Чаддагт нь ажлаа өг Л.Халтар сайд аа

Admin
Өчигдөр 09 цаг 24 минут

Н.БАЯР

Засгийн газрын хуралдааны танхимаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн жолооч нарынхаа асуудлыг шийдээд ир хэмээн хөөн гаргажээ. Гэтэл Л.Халтар сайд Төрийн ордноос гарч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, учир байдлыг нь сонсохын оронд өөрийгөө өмөөрч, бөмбөлөг гэдгийг Боомтын зөвлөл хариуцаж байгаа, шинжилгээний асуудлыг Эрүүл мэндийн сайдад хандая. Баасан гаригт Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Гашуун сухайтад ажиллана. Боомтын зөвлөл авлига нэхдэг гэх баримт жолооч нарт байгаа бол би энийг Хууль зүйн сайдад уламжлаад өгье. Ерөнхий сайд Хятадын Төрийн зөвлөлийн сайдтай Гашуун сухайтад ганцсан нүүрсийг татан авахаар ярьсан хэмээн бүхнийг өөрөөсөө түлхээд хээв нэг зогсч байна. Үнэндээ Зам тээврийн хөгжлийг хариуцсан эрхэм сайд Л.Халтар та өөрөө ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ гэдэгтээ огт хариулт өгсөнгүй.

 Сэтгүүлчид “Засгийн газрын хуралдаанд танилцуулаагүй, Ерөнхий сайдтай зөвлөлгүй ийм шийдвэр гаргасны учир юу вэ ?” хэмээн хэдэнтээ лавлахад “2019 онд нээснийг 2020 онд хаасан. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа. Би хуулин дор амьдарч байна” гэлээ. Өөрөөр хэлбэл танхимдаа танилцуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ковидын хөлд сөхөрсөн эдийн засгаа босгохын тулд Монгол Улс нүүрсний үнийн өсөлтийн зурвас хэсгийг ашиглах тухай амтай бүхэн ярьж байхад Л.Халтар сайд эсрэг талд нь гарчихаад учир ухаанаа олохгүй, гүлдийж зогсоно. ЦогтцэцийЧойрын чиглэлийн улсын чанартай автозамаар 10 дугаар сарын 20-ны өдрөөс нүүрс тээвэрлэх автомашин явуулахгүй гэх түүний шийдвэрээс үүдэж, 3500 жолооч ажилгүй болж, ард нь байгаа 15000 хүний амьдрал зогсоод байхад танхимын сайд тань “би шүүхийн шийдвэр л гүйцэтгэж байна” хэмээн өөрийгөө “өмөөрч” суух нь зөв үү Ерөнхий сайд аа. Шүүхийн ямар шийдвэр биелүүлснээ танд танилцуулсан уу энэ хүн.

“ Чойр, Дундговь, Өмнөговийн иргэд над руу энэ тээврээ зогсоо гэсэн асуудлыг байнга тавьж байна хэмээн хэдэн малчдаар бамбай хийхийг завдсаных нь хариуд тээвэрчид “Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийн ИТХ-ын тогтоол гаргуулаад малчидтай хамтран ажиллах гэрээ хийсэн байгаа. Өнөөдөр тэр малчид хяналтын ажилтан гээд цалин авдаг. Сайдаа хамтдаа яваад газар дээр нь очоод энэ бүхэнтэй танилц” гэж байна.Хоёр өдөр Л.Халтар сайдын үүдийг сахьсан тээвэрчид аргаа бараад л Сүхбаатарын талбайд шалаанз машинтай орж ирээд хэдэн цагдаатай хэрэлдэж, баривчлагдаж, ачигдаж байна. Өнөөдөр Монгол хүн бүр амьдрахын төлөө хичээж байна. Цар тахлын гамшгийг хамтдаа давахын төлөө төрийн хуулиндаа захирагдаж байна. Чадлаараа, эвлэн нэгдээд “Эко жишиг тээвэр” хэмээх хариуцлагын гэрээт төсөл хэрэгжүүлж, Монголын тээвэрчид нүүрсний экспорт хийхийн тулд 4 тэрбум төгрөгөөр замаа засч, банкны зээлээр машин авч байна. Тэд төрөөс мөнгө гуйгаагүй. Өөрсдийнх нь хэлснээр өдөрт багадаа 10 сая ам.долларын орлого оруулж байна.

Гэтэл чиглэлийн сайдын чиглэлгүй шийдвэр олон мянган тээвэрчдийг хууль хүчний байгууллагынхантай мөргөлдүүлж, гэргий нарыг нь “ Халтар сайд огцор” гэсэн лоозон бариад Сүхбаатарын талбайд зогсоход хүргэлээ. Хоёр өдрийн өмнө тээвэрчид Л.Халтар сайдад хандаж, шийдвэрээ цуцал, цуцлахгүй бол экспортын бүх чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоож, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж сануулсан. Харин өчигдөр тэд “Бид төрийн увайгүй үйл ажиллагааг амиараа зогсоохоос өөр аргагүй болоод байна” хэмээн ярьж байна. Монгол хүний амь, амьдралын төлөө л Монголын төр ажилладаг гэдгийг хоёр ч Ерөнхий сайдын танхимд ажилласан эрхэм сайд Л.Халтар та эрхбиш мэдэх биз. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж ахуйдаа үргэлж үүнийг та бүхэнд сануулж байсныг та мартсан бол хэвлэлийн хуудас сануулна. Тээвэрчид Боомт дээр болж байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, иргэдэд үйл ажиллагааг нь нээлттэй болгох, Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрсний тээврийг хаах тушаалаа цуцлах, Засгийн газрын ээлжит бус хурлыг хуралдуулах гэсэн ердөө ойлгомжтой шаардлага тавьж байна. Хэрвээ та тэдний үгийг сонсохыг хүсэхгүй бол бид танд уламжлая. Сонс.


Н.ЯЛАГДАШГҮЙ: ХАЛТАР САЙД ГАШУУН СУХАЙТЫН БООМТ ДЭЭР БАЙГАА ТЭЭВЭРЧДИЙН АСУУДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД РУУ ЧИХЛЭЭ

 (Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн)

 Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол 1000 шланз машинтай жагсаал хийнэ. Бид хагас жил ийм завхарсан байдалтай явж байна. Авлига, хээл хахууль тэнгэрт туллаа. Бөмбөлөгт хатаж байгаа Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчдийнхээ тухай яримаар байна. Монгол хүн хил дээр 10 мянган юаниар зарагдаж байна. Компани хооронд зарж байна. Цагаан хаданд өчигдрөөс хойш суулт хийлээ. Дотоодын цэрэг, цагдаагийнхан, тээвэрчдийн мөргөлдөөн болж байна. 

Халтар сайд Гашуун сухайтын боомт дээр байгаа тээвэрчдийн асуудлыг үндсэндээ Эрүүл мэндийн сайд руу чихчих шиг боллоо. Тээврийн асуудал эрхэлсэн сайд нь ингэж хэлж байгаад үнэхээр эмгэнэлтэй байна. Хэзээ ард түмнээ сонсдог, хэзээ газар дээр нь очиж олон нийтэд ил тод танилцуулдаг болох вэ. Бид хүлээж байна.

Д.БАЯРХҮҮ: ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ АЙХГҮЙ БАЙНА ЕРӨНХИЙ САЙД АА

 (Баянзам тээвэрчдийн холбооны ТУЗ-ийн дарга)

Бидний хувьд хуулиа биелүүлсээр байгаад ийм байдалд хүрлээ. Бидэнд одоо ганцхан эрх чөлөө үлдлээ. Үндсэн хуулиар хангагдсан үг хэлэх, жагсаал цуглаан зохион байгуулах. Хилийн боомт дээр байгаа 3500 жолоочийг яах вэ? Өчигдрөөс хойш хил дээр мөргөлдөөн боллоо. 2000 жолооч, 159 аж ахуйн нэгжийг ажилгүй болгоод хаяж байна. Халтар сайд та хувийн данснаасаа бидний зээлийг төлөх үү. Эхнэрийнхээ тээвэр зуучийн компаниас эсвэл хүүгийнхээ компаниас төлөх үү? Бидний замаа зассан 4 тэрбум төгрөгийг та өгөх үү. Улсын чанартай авто замыг нэг сайд дээрэмддэг хэрэг үү..

Халтар сайд яагаад Засгийн газарт танилцуулаагүй ийм тушаал шийдвэр гаргасан бэ? Яагаад УИХын сонсголд оруулаагүй вэ? Бид хээр 3 сар хэвтлээ. Жолооч нар хүчний байгууллагатай тулгарч байна. Халтар сайд энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас Ерөнхий сайдад хандаж байна. Боомтын захиргааны дэд дарга гэж Амарзаяа гэж нөхөр 4000 жолоочийг 2 сар тусгаарлах байранд хэвтүүлж, Цагаан хаданд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Түүнээс зугатаад Чойрт тээвэр хийж байсан жолооч нарыг маань Халтар сайд нууц тушаал гаргаад ийм байдалд оруулчихлаа. Гэтэл энэ хоёр хүнд ямар ч хариуцлага тооцсонгүй. Цагаан хадны үйл явдлыг одоо зогсоохгүй бол Шивээ хүрэн, Замын-Үүд мөн ийм байдалд хүрнэ. Хариуцлага тооцохгүй бол тэд айхгүй байна шүү дээ, Ерөнхий сайд аа.


Л.ХАЛТАР САЙДЫН ОЛОН КОМПАНИЙН ХЭЛХЭЭ

“Би хуулийн дор амьдардаг” гэж таны хэлсэн үгэнд даанч үнэмшиж чадахгүй нь. Ердөө хэдхэн сарын өмнө Дарханы замын ажил д ээр очоод “ Л.Халтар гэдэг хүний хүүхдэд Замын-Үүдтэй холбоотой яман нэгэн тээвэр зуучийн компани байхгүй ээ. Тийм зүйл байвал би огцорно” хэмээн ярьж зогссон. Удалгүй хэвлэлүүд түүний эхнэр Ц.Ганзултай хамт “Ти Эф Ти” трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч И.Шатархүү нь “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын хувьцаа эзэмшигч. Эхнэр нь хүү Х.Нямдоржийн хамт “ Ай Ти Би” ХХК гэх гадаад худалдааны чиглэлийн компанитай. Хүү нь “Бизнесийн оргил” хадгаламж зээлийн хоршооны хувьцаа эзэмшигч гэх мэдээллийг олон нийтэд ил болгосон. Тэгэхээр яаж ч бодсон Замын-Үүд, Тяньжин боомтын асуудлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол хувь болоод хувьсгалаас нь харахад эрхэм сайд Л.Халтар та байж таарна. Харин танд хариуцсан ажлаа хийх чадамж үнэхээр дутаад байгааг хүлээн зөвшөөрч чаддагт нь ажлаа өг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна