М.Саакашвилийн эрүүл мэнд муудсан ч, Гүржийн шоронгийн алба үүнийг үгүйсгэжээ


Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили шоронд өлсгөлөн зарласны дараа түүний эрүүл мэнд эрс муудсан байна. Улстөрчийн эмч Николоз Кипшизегийн мэдээлснээр, М.Саакашвилиг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэнэ. Энэ талаар Гүржийн “Мтавари архи” телевизээс эш татаж “ТАСС”, “Интерфакс” болон “РИА Новости” агентлаг уламжлав. “Түүний эрүүл мэндийн байдал эрс муудсан, алхаж явах, ярих нь хэцүүдлээ. Тэр талассеми хэмээн цусны өвчинд нэрвэгдсэн. Би үүнийг өөрийнх нь зөвшөөрлөөр мэдээлж байна. Энэ бол маш аюултай өвчин биш. Гэвч өлсөж болохгүй. Би маргааш түүнтэй уулзана. Эмнэлэгт хэвтүүлнэ гэж бодож байна” Н.Кипшизе ярилаа. Талассемин удамшлын цусны өвчин бөгөөд гемоглобины ген гэмтсэн үед бий болдог. Эмчийн мэдэгдлийн дараа М.Саакашвили хоригдож байгаа Рустави хотын шоронгийн гадаа улстөрчийн дэмжигчид цугларч, “Мтавари архи” телевизийн шууд эфирээр өлсгөлөнг зогсоохыг уриалсан байна. Телевизийн үүсгэн байгуулагч Ники Гварамия М.Саакашвилид нэн даруй эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол амиа алдах эрсдэлтэй гэв. “Михаил Саакашвилитэй шоронд уулзана, түүний амь насыг аврахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Түүнийг санан дурсах биш, бидний хажууд байх нь хэрэгтэй” хэмээн Н.Гварамия хэлэв. 

Харин Гүржийн Шоронгийн албанаас Михаил Саакашвилигийн эрүүл мэнд хэвийн байгаа гэж мэдэгдэв. “М.Саакашвилигийн эрүүл мэнд муудсан хэмээн хэвлэлд тархсан мэдээлэл үнэнд нийцэхгүй. Тэр шаардлагатай эмээ ууж байгаа. Одоо түүний эрүүл мэнд хэвийн” гэж тус албаны мэдэгдэлд дурджээ. 

Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили өнгөрсөн сарын 29-нд Украинаас эх орондоо буцаж ирсэн. Гүржид эчнээ ял аваад байсан М.Саакашвили аравдугаар сарын 1 буюу орон нутгийн сонгууль болсон өдөр баривчлагдсан аж. Дараа нь тэрбээр шоронд өлсгөлөн зарласан. Сонгуулийн эхний шатанд эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам ялалт байгуулсан. М.Саакашвили дэмждэг сөрөг хүчнийхэн хоёрдугаар байрт оржээ. Гэсэн хэдий ч зарим том хотод, түүний дотор нийслэл Тбилисид ч зарим газарт сонгуулийн хоёрдугаар шат явагдана. М.Саакашвилигийн дэмжигчид сонгуулийн хоёрдугаар шатанд ялалт байгуулна гэж найдаж байна. Сонгуулийн хоёрдугаар шат аравдугаар сарын 30-нд болно. Тэр хүртэл сөрөг хүчний жагсаал цуглаан болох эсэх нь тодорхойгүй. Саяхан М.Саакашвили хоригдож байсан Рустави дахь шоронгийн ойролцоо тайван жагсаал болсон аж.

 2013 онд Михаил Саакашвилид хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж, тэрбээр Украин руу явсан билээ. Түүнийг 2007 оны арваннэгдүгээр сард болсон цуглаанд оролцогчдын эсрэг хүч хэрэглэсэн, “Имеди” телевизийн байр руу хууль бусаар дайран орсон, Бадри Патаркацишвилигийн бизнесийг булаасан, депутат Валерия Гелашвилигийн эсрэг халдлага зохион байгуулсан, банкир Сандро Гиргвлианигийн үхлийг шалгах ажилд саад хийсэн, 2009-2012 оны төсвийг үрэн таран хийсэн зэрэг хэрэгт буруутгасан. 2018 онд М.Саакашвилид эчнээгээр гурван жил шоронд хоригдох ял оноосон байдаг


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна