Японы ерөнхий сайд өмнөд Курилыг Японы газар нутаг гэв


Японы шинээр томилогдсон Ерөнхий сайд Фумио Кишида Токиогийн бүрэн эрх Курилын арлын өмнөд хэсэгт бас хамаарна гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт парламентын доод танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна. “Хойд нутаг (Курилын арлын өмнөд хэсгийг Японд тэгж нэрлэдэг) манай улсын бүрэн эрхт байдалд хамаарна. Энэ асуудлыг бид хойч үедээ үлдээхгүйгээр шийдвэрлэх ёстой. Засгийн газар тэдгээр арлуудын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх замаар ОХУ-тай энхийн хэлэлцээр гэрээ байгуулна” хэмээн Японы Ерөнхий сайд онцлов. Тэрбээр өмнөх бүх гэрээ хэлэлцээртээ тулгуурлан уг асуудлаар Москватай хэлэлцээ хийхээр шийдсэн гэдгээ тэмдэглэв. 

Фумио Кишида энэ сарын 8-нд парламентын хуралдаанд үг хэлэхдээ, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэж байж Япон, Оросын хооронд энхийн гэрээ байгуулагдана гэжээ. Үүний өмнөх өдөр Ф.Кишида ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд Япон өмнөд хэсгийн арлуудыг нэхэмжилсээр байх бөгөөд тус улсын энэ байр суурь өөрчлөгдөхгүй хэвээр байна гэв. Мөн энэ сарын 5-нд Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги шинэ Ерөнхий сайдтай Засгийн газрын танхим нутаг дэвсгэрийн асуудлыг шийдвэрлэх, энхийн гэрээ байгуулахын тулд ОХУтай идэвхтэй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдсэн аж. Түүний хэлснээр, талууд Япон, Оросын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн хэлэлцээгээ үргэлжлүүлэх аж. 

Алс Дорнодын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд Оросын төрийн тэргүүн В.Путин Японтой энхийн гэрээ байгуулаагүй нь утгагүй хэрэг хэмээсэн билээ. Тэрбээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эргэн санаж, Өмнөд Курил үүрд Оросын нэг хэсэг гэдгийг тэмдэглэжээ.Гэсэн хэдий ч энэ нь дэлхийн хоёрдугаар дайны дараа энхийн гэрээ байгуулах Москвагийн сонирхлыг өөрчлөхгүй гэж В.Путин онцолжээ. Кремлийн тэргүүн өнгөрсөн зургадугаар сард 1956 оноос хойш Курилын хоёр арлын талаарх Японы байр суурь олон удаа өөрчлөгдсөн. Хоёр арлын асуудал дараа нь дөрөв болж өөрчлөгдсөн гэдгийг нэмсэн байна. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос болон Япон энхийн гэрээ байгуулаагүй. Курилын өмнөд хэсгийн арлуудтай холбоотой Токиогийн байр суурь гэрээнд хүрэх гол саад бэрхшээл болж буй. Япон улс Кунашир, Итуруп болон Бага Курилын арлыг одоо болтол өөрсдийн хойд хэсгийн газар нутаг гэж үздэг. Тэдгээр арлууд дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон. 

ОХУ, Японы удирдагчид 2018 оны арваннэгдүгээр сард Сингапурт уулзахдаа, 1956 оны аравдугаар сарын 19-нөөс хойш хэрэгжиж буй Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон. Уг тунхагт найрамдлын гэрээ байгуулсны дараа Курилын өмнөд Хабомаи болон Шикотана арлыг Японы талд шилжүүлэн өгөх боломжийг судлахыг Москва зөвшөөрсөн юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна