Бээжин бидэнд ардчилал өгч чадахгүй


М.ХҮСЛЭН

Хятад болон Тайвань улсын хооронд юу болоод байна вэ

Ши Жиньпин Тайвань арлыг БНХАУ-д “энхийн замаар дахин нэгтгэх” амлалт өглөө. Харин Тайпэй Хятадад толгой бөхийлгөхгүй, ардчилсан замаар дагнах болно гэдгээ мэдэгдэв. Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин Тайвань арлын тухай дахин нэг мэдэгдэл хийж, тэр нь том дуулиан боллоо. “Эх орноо бүрэн нэгтгэх гэсэн түүхэн зорилгоо биелүүлэх хэрэгтэй бөгөөд үүнийг бид хийнэ” хэмээн Тайванийг нэтгэх талаар ярихдаа онцолжээ. Өмнөх мэдэгдлүүдийг бодвол аядуу зөөлөн ярьсан Ши Жиньпин энэ удаа энхийн замаар нэгтгэнэ гэж ярьсан ч, Хятадын салан тусгаарлах үзэлтэй тэмцэх “алдартай уламжлал бий” хэмээн санууллаа. Бээжингийн мэдэгдэл Тайваний эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхийлөгч Цай Инвэнь улсынхаа ирээдүйг зөвхөн ард түмэн шийдвэрлэнэ гэв.

Тайваньд ардчилсан замаар сонгогддог төрийн институт, 300 мянга гаруй цэрэгтэй арми бий. Түүнчлэн хүчирхэг эдийн засагтай болсон бөгөөд өндөр хөгжилтэй оронд тооцогддог. Гэвч БНХАУ-тай ямар нэгэн харилцаатай улс орнууд Тайванийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг. 

“Үндэсний батлан хамгаалахаа бэхжүүлж, өөрсдийгөө хамгаалсаар байх болно. Тайвань улсыг хэн ч Хятадын байгуулсан замаар явахыг албадаж чадахгүй. Учир нь БНХАУ 23 сая хүн амтай улсад ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол өгч чадахгүй. Харилцаа сайжирна гэж найдаж байна, яаран шийдвэр гаргахгүй” хэмээн арлын төрийн тэргүүн уламжлав. Тайвань улсын Ерөнхийлөгч Хятадтай тэгш эрхтэйгээр ярилцахыг хүсэж буйгаа мэдэгдсэн. Харин үүнийг хүлээн зөвшөөрөөгүй БНХАУ “Төр улс нэгдмэл байх хэрэгтэйг, тусгаар тогтнолыг эрэлхийлэх нь хэлэлцээ хийхэд хүргэдэггүй” хэмээн анхааруулав. Хятад Тайваньд “нэг улс, хоёр систем” бодлогыг, өөрөөр хэлбэл, автономит эрх санал болгосон байна. Өнөөдөр Хонконгод уг бодлогыг баримталдаг. Гэхдээ Тайванийн үндсэн намууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 

БАЙЛДААНЫ ОНГОЦНЫ МАРГААН

Тайвань улсын Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн БНХАУ болон Тайвань сүүлийн 40 жилийн хугацаанд болж байгаагүй хамгийн хурцадмал байдалд хүрсэн гэдгийг мэдэгдэж, хоёр улсын хооронд мөргөлдөөн гарч болзошгүйг анхаарууллаа. Түүнийг тэгж хэлэхэд нь БНХАУ-ын байлдааны онгоцууд Тайвань улсын агаарын орон зайд нэвтэрч, хилийг зөрчсөн явдал түлхэц боллоо. Сайд Бээжингийн уг алхмыг бусад орон руу халдсан үйлдэл хэмээн үнэлжээ. Шинжээчид Тайванийн арал АНУ болон БНХАУ-ын өрсөлдөөний талбар болсон гэдгийг, энэ нь цэргийн мөргөлдөөн гарахад хүргэж болзошгүй гэж үзэж байна. Тайванийг Бээжин БНХАУын нэг хэсэг гэж үздэг. Энэ сард дөрвөн өдрийн дотор агаарын бүсэд нь 150 орчим бөмбөгдөгч, сөнөөгч онгоц илгээн сүрдүүллээ. Харин БНХАУ-ын зүгээс тусгаар тогтнолоо хамгаалахын тулд дээрх үйлдлүүдийг хийж байна гэж мэдүүлсэн. Тайпэй хотод болсон аюулгүй байдлын зөвлөгөөн дээр Тайванийн төрийн тэргүүн “Тайвань цэргийн мөргөлдөөн хүсэхгүй байна. Бид хөршүүдтэйгээ эвтэй найртай, энх тунх, тогтвортой зэрэгцэн оршмоор байна. Гэхдээ бид ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө бүх хүчээ дайчлан, эцсээ хүртэл тэмцэх болно. Тайвань болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд дэлхийн хамгийн том хүчнүүдтэй нягт холбоотой хамтран ажиллах шаардлагатай” гэжээ.

 ЗӨРЧИЛ ЮУНААС ЭХЭЛСЭН ВЭ

 Тайвань өөрсдийгөө тусгаар тогтносон улс хэмээн үздэг. Харин БНХАУ түүнийг өөрсдийн хуваагдсан нэг хэсэг хэмээн үзэж, дахин нэгтгэхийг хүсэж байгаа. Сүүлийн үед зөрчил ихэссэн ч өнөөдрийн нөхцөл байдал 1996 оныхтой харьцуулбал сайн. Тэр үед Хятад пуужингийн туршилт хийж, Тайваньд Ерөнхийлөгчийн сонгуулийг тасалдуулахыг оролдсон. Үүний хариуд АНУ Тайваньд нисэх онгоц тээгчийг илгээж, үүний дараа Бээжин туршилтаа зогсоож байв. Тайвань болон Хятад 1949 оноос эхэлж хуваагдсан. Тэр жил Хятадад хувьсгал болж Мао Зэдун тэргүүтэй коммунистууд төрийн эрхийг авснаар, Чан Кай Ши даргатай хуучин Засгийн газар Тайвань арал руу зугтсан аж. Хоёулаа Хятадын төр улс болохын төлөө тэмцэлдэж, эхэндээ АНУ зөвхөн Тайваньтай хамтран ажилласан. Үүнд капиталист болон социалист болж хуваагдсан дэлхий дахины тухайн үеийн өрсөлдөөн бас нөлөөлсөн аж. Гэхдээ эх газрын Хятадын олон улс дахь нэр хүнд нэмэгдэж, 1970-аад онд АНУ дипломат төлөөлөгчийн газраа БНХАУ руу шилжүүлээд, Коммунист нам удирддаг Хятадтай түншлэл байгуулав. Гэсэн хэдий ч Тайвань өөрсдийгөө тусгаар улс хэмээн үзсээр байв. Коммунистууд 1949 онд засгийн эрхийг булаан авснаар Тайвань эх газрыг орхин явсан тэр цагаас хойш Тайванийн Засгийн газар тусгаар тогтнолоо албан ёсоор зарлах вий гэдгээс БНХАУ үргэлж болгоомжилж ирсэн. Тайваньд ардчилсан замаар сонгогддог төрийн институт, 300 мянга гаруй цэрэгтэй арми бий. Түүнчлэн хүчирхэг эдийн засагтай болсон бөгөөд өндөр хөгжилтэй оронд тооцогддог. Гэвч БНХАУтай ямар нэгэн харилцаатай улс орнууд Тайванийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг. Үүний улмаас Тайвань олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдсан. Гэсэн хэдий ч АНУ Тайванийг одоо ч дэмжсээр байгаа. Түүнчлэн тусгай хуулийн дагуу Тайваньд зэр зэвсэг худалддаг аж. БНХАУ болон Тайвань улсын хооронд сүүлийн маргаан дэгдэж эхлэхэд, сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд асуулт тавьсан. Тэгэхэд Цагаан ордны тэргүүн “Ши Жиньпинтэй Тайванийн асуудлаар ярилцлаа. Бид Тайванийн гэрээг дагаж мөрдөхөөр болсон” гэв. Гэвч Жо Байден ямар гэрээг хэлсэн нь тодорхойгүй. 

ЦАЙ ИНВЭНЬ: ТАЙВАНЬ БАТЛАН ХАМГААЛАХ ЧАДВАРАА БЭХЖҮҮЛНЭ 

Тайвань эх газрын Хятадаас үзүүлж буй дарамт шахалтын өмнө “толгой бөхийлгөхгүй” бөгөөд бүс нутаг дахь статус квог хамгаалж, батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж Ерөнхийлөгч Цай Инвэнь өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн. Тэрбээр Тайванийн үндэсний баярыг тохиолдуулан үг хэлэхдээ “Тайванийг Хятадын санал болгож буй замаар явахыг хэн нэгнээр албадан шахуулахгүйн тулд бид батлан хамгаалах чадвараа үргэлжлүүлэн бэхжүүлж, өөрийгөө хамгаалах шийдэмгий байдлаа харуулсаар байх болно” гэжээ. Тэрбээр Тайпэй бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн буйг цохон тэмдэглээд Тайванийн хоолой дахь статус квог өөрчлөх нэг талын оролдлогыг эсэргүүцэх шаардлагатай байгааг онцлов. “Бид хоолойн хоёр талын хурцадмал байдал намжина гэж найдаж байгаа бөгөөд үүнд хөнгөн хуумгай хандахгүй. Гэхдээ Тайванийн ард түмэнд шахалт үзүүлж толгойг нь бөхийлгөх гэсэн бүтэшгүй санаа байх ёсгүй” хэмээв. БНХАУ-тай хийж байсан хэлэлцээ 2016 оны тавдугаар сард Цай Инвэнь төрийн эрхэнд гарснаас хойш мухардалд орсон. 1949 оноос хойш Тайвань нь эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа.Тайванийн Ерөнхийлөгч “Тайвань цэргийн мөргөлдөөнд орохыг хүсэхгүй байгаа ч эрх чөлөөгөө хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэж ярьсан аж. 

ШИ ЖИНЬПИН: ҮНДЭСТНИЙГ НЭГТГЭХ АЖЛЫГ БИД ХИЙХ БОЛНО

 Тайванийн арлыг Хятадын эх газартай “тайван замаар” нэгтгэх нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэж байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын танхимд болсон албан ёсны арга хэмжээний үеэр мэдэгдлээ. Тэрбээр танхимд цугласан улстөрч, цэргийн албан хаагч болон бусад албаны хүмүүст хандан “Үндэстнийг нэгтгэх ажлыг бид хийх болно” гэжээ. Мөн энхийн замаар эвлэлдэн нэгдэх нь Хятад үндэстэн, тэр дундаа элэг нэгтэн Тайванийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгааг яриандаа онцлов. Өнгөрсөн бямба гарагт Бээжин хотноо болсон арга хэмжээ нь Хятадын цэргүүд Чин улсын эзэн хааныг түлхэн унагааж Сун Ятсений удирдлага дор Бүгд Найрамдах Хятад улсыг байгуулсны 110 жилийн ойд зориулсан арга хэмжээ юм. Тайвань арал мөн аравдугаар сарын 10-ныг Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг. 

ЦЭРГИЙН ХАРИЛЦААГАА ТАСЛАХЫГ АНУ-ААС ШААРДЛАА

 Бээжин АНУ-ыг БНХАУ-ын “дотоодын” хэрэгт хошуу дүрлээ гэж буруутгаж байгаа. АНУын цэргүүд Тайванийн зэвсэгт хүчнийг нууцаар бэлтгэж байсан талаар мэдээлэл гарсны дараа Хятадын эрх баригчид Тайваньтай цэргийн харилцаагаа таслахыг АНУ-аас шаардав. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь энэ талаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Хятад улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэжээ. АНУ-ын тусгай ажиллагааны 20 орчим цэрэг Тайваньд нэг жил орчим нууц сургалтын ажиллагаа явуулж байсан талаар “Wall Street Journal” өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. АНУ Тайванийн Засгийн газартай албан бус харилцаж, эх газрын зүгээс үзүүлж болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх зориулалттай зэвсэг техникээр хангаж ирсэн. 

БНХАУ 2025 ОНД ТАЙВАНИЙН ЭСРЭГ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖ МАГАДГҮЙ

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн БНХАУ-тай харилцах харилцаа сүүлийн 40 жилд хамгийн муу үедээ ирээд байгаа талаар мэдэгдсэн. Тэрбээр мэдэгдэлдээ эх газрын Хятад 2025 онд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх магадлалтай гэсэн байна. БНХАУ Тайванийн агаарын орон зайд дөрвөн өдөр дараалан хамгийн олон онгоц нисгэсний дараа тэрбээр парламентын хуралдаанд дээрх мэдэгдлийг хийсэн аж. Хуралдаанаар Батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэхийн тулд авах арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Тодруулбал, нисэх хүчин, хуурай замын цэргийн материаллаг бааз, зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх олон тэрбум ам.долларын өртөгтэй төсөл эхлүүлэх талаар яригдсан юм байна. “БНХАУ-д хүч хэрэглэе гэвэл боломж нь байгаа. Гэхдээ шууд одоо эхлүүлэхэд болохооргүй өөр олон хүчин зүйлүүд байна” гэж Чиу Куо Чэн хэлсэн байна.



1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна