Б.Анужин: Тайзны хамгийн арын гэрэл рүү хараад ганцаараа байгаа мэт төсөөлж дуулдаг байсан


Э.ЭНХЖИН  

Энэ удаагийн “Залуус” буландаа “B production”-ны хүчирхэг хоолойтой, эрч хүчтэй шинэхэн артист Б.Анужинг урьж ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө анхны уран бүтээлээ гаргасанд халуун баяр хүргэе. “Гал халуун” дууных нь тухай яриагаа эхэлье?

-Сайн байна уу. Юуны өмнө намайг зочноор урьсан танай хамт олонд маш их баярлалаа. Би анхны дуугаа гал халуун, ассан хүчтэй эхлүүлэхийг хүссэн учраас “Гал халуун” гэдэг нэртэйгээр гаргасан. Уран бүтээлийн хувьд продюсероор захирал Д.Болд, Тэмүүжин ах нар маань ажиллаж байгаа. Сингапурын Jerry гээд маш мундаг Mix master хүн ажилласан. Клипийг “Grove entertainment”-ынхан маань маш их сэтгэл гаргаж, гайхалтай хийж өгсөн. Бас доторх хүнийг минь ойлгож, дууны үг бичиж өгсөн рэппэр Thunder болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Олон хүний ур чадвар, авьяасаар бүтсэн болохоор энэ дуундаа их хайртай. Миний хувьд бас хоолойны ур чадвар шаардсан дуунуудын нэг болсон.

 - Дуучин болох багын мөрөөдөл байв уу. Ямар мэргэжилтэй вэ?

- Би “Royal academy” олон улсын их сургуулийн бизнес удирдлагын төгсөх ангийн оюутан. Одоо мэргэжлээрээ ажиллаад, сураад, хажуугаар нь дуртай зүйлээ хийгээд мөрөөдлийнхөө төлөө явж байна. Миний багын мөрөөдөл сансрын нисгэгч болох байсан ч 2009 оноос дуучин болохыг хүсэж, өөрийн тэмдэглэл, зургийн дэвтэр дээрээ өөрийгөө дуучин болчихсон мэтээр бичиж, зурдаг байсан. Саяхан тэр тэмдэглэлүүдээ эргэж харсан чинь бүгд биелчихсэн, одоо үргэлжлүүлж бичих л үлдсэн юм шиг санагдсан. Намайг дуучин болоход ээж маань хамгийн их дэмжсэн. Ээж маань 10 настай охиноо анх хүүхдийн ордны дуулаачийн С.Ганчимэг багш дээр дагуулж очин шалгуулж байсан. Тэр үед би тайзны хамгийн арын гэрэл рүү хараад ганцаараа байгаа мэт төсөөлж, хөлсөө асгартал дуулчихаад л тайзнаас буух болгондоо бүх хүн надад алга ташиж байна гэж төсөөлж, улам татагдсан. С.Ганчимэг багшдаа маш их баярладаг. Ээж, багш хоёр маань дэмжээгүй бол би өнөөдөр дуулдаг гэдгээ мэдэхгүй л байх байсан. 

- “B production”-нд орсон түүхээсээ хуваалцахгүй юу. Монголын топ продакшны уран бүтээлч байх энэ аялал хэр амттай, бас сонирхолтой байна вэ?

- Анх Voice шоунд ороод таван секундын дотор дөрвөн шүүгч эргэж харсан үе бүр үнэхээр галзуу мэдрэмж байсан. Тэр үед хамгийн түрүүнд Д.Болдоо ах л харагдаад харцаа салгаж чадахгүй байсан. Намайг бүхий л шатанд дэмжээд, урмын үг хэлж, зааж байсан үг үйлдэл бүрээс нь Д.Болдоо ахаасаа суралцдаг. Би 2020 оны аравдугаар сарын 30-нд “B production”-ы албан ёсны артист болж орсон. 2021 оны аравдугаар сарын 7-нд анхны “Гал халуун” дуугаа гаргаад одоо дараагийн дууны клипний ажилдаа ороод явж байна. Саяхан манай продакшн дэлхийн стандарт 440hz records боллоо. Би энэ цаг үед байгаадаа маш их баяртай байдаг. Би үнэхээр азтай. 

-Дуу хөгжим таны амьдралд хэр чухал вэ? 

-Дуу хөгжим намайг өөртөө итгэлтэй, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болгосон. Амьдралыг маань дэндүү баялаг болгож өгсөн гайхамшиг. 

-Дуулахаас өөр ямар хоббитой вэ? 

-Юм зохиож, найруулах маш их дуртай. Бараг байнгын дэвтэр, балтай явдаг. Зав гарвал зохиолыг нь өөрчилж бичээд л суудаг. 

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Анхны цомгоо хэзээ гаргах вэ? 

- Бүх дуу нь бэлэн болчихсон долоон дуутай “Үүлэн дундуур” нэртэй цомгоо удахгүй гаргана. Цомгийн баяраа хийх өдрөө хүлээгээд шөнө нь зүүдлээд л байж байна. Та бүхэн ч гэсэн хүлээж байгаарай. Бас намайг дэмждэг, хайрладаг бүх хүмүүстээ баярлалаа. Намайг зочноор урьсан “Үндэсний шуудан” сонины хамт олондоо баярлалаа. Амжилт.



105
257
9
46
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна