Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эх оронч худалдан авалтад уриалж байна


Б.ТЭРГЭЛ

Сүхбаатарын талбайд жижиг, дунд бизнес эрхлэгчид цуглажээ. “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох ёсгүй” уриан дор нэгдсэн тэд цар тахлын хатуухан үеийг туулж буй ч хийе, бүтээе, чадна, амжуулна гэх ирмүүн сэтгэлээр энд цугласан нь анзаарагдах аж. 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ-аар Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хууль хөрсөндөө хүрч хэрэгжиж эхэлж. Цар тахлын хүнд үеэс улбаалж, оны сүүлээр цөөнгүй жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа зогсооно гэх таагүй таамгийг хэдхэн хоногийн өмнө эдийн засагчийн амнаас сонсоод гонсойж байсан ч олонх биш цөөнх нь байх гэсэн өөдрөг итгэлээр төв талбайг орхисон. Нэг хаалга хаагдахад нөгөө нь онгойдог гэдэг үнэн аж. Цар тахлын улмаас хил хаагдаж, худалдаа арилжаа хязгаарлагдаж, бараа таваарын хомстолд ороод хэцүүдэх бий вий гэх эмзэглэлийг “бид чадна” гэх итгэлээр жижиг дунд үйлдвэрлэгчид эерүүлжээ. Чадах ч юм байна. Ерөнхий сайдын санаачилсан 10 их наядын цогц төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох ажлын байрыг хадгалах буюу жижиг, дундынхныг дэмжих гурван их наядын зээл ч байгаа онож. 100 хувь биш байх л даа. Гэхдээ л байнд ч үгүй, банзанд ч үгүй гэх бараан хардлагыг талбай дээр цугласан үндэсний үйлдвэрлэгчид маань үргээж орхисныг хэлэхэд илүүдэх юун. 

Үндэсний үйлдвэрлэл гэхээр л эсгий углааш, ааруул хуруудханаар төсөөлдөг цаг ард хоцорч... Хүүхдийн тоглоом, ахуйн бараа бүтээгдэхүүн, гутал хувцасны нэр төрөл, өнгө үзэмж ч олширсон байна. Мэдээж монгол брэнд болох ноос ноолуур зонхилж байсан ч загвар хийц нь илт сайжирчээ.

Загвар зохион бүтээгчдэдээ баярласан шүү. Бидний эхний очсон асар “AMURAI” брэндийнх. Хүүхэд багачууддаа зориулж ээлжит шинэ бүтээгдэхүүн болох хөдөлгөөнт модон эко тоглоомоо танилцуулж байна билээ. Хүүхдийн сэвлэг үргээх ёслол болон төрсөн өдөрт манай тоглоомыг сонгож бэлэглэвэл хамгийн хөөрхөн эрүүл бэлэг болно гэх тайлбарыг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Б.Амарбаясгалан хэлсэн. Үлгэрийн баатруудаа захиалаад хийлгэх ч боломжтой юм билээ. Үнийн хувьд замтайгаа хоёр тоглоом авахад 30.000 төгрөг. Замаар уруудан гүйх үлгэрийн баатрууд багачуудын сонирхлыг татах нь гарцаагүй. Бас дээр нь эко... Тэднийх гэр бүлийн үйлдвэрлэл, өөрөөр хэлбэл, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг гэсэн шүү. Залуухан гэр бүлээ дэмжээрэй.

 Б.ХАЛИУН: МОНГОЛД СТАРТ АППЫН ДЭМЖЛЭГ МУУ САНАГДДАГ /Хувиараа хөдөлмөр эрхлэгч / 

-Үйл ажиллагаагаа эхлээд хэр удаж байна вэ?

 -Манайх оёдлын болон мужааны үйлдвэрлэл эрхэлдэг. Брэнд маань гэр ахуйн оёмол бүтээгдэхүүнээс гадна хүүхдийн модон бүтээгдэхүүн мөн аяны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Авдар үйлдвэрлээд яг нэг жил болж байна. Үйлдвэрлэлээ эхлээд найман жил болж байна. 20 настайдаа л энэ салбарт хөл тавьсан.

 -Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг асуудал санхүүжилт. Засгийн газрын хэрэгжүүлж буй цогц хөтөлбөрийн гурван их наядын зээлийн тухайд ямар байр суурьтай байна вэ? 

-Юуг нь нуухав. Зээл болгонд л хандаж үздэг. Би харьцангуй залуу үйлдвэрлэл эрхлэгч. Миний хувьд банкаар дамжсан зээл их хэцүү санагддаг. Ажлын туршлага маань найман жил ч банкны шаардлагад нийцэх барьцаа хөрөнгө байхгүй. Банкууд бага хүүтэй зээлээсээ илүүтэйгээр барьцаа нь бага ч өндөр хүүтэй өөрсдийнхөө зээлийн бүтээгдэхүүнийг санал болгоод байдаг. 

-Бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж хэр байдаг вэ. Сонирхож үзэв үү? 

-Манайх хонины ноос, эмийн ургамал дүүргэлттэй дэр үйлдвэрлэдэг. Экспортод гаргахаар наймуулаа хичээж ажиллаж байгаа. Нэг үеэ бодвол зах зээл маань тэлж, үйлдвэрээ томруулах шаардлага тулгарч байна. Залуу хүний хувьд “старт апп”-ын дэмжлэг муу санагддаг. Зөвхөн банкаар дамжсан ЭХ ОРОНЧ бизнесийн зээл л олгогддог. Тэрийг нь нэгдүгээрт үл хөдлөх хөрөнгөгүй учраас хоёрдугаарт, танил тал муутай учраас авч чаддаггүй. Шууд шударгаар харилцахаар хэцүү л юм байна билээ.

 П.ТӨГСБАЯР: ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

 “Interstyle” модон тавилгын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өөрийн эрхгүй хараа булаах аж. Тус үйлдвэр 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж компанийн захирал П.Төгсбаяр хэлсэн. 

-Үзэсгэлэнд олны сонирхол татаж буй бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй танайх байна шүү? 

-“Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох ёсгүй” уриатай үзэсгэлэнд оролцож байгаа учир нь манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ажилладаг. Манайхан олон ургалч үзэл гээд л аливааг олон талаас нь харж ярьдаг болсон байна. Гэхдээ бид хөгжихийн тулд хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр хийхийн тулд тухайн хүн хөгжлийн бэрхшээлтэй байна уу, үгүй юу хамаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ийм гоё тавилгуудыг хийж байхад бид яагаад хөгжихгүй байгаа юм бэ. Цар тахлын улмаас хил гаалиар орж гарах хязгаарлагдмал болчихсон энэ үед бид аль болох үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хамтарч ажиллах боломжоо ашиглах хэрэгтэй байна. 

-Аюулгүй байдлын талаас нь нэлээн анхаарсан харагдлаа. Материалаа хаанаас авдаг юм бэ? 

-Энэ бол эхний загварууд, цаашдаа хийхээр төлөвлөсөн ажил их бий. Түүхий эдээ ОХУ, БНХАУ-аас хавтангаар нь оруулж ирдэг. 

-Үйлдвэрлэгчдийн өмнө тулгамддаг асуудал зээл. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? 

-Жижиг дундын зээлд хамрагдах хүсэлтээ өгчихсөн. Миний хувьд төр жижиг, дундаа боломжоор нь дэмжиж байна, харин одоо иргэд маань эх оронч худалдан авалт хийх хэрэгтэй. Өнөөдөр Мишээл тавилгын их дэлгүүр тавилгагүй болчихсон, дотоодын үйлдвэрлэгчдэд тавилгаа борлуулах боломж гарч ирж байна. Үйлдвэрлэгч бол үйлдвэрлэгч, бараа бүтээгдэхүүнээ хаана зарах нь хамаагүй. Ний нуугүй хэлэхэд цар тахал үйлдвэрлэгчдэд цоо шинэ цонхыг нээж өглөө. Би чадна, гагцхүү эх оронч худалдан авалт л хэрэгтэй байна. 

“БНЦМҮ” ХХК-ИЙНХАН ИМПОРТЫГ ОРЛУУЛАХ ИХ АЖЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬЖЭЭ 

Саван үйлдвэрлэгч н.Энхцэцэг, “Манайх 12 ажилтантай, саяхан ажлын байр нэмэгдүүлэх гурван хувийн хүүтэй зээл авч, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, зарим бараа бүтээгдэхүүнийхээ баглаа бодлыг шинэчилсэн” гэлээ. Үзэсгэлэнг тойрон явах зуур анхаарал татсан дараагийн асар бол BEMP, Багануур цахилгаан механикийн үйлдвэрийнх. “БНЦМҮ” ХХК нь Монголдоо цахилгаан механикийн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч болох чин хүсэлтэй 100 залуугийн нэгдэл гэнэ. Дэвшилтэт техник технологи бүхий тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулан дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн үйлдвэрлэл явуулж буйгаа тус компанийн Борлуулалт маркетингийн менежер Ц.Хулан хэлсэн. 10 гаруй жилийн туршлагадаа үндэслэн цахилгаан хангамж болон захиалгат төмөр хийцлэлийн 300- гаад бүтээгдэхүүнийг захиалагчийн хэрэгцээ, шаардлага, цахилгаан техникийн дүрэм, олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг тус хамт олон импортыг орлох ирмүүн хүсэлтэй. Үйлдвэрлэгчид боломж байна, бид чадна. Харин одоо эх оронч худалдан авалт хийгээрэй. Хамтдаа чадна, хараат бусаар хөгжих боломжтой гэж байна.

 Н.НАРАНБАТ: ДӨРВӨН ТӨРЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

 Үйлдвэрлэгчидтэй Зээлийн батлан даалтын сангийнхан айлсжээ. Асуудлыг газар дээр нь шийдэх нь бидний зорилго хэмээн Зээлийн батлан даалтын сангийн Зээлийн бүртгэл, мэдээллийн мэргэжилтэн Н.Наранбат хэлсэн. 

-Зээл олголтын явц ямар байна вэ. Эрэлт хэрэгцээ их байгаа нь мэдээж. Ирээдүйг нь харсан ч гэх юм уу зээл олгоход салбар харгалзаж байгаа юу? 

Салбар харгалзахгүй. Зээлийн хэрэгцээ шаардлагатай, барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ бүгдийг нь дэмжин ажиллах зорилттой. Тухайн зээлийнхээ шаардлагыг хангасан зээлдэгчдэд батлан даалт гаргаж ажиллаж байна. 

-Зээлийн батлан даалтын хувь ямар билээ? 

-30-60 хувь хүртэл батлан даадаг. Ажлын байрыг дэмжих буюу иргэдийн ярьдгаар гурван хувийн хүүтэй зээлд 60 хүртэлх хувийн батлан даалт гаргаж байгаа. Манайх үндсэндээ дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргаад ажиллаж байна.

 -Тодруулбал? 

-Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй зээл буюу жилийн 12-15 хувийн хүүтэй, 10 жил хүртэлх хугацаатай зээл. Гурван хувийн хүүтэй зээл. Мөн үндсэн батлан даалт буюу үндсэн хүү нь өөрчлөгдөхгүйгээр тухайн банкны гаргаж буй нөхцөл шаардлагын дагуу батлан даалт гаргаад ажиллаж байна. Үйлдвэрлэгчдээс гадна үйлдвэрлэгчдийг дэмжих чин хүс элтнүүд ч төв талбайд цуглажээ. “Эй Жи айс Монголиа” аялал жуулчалын компанийн аяллын менежер Т.Гэрэлчимэг, “Манайх 67 улсын 139 хотод 439 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс Японы зах зээл дээр онлайн худалдаа ажиллуулахаар төлөвлөж байгаа. Онлайнаар Монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулж, худалдаа хийнэ гэсэн үг. Эхний ээлжинд онлайн худалдааны сайтад маань зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй 67 орны бараа бүтээгдэхүүн байрших юм. Монголынхоо, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах эхний алхмыг хийж өгөхөөр “Та бүтээ, бид замчилъя” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа эхлүүлж байгаа” гэлээ. Төв талбайд ЖДҮ-чид цуглажээ. Гэхдээ жинхэнэ ЖДҮ-чид... Тэд эх оронч худалдан авалтад уриалж, аялал жуулчлалынханд замчлахаар, Зээлийн батлан даалтынхан дэмжихээр энгийнчилбэл эрвийж дэрвийхээрээ зүтгэхээр Сүхбаатарын талбайд цугларсан байна. Эх оронч худалдан авалтад би ч нэгдлээ, та ч бас нэгдээрэй...



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна