сурталчлах зорилготой байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна