Г.Мөнхцэцэг: Усны тухай хуулиар усыг эрэмбэлдэг болно

Admin
Өчигдөр 09 цаг 36 минут

З.УРСГАЛ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Усны тухай хуулийн төсөл багтсан. Уг х уулийн төслийн ажлын хэсгийг та ахалж буй. Судлаачид ч энэ маягаараа эмх замбараагүй хэрэглээд байвал 2030 он гэхэд цэвэр усгүй болно гэх сэрэмжлүүлгийг өгч буй. Тэр утгаараа хуулийн гол үзэл санаа юу байх, эхний ээлжинд зохицуулах асуудал нь юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Усны асуудал Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарлын төвд байгааг бүгд мэднэ. Тэр утгаараа Усны тухай хуулиудын ач холбогдол ямар байх нь ойлгомжтой. Намрын чуулганаар Усны хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан олон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өмнөх парламентын үед Усны тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Улам сайжруулах шаардлага байна. Товчхондоо усыг эрэмбэлье гэж оруулсан байгаа. Ахуйн чиглэлээр хэрэглэдэг ус, ундны ус нь тусдаа байя. Байгаль орчинд нөлөөлдөг нөлөөлөл, ач холбогдлыг нь чухалчлан ангилж, уул уурхайд ашиглаж байгаа усны хэрэглээ, нөхцөл байдлыг цэгцлэхээр хуулийн төсөлд тусгасан.

-Усыг эрэмбэлнэ гэхээр уул уурхайн хэрэглэж буй усыг хянах, гадаргын ус ашиглах, ашигласан усаа цэвэршүүлэх гэхчлэн нарийвчилсан заалтууд орох нь гэж ойлгож болох уу?

-Гол чиглэл нь уул уурхайд хэрэглэж буй ус, саарал усыг хэрхэн дахин ашиглах, ямар техник технологиор боловсруулах гэхчлэн нарийвчилсан томоохон заалтууд орж ирж байгаа. Манай улсын хувьд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр гээд говийн бүс нутагт уул уурхайн лиценз олгогдоогүй сум бараг алга. 

Сумынхаа төвийг тэр чигээр нь уул уурхайн лицензэд тавьчихсан газар ч байна. Тэр ч утгаараа уул уурхайг дагасан усны хэрэглээг эрэмбэлэх нь нэн тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. Энэ бол зөвхөн тухайн бүс нутгийн иргэдийн санал биш. Монголын төр анхаарах цаг нь болсон асуудал. Уул уурхайн компаниуд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд усны асуудалд анхааръя хэмээн санал санаачилга гаргаж байна. Мэдээж хуулийн хэрэглээ, хууль орших, амьд оршин байх нөхцөлийг чухалчлах ёстой. Өөрөөр хэлбэл, хууль биелэгдэх, хэрэгжих ёстой. Тэр утгаараа хуулийг чухалчлахын тулд олон нийт, салбарыг хамарсан олон хэлэлцүүлэг хийх шаардлагатай. Өмнөх парламент энэ зарчмаар ажиллаж байсан ч энэ удаагийн парламентын үйл ажиллагааны давуу тал нь олон хэлэлцүүлэг хийж хэвшиж байгаа явдал.

-Эхний хэлэлцүүлэг хэдий үеэр хийгдэхээр төлөвлөгдсөн бэ?

­-Байнгын хороод, яамтайгаа ярьж байна. Намрын чуулганы багагүй хугацааг энэ ажилд зарцуулах болов уу. Ус гэдэг чандмань эрдэнэ, аминаас үнэтэй зүйл гэдгийг бүгд мэднэ. Дэлхий ертөнцийн 80 хувь нь ус. Усгүйгээр амьд организм байх боломжгүй. Манай улсын хувьд усны гол судал, амин чанарууд нь говьдоо байдаг онцлогтой. Тиймээс тэр талынх нь гол нуурыг сэргээх, хамгаалахад хуулийн ач холбогдол нь оршино.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бас нэг чухал асуудал бол боловсролын салбарт шинэчлэл хийх Боловсролын багц хууль. Багц хуулийн хүрээнд салбарын систем тэр чигээрээ өөрчлөгдөж, шинэчлэгдэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд бий. Хуулийн онцлох зүйл заалтаас сонирхуулаач?

­-Хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг Байнгын хороодоор орж, эхний хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа. Мэдээж, төрөлхийн болон төрийн боловсрол, хүн байхын тухайд боловсролын багц хуулиудад өндөр ач холбогдол өгч байна. Тэр тусмаа монгол хүн байхын эх үндэс, шалтгаан нь хуулийн агуулгад багтсан гэж ойлгож байгаа. 

Миний хувьд боловсролын тухай багц хуулийн хүмүүнлэгийн боловсролын Ажлын хэсэгт саналаараа орж ажиллаж байна. Ер нь аливаа юмсын оршин тогтнох шалтаг шалтгаан нь мөн чанартаа байдаг. Тэр утгаараа хүн болохын эх үндэс нь суурь боловсрол. Дэлхий ертөнц ч хүмүүнлэг чанарт анхаарлаа хандуулж байна. Товчхондоо Хүмүүнлэгийн боловсролын тухай хуульд, хуульчилна гэхээсээ илүү монгол хүн гэж хэн юм бэ, ямар байх вэ гэхчлэн ёсчилсон талаас нь анхаарна гэж ойлгож болно. Мөн МСҮТ­ийн тухай хуульд саналаа нэлээн тусгах бодолтой байгаа.

-Дээхэн үед МСҮТ-ийг ТМС гэдэг. Жаахан сурлага тааруу нөхөд очдог гэдэг ойлголттой байсан шүү дээ?

­-Тэр ойлголт ард хоцорсон. Минийхээр МСҮТ­ийг бүсчлэх ёстой. Ялангуяа Дундговь, Дорноговь, Говьсүмбэр гээд МСҮТ нь тогтчихсон газруудыг дагуулаад бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлж, байгуулах нь зүйтэй. Мөн өв соёлоо хамгаалах хадгалах гэдэг утгаараа МСҮТ­д урлагийн ангиуд нээж, боловсрол олгох системд өөрчлөлт оруулах нь зөв болов уу.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна