Сонгодог жүжгийн дүр нь жүжигчнээ голдог учраас маш хэцүү


А.МӨНХЖИН

УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаатай “Хаадын хаан” жүжгийн бэлтгэл сургуулилтынх нь үеэр уулзаж ярилцлаа.

САВДАГТ САЙН ТОГЛОВОЛ ӨӨРИЙГӨӨ ТАЙЗНЫ ЖҮЖИГЧИН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХТЭЙ БОЛНО

-Цар тахлын хөл хорио суларч уран бүтээлчдийн “нар нь мандах” шиг боллоо. Бэлтгэл сургуулилтдаа орчихсон уу?

-Тийм шүү, удаан хөл хорионы дараа бэлтгэл сургуулилтдаа орсондоо баяртай байна. Гэхдээ манай театрынхан хөл хориотой байсан ч тоглолтоос бусад ажлаа хийдгээрээ хийгээд л явж байсан. Энэ жил манай Драмын театрын 90 жилийн түүхт ой тохиож байгаа. Энэ ойтой холбоотойгоор уран бүтээлчид бид үзэгч олондоо шинэ сайхан бүтээлүүдээр бэлэг барихаар ажиллаж байна. Яг одоо бол зохиолч Б.Цогнэмэхийн зохиол Их эзэн Чингис хааны тухай ‘’Хаадын хаан’’ жүжгийг тайзны бүтээл болгохоор ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наран баатарын найруулгаар сургуулилтаа хийгээд явж байна.

- Та ямар дүрд тоглож байгаа вэ?

-Би савдагийн дүрд тоглож байгаа. Н.Наранбаатар найруулагчийн нэг онцлог нь жүжгүүддээ бэлгэдлийн дүрийг их оруулж ирдэг. Энэ удаа ийм дүр надад оногдсон. Үггүй дүрд анх удаа тоглох гэж байгаа болохоор миний хувьд их сонирхолтой л байна. Найруулагчийн шийдлийн зохиомол дүр гэх юм уу. 

Энэ дүрийн хувьд жүжигт холбоос шигтгээ болж өгөх, Чингис хааныг дотроос нь харуулах гэх юм уу байгаль эх дэлхийтэй холбогдох холбоо харилцааг харуулах үүрэгтэй гэж миний хувьд ойлгож сургуулилтаа хийж байна даа.-Энэ дүрийн юу нь сонирхолтой санагдав? ­

-Найруулагчийн санаа шийдлээс бүтсэн дүр. Би анх сонсоод их гайхаж юугаа тоглох билээ гэж бодсон. Харин судлаад сургуулилаад ирэхээр таалагдаж байна. Ямар ч үг хэлэхгүй, зөвхөн хөдөлгөөнөөр дүрээ гаргана гэхээр дөнгөж анх удаа дүр авч байгаа юм шиг догдлолтой бас айдастай байгаа. Яагаад гэвэл бид чинь яриагаар дүрээ илэрхийлж ирсэн учраас өөрийгөө шинээр задлах, эвдэх хэрэгтэй болно. Ярих илэрхийллээр бол яаж ийгээд дүрээ гаргаж болдог. Жинхэнэ тайзны жүжигчний шандсыг сорьсон дүр болох байх. Ер нь том, жижиг дүр гэж байдаггүй. Тиймээс дүр болгон шинэ, дүр болгон л сүрдмээр. Үггүйгээр дүрээ бүтээнэ гэдэг жинхэнэ супер тайзны жүжигчний ажил. Тиймээс чадлаараа л хичээж байна даа.

-Найруулагчийн хүсэж байгаа зүйлийг биеийн хөдөлгөөнөөр гаргаж харуулна гэхээр амаргүй дүр шиг санагдлаа. Өөртөө нэмэлт бэлтгэл сургуулилт авч байна уу?

­-Мэдээж. Үггүйгээр дүрийг гаргах урлагийн үндсийг Германы нэрт найруулагч, зохиолч, сэтгэгч Бертольд Брехт анх гаргаж ирсэн байдаг. Энэ хүн аливаа юмыг анх хөдөлгөөнөөр илэрхийлж байсан, хэл яриа бол дараагийнх гэж үздэг. Тиймээс тайзны жүжигчин хөдөлгөөний илэрхийллийг гайхамшигтай эзэмшсэн байх ёстой гэдэг онолыг гаргаж тавьж. Н.Наранбаатар найруулагч энэ онолыг театртаа оруулж ирж байгаа гэж ойлгоод илүү хичээх хэрэгтэй болж байна. Тиймээс миний хувьд энэ дүр бол цоо шинэ. Энэ дүрийг гаргаж чадвал сая нэг өөрийгөө тайзны жүжигчин гэж нэрлэх эрхтэй болох байх. Тиймээс өөртөө нэмэлт сургуулилт авч байна. Театр дээрээ бүжгийн дасгал, хувиараа фитнес хийдэг. Бас сунгалтын дасгал гээд энэ биеэ резин шиг болгох гээд л үзэж тарж байна даа. (инээв) Манай театр Орост төгссөн Д.Энхбаатар гээд тайзны хөдөлгөөний найруулагчтай шүү дээ. Өглөө бүхэн Д.Энхбаатар найруулагчтай ажиллаж байна.

-Ер нь хэр олон найруулагчийн нүүрийг үзэв. Найруулагчийн ямар арга барил таныг хурцалдаг гэж боддог вэ?

­-Би өөрийгөө их азтай гэж боддог. Театрт орж ирэнгүүтээ Б.Баатар найруулагчтай амжаад ажиллаад үзчихсэн. Дараа нь Ч.Найдандорж, Ч.Түвшин найруулагчийн жүжигт оролцсон. 

Одоо Н.Наранбаатар найруулагчийн удирдлага дор ажилладаг. Кинонд Ж.Сэнгэдорж, С.Бямба нарын найруулагчтай ажиллаж үзсэн байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр энэ цаг үеийнхээ шилдэг найруулагч нартай ажиллаж үзсэн азтай жүжигчин. Бүх л найруулагчаас юм сурахыг хичээсэн. Ер нь их зүйлийг өөртөө шингээхийг хичээсэн, хичээж ч явна. Тайзны найруулагч бол жүжигчнээ жинхэнээр нь бүтээдэг. Үүнтэй би санал нэгддэг. Тиймээс ч би театрт ирсэн. Тайзны найруулагч л намайг жүжигчин болгоно. Бусдаар би дангаараа хичээлээ гээд жүжигчин болж чадахгүй. Илүү хөгжье, сэтгэе, задаръя гэвэл жүжигчин хүн заавал театрт ажиллаж үзэх хэрэгтэй. Би тайзан дээр тоглож эхэлснээс хойш өөрийнхөө сул болон давуу олон талыг олж мэдсэн. Өөрийгөө дутуу мэддэг байсан юм билээ. 

Өөрөөр хэлбэл найруулагч хүн жүжигчнээ нээж өгдөг. Намайг дөнгөж театрт ирэхэд маш их өөртөө итгэх итгэл өгсөн хүн бол Б.Баатар найруулагч. Намайг бүр хэтрүүлж магтсан. Тэр тун нь надад яг таарсан. Тухайн үед би хүн бүхнээс айж эмээсэн юугаа ч мэдэхгүй шинэ жүжигчин байсан учраас зориггүй байсан байх. Би өөрөө давардаг хүн биш гэдгийг тэр агуу найруулагч олж харсан гэж боддог. Тэр үг анхны урам зоригийг өгч чадсан. Н.Наранбаатар найруулагчийн хувьд жүжигчнээ нээх гэж маш их хөдөлмөрлөдөг зантай. Надад сургуулилтын үеэр хатуу гар зохидог, эрхлүүлэх хэрэггүй жүжигчин гэж санагддаг.

 -Сүүлийн үед театрын сонгодог жүжгүүдэд сонгогддог жүжигчин болжээ. Сонгодог жүжигт тоглох гэдэг таны хувьд юу вэ?

­-Сонгодог жүжгийн дүрүүдийн шилдгүүд угаасаа үзэгчдийн сэтгэлд хоногшоод үлдчихсэн байдаг болохоор үзэгчдэд тоогдтол тоглоно гэдэг бол маш их хариуцлага. Дараагийн асуудал нь сонгодог дүр өөрөө жүжигчнээ голдог. 

Би “Хүүхэлдэйн байшин” жүжгийн Нора, Дон Кихотын буурчийн газрын биеэ үнэлэгч эмэгтэй тэгээд Анна Каренинад тоглосон. Гэхдээ Анна Каренинад тоглуулна гэхэд цочирдож хүлээж аваагүй. Ямар ч байсан арваад жил янз бүрийн дүрд тоглоод айдсаа үргээчихсэн байсан. Тиймээс би сонгодог дүрд тоглохдоо хэт бясалгаад төөрөхөөс сэргийлдэг. Хүч чадал, нөөц боломжоо тааруулахгүй бол бүр автаад явчихна. Хэт сэтгэлийн хөдлөлдөө автаад тамираа барчихгүй шиг биеийн хүчээ дуусгахгүй тоглох гэх юм уу. Ер нь жаахан ухаанаараа залахыг л хичээдэг. Сэтгэлзүйгээ л сайн бэлдддэг.


АННАГИЙН ДОТОР АЙМШИГТАЙ ЮМ БОЛЖ БАЙХАД ТЭР НЬ БУСАД ХҮМҮҮСИЙН ХУВЬД ЗҮГЭЭР НЭГ ЯРИА

-Танд ямар жүжигчний бүтээсэн Анна таалагддаг вэ?

­-Гадаад төрх харагдах байдал талаасаа Америкийн жүжигчин Кэйра Найтли, жүжигчний тоглолтын хувьд Оросын жүжигчин Татьяна Самойлова таалагддаг.

-Өөрийнхөө Анна Каренинаг гаднаас нь дүгнэвэл хэр болсон бэ гэж бодож байгаа вэ?

­-Би одоо өөрийгөө тийм, ийм тоглосон гэхэд эрт байна. Миний хувьд өөрийн зүгээс чадах бүхнээ л хийсэн. Удахгүй дахиад тоглоно. Гэхдээ хүн ер нь өөрийгөө үргэлж чамладаг байх. Миний хувьд “Үзүүлээд өгсөн” гэж хэлж чадахгүй. Би Аннад жүжигчнийхээ хувьд дүүлэн нисэхийг хүссэн. Гэхдээ өөртөө чамлалттай санагдаж байгаа. Яг тоглолтын үед хүн сайн, муугаа ч мэдэх манатай манарлын л байдалтай байдаг юм билээ. Гадаадаас ирсэн ахмад найруулагч манай жүжгийг үзсэн юм билээ. Тэгээд надад нэг сонин үг хэлсэн.

-Ямар үг?

­-Танай театрт ямар ч хүн гаднаас орж ирээд энгийн үед нь ч харсан “Чи Анна юм байна” гэж хэлсэн. Энэ үг л надад дээдийн магтаал санагдсан.

-Жүжигчин хүн өөртэйгөө маш их ажилласан байдаг. Хүн өөрийгөө илүү сайн мэднэ. Баярмаа гэж ямар эмэгтэй юм бэ?

­-Хүн нэг газраа төвлөрөөд ажиллаад эхлэхээр өөрийгөө ажигладаг юм шиг байна. 

Миний сэтгэл яаж хөдөлж байна, би ямар тохиолдолд ямар шийдвэр гаргаж байна, сэтгэл хөдлөл дээд доод түвшиндээ хүрэхээр яаж байна гээд чагнадаг болсон байна билээ.-Чагнатал ямар хүн юм шиг санагдаж байна?

­-Өөрийгөө бүтээх гээд оролдож байна гэх юм уу даа. Хүн өөрийгөө зөнгөөр нь хаявал нэг их ухаантай амьтан биш. Миний хийсэн дүгнэлт бол би өөрийгөө бүтээхгүй бол ямар нэг өөрчлөлт явагдахгүй нь. Тэгэхээр би ямар хүн бэ гэхээсээ илүү ямар хүн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж явна. Өөрийнхөө сул болон давуу талуудыг сайн мэддэг болсон. Хүнд туслах дуртай, жаахан өр нимгэн хүн юм болов уу. Эмэгтэй хүн гаднах дүр төрхөө хүртэл цуглуулж олж мэддэг юм билээ. Намайг өөрийгөө бүтээхэд хүмүүсийн үг их чухал санагдсан. Хүмүүсээс бодож байгаагүй үгс сонсохоор бас сонин.

-Тэгвэл тэр юуных нь хайр байх юм. Та хайрынхаа араас алдуурсан эмэгтэй Аннагийн дүрд тоглож байгаа шүү дээ? ­

-Хуучинсаг сонсогдож болох юм. Би хэзээ ч Анна шиг тэсэрч чадахгүй. Анна бол миний мөрөөдлийн Баярмаа. Мэдэхгүй юм даа, хүн тухайн нөхцөл байдалд хэрхэхийг хэлж мэдэхэд бас хэцүү шүү дээ.

-Анна бол хайрынхаа араас алдуураад, автчихсан эмэгтэй. Харин та эсрэг зарчимтай. Энэ дүрийг яаж бүтээж байна вэ?

­-Хэцүү шүү дээ. Тэр сэтгэлийг барьж тогтооно гэдэг. Хайр гэдэг чинь нэг алдуурчихаараа ухаанд дийлддэггүй юм биш үү. Анна бол гайхамшигтай ёс журамтай эмэгтэй. Гэтэл тэр эмэгтэйг тийм болтол нь итгүүлээд дарчихсан амьдрал байсан. Тийм учраас хайртай учрахаараа тэгтлээ тэсэрсэн юм болов уу. Эмэгтэй хүнийг эр хүн хайрлаж байгаа бол ер нь хорвоог таньж мэдүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Эмэгтэй хүнийг өөртөө тааруулахаасаа илүү өөрийг нь өөрөөр нь нээлгэх хэрэгтэй. Эмэгтэй хүн хорвоог таниад ирэхээрээ ямар ч юманд барьц алдахаа больдог. Дарагдсан зүрх сэтгэл үхдэггүй амьдаараа булшлагдаж байгаад тэсэрсэн нь тэр.

-Зохиолынхоо дүрийг уншаад тоглохоосоо өмнө бодох гэдэг чухал ажил. Судлаад Аннаг юу гэж ойлгов?

- ­Ер нь эмэгтэй хүнд нэг тийм үгээр хэлэхэд хэцүү араншин байна. Хүнд хайрлуулах гэж маш том хэрэгцээ бас байдаг. Тэрийгээ эмэгтэй хүн “Би хайрлуулмаар байна, хайрлаад өгөөч” гэж хэлдэггүй. Эмэгтэй хүнд байдаг бараг бүх араншин Аннад байдаг. Эмэгтэй хүн гэж дотроо яг л ийм байдаг даа гэж бодогддог. 

Үнэндээ эмэгтэй хүн, эр хүнээс маш өчүүхэн юм хүсдэг. Гэтэл тэр нь амьдрал дээр маш том зөрчлөөр илрээд байдаг. Ганцхан тэврэлтээр тайвшрах байтал тэгээгүйгээс маш том зөрчилдөөний эхлэл болдог гэдэг ч юм уу, ээдрээтэй. Зохиолд Анна хорвоо ертөнцийг ганцаараа сөрдөг. Тэр хүний дотор аймшигтай юм болж байхад тэр нь бусад хүмүүсийн хувьд зүгээр нэг яриа.-Аннагийн зан араншинд чиний ямар хэлтэрхийнүүд байна?

­-Эмэгтэй хүн хайраар дутаад ирэхээрээ их хачин олон янзын араншин гаргадаг юм шиг. Би ч гэлтгүй бүх эмэгтэй хүний дотор нэг тийм зан байдаг. Тэр дутагдаад байгаа мэдрэмжээ Анна бүгдийг нь яримааргүй л байна шүү дээ. Гэтэл Вронский яагаад ойлгохгүй байгаа юм... гэх мэт. Тэгээд л бачуурна шүү дээ. Ямар “Би чиний төлөө эр нөхөр, үр хүүхдээ хаяад ирлээ” гээд үглээд байлтай биш. Тэгвэл эмэгтэй хүн биш болно биздээ.

-Эмэгтэйчүүд хайр дурлалынхаа төлөө алдуурахаас айгаад өөрийгөө хорьчихдог юм биш биз дээ...?

 ­Ихэнх хүмүүс айна. Нөгөө хүн нь хэн байхаас их юм хамаарах гээд нөхцөл байдлаас шалтгаална.

 -Тэгвэл ашиг сонирхол л үлдээд үйлчилдэг юм бишүү?

 -­Цагаа тулвал бас алдуурах байх аа. Хүн чинь ер нь зөрүүд амьтан шүү дээ. Зөрөх тусам шатдаг ч байж магадгүй. Гэхдээ бүх хүний эсрэг сөрнө гэдэг бол хэцүү.

-Анна хамгийн сүүлд галт тэрэгний тавцангаас үсэрдэг. Та түүний оронд байсан бол яах вэ? ­

Эрүүл саруул ухаанаар бодвол үхэл рүү өөрийгөө түлхэхгүй байх.

-Аннад байдаг бүх л араншин эмэгтэй хүнд байдаг. Түүнийгээ ил гаргадаггүй, ил гаргадаг эсэхээрээ л өөр байх...?

­Манай Анна чинь бас л хэцүү хүүхэн шүү дээ. (инээв) 

Нэг бодохоор өрөвмөөр, заримдаа үзэн ядмаар, эсвэл хайрлан дурламаар бүр заримдаа алгадаад хаячихмаар. Энэ бүх араншин л Аннаг бүтээдэг.-Танд Аннад тоглохуйц ямар шинж чанар байгаа гэж бодож байна вэ?

­Аннанд тоглохуйц хувь тавилантай гэж бодож байна. Аннад байдаг эмэгтэй хүний донж маяг, үл ойлгогдох байдал надад байгаа байх. Тайзан дээр өөрийгөө гэрэлтэж чаддаг л гэж бодож байна.

-Аннанд тоглох маш хэцүү. Яагаад гэвэл уншсан хүн бүхний дотор өөрийнх нь Анна байгаа. Тиймээс үзэгч танд маш өндөр шалгуурыг тавина. Та айж байна уу?

­-Мэдээж. Өмнөх Аннад тоглосон жүжигчдийг судлахад тэд өөгүй төгс бүсгүйчүүд биш байна, гоо сайхан талаасаа шүү. Тулчихсан царайлаг, хөөрхөн эмэгтэй бол тоглодоггүй юм байна. Гэхдээ нэг увидас тэр хүмүүст байна. Түүнийг л гаргахгүй бол үзэгчдийн хүлээлтэд хүрч чадахгүй. 

Аннаг харах тусам гоё болж харагддаг ч юмуу үгээр хэлэхэд хэцүү нэг шид бий. Үүнийг та л сайн мэдэх байх....-Миний хувьд тэр чанарыг эмэгтэй хүнд байдаг ад гэж хэлнэ....? Аннаг бүтээхдээ Баярмаа өөр дээрээ юу юуг нэмж байна вэ? ­

Ааш аалийг нь л өөртөө суулгах гэж хичээж байгаа. Таны хэлснээр тэр нэг ад гэх юм уу даа.

-Найруулагч Н.Наранбаатар танаас юу, хүсч шаардаж байна вэ?

­Хамгийн их хүсч байгаа нь “Энэ эмэгтэйн дотор хоёр Анна байна, энэ хоёр чинь хэн юм бэ? Үүнийг л салгаад харуулаатах” гэдэг.

 -Монголын хамгийн анхны Анна болно гэдэг дараагийн жүжигчний өмнө маш өндөр босго тавих хэрэгтэй болно. Дараагийн Анна чамайг давах тэр өндөрт хүргэх үүргээсээ айж байна уу? ­

-Өрөөндөө суугаад бодоод эхлэхээрээ айдаг. Харин тайзан дээр гараад тоглохоороо би чөлөөлөгддөг. Анхны байхын хэцүү болоод хүнд үүргийг ойлгож байгаа. Тайзан дээр би өөрөөсөө илүү байгаагаа мэдэрдэг. Энэ бол жүжигчин хүнд байдаг амбиц. Үүний төлөө би өөртэйгөө “Чи юу чаддаг жүжигчин юм бэ” гэж хүртэл тэмцэж байна. Тоглоод дуусахад нэг их юм туулаад дуусч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Аливаа юманд өөрийн гэсэн цаг ирдэг. Би энэ жүжгийн дараа хувь хүн болоод жүжигчнийхээ хувьд өөрчлөгдөнө гэдэгтээ итгэлтэй байна.

-Хайр сэтгэл бол шалиг явдлаас гадуурх зүйл гэж жүжигт хэлдэг. Хайрыг яагаад заавал хань нөхөр, гэр бүл, үүрэг хариуцлагатай холбож ярьдаг юм бол. Хайр дангаараа хаа хамаагүй оршиж болохгүй гэж үү? Хайр гэж тэгэхээр юу юм бэ?

 ­-Харин тиймээ, энэ асуултад чинь ганцхан би ч биш хүн төрөлхтөн хариулж чадахгүй баларч байна шүү дээ. (инээв)

-Эмэгтэй хүн хайрласан хүнээ юунаас ч хамаарахгүй үүрэг хариуцлага үүрүүлэхгүй хайрлаж болохгүй юм уу? ­

-Уг нь тэгж хайрламаар байна шүү дээ. Анна л ганцхан тэгж хайрлаж чадлаа. Ийм хайр гэхдээ амьдралд ганц л тохиолддог байх.

-Хайрлана гэхээр заавал хамт байх албагүй, харин ч чөлөөлөх байж болох уу? ­

-Тэр ч тийм байх шүү. Хайр зөвхөн оюун санааных, сэтгэлийнх байж болно.

-Хэзээ өөрийгөө бүтээлээ дээ гэж тоох бол?

 ­Аннагийн ард ямар мэдрэмж төрөхийг мэдэхгүй байна. Өнөөг хүртэл миний хийж явсан ажлуудаас хамгийн өндөр цэг нь энэ. Зөвхөн өөртөө өндөр цензур тавиад өөрийнхөө гишгэж байгаагүй шатны гишгүүрт гишгэлээ. Жүжигчин хүнийхээ хувьд өөртөө баяр хүргэж магадгүй. Би ер нь өөрийгөө маш их голдог хүн л дээ. Нэг л өдөр өөрийгөө тоох цаг ирэх байхаа.


722
364
5
2
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна